Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 4

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                     Хэргийн индекс: 114/2015/0004/3/

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, ерөнхий шүүгч Д.Нарантуяа, шүүгч З.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 9 дүгээр гудамж Канион төвд байрлах ”*******” ХХК          

 Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга нарт холбогдох 

“Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын “*******” ХХК-ний Хайгуулын 14487х, 14488х тоот лицензүүдийн Байгаль орчныг хамгаалах менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн захирал                                         Б.*******

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                                                                         Б.Баднайсүрэн

            Хариуцагч: Орхонтуул сумын Иргэдийн Хурлын дарга              М.Цогбаяр

            Хариуцагч: Орхонтуул сумын Засаг дарга                                               П.Батбаатар

            Гэрч:                                                                                                   Ш.Анхбаяр

            Иргэдийн төлөөлөгч                                                                         Д.Отгонбаяр

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн  захирал Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан  дээр   гаргасан  тайлбартаа:  “*******”  ХХК  нь  Сэлэнгэ  аймгийн  Орхонтуул  сумын  Баянцогтын 2 дугаар багийн “*******” гэдэг газарт ашигт малтмалын ашиглалтын МV-000201, MV-007978 тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмшин уулын үйлдвэрлэлийн ажлыг 16 жилийн турш хуулийн дагуу тасралтгүй, тогтвортой явуулж байгаа Монгол Улсын “Найдвартай татвар төлөгч” компани юм. Үндэсний хөрөнгө оруулагч манай компани нь өөрийн компанийн санхүүжилтээр 201А, 1978А талбайн байршилд багтах алтны үндсэн ордод нарийвчилсан хайгуул, өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэн Техник эдийн засгийн үндэслэлийг Монгол Улсын Ашигт малтмалын газар, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр тус тус батлуулаад байгаа бөгөөд үнэт металлын уг ордыг ашиглахад шаардлагатай Байгаль Орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэж байгаа юм. “Үндэсний хөрөнгө оруулагч” болох “*******” ХХК нь геологи хайгуулын ажилд маш их хэмжээний хөрөнгийг зарцуулан эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байтал сум орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зүгээс ард иргэдийг бичил уурхайчид буюу нинжа нэрийн дор турхиран популизм хийж улмаар манай компанийн эзэмшлийн Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах талаар санал гомдол гаргаж байгаа билээ.

             Манай компани  нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас хойш холбогдох дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл гаргах нь битгий хэл ийм үйлдэл огт гаргаж байгаагүй. Харин ч холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд тодорхой хувь нэмэр оруулсан нэр хүндтэй “Монгол улсын найдвартай татвар төлөгч” өргөмжлөлийг хүртсэн аж ахуйн нэгж юм. Ийм байтал манай компанийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа мэтээр үзэж, ингэж хандаж байгаа нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй болно. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга С.Эрдэнэбаяр нь 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө бичил уурхай эрхлэгчдийг бодлогын түвшинд дэмжин Засгийн газрын 308 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллана хэмээн тусгасан байдаг юм. Гэтэл 2013 оноос эхлэн манай компанийг элдэв аргаар дарамтлан, хууль бус шаардлага тавьж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад саад учруулах болсон бөгөөд манай компанийн эзэмшиж байгаа хайгуулын 14487Х, 14488Х тоот лицензүүдийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа билээ. Гэтэл найдвартай татвар төлөгч манай компани нь дээрх 2 талбай дээр 2008 оноос хойш 161.490.657 төгрөгийг геологи хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг бөгөөд холбогдох зөвшөөрлүүдийг авч үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн билээ. Иймд ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад манай компанийн Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлаж өгөхгүй байгаа хууль бус үйлдэлд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд “*******” ХХК-аас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн батлан гаргасан 48 тоот тогтоолыг илт хууль бус болгохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

            Сумын ИТХ нь Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.16-д заагдсан бүрэн эрхийнхээ хүрээнд “Орхонтуулын хишиг” ГҮТББ, Шар-Ус 1 дүгээр баг, Баянцогт 2 дугаар багийн ИНХ-уудаас ирүүлсэн саналуудыг хэлэлцэн энэхүү тогтоолыг батлан гаргасан болно гэв.

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26.1 буюу “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засаг төрийн төлөөлөгч мөн”-ыг заасныг удирдлага болгон мөн хуулийн 29.1.3 “Н”, Ашигт малтмалын тухай хуулийн 12.1, 12.1.1, 12.1.2, 22.1, 22.1.3 дугаар заалтуудын хүрээнд “*******” ХХК-ний эзэмшиж байгаа 14487Х, 14488Х тоот лицензүүдийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэж үзсэн.

            Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах бичиг баримтыг хавсаргана, мөн хуулийн 22.1.3-т байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт гэж заасныг “*******” ХХкомпани зөрчиж тус сумын Засаг даргын Тамгын газарт 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “*******” ХХКомпаний захирал Б.******* биеэр ирж төлөвлөгөө батлуулах саналаа тавьсаныг хүлээн авч Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/321 тоотоор хариуг хүргүүлсэн. “*******” ХХКомпаниас 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр албан тоотоор хандсаныг нэгэнт Ашигт малтмалын тухай хуулийн 22.1 дэх заалтыг зөрчсөн учир хүлээн авах боломжгүй гэж үзсэн. 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тус сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргээр дамжин “*******” ХХКомпаниас 2015 он байгаль орчныг хамгалаах менежментийн төлөвлөгөөг батлуулах тухай хүсэлт ирээгүй. Тус компаний 14487Х, 14488Х лицензүүдийн дуусах хугацаа нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр учир хуулийн хугацаанаас өмнө төлөвлөгөө батлуулах санал ирээгүй учир хүлээн авах боломжгүй байсан гэв.

            Гэрч Ш.Анхбаяр шүүх болон шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгтээ: Байгаль хамгаалах төлөвлөгөө гээд 3 хуудас нүүр өгсөн. Түүнийг нь буцаагаад өгч явуулсан яг хэнд өгснөө санахгүй байна.  “Хураа” ХХК нь 2013 оноос хойш гаргадаг нийтлэг алдаануудаа гаргасан учраас улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоосон. Хөрөнгө оруулалтын талаар би тодорхой мэдэхгүй байна. Суманд хүүхдийн тоглоомын талбай байгуулсан. Хэдий хэр хэмжээний төгрөг орсныг нарийн мэдэхгүй байна. “*******” ХХК нь хоёр талбайтай. 79, 78, 201.10 гэсэн, 79, 78 дахь орд нь шороон ордын олборлолт хийгээд явж байгаа. Ямар нэгэн байгаль хамгаалах төлөвлөгөөгүй, уулын ажлын төлөвлөгөө, нарийвчилсан үнэлгээ холбогдох нэн чухал бичиг баримтууд байхгүй. Тэрнийх нь дагуу улсын байцаагчийн акт тавьж үйл ажиллагааг нь зогсоосон. Зөрчлийг өнөөдрийг хүртэл арилгаагүй байгаа. Зөрчилтэй холбоотойгоор улсын байцаагчийн зүгээс захиргааны арга хэмжээ авч байцаагчийн зүгээс хохирол тооцож нөхөн төлбөр тооцсон. Гэтэл улсын байцаагчийн нөхөн төлбөр тооцсон акт дээр хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбартайгаар гарын үсэг зурсан хэрнээ зөрчлийг хүлээн зөвшөөрөөд захиргааны арга хэмжээг барагдуулсан байгаа. Тухайн талбай дээр хууль бусаар олборлолт явуулчихлаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд нөхөн сэргээлтээ хийгээгүй. Байгаль орчны яаманд хуульд заасны дагуу хүсэлт тавиад хүсэлтийн дагуу яамнаас ажлын хэсэг томилж гаргадаг, түүнээс Байгаль орчны яамнаас зөрчилд нь дүгнэлт гаргаж өгөөч гэж хүсэлт явуулаагүй. Ер нь жил дарааллаад л нэг гаргасан зөрчлөө дахин давтаад байдаг. Хууль дээрээ тухайн олборлолтын талбай дээрээ байгаль хамгаалах төлөвлөгөө бүх бичиг баримтыг үндэслэж төлөвлөгөөний үндсэн дээр олборлолт явуулна гэж заасан байгаа учраас тэрний дагуу төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийдэг гэжээ.

 

            Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийг хангах саналтай байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.Үүнд:

1.Нэхэмжлэлийн “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

 Нэхэмжлэгч “*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогтын 2 дугаар багийн “*******” гэдэг газарт ашигт малтмалын ашиглалтын 000201 А, 007978 А тоот, ашигт малтмалын хайгуулийн 14488 Х,14487 Х тоот тусгай зөвшөөрлүүдийг  тус тус эзэмшин  2014 оны 10 дугаар сарын 5-ныг хүртэл  үйл ажиллагаагаа   явуулж байсан болох нь хэрэгт авагдсан “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн 000043702 дугаартай гэрчилгээ, “Найдвартай татвар төлөгч”-ийн гэрчилгээ , Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 321 дүгээр “Нөөц хүлээн авч бүртгэх тухай” тушаал, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 6/1291 тоот албан бичиг, Ашигт малтмалын газрын Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт , Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Техник эдийн засгийн үндэслэл хүлээн авах тухай” 44 тоот тушаал, “*******” ХХК-ийн 2012-2014 оны “Уулын ажлын төлөвлөгөө” /хх236,237х/, Ус ашиглах гэрээ /хх75-81х/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

