| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2017/0074/Э |
| Дугаар | 128 |
| Огноо | 2018-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж
Улсын яллагч: Б.Батсайхан
Шүүгдэгч: Х.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржгин овогт Хын Сд холбогдох эрүүгийн 1812001070085 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Хын С /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Х.С нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 4040-14 тоот гэртээ эхнэр Л.Э-т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Л.Э-ийн өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын 21-ний орой ажлаа тараад нөхөр хүүхдийнхээ хамтаар айлд очиж цай уучихаад шөнийн 01 цагийн орчим гэртээ ороход манай нөхөр С согтчихсон хэрүүл өдөөд янз бүрийн юм яриад байхаар чи айлд очоод адилхан ууж идэж ирчихээд тэрийгээ тааруулахгүй яасан юм бэ ааш авир муутай байж гээд хэлсэн чинь солиороод байгаа пиздаа вэ гээд намайг элдэхээр нь би айгаад гэрээс гарахад араас гүйж гарч ирээд толгой, түрүү рүү өшиглөж зодсон. Тэгээд би эмнэлэгт ирж үзүүлээд тэндээ хоносон. Намайг хардаад л янз бүрийн юм яриад хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь түүнд хэдэн үг хэлсэн чинь солиороод бай пиздаа минь гээд л зодсон. Ер нь бол хардаж зодсон. Манай нөхөр С үснээс зулгааж толгой гараараа цохиж газар унахад хамар орчим руу хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед С ухаанаа алдтал согтуу бол байгаагүй. Миний зүүн талын 1 хавирга хугарсан өөр бэртэл гэмтэл бол байхгүй. Ер нь архи уухаараа зан авир байхгүй, хардаад хэрүүл маргаан хийгээд, хааяа зоддог байсан. Би гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 хуу/
Гэрч Д.Э-ын өгсөн: ...Х.С даруухан томоотой олон таван үггүй хүн, хүнтэй эвсэг харьцдаг ямар ч хүн таарсан ахаа эгчээ миний дүү гээд явж байдаг хүн байгаа юм. Хааяа архи уудаг гэхдээ тэр болгон биш баяр ёслолын үеэр уудаг. Архи уусан үедээ янз бүрийн зан ааш байхгүй, жаахан яриа орчихдог тэрнээс бол хүн хүн рүү үсчээд агсам тавиад байдаг хүн биш. Гэртээ очоод гэр орондоо ямар байдгийг нь сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 6 хуу/
Х.С-ын яллагдагчаар өгсөн: ...Би эхнэр Л.Э болон хүүхэдтэйгээ хамт 2018 оны 02 дугаар сарын 21-нд Бор толгойд байдаг өөрийн найз болох Бямбадоржийн гэрт очсон. Б-х тэр өдөр хүүхдийнхээ үсийг авна гээд урихаар нь очсон. Тэднийд 17 цагийн үед одоод гэртээ нэлээн орой ирсэн. Хэдэн цагийн үед ирснээ сайн санахгүй байна. Ойролцоогоор 22-23 цагийн орчимд ирсэн байх гэж бодож байна. Хүүхдийн найран дээр байж байхад манай найз Б-ийн ах нь гээд нэг залуу нэлээн согтчихсон намайг чи пиздаа минь дуулж чаддаггүй юм байна гар зайл, танай авгай чинь чамаас дээр дуулдаг юм байна гээд байхаар нь би ч гэсэн уур хүрээд Бямбадоржийн ахтай жаахан маргалдсан. Тэрнээс зодоон хийсэн асуудал байхгүй. Тэгээд тэндээс жаахан ууртай гэртээ иртэл эхнэр унт гэхээр нь жаахан ууртай байсан болохоор хуц пиздаа минь гээд хэлчихсэн. Тэрнээс болоод хэрүүл гарсан. Тэгээд би бариад авах гэтэл гараад зугтсан гарч гүйгээд хашаандаа намайг харааж зүхээд зайлаач хүүрээ, муу архичин зайлаач гээд байхаар нь би очоод толгой болон нуруу руу нь нэг нэг удаа цохьсон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Манай эхнэр надтай суугаад нэг гэрт орохдоо нэг хүүтэй надтай суусан хүү нь аав ээж дээр нь байдаг. Надтай суугаад нэг охин гарсан. Охин маань бид хоёртой хамт амьдардаг. Тэгээд охин хаачсан юм бэ гээд асуусан чинь цаана чинь л байна ш дээ гэхээр нь охин руугаа алхтал цаанаас нь цагдаагийн машин гараад ирэхээр нь би гараад зугтаачихсан. Тэгээд нэлээн байж байгаад гэртээ ирээд унтаж байсан чинь цагдаа нар ирээд аваад явсан. Б нэлээн шахаад би нэлээн согтсон байсан. Манай эхнэр ч гэсэн нэлээн согтсон байсан болоод л бид хоёр маргалдсан байх гэж бодож байна. Би зарим асуудлаа сайн санахгүй байна. Би уг нь нэг их архи уугаад байдаггүй. Зундаа би говьд очиж ажилладаг. Тэгээд жаахан хол зайтай байдаг болохоор заримдаа хардаад байдаг юм. Говьд ажиллаж байхдаа хааяа эхнэртэйгээ ярихаар наанаа хүнтэй суугаарай гээд байдаг юм. Тэгэхээр нь би хардаад байдаг юм. Эрүүлдээ хэлэх гэхээр хэлж чаддаггүй. Тэгээд жаахан уусан үедээ хэлчихдэг тэгээд л маргалддаг. Би өөрөө сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар нуруу толгой руу нь нэг нэг удаа цохьсноо санаж байна өөр хаана хаана цохиж өшиглөснөө санахгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний 100 дугаар дүгнэлт:
1. Л.Эийн биед, тархи доргилт, дагз, хүзүү, баруун чамархайн хуйханд, цээжний зүүн талд зөөлөн эдэд няцралт, хамрын угт, 2 нүдний дотор доод талаар цус хуралт, хамрын таславчийн үзүүрт шарх, зүүн 7-р хавирганы хугарал, духны зүүн талд зулгаралт гэмтэл учирчээ,
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох 5-6 удаагийн, шүргэх, нидрэгдэх 1- 2 удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй... /хх-ийн 33 хуу/
Хохирогч Л.Эийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 81 хуу/
Шүүгдэгч Х.Сын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 82 хуу/
Х.Сын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 27-28 хуу/
Х.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.С нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 4040-14 тоотод байх гэртээ эхнэр Л.Этэй согтуугаар маргалдаж толгой болон нуруу руу нь цохиж, өшиглөсний улмаас биед нь тархи доргилт, дагз, хүзүү, баруун чамархайн хуйханд, цээжний зүүн талд зөөлөн эдэд няцралт, хамрын угт, 2 нүдний дотор доод талаар цус хуралт, хамрын таславчийн үзүүрт шарх, зүүн 7-р хавирганы хугарал, духны зүүн талд зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Х.С нь өөрийн үйлдэл болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Л.Эийн мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний 100 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.С нь өөрийн эхнэр Л.Эийг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний 100 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Х.Сын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэж зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Хохирогч Л.Э нь мэдүүлэг өгөхдөө болон хэрэгт “ гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч Х.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хохирогч болон яллагдагч нар нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх бөгөөд прокуророос уг хүсэлтийг ханган, яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи / 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах/ саналыг яллагдагчид /хх-ийн 88 хуу/ танилцуулж, яллагдагч уг саналыг зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангагдсан байх тул шүүгдэгч Х.Сыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Хын Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг дагуу шүүгдэгч Х.С нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Х.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдасугай.
7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