| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2002002100273 |
| Дугаар | 2026/ДШМ/303 |
| Огноо | 2026-03-16 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг, Л.Содбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2026/ДШМ/303
Шүүгдэгч Х.Э- Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг байгуулсан болох нь гэрч Л.Л- /72хх 79/, Д.Батцэцэг /72хх 129/, С.Д- /72хх 140/, Д.Н- /72хх 146/, Л.Чинбат /72хх 182 тал/, Ч.О- /72хх 187/ зэрэг гэрчүүдийн мэдүүлгийн баримтаар нотлогддог ба эдгээр мэдүүлгийг үгүйсгэн няцаасан баримт, яллах талын нотлох баримтын эх сурвалж тодорхойгүй байхад шүүх дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг шийтгэх тогтоолд заагаагүй.
Шүүх, прокурор миний үйлчүүлэгч Х.Э-ийг шүүгдэгч Э.Б-, Ц.Ш- нарын мэдүүлгээр буруутгаж байгаа бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нотлох баримтаар тооцогдох боловч дангаараа бусдыг яллах үндэслэл болохгүйг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүй.
2.Х.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Гэмт хэрэг үйлдэх замаар олсон бохир мөнгийг цэвэр буюу хууль ёсны болгохыг мөнгө угаах гэмт хэрэг гэж үздэг. Уг гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт хэргийн замаар бий болсон мөнгөн хөрөнгийг дахин эдийн засгийн эргэлтэд оруулж, холбогдох татварыг төлсний дараа бий болсон мөнгөн хөрөнгийг ойлгодог. Манай шүүхийн практикт энэ байдлыг буруу хэрэглэдэг ба үүнээс болж хүний эрх зөрчигдөхөөс гадна хууль буруу хэрэглэхэд хүргэж байгааг цаашид анхаарах шаардлагатай.
Монгол Улсын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмшигч газар эзэмших шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхтэй. Зөвшөөрсөн хэлбэр нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т заасан хэлбэрээр явагдахаар хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл, зөвшөөрсөн хэлбэр нь төр Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зарлах замаар эзэмшүүлдэгтэй шууд холбоотой гэж ойлгогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Х.Э-ээс 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Т.Б-тай байгуулсан газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ, Т.Б-гийн гэрчийн мэдүүлгийн баримт, Г.Ц- нотариатын мэдүүлэг /72хх 71, 115, 119, 123, 127/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба хууль ёсны болох нь нотлогдож байхад шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийг худалдах тухай ойлголт нь хуулиар зөвшөөрөгдсөн (шилжүүлэх, барьцаалах) хэлбэрээр шилжиж болдог ба үүнийг хуулиар хориглоогүй /ГтХ-ийн 31.1.4, 38.1/. Энэ тохиолдолд миний үйлчлүүлэгч Х.Э-ийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн боломжгүй байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг болон Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглсэн гэж үзэх үндэслэл болсон.
3.Шүүгдэгч Х.Э-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд, түүний үйлдэлийг шүүхээс гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлд зааснаар энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл бий болсон байгааг шүүхээс анхаарч үзээгүй.
72 дугаар хавтаст хэргийн 227 дахь талд прокурорын шүүгдэгч Х.Э-д 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол авагдсан бөгөөд Х.Э- нь 2019 онд Т.Б-д газрын эрхийг шилжүүлэн өгсөн ба үүнээс хойш эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл хугацаанд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна.
Мөн шүүхээс тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй болохыг дүгнэсэн атлаа, хууль бусаар олсон орлого гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолын шүүгдэгч Х.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ш.Я-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн талаар. Хэрэгт авагдсан Ш.Я-ийн гэрч, яллагдагчаар өгсөн, гэрч Б.Уранцэцэг, Г.Б-, Т.Б- нарын мэдүүлгүүд, Ш.Я-ид олгосон газрын баталгаажилтын хувийн хэрэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, газар эзэмших эрх олгох журам, процессыг мэдэх боломжгүй ба зөвхөн газар эзэмших эрх хүссэн хүсэлт, холбогдох баримт бичиг гаргаж өгснөөр субъектив болон объектив байдлаар албан тушаалтны үйлдсэн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэх үндэслэлгүй.
Шүүгдэгч Ш.Я- нь Г.Б-ын компанид барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан ба компанийн цалин хөлс, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бараа материал авах холбоотой гүйлгээнүүдийг хийж байсан бөгөөд үүнтэй холбоотой санхүүгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч анхаарч үзээгүй, үнэлээгүй.
Анхан шатны шүүхээс Ц.Ш-, Ш.Я-, Х.Э-, Э.Б- нарын төрөл садны лавлагаа, газар эзэмшүүлэх шийдвэр гарах процесстой холбоотойгоор хэрхэн ямар журмын дагуу, ямар шаттай, ямар албан тушаалтнууд шийдвэр гаргах үйл явцад оролцдог үйл баримтыг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад Г- албаны мэргэжилтэн, албан тушаалтнууд болох Б.З-, С.Д-, А.А- зэрэг хүмүүсийн гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэл болгон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Энэ нь дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй.
Ш.Я- нь өөрийн найз Э-баяр нас барсанаар газар эзэмших, зориулалтын дагуу барилгын ажил гүйцэтгэх, ашиглах, газар эзэмших гэрээний төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдалд орсон. Үүнтэй холбоотойгоор бусдад газар эзэмших эрх шилжүүлэх замаар гэрээ хийсэн ба ямар нэгэн байдлаар шунахайн болон хувийн сэдэлт, зорилго агуулж уг хэлцлийг хийгээгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ гэж тодорхойлсон. Гэтэл шүүгдэгч Э.Б-, Ц.Ш- нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах үйлдэлд нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэн гэм буруутайд тооцсон. Ш.Я-ийг уг үйлдэлд нь хамжигчаар хамтран оролцсон гэж үзэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй.
