Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 738

 

Д.Амартүвшинд холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор  Д.Эрдэнэчимэг,

ялтан Д.Амартүвшин, 

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, улсын яллагч Д.Мөнхтуяагийн бичсэн эсэргүүцлээр Д.Амартүвшинд холбогдох эрүүгийн 201626021082 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Олхон овогт Дашзэвгийн Амартүвшин, 1987 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ус суваг удирдах газарт ус түгээгч ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Зүүн наран”-гийн 13 дугаар гудамж, 149 тоотод оршин суух,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 454 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 34 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 21 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: ДИ 87080410/,

            Шүүгдэгч Д.Амартүвшин нь урьд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байдал арилаагүй байхдаа давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Зүүн Наран”-гийн 13 дугаар гудамжны 149 тоотод үерхэж байсан иргэн Ц.Цэнддоржийг "зээлсэн мөнгөө нэхлээ" гэх шалтгаанаар зодож бие махбодид нь хацар, доод эрүү, бугалга, гуяны цус хуралт, зулайн хэсгийн үс халцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газар: Д.Амартүвшингийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан Д.Амартүвшингийн Баянзүрх дүүргийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 454 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн эрүүгийн хэргийн ялгүй болох хугацааг нь хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн Д.Амартүвшинд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Д.Амартүвшинг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Амартүвшинд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Амартүвшин нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар түүнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Мөнхтуяа бичсэн эсэргүүцэлдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгч... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 4708 тоот дүгнэлтийн 3 дахь заалтад... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж хохирогч Ц.Цэнддоржийн биед хөнгөн гэмтэл учирсныг хүндэвтэр гэж бичиж бичиг техникийн алдаа гаргасан нь “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангаагүй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолыг зөвтгүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... прокурор Д.Мөнхтуяагийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийн гол нотлох баримтуудыг дурддаг. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Цэнддоржийн биед хөнгөн гэмтэл учирсныг хүндэвтэр гэж бичиж алдаа гаргасан нь “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангаагүй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү...” гэв.

Ялтан Д.Амартүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Амартүвшин 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Зүүн Наран”-гийн 13 дугаар гудамжны 149 тоотод үерхэж байсан иргэн Ц.Цэнддоржийг "зээлсэн мөнгөө нэхлээ" гэх шалтгаанаар зодож бие махбодид нь хацар, доод эрүү, бугалга, гуяны цус хуралт, зулайн хэсгийн үс халцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

   хохирогч Ц.Цэнддоржийн “...Д.Амартүвшин мөнгөний хэрэг болоод байна, удахгүй өгье гээд 200.000 төгрөг надаас авсан. Би 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр зээлсэн мөнгөө авах гээд Д.Амартүвшингийн гэрт очсон боловч намайг хэл амаар доромжилж, зодож нүдэн, үснээс чирч алахыг завдсан. Өмнө нь ч бас удаа дараа зодсон. Цагдаагаар явахад хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Би Д.Амартүвшинд маш их гомдолтой байна...” /хх-4-6/,  

ялтан Д.Амартүвшингийн “...би 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр гэртээ байж байтал Ц.Цэнддорж манай гэрт “…би байр түрээслэх гэсэн чинь түрээсийн мөнгө байхгүй байна. Танайд түр байя…” гээд ирсэн. Би Ц.Цэнддоржийг яв гэхээр уурлаад явахгүй, миний урдаас юм авч шидээд байсан. Над руу чулуу шидээд байхаар нь би барьж аваад 2 гарыг нь хүлсэн ба над руу нулимаад байхаар нь би амыг нь гараараа дарсан,  хана руу шахсан. Өөр зодсон асуудал байхгүй...” /хх-7-8, 45/ зэрэг мэдүүлгүүд,

шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн.”...Ц.Цэнддоржийн биед хацар, доод эрүү, бугалга, гуяны цус хуралт, зулайн хэсгийн үс халцарсан зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 4708 дугаар дүгнэлт /хх-23/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-31-32/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Д.Амартүвшинд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, цугларсан нотлох баримтанд үндэслэн хэргийн талаар дүгнэлт хийх боломжтой байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж үзлээ.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан Д.Амартүвшингийн урьд шийтгүүлсэн эрүүгийн хэргийн ялтай байдлыг нь хэрэгсэхгүй болгож, Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн Д.Амартүвшинд холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр  хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн байх бөгөөд шүүх Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэжээ.

Прокурор “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч Ц.Цэнддоржийн биед хөнгөн гэмтэл учирсан гэмтлийг хүндэвтэр гэж бичсэн нь  шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байх тул зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичсэн. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн   шинжээч 4708 дугаар дүгнэлтэнд “...Ц.Цэнддоржийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх23/ гэсэн, Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Д.Амартүвшинг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон” байна.

Харин шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна...” гэж андуурч бичсэн байх бөгөөд энэ нь шийтгэх тогтоолын мөн чанар, хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт орох үндэслэл болохгүй юм. Гэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ташаа бичигдсэнийг энэ магадлалаар залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг “хүндэвтэр” гэж бичсэнийг “хөнгөн” гэж залруулж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсан болохыг дурдсугай.

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ГАНСҮХ

ШҮҮГЧИД                                                                   Д.МӨНХТУУЛ

                                                                                                Д.ОЮУНЧУЛУУН