Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01186

 

 

Н.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2022/01400 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Б-гийн хариуцагч Л.Н-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 5,000,000 төгрөгийг Л.Н-д зээлдүүлсэн. Бид Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхоны 3-3 тоот хашаа байшинд цагаан сарын гүрмэл боорцог хийх ажлаа эхэлсэн. Л.Н- болон түүний эхнэр миний өгсөн 5,000,000 төгрөгөөр бүх материалаа татсан. 01 дүгээр сарын 20-ныг хүртэл ажиллаад боорцог, мөнгө төгрөгөө авмаар байна гэхэд чи ямар ч байсан 1,800 ширхэг боорцог авч бай гээд надад 1,800 ширхэг боорцгийг өгсөн. 5,000,000 төгрөгөө хэзээ өгөх вэ гэхэд удахгүй өгнө гэж хэлээд өдийг хүрсэн. Л.Н- миний өгсөн 5,000,000 төгрөгөөр 84,400,000 төгрөгийн ашиг олсон. Иймд би ашиг нэхээгүй өгсөн 5,000,000 төгрөгөө авна гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь манайд цалинжиж ажилладаг байсан Н.Б- нь 5,000,000 төгрөг гаргаад тантай хамтарч ажиллаад ашгаа хувааж авъя гэхээр нь би одоо оройтчихлоо амжихгүй байх гэхэд Н.Б- яаж ийгээд хийгээд амжуулчихна гэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажиллаад 6,500 ширхэг боорцог хийсэн. Ингээд анх хийхээр тохирсон 24,000 ширхэг боорцгоо хийж амжихгүй болсон тул би Н.Б-д 1,800 ширхэг боорцог өгөөд зараад 5,000,000 төгрөг болон илүү гарсныг нь ашиг болгож ав гэж хэлсэн. Тухайн үед 1 ширхэг боорцог 4,000 төгрөгийн үнэтэй байсан ба 1,800 ширхэг боорцог 7,200,000 төгрөг болж байсан юм. Н.Б- нь анх ирэхдээ хамтарч ажиллах санал тавиад 5,000,000 төгрөг нийлүүлсэн болохоос өөрөөр бол би Н.Б-гаас мөнгө зээлсэн асуудал байхгүй болно. Иймд уг асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.1-т зааснаар хариуцагч Л.Н-гээс 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

4.а.Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Зээлийн харилцаа үүсэх буюу 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авах үндсэн нөхцөл нь гүрмэл боорцог хийж үйл ажиллагаа явуулах шаардлагатай болсон болохоос биш хамтран ажиллаж ашиг авч, хамтран ажилласан байна гэж үзэхээргүй байгаагаас гадна тухайн нэхэмжлэгчээс зээлж авсан мөнгийг хариуцагч гүрмэл боорцог хийх материалын зардалд зарцуулсан гэдгээ хэлжээ. Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан Л.Н- эхнэр П.Отгонцэцэгийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гүрмэл боорцгийн цех ажиллуулах зөвшөөрөлтэй байснаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл бид хоёр хамтын ажиллагаатай байсан бол хамтдаа үүсгэн байгуулж, хамтран адил төрлийн мөнгө гаргаж ажилласан бол хариуцагчийн тайлбарт өгсөн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны хүртэл ажиллаад хийсэн 6,500 ширхэг боовны ашиг болох нийт 26,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч миний бие адил хэмжээний ашиг авах нөхцөл байдал үүснэ гэтэл анхан шатны шүүх энэхүү бодит нөхцөл байдалтай нийцэхгүй Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.1-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй нэхэмжлэгч намайг илтэд хохироосон хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Шүүх нотлох баримтыг бүх талаас нь бүрэн дүүрэн судлаагүй, үнэн зөв тогтоож, бэхжүүлж аваагүй. Мөн хариуцагч гэсэн тайлбартаа нэхэмжлэгч намайг манай боорцгийн цехэд туслахаар ажиллаж байсан 2021 онд өөрөө ирээд боорцог хиймээр байна гэхээр нь ажлын байр тоног төхөөрөмж гаргаж өгөөд ажиллуулсан. Ингээд ажиллуулаад 1,800 ширхэг боорцог өгсөн хэмээн тайлбарласаар байхад шүүх миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хамааруулан нийт зээлүүлсэн 5,000,000 төгрөгөө боорцгоор авсан байна хэргийн хоёр өөр үйл баримтыг нэг мэтээр бодож дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үйл баримтад дүгнэлт хийсэн. Хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн судлаагүй, үнэн зөв тогтоож бэхжүүлж аваагүй гэж үзэхээс гадна нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн шийдвэрийг гаргаж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэхэд үндэслэл бүхий байна.

 

4.б.Шүүх мэтгэлцэх боломжоор хангаагүй. Шүүх хариуцагчаас асуулт асуулгаагүйгээр шүүхийн хэлэлцүүлгийг өрнүүлж зөвхөн тайлбарт нь үндэслэн шийдвэр гаргасан нь миний асуулт асууж хэргийн үйл баримтыг бүр тодорхой болгож мэтгэлцэх боломжоор хангаагүй. Нотлох баримтыг дутуу шалгаж хэргийг хэт нэг талыг барьж шийдсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Л.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Л.Н- нь гүрмэл боорцогны цех ажиллуулж байхдаа надаас 5,000,000 төгрөг зээлж, бид хамтран ажилласан, уг мөнгөөр 21,100 ширхэг буюу 84,400,000 төгрөгийн боорцог хийсэн бөгөөд ашгийг хувааж авахаар тохиролцсон, гэвч би 1,800 ширхэг боорцог авч борлуулсан, хариуцагч нь тохиролцоондоо хүрээгүй тул 5,000,000 төгрөгийг гаргуулна гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч Н.Б-гаас авсан 5,000,000 төгрөгт 1,800 ширхэг буюу 7,200,000 төгрөгийн гүрмэл боорцог өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх агуулгатай тайлбар гарган нэхэмжлэлээс татгалзжээ. /хх-ийн 11, 19-20-р тал/

 

3.Хариуцагч Л.Н- нь нэхэмжлэгч Н.Б-гаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 5,000,000 төгрөг авсан болох нь талуудын тайлбар, Голомт банк-ны дансны хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 4-р тал/

 

3.а.Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Харин ашиг олох зорилгоор хамтран ажилласан талаар талуудын хэн аль нь тайлбарлаж байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэг заасан хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдгээрээ ялгаатай.

 

3.б.Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Л.Н-гээс нэг бүр нь 4,000 төгрөгийн үнэтэй 1,800 ширхэг гүрмэл боорцог авч борлуулан, 7,400,000 төгрөг авсан талаараа тайлбарласан буюу хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан 5,000,000 төгрөгтөө 7,400,000 төгрөгийн үнэ бүхий гүрмэл боорцог өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

3.в.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч Н.Б- нь 5,000,000 төгрөгөөр 21,100 ширхэг буюу 84,400,000 төгрөгийн боорцог хийсэн, ашгийг хувааж авахаар тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа дээрх хуульд зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

4.Нэхэмжлэгч Н.Б- нь шүүх талуудыг хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хамтран ажиллаж, ашиг олох зорилго байгаагүй, 5,000,000 төгрөгийг хариуцагч Л.Н-д зээлдүүлсэн, мөн шүүх зохигчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

4.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг бөгөөд анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх учиртай.

 

4.б.Нэхэмжлэгч Н.Б- нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа ... 5,000,000 төгрөгөөр хөрөнгө оруулчих, хамтран ажиллая гэж гуйсан учраас мөнгөө өгсөн, ашгийг хувааж авахаар тохиролцсон гэж тайлбарлажээ. /хх-ийн 19-р тал/. Уг тайлбарыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулан дүгнэж, зохигчийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

4.в.Хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, надад асуулт асуух боломж олгоогүй гэх агуулгатай гомдлыг нэхэмжлэгч нь гаргасан боловч тэрээр 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд ... орон нутгаас ирж шүүх хуралдаанд оролцдог тул хурал хойшлохоор хүндрэлтэй байна, иймд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна гэж тайлбарлажээ. /хх-ийн 36-р тал/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

5.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг залруулан өөрчлөв. Тодруулбал, талууд хэдийгээр хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг хэмээн нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул үүнд хамааралтай хуулийн зохицуулалтыг баримтлах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2022/01400 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.1-т зааснаар ... гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН Г.ДАВААДОРЖ