            Хариуцагч  Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж Багийн иргэдийн Нийтийн Хурлуудаас ирүүлсэн “*******” ХХК-ны үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа нөлөөллийн талаархи саналыг хэлэлцэж, дүгнэлт гарган холбогдох газар уламжлах” тухай  “Орхон туулын хишиг” ГҮТББ-ын  тэргүүн П.Даваасүрэнгийн саналыг хэлэлцээд Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 48 тоот тогтоолыг гаргасан болох нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 тоот тогтоол, тухайн өдрийн хуралдааны 12 дугаар  хурлын тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”,  25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах ..."  гэж зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаараа “Хурлын тогтоол” гаргахаар заасан байхад хариуцагч Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Тэргүүлэгчдийн тогтоол гаргаж дээрх хуулийг зөрчсөн байна.

 Иймд /2002 оны/ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж зааснаар хариуцагчаас гаргасан дээрх шийдвэр нь холбогдох хуулийг зөрчсөн байх тул маргаан бүхий захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Харин илт хууль бус захиргааны акт нь гарсан хугацаанаас эрх зүйн үйлчлэлгүй болох тул түүнийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

           2.Нэхэмжлэлийн “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын “*******” ХХК-ийн хайгуулын 14487Х, 14488Х тоот лицензүүдийн Байгаль орчны менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлахыг даалгах” шаардлагын тухайд:

          Нэхэмжлэгч “*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулийн 14488Х, 14487Х тоот тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг төлж, 2013 оны 12 дугаар сарын 01-нээс 2014 оны 12 дугаар сарын 01-ныг хүртэл хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулсан байх бөгөөд дээрхи хугацаа дуусахаас өмнө Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ”Хайгуулийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж  хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга С.Эрдэнэбаярт хүргүүлсэн болох нь Орхонтуул сумын Засаг даргын  2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/321 дугаар албан бичигт “******* ХХК-наас ирүүлсэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй танилцаад дараах хариуг хүргүүлж байна”, “...Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/321 дугаар албан тоот хүргүүлэхээс 2,3 хоногийн өмнө нэхэмжлэгч өөрийн биеэр төлөвлөгөөг авчирч өгсөн байсан хэдэн хуудас байсныг санахгүй байна З багц материал байсан” гэж 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд тайлбар өгч байсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 40 дүгээр тэмдэглэлд ”...надад материалаа өгөөгүй, өгсөн байлаа ч тухайн үед оройтсон байсан, 11сарын 25-нд ирэхдээ 3 баримт бичгийн нүүр авчирч өгсөн” гэх тайлбаруудаар болон гэрч Ш.Анхбаярын “ 2016 оны 11дүгээр сарын 26-нд Б.******* захирал ирнэ албан тоот төлөвлө гэсэн ямар учиртайг асуухад Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах хүсэлт өгсөн байна гэсэн, ... ******* ХХК-ны зүгээс  удаа дараа Засаг даргатай уулзах, утсаар ярих зэргээр хандсанаас  тэдгээрт  албан ёсны бичгээр хариу өгөх нь зүйтэй гээд  1/321 тоотоор хариу өгсөн” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

          Хариуцагч Орхонтуул сумын Засаг дарга нь нэхэмжлэгч “*******” ХХК-наас ирүүлсэн  Байгаль орчны менежментийн 2015 оны төлөвлөгөөг хүлээн аваад 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/321 тоот албан бичгээр хариуг хүргүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д “хайгуулийн ажлын төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 30 хоногийн, дараагийн жилүүдэд тухайн оны төлөвлөгөөг 04 дүгээр сарын 15-ны дотор” гэж заасныг үндэслэсэн нь хуулийг буруу ойлгож, хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч  Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д заасан хайгуулийн ажлын төлөвлөгөөг бус,  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад бартлуулахаар хүргүүлнэ” гэж заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар 2014 оны 12 дугаар сарын 01-нээс өмнө хүргүүлсэн болох нь дээр дурьдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

             Гэтэл хариуцагч хуульд заасан хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчээс ирүүлсэн 2015 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хайгуулын ажлын төлөвлөгөө гэж ойлгож, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль тогтоомжоор олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хайгуулын 14487Х, 14488Х тоот лицензүүдийн Байгаль орчныг хамгаалах менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд дээрх  эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “*******” ХХК-ний Хайгуулын 14487Х, 14488Х тоот лицензүүдийн Байгаль орчны менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2, 106.3.2, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.9, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.1, Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг дарга нарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тогтоол илт хууль бус, “*******” ХХК-ийн хайгуулын 14487Х, 14488Х тоот лицензүүдийн Байгаль орчны  менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоож,   “*******” ХХК-ний 2015 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад даалгасугай.

               2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Орхонтуул сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр  35100 төгрөг, нийт 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                      Д.НАРАНТУЯА

                                                                                                З.ЭНХТУЯА