Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 110/2018/0022/З |
Дугаар | 221/МА2018/0502 |
Огноо | 2018-09-12 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2018/0502
2018 оны 9 сарын 12 өдөр Дугаар 221/МА2018/0502 Улаанбаатар хот
Ж.А, Ү.А нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2018/0056 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээд Ү.М-ы давж заалдах гомдлын дагуу Ж.А, Ү.А нарын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2018/0056 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ү.М-д олгогдсон 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0067921 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Ү.М давж заалдах гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2018/0056 тоот шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ү.М би гомдол гаргаж байна. Би анхан шатны шүүхэд тайлбар нотолгоогоо хангалттай гаргаж шүүх хуралд биеэр оролцсон бөгөөд хэрэгт тэр тухай тодорхой байгаа тул дахин дурдахгүй. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн тул хэргийг дахин хянаж үзээд анхан шатны шүүхийн 110/ШШ2018/0056 тоот шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.4-т заасныг тусгах шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэрийн ямар үндэслэл, заалтыг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа талаар тодорхой тусгаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.А, Ү.А нараас Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргад холбогдуулан “Улаанхус сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар захирамжийг үндэслэн Ү.М-д 640 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0067921 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч Ж.А нь нэхэмжлэгч Ү.А, гуравдагч этгээд Ү.М нарын ээж, нэхэмжлэгч Ү.А, гуравдагч этгээд Ү.М нар нь төрсөн ах, дүүс байна.
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар захирамжаар “тус сумын нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын урьд эзэмшиж байгаа газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэхээр” шийдвэрлэсэн агуулгатай байх боловч тус захирамж нь хавсралтгүй, эзэмшүүлж буй газрын хэмжээ, байршил, зориулалт, хугацаа, эзэмшил, ашиглалтын хэлбэр зэрэг Газрын тухай хуульд заасан “газар эзэмшүүлэх шийдвэр”-т байх ёстой шаардлагыг хэрхсэн нь тусгагдаагүй байна. Тус захирамжийг үндэслэн гуравдагч этгээд Ү.Мадетханд маргаан бүхий 640 м.кв газрыг 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн гэх 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 00067921 дугаар гэрчилгээг олгожээ. Тиймээс уг захирамжаар Ү.М-д газар эзэмшүүлэх эрх олгож шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй учир түүнийг үндэслэж олгосон газар эзэмшүүлэх гэрчилгээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр биш юм.
Нөгөөтэйгүүр, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь хүсэлт гаргасан газрын байршил нь бусдад эзэмшүүлж болох, зэргэлдээ орших бусад иргэдийн газар эзэмших эрхийг зөрчих эсэхийг шалгаж тодруулах үүрэгтэй. Гэтэл мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар гуравдагч этгээд Ү.М-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, тогтоолгүйгээр нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдийн хамтран эзэмшиж, ашиглаж байсан газрыг гуравдагч этгээдэд дангаар нь эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн дээрх зохицуулалттай нийцээгүй, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2018/0056 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ү.М-ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