Нөгөө талаар Ш.Я-ийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо ХУД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын эзэмших эрхийг гэмт хэргийн улмаас бий болсон эдийн бус эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдан борлуулж, мөнгийг шилжүүлэн авч, ашигласан нөхцөл байдал бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Учир нь, шүүгдэгч Х.Э- нь мөнгө авч ашигласан нь тогтоогддог гэж үзэхэд хэдэн төгрөгийг, хэр мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авч ашигласан нь ямар баримтаар нотлогдож байгааг тодорхойлоогүй.
Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ш-ээс 340,000,000 төгрөг, шүүгдэгч Х.Э-эс 300,000,000 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Эндээс Ш.Я- нь мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй.
Иймд шүүгдэгч Ш.Я-ид холбогдох хэргийг хууль зүйн дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар. Хэдийгээр шүүгдэгч, өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээр маргаж оролцсон боловч нэгэнт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгий хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байхад анхан шатны шүүхээс хэрэглээгүй.
Яллагдагчаар татах тогтоолд Ш.Я-ийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөнгө угаасан гэж гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тодорхойлсон ба 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар татах тогтоол гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн үеэс гэмт хэрэг бүрт шинээр тоолно гэж заажээ. Энэхүү үндэслэлээр хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Мөнхүү үндэслэлээс гадна анхан шатны шүүхээс Ш.Я-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглээгүй. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хамаарахгүй байна.
Дээрх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байдал болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлийг бий болгож байх тул шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, Ш.Я-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ш.Я- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Цолмон-Э- давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг дараах нотлох баримтуудаар гэм буруутай нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Үүнд:
-гэрч Л.С-ын “Г- албанаас нэг залуу дуудсан “таны газрын хажууд сул газар байна. Энэ газар дээр ийм хүний нэрээр кадастрын зургийг нь хамт хийлгээд ир” гэсэн. Түүний дагуу зургийг нь хийлгээд өгсөн. Б.Б- гэж хүнийг ёстой мэдэхгүй. Өөрийн асуудлыг хурдан шийдвэрлүүлэх гээд зургийг нь хамт хийсэн” гэх мэдүүлэг,
-шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А\144 дүгээр дүгнэлт /39хх 160-172/,
-Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А\ 1177 дугаар захирамж
-нууц ажиллагааны 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А-22 дугаар магадалгаа
-Л.С-, Б.Б- нарын газар баталгаажуулалтын хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хувийн хэрэг /42хх 23-104/ зэрэг баримтууд болно.
-Гэтэл хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтуудаар дээрх баримтууд нь үгүйсгэгддэг юм. Тухайлбал, Л.С-ын “Б-ыг танихгүй, мэдэхгүй, уулзаж байгаагүй” гэх мэдүүлэг нь: “А-” ХХК-ийн захирал Д- нь “Л.С-тай багын найзууд, газартай холбоотой компанийн хүсэлтэд Б.Б-ыг гуйж байгаад оруулсан юм” гэх мэдүүлгээр үгүйсгэгддэг.
Мөн Л.С- Б.Б- нарын газар баталгаажуулалтын хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлд миний үйлчлүүлэгч Б.Б-ын гарын үсэг огт байдаггүй. Өөрөөр хэлбэл, Б.Б-ын газрын \анкет\ тухай хүсэлт, кадастрын зураг гэх бүхий л баримтуудад Л.С-ын утас тэмдэглэгдсэн, мөн гарын үсгийг нь төлөөлж дууриалган зурсан байдаг нь миний үйлчлүүлэгчийн өмнөөс газартай холбоотой баримт бичгүүдийн бүрдүүлэлтийг Л.С- хийсэн болох нь тогтоогддог бөгөөд огт танихгүй гэдэг нь үгүйсгэгддэг.
Анхан шатны шүүхээс: “Өөрөөр хэлбэл нууц ажиллагааны магадалгаагаар өгөх мэдүүлэг, агуулгын талаар Э.Б-аас асууж, мэдүүлсэн болох нь нотлогдсон болно” гэж дүгнэсэн. Гэвч хэрэгт авагдсан баримтаар он, сар, өдрийг харвал Б.Б- нь анх удаа АТГазрын мөрдөн шалгах хэлтсийн дуудсаны дагуу очиж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх талаар хэлж мэдүүлгийг дуусгаж, улмаар тус газрын үүдэнд зогсож байхдаа авга ах Э.Б-тай утсаар ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл, тус нууц мөрдөн шалгах ажиллагааны магадалгаагаар миний үйлчлүүлэгч нь Э.Б-аас өгөх мэдүүлгийн талаар зааварчилга авсан үйл баримт тогтоогдоггүй юм.
Дээрх бүгдийг дүгнэн үзвэл хэрэгт авагдсан баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нотолбол зохих байдал”-ууд нотлох баримтын хүрээнд Х-ттай байдлаар, эргэлзээгүй нотлогдон тогтоогдоогүй байна. Иймд шийтгэх тогтоолоос миний үйлчлүүлэгч Б.Б-од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Г.И-ы өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт цугларсан шүүгдэгч Б.Ц- /9хх 203-205, 206-209/, Х.С- /9хх 222-228/, Б.Б- /9хх 238-239, 240-245/ нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Г.И-ы ажлын байрны тодорхойлолт болон бусад нотлох баримтаас үзэхэд, шүүгдэгч Г.И-ы “Хайнга хандах” гэмт хэргийн үйлдлийг нотолсон үйл баримт, нотлох баримт цугларч бэхжүүлэгдээгүй.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.И-ы үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэргийн заавал байх албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй шинжийн аль шинжийг эрүүгийн хэрэгт цугларсан ямар нотлох баримтаар нотлогдож байгаа дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т заасан хуулийн шаардлагыг Х-гүй шийтгэх тогтоол гаргасанд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолын шүүгдэгч Г.И-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.
Анхан шатны шүүхийн дүгнэлтэд дурдсан “шалгаагүй, өөр ажиллагаа хийгээгүй, төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулсан” гэх нөхцөл байдлууд нь ямар нотлох баримтаар тогтоогдсон, энэ нь дээрх гэмт хэргийн заавал байх шинжийг хэрхэн бүрдүүлж байгаа талаар хууль зүйн үндэслэл бүхий тодорхой дүгнэлт огт хийгдээгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр нь нотлох баримтад тулгуурласан, хууль зүйн дүгнэлттэй байх шаардлагыг хангаагүй. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон Ц.Ц-ийн төлөөлөх эрх нь зөвхөн 2017 оны 03 дугаар сарын 06-наас 2018 оны 03 дугаар сарын 06-ны хугацаанд хүчинтэй байсан итгэмжлэлээр хязгаарлагдахгүй, харин хэрэгт авагдсан баримтаар тухайн компанийн өмнөөс төлөөлөх эрхтэй этгээд болох нь тогтоогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл болсон иргэний хэргийн шийдвэрүүд буюу Г- шатны шүүхийн шийдвэрт Ц.Ц-ийг тухайн компанийн гүйцэтгэх удирдлага, төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзсэн.
Нөгөө талаас шүүхийн шийтгэх тогтоолоос харахад шүүгдэгч Г.И-ыг “эс үйлдэхүй” хийсэн гэж дүгнэсэн шинжтэй байна. Гэтэл улсын яллагчийн зүгээс Г.И-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36, 48, 49, 54 болон 273 дугаар зүйлүүдэд болон холбогдох бусад зүйлүүдийг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж буруутгаж байгаа нь өөрөө зөрчилтэй дүгнэлт юм. Хэрэв шүүгдэгчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байгаа бол дээрх хууль зөрчиж “идэвхтэй үйлдэл” хийсэн гэх яллах дүгнэлт хоорондоо логикийн хувьд нийцэхгүй байна. Бодит байдалд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 05 дугаар сарын 02-ноос 05 дугаар сарын 20-ны хооронд явагдах хугацаанд шийдвэр гүйцэтгэгч Г.И- нь хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу үзлэг, нэгжлэг хийж, 49 болон 54 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгийг хураан авч, битүүмжилж хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Гэтэл эдгээр ажиллагааны эрх зүйн үр дагаврыг анхан шатны шүүх зөв ойлгож, үнэлж дүгнээгүй.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах ажиллагаа нь өмчлөх эрхийг бүрэн шилжүүлэх бус, харин тухайн өмчийн эрхийг түр хугацаанд хязгаарлах шинжтэй ажиллагаа юм. Ийм байхад уг ажиллагааг буруу хэрэгжүүлсэн мэтээр дүгнэж, гэмт хэргийн шинжтэй холбон тайлбарласан нь үндэслэлгүй. Мөн шүүгдэгч Г.И- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд тухайн үед буюу 2018 оны 05 дугаар сард хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн хүрээнд ажиллагаагаа явуулсан. Тодруулбал, тэрээр хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн “Б- партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Ц.Ц- мөн болохыг тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан.
Гэтэл дээрх бүх үйл баримтад анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Иймд шүүгдэгч Г.И-ыг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд нийцээгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг Х-ттай хэрэгжүүлээгүй гэж дүгнэж байна. Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.И-ы өмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.И-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Прокурорын зүгээс Г.И-ыг буруутгахдаа Ц.Ц- гэх этгээдийг итгэмжлэлийн хугацаа дууссан байхад төлөөлөгчөөр оролцуулж, улмаар эд хөрөнгийг шилжүүлсэн гэж тайлбарладаг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Г.И- нь Ц.Ц-ийг итгэмжлэлээр бус, харин итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан нь тогтоогддог. Тодруулбал, 1 дүгээр хавтаст хэргийн 72-75 дугаар хуудсанд буй Ц.Ц-ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт түүнийг тухайн компанийн гүйцэтгэх захирал гэж бүртгэгдсэн, нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн албан тушаалын хүрээнд төлж байсан нь тодорхой байна. Ийм баримтад үндэслэн Ц.Ц-ийг компанийн төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн хувьд үндэслэлтэй үйлдэл юм. Мөн прокурорын зүгээс 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгүүдийг хүч хэрэглэж, заналхийлж бичүүлсэн гэж буруутгасан. Гэвч энэ нөхцөл байдал анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдоогүй. Иймд прокуророос энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангиар буруутган ялласан үндэслэл Х-тгүй байсан бөгөөд анхан шатны шүүх уг хэсгийг тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь зөв. Иймд анхан шатны шүүхийн энэ дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Г.И- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч болон гэрчийн мэдүүлгийг шууд нотлох баримт гэж үзэх нь эргэлзээтэй асуудал юм. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 16.5-д зааснаар хохирогч, гэрчийн мэдүүлгийг дангаар нь бус, бусад нотлох баримттай харьцуулан шалгаж, харилцан уялдаатайгаар үнэлэх ёстой гэж зохицуулсан. Иймд зөвхөн мэдүүлэгт тулгуурлан гэм бурууг тогтоох нь хуульд нийцэхгүй.
Нөгөө талаас прокурор намайг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Ц.Ц- гэдэг хүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан гэж удаа дараа мэдэгдэж, шүүхийг төөрөгдүүлэх нөхцөл байдал үүсгэж байна. Гэтэл бодит байдал дээр би тухайн хүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр бус, төлбөр төлөгч компанийн гүйцэтгэх удирдлага гэсэн байр сууринаас оролцуулсан. Ц- нь тухайн компанийн нэрийн өмнөөс нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан бөгөөд нийгмийн даатгалын дэвтрийн арын хэсэгт тухайн компанийн захирлаар ажиллаж байсныг нотлох тушаал, тэмдэглэл бичигдсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад энэ тушаалыг төлбөр төлөгчөөс гаргуулж авах шаардлага гардаг. Гэвч төлбөр төлөгч өөрөө холбогдох баримтыг гаргаж өгөхгүй, авчрахгүй байсан тул нийгмийн даатгалын байгууллагаас лавлагаа авч тодруулсан. Компанийн тухай хуульд энэ нь хуулийн этгээдийн өөрийнх нь үүрэг байдлаар зохицуулагдсан байдаг. Миний хийсэн ажиллагааг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүх хянаж үзээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдсэн гэж үнэлсэн.
Харин анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ төлбөр төлөгч компанийн охин компанид хөрөнгө шилжүүлсэн мэтээр буруу дүгнэж, улмаар албан тушаалдаа хайнга хандсан гэж үзсэн. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэгчийн хэрэгжүүлэх ажиллагааг тодорхой зохицуулсан. Иймд миний хийсэн ажиллагаа нь хуулийн зохицуулалтын хүрээнд хийгдсэн бөгөөд хууль зөрчсөн, эсхүл албан тушаалдаа хайнга хандсан гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүх хуралдааны явцад “төлбөр төлөгчийн санал болгосон хөрөнгийг хадгалалт хамгаалалтад шилжүүлж байна, үүнтэй холбоотой санал хүсэлт байна уу” гэж төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-гаас асуухад “татгалзах зүйл байхгүй, тодорхой хугацааны дараа төлбөрийг шийдвэрлэхгүй бол дараагийн арга хэмжээг авч шийдвэрлэнэ” гэсэн тайлбарыг өгсөн. Энэ нь төлбөр төлөгч тал шүүхийн шийдвэрт заасан 723 сая төгрөгийг төлж дуустал төлбөр төлөгчийн өмчлөлд хамаарах, түүний санал болгосон хөрөнгийг түр хугацаанд төлбөр авагчийн удирдлагад шилжүүлж байгаа гэдгийг илэрхийлж байгаа юм.
Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны аль үе шатанд албан тушаалтан хайнга хандсан, аль үйлдлийн улмаас ямар эрх зүйн үр дагавар үүссэн бэ гэдгийг нарийвчлан тогтоож, дүгнэх шаардлагатай байсан боловч энэ талаар бүрэн дүгнэлт хийгдээгүй гэж үзэж байна.
Нөгөө талаас, байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд болох тухайн үеийн газрын дарга гарын үсэг зурж, тамга дарснаар үл хөдлөх хөрөнгийн эрхийг сэргээсэн бөгөөд энэ нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр тухайн хөрөнгийг бусдад шилжүүлэх, худалдах, барьцаалах зэрэг эрх зүйн үр дагаврыг бий болгосон. Иймд энэ эрх зүйн үр дагавар яг ямар үйлдлээс үүссэн, хэн, аль шатанд буруу ажиллагаа явуулсан бэ гэдгийг шүүх бүрэн тогтоож, дүгнэлт хийх ёстой байсан боловч энэ асуудал орхигдсон.
Ингээд тухайн үед үйлдэгдсэн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.4 дүгээр зүйлийг баримталж, талууд эвлэрэх боломжтой гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай зохицуулалтыг хэрэглэсэн. Гэтэл бодит байдал дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цахим мэдээллийн санд төлбөр бүрэн төлөгдсөн гэх үндэслэлээр дуусгавар болгосон байдлаар бүртгэгдсэн. Энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дотоод зөрчилтэй, ойлгомжгүй байдал үүссэн нөхцөл байдал бий болсныг харуулж байгаа юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд шийдвэр гүйцэтгэгчийг хамгийн өргөн эрх хэмжээтэй албан тушаалтан мэтээр ойлгуулж, буруутгах хандлага ажиглагдаж байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн эрх, үүрэг нь хууль болон ажлын байрны тодорхойлолтоор нарийвчлан зохицуулагдсан байдаг.
Төлбөр төлөгчийн санал болгосон хөрөнгийг төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлбөр авагчийн удирдлагад шилжүүлснээс хойших ажиллагаа нь ахлах шийдвэр гүйцэтгэгч болон байгууллагын удирдлагын түвшинд гаргасан шийдвэрүүдийн үр дүнд хийгдсэн. Тойргийн харьяаллыг шийдэх эрх нь ахлах шийдвэр гүйцэтгэгчид байдаг. Шийдвэр гүйцэтгэгч өөрийн дураар хэрэг хуваарилж авах боломжгүй, ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол үйлдэж, даалгавар гаргаж, хэрэг хуваарилсны үндсэн дээр ажиллагаа явуулдаг. Энэ журмын дагуу тухайн ажиллагаа М-, Г.И- нарт хуваарилагдсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгч энэ процессыг өөрчлөх боломжгүй.
Ц.Ц- нь өөрийн хүсэл зоригийн дагуу хүсэлт гаргаж, төлбөрийг барагдуулах хүртэл хугацаанд хөрөнгийг шилжүүлж, тодорхой хугацаа авах санал гаргасан. Үүний дагуу тухайн хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад шилжүүлсэн. Иймд миний зүгээс хийсэн ажиллагаа нь бүхэлдээ хуулийн зохицуулалтын хүрээнд хийгдсэн бөгөөд анхан шатны шүүх энэ үйл баримтуудыг бүрэн дүүрэн үнэлж, дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60.1-д заасан зохицуулалтын дагуу төлбөр төлөгчийн хүсэлтээр хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад шилжүүлэн хэрэгжүүлсэн үйлдлийг гэмт хэрэг мэтээр үнэлж байгаа нь өөрөө буруу ойлголт, жишиг тогтоох эрсдэлтэй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийг бодит амьдралд хэрэгжүүлж, биелүүлж, эрх зүйн үр дагаврыг нь бий болгодог гол субъект юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр цаасан дээр бичигдээд үлдэх биш, шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаагаар дамжин хэрэгжиж, амьдрал дээр биеллээ олдог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Мөн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байгаа тул уг эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Ц-ын өмгөөлөгч Р.Мэндсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Ц-тай холбоотой анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Ц- нь аливаа хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй, харин өөрийн албаны чиг үүргийн хүрээнд ажилласан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Түүний гарын үсэг зурсан албан бичиг нь өөрийнх нь эрх, үүргийн хүрээнд хамаарах, өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгөд тавигдсан хоригийг чөлөөлөхтэй холбоотой, тухайн үед газрын даргын бүрэн эрхэд хамаарах шийдвэрүүд байсан. Иймд албан үүргийнхээ хүрээнд гарын үсэг зурсан үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуулиар онцгой чиг үүрэг хүлээсэн байгууллага бөгөөд тэдний үндсэн үүрэг нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх явдал юм. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлсний төлөө, төлбөр авагчийн эрхийг хамгаалж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсныг “давуу байдал олгосон” гэж буруутгаж байгаа нь туйлын үндэслэлгүй, цаашид хууль хэрэглээний хувьд сөрөг үр дагавартай.
Төлбөр авагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар холбогдох албан тушаалтантай уулзах бүрэн эрхтэй. Мөн байгууллагын даргын хувьд иргэдийг хүлээн авч, санал хүсэлтийг нь сонсох үүрэгтэй. Ийм уулзалтыг шууд ашиг сонирхлын зөрчил гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Тухайн уулзалтаар тавигдсан шаардлага нь ч хууль ёсны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулах тухай нийтлэг шаардлага байсан.
Энэ хэрэг нь анхнаасаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлоос үүссэн бөгөөд гэрч А.О--Э-ийн мэдүүлгийг прокурорын зүгээс буруу тайлбарлаж, үндэслэл болгож байгааг дурдах нь зүйтэй. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч гэсэн Г- субъект л шууд оролцдог. Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нь эдгээр процессын аль нэгэнд шууд оролцдог субъект биш. Прокурорын зүгээс буруутгаж буй 2 албан бичгийн тухайд эдгээр нь доод шатны шийдвэр гүйцэтгэгчээс боловсруулагдаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчээр хянагдаж, улмаар газрын даргын гарын үсгээр баталгааждаг албаны хэвийн процессын бичиг баримт юм. Хоригийг цуцлах албан бичиг гарсан нь хуулийн дагуу хийгдсэн, зайлшгүй ажиллагаа байсан. Мөн энэ нь Б.Ц-д хувийн ашиг сонирхол байгаагүйг харуулж байна. Учир нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссанаас хойш тодорхой хугацааны дараа хийгдсэн, яаралтай бус, хэвийн явцын шийдвэр байсан.
Нөгөө талаас, О.М- уг асуудлаар дахин Б.Ц-тай уулзаж, газрын хоригийг цуцлуулах хүсэлт гаргахад тухайн асуудлыг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчтэй ярилцсаны үндсэн дээр уг хоригийг цуцлах боломжгүй маргаантай нөхцөл байдал үүссэн гэж үзэн хоригийг цуцлахаас татгалзсан. Энэ нь Б.Ц- хэнд ч давуу байдал олгох зорилго, санаа агуулаагүй, харин хуульд нийцүүлэн ажилласан гэдгийг нотолж байна.
Мөн гэрч Ц.Ц-ийн “айж эмээсэн, дарамтад орсон” гэж тайлбарладаг боловч бодит нөхцөл байдлыг авч үзвэл, тухайн үед өөр эрүүгийн хэрэгт, тухайлбал хар тамхитай холбоотой хэрэгт шалгагдаж байсан. Ийм нөхцөл байдал нь түүний мэдүүлгийн бодитой, үнэн зөв байдалд эргэлзээ төрүүлэх үндэслэл болж байна.
Нөгөө талаас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өөрөө хуулиар зохицуулагдсан албадлагын шинжтэй ажиллагаа юм. Энэ нь хэн нэгнийг “гуйх”, “дарамтлах” асуудал биш, харин хуульд заасан журмын дагуу хэрэгждэг төрийн эрх мэдлийн хэрэгжилт юм. Иймд уг ажиллагааг “дарамт шахалт” гэж тайлбарлах нь хууль зүйн ойлголтын хувьд үндэслэлгүй.
Мөн гэрч Д.М-ын мэдүүлгийг прокурорын зүгээс иш татсан боловч агуулгыг нь бүрэн, бодитой үнэлээгүй байна. М-ын өгсөн зарим мэдүүлэг нь “Г.И- надад тэгж ярьж байсан” гэх мэт дам шинжтэй буюу шууд бус эх сурвалжтай байдаг. Гэтэл Д.М- өөрийн оролцсон үйл ажиллагааны талаар шууд мэдүүлэхдээ Б.Ц- даргаас “хуулийн дагуу, шуурхай ажиллах” тухай ердийн зарчмын шаардлага тавьж байсан гэж тодорхой мэдүүлсэн. Харамсалтай нь энэ цагаатгах шинжтэй, шууд мэдүүлгийг огт дурдалгүй орхигдуулж, зөвхөн дам мэдүүлгийг онцолж байгаа нь нотлох баримтыг нэг талыг барьж үнэлсэн явдал юм.
Мөн гэрч Ч.Ө-ийн мэдүүлгийн хувьд, тэрээр тухайн үед Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн зөвлөхөөр ажиллаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тодорхой хэмжээнд оролцож, арга зүйн зөвлөгөө өгч байсан албан тушаалтан. Иймд уг хэрэгт тодорхой хэмжээнд оролцсон, ашиг сонирхлын зөрчил үүсэх боломжтой этгээд тул түүний мэдүүлгийг туйлын үнэн, эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлэх боломжгүй.
Хөрөнгөтэй холбоотой маргааны тухайд зарим талууд “өөр компанийн хөрөнгөөр төлбөр барагдуулсан” гэж маргадаг боловч тухайн компанийн нягтлан бодогчийн мэдүүлгээр “Б-” болон “Б- партнерс” компаниуд нь нэгдсэн удирдлага, санхүүгийн тайлан тооцоотой байсан, мөн “Б-” компанийн хөрөнгө оруулалтаар “Б- партнерс” ХХК-ийн эзэмшлийн газар дээр барилгын каркас босгогдсон гэж удаа дараа тодорхой мэдүүлсэн. Энэ нь тухайн хөрөнгө, үйл ажиллагаа хоорондоо салангид бус, харилцан уялдаатай байсныг нотолж байна.
Иймд дээрх бүх нотлох баримтыг харгалзан үзвэл гэрчүүдийн мэдүүлгийг нэг талыг барьж үнэлсэн, цагаатгах шинжтэй баримтуудыг үл харгалзсан, үйл баримтын бодит байдлыг бүрэн тогтоогоогүй байх тул анхан шатны шүүхийн Б.Ц-д холбогдох цагаатгах шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд уг шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй санал нийлэхгүй байна. Би хууль бус үүрэг даалгавар огт өгч байгаагүй. О.М- гэдэг хүнийг би урьд нь таньдаг байгаагүй, анх удаа иргэд хүлээн авах журмын дагуу ажлын цагаар албан өрөөнд уулзсан. Иргэнээс ирсэн хүсэлт, мэдээллийг хүлээн авч, холбогдох журмын дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн. Энэ нь миний эрх хэмжээний хүрээнд өгсөн ердийн, зарчмын чиглэл байсан. Өөрөөр хэлбэл, “хуульд заасан журмын дагуу шуурхай шийдвэрлээрэй” гэсэн ерөнхий чиглэл өгснөөс биш, ямар нэг хууль бус, тодорхой үр дүн шаардаж үүрэг өгсөн зүйл байхгүй. Үүнийг тухайн үед хамт ажиллаж байсан албан хаагчид удаа дараа мэдүүлгээрээ баталсан. Д.М-ын мэдүүлэгт “Б.Ц- дарга хуулийн дагуу хурдан шуурхай шийдвэрлээрэй гэж хэлсэн” гэж тодорхой дурдсан тул миний зүгээс “материалаа аваад гар, үр дүн гарга” гэх мэт хууль бус үүрэг өгсөн гэх дүгнэлт үндэслэлгүй.
Миний хувьд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, түүнд даалгавар өгөх эрх байхгүй. Улсын бүртгэлд явуулсан бичгийн тухайд, ахлах шийдвэр гүйцэтгэгчээс гаргасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг баталгаажуулж хүргүүлсэн төдий үйлдэл юм. Гэтэл прокурор миний ажлын байрны тодорхойлолтыг дурдахгүй, нууцалсан мэтээр тайлбарлаж, миний эрх хэмжээтэй холбоотой асуудлыг буруу ойлгож дүгнэсэн. Хэзээ ч хуулиас давсан тушаал, шийдвэр, дүрэм журам гэж байдаггүй. Хуулиар надад шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох, шийдвэр гаргах, нөлөөлөх ямар ч эрх байхгүй.
Ахлах шийдвэр гүйцэтгэгчээс иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гарсан тул түүнийг баталгаажуулж, сарын дараа холбогдох байгууллагад хүргүүлсэн. Нэгдүгээрт, энэ бичиг хууль, журамд нийцсэн үндэслэлээр явсан. Хоёрдугаарт, миний явуулсан бичиг ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй. Учир нь уг бичгийг явуулсны дараа намайг албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа дахин тухайн хөрөнгө дээр хориг тавигдсан байдаг. Гуравдугаарт, прокурорын зүгээс бидний гаргаж өгсөн цагаатгах талын нотлох баримтыг огт авч хэлэлцээгүй. Анхан шатны шүүхээс энэ талаар хоёр удаа тодорхой зааж өгсөн боловч энэ шаардлагууд бүрэн биелэгдээгүй тул дахин буцаасан.
Би шийдвэр гүйцэтгэгч нарт албаны эрх нөлөөг ашиглан хууль бус үүрэг даалгавар өгч, тэднээр хууль бус ажиллагаа хийлгэсэн зүйл байхгүй. Харин шийдвэр гүйцэтгэгчийн мэргэжлийн дүгнэлтийг хүлээн авч, түүний дагуу асуудлыг шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс О.М-д давуу байдал олгосон гэж буруутгаж байгаа боловч тухайн үед прокурор Мөнгөншагай шүүх хуралдаан дээр өөрөө тайлбар хийхдээ энэ хэрэг дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан, миний дээр хүртэл тагнуулын арга хэмжээ авсан, О.М-, Б.Ц- хоёрын хооронд ямар нэгэн хууль бус харилцаа, ашиг сонирхлын холбоо тогтоогдоогүй учраас О.М-г яллагдагчаар татаагүй гэж мэдүүлсэн. Тэгэхээр ямар нэгэн хууль бус тохиролцоо, давуу байдал олгосон үйлдэл нотлогдоогүй байхад намайг энэ хэрэгт холбогдуулж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Эцэст нь хэлэхэд, би тухайн хүнийг өмнө нь таньж мэддэггүй, ямар нэгэн хувийн харилцаа байхгүй этгээдэд давуу байдал олгох ямар ч боломж, үндэслэл байхгүй. Иймд хэргийн бодит байдал, хэрэгт авагдсан нотлох баримтыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.С-ын өмгөөлөгч Ц.Цэрэнням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Х.С-д холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа бөгөөд прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 30-32, 36, 52 дугаар хуудсанд авагдсан баримтуудыг иш татан Х.С-ыг уг ажиллагаанд оролцсон мэтээр дүгнэж байгаа. Гэвч эдгээр албан бичгүүд нь Х.С-ын нэр дээр бүртгэгдсэн боловч гарын үсгийг нь Х.С- өөрөө зураагүй, харин Б.Б- зурсан болох нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой тогтоогдсон. Энэ нөхцөл байдлыг шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд нотолсон байхад уг баримтыг Х.С-д холбогдуулан яллах үндэслэл болгон ашиглаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Прокурорын эсэргүүцэл нь нотлох баримтад тулгуурласан, хууль ёсны, бодит нөхцөл байдалд нийцсэн байх ёстой. Гэтэл энэ тохиолдолд Х.С-ын нэр дээрх боловч өөр этгээдийн гарын үсэгтэй баримтыг Х.С- өөрөө үйлдсэн мэтээр тайлбарлаж, яллах үндэслэл болгон ашиглаж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлсэн, хуульд нийцээгүй дүгнэлт болж байна.
Мөн уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Х.С-ын зүгээс ямар нэгэн шууд оролцоо, шийдвэр гаргах үйлдэл, нөлөөлөл үзүүлсэн нөхцөл байдал огт тогтоогдоогүй. Прокурорын зүгээс Х.С-ыг магистрын сургалтад хамрагдаж байсан гэх байдлаар тайлбарлаж байгаа боловч энэ нь тухайн хэрэгт оролцсон гэдгийг нотлох үндэслэл болохгүй. Хүн сургалтад хамрагдаж байсан ч ажлын бус цагаар ажлаа гүйцэтгэх боломжтой бөгөөд энэ нь хэрэгт оролцсон гэх дүгнэлтэд хүргэх үндэслэл биш юм. Прокурорын буруутгалын гол үндэслэл нь Г.И-ы мэдүүлэгт тулгуурлаж байгаа боловч уг мэдүүлэг нь хэрэгт авагдсан Д.М-ын мэдүүлгээр үгүйсгэгддэг. Д.М-ын мэдүүлэгт Б.Ц-, Х.С-, Б.Б- нарын зүгээс тухайн асуудлыг онцгой анхаарч, хурдан шийдвэрлэ гэсэн тусгай үүрэг, чиглэл өгсөн зүйл огт байгаагүй, харин зөвхөн өдөр тутмын ажлын хүрээнд мэргэжлийн удирдлагаар хангах ердийн ажиллагаа явагдсан байж болох талаар дурдсан байдаг.
Өөрөөр хэлбэл, тухайн хэрэгт Х.С-ын зүгээс зориуд давуу байдал олгох, онцгойлон нөлөөлөх, тусгай үүрэг чиглэл өгөх зэрэг үйлдэл огт тогтоогдоогүй. Иймд Х.С- нь уг хэрэгт холбогдох бодит оролцоогүй, яллах талын нотлох баримт Х-тгүй, гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрчилтэй, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байхад анхан шатны шүүхээс цагаатгах дүгнэлт хийсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн намайг цагаатгасан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. “Б-” ХХК-аас 723 сая төгрөг гаргуулж, О-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан хугацаанд миний бие 2018 оны 04 дүгээр сарын 23-наас 06 дугаар сарын 8-ны хооронд Хууль сахиулахын их сургуулийн магистрын сургалтад суралцаж байсан. Сургалтад сууж байх хугацаандаа зав чөлөөгөөр, долоо хоногт 1-2 удаа орой цагаар ажил дээрээ ирж, мэдээ тайлан, судалгаанд тусалж байсан нь үнэн. Гэхдээ энэ нь тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон гэсэн үг огт биш. Тодруулбал, “Б-” ХХК-аас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд миний бие огт оролцоогүй. Энэ ажиллагаа нь тодорхой хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч нарын хүрээнд явагдсан. Би уг ажиллагаанд оролцоогүй тул ямар нэгэн эрх зүйн акт гаргаагүй, гарын үсэг зураагүй, шийдвэрт оролцоогүй. Мөн Ю.О-аа, Д.Ө- гэх гэрчүүдийн мэдүүлгийг буруу, хэсэгчлэн ашигласан. Иймд прокурорын эсэргүүцэл нь нотлох баримтыг бүрэн, бодитоор үнэлээгүй, хэсэгчлэн ашигласан дээр тулгуурласан гэж үзэж байна. Яллаж буй гэрчийн мэдүүлэг нь “Б-” компанитай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай ямар ч хамааралгүй, огт өөр асуудлын талаар өгсөн мэдүүлэг юм. Гэтэл уг мэдүүлгээс “С-” гэдэг нэрийг нь авч хаяад, өөр хэрэг дээр хамааруулж, “Б-” компанийн асуудал дээр Х.С- оролцсон мэтээр ойлгогдохоор байдлаар ашигласан. Улсын яллагч Мөнгөншагай ч “энэ бол андуурагдсан, өөр хэрэгтэй холбоотой мэдүүлэг байна, засаж залруулж өгөөч” гэж тодорхой хэлж байсан. Гэвч энэ алдааг засалгүйгээр өнөөдрийг хүртэл явж, бүр 2023 оны яллах дүгнэлтэд дахин ашигласан. Үнэн хэрэгтээ, энэ мэдүүлгийг бүтнээр нь, агуулгаар нь авч үзвэл эсрэгээрээ намайг буруутгах биш, харин оролцоогүйг нотлох, цагаатгах шинжтэй баримт болж байгаа юм.
Мөн намайг “албан тушаал, эрх мэдлээ ашигласан” гэж буруутгаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй. Би тухайн ажиллагаанд огт оролцоогүй байхад “эрх мэдлээ ашигласан” гэх нөхцөл байдал үүсэх боломжгүй. Түүнчлэн, О.М- гэх хүний хувьд би өмнө нь огт танихгүй, мэдэхгүй, ямар нэгэн харилцаа холбоогүй хүн байсан. Тухайн үед уулзсан, эсхүл утсаар ярьсан гэх нөхцөл байдал ч энэ хэрэгт хууль бус нөлөөлөл үзүүлсэн гэх үндэслэл болохгүй. Б.Ц- даргаас ямар нэгэн хууль бус үүрэг, даалгавар өгсөн асуудал огт байхгүй. Тийм үүрэг өгчхөөд, өөрөө оролцоогүй асуудлын талаар ярьж байгаа мэтээр тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй.
“Б-” компанитай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр үүсэж, 05 дугаар сарын 03-ны өдөр холбогдох байгууллагууд руу лавлагаа, мэдээлэл авах бичгүүдийг явуулсан. Энэ нь төлбөр төлөгчийн эд хөрөнгө, орлого, үйл ажиллагааг тодруулах зорилготой, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зайлшгүй хийгддэг стандарт ажиллагаа юм. Эдгээр бичгүүд нь “Х.С-” нэрээр гарсан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Б- гарын үсэг зурж явуулсан болох нь тогтоогдсон. Иймд дээрх бичгүүд нь Х.С- явуулсан уу, Б.Б- явуулсан уу гэдгээс үл хамааран, зөвхөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгчийн эд хөрөнгө, орлого, үйл ажиллагааг тодруулах зорилготой энгийн лавлагаа бичиг бөгөөд үүнийг хууль бус үйлдэл, эсхүл албан тушаалаа ашигласан гэж үзэх үндэслэлгүй. Гэтэл ийм энгийн, хуульд нийцсэн лавлагааны шинжтэй баримтуудыг үндэслэн “албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон” гэж дүгнэж, намайг шүүгдэгчээр татаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ажил, амьдрал, эрүүл мэнд, тэтгэвэр зэрэг бүхий л нөхцөл байдалд нөлөөлсөн энэ урт хугацааны дарамтын улмаас дахин гомдол гаргаж, асуудлыг сунжруулах вий гэсэн болгоомжлолын үүднээс гомдол гаргаагүй. Энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн утга огт биш юм. Хэргийн үйл баримтын тухайд, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр, тойргийн харьяаллын дагуу үүсэж, холбогдох шийдвэр гүйцэтгэгч нарт хуваарилагдан эхэлдэг. Энэ хэрэгт Г.И-, Д.М- нарт ажиллагаа хуваарилагдсан бөгөөд уг ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой анхны бүртгэл, үйлдэл нь Х.С-ын кодоор хийгдсэн байдаг. Харин Б.Б- шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа тасралтгүй, шуурхай явагдах шаардлагатай учраас тухайн ажиллагааг зогсоохгүйгээр үргэлжлүүлэх зорилгоор өөрийн нэрээр гарын үсэг зурж явуулсан. Энэ нь ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл биш, харин ажиллагааг тасалдуулахгүй явуулахад чиглэсэн мэргэжлийн үйл ажиллагаа юм. Мөн олон тооны баримт бичиг дээр гарын үсэг зурсан гэх байдлаар буруутгаж байгаа боловч эдгээр нь төлбөр төлөгч, төлбөр авагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой, бусад байгууллагаас тодорхойлолт, мэдээлэл авах зайлшгүй шаардлагын хүрээнд хийгдсэн энгийн ажиллагаанууд юм. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон асуудлын тухайд, талууд харилцан тохиролцож, эд хөрөнгө шилжүүлэх замаар асуудлаа шийдвэрлэх боломжтой болсон тухай мэдээллийг үндэслэн тухайн ажиллагааг дуусгавар болгосон. Энэ нь шийдвэр гүйцэтгэгчийн дур мэдэн хийсэн үйлдэл биш, харин тухайн үеийн нөхцөл байдал, талуудын байр сууринд үндэслэсэн шийдвэр байсан. Түүнчлэн ажиллагааг дуусгавар болгосон ч талуудад гомдол гаргах, дээд шатны шийдвэр гүйцэтгэгч болон удирдлагад хянуулах эрх, боломж нь нээлттэй хэвээр байсан. Иймд миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.
Түүнчлэн, уг маргаантай холбоотойгоор холбогдох этгээдүүд иргэний журмаар шүүхэд хандаж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд гаргуулсан байдаг. Өнөөдрийг хүртэл эдгээр шийдвэрүүдийг хүчин төгөлдөр бус гэж хэн нэгэн этгээд маргаагүй бөгөөд тухайн үед болсон үйл баримтыг шүүхэд тайлбарлан шийдвэрлүүлсээр ирсэн. Шүүхийн шийдвэрээр үндсэн асуудал нэгэнт шийдвэрлэгдсэн бөгөөд түүнээс хойших эд хөрөнгө шилжүүлэлт, барилгын ажлын явц зэрэг дараагийн үйл ажиллагааны талаар Б.Б-гийн хувьд мэдэх, хянах бодит боломж байгаагүй нөхцөл байдал тогтоогддог. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болж, холбогдох баримт бичигт гарын үсэг зурж, ажиллагаа албан ёсоор хаагдсаны дараа тухайн албан тушаалтны чиг үүрэг дууссан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд Б.Б-гийн үйлдэлд хууль зөрчсөн шинж, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсвэл үүрэгт ажлаа хайнга гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тодорхой бус байна. Хэрэв шүүхээс “хайнга хандсан” гэж дүгнэх гэж байгаа бол яг ямар үйлдэл, эс үйлдэхүйг хайнга гэж үзэж байгаа нь тодорхой байх ёстой. Тухайлбал, мэдээлэл цуглуулах ажиллагаа буруу байсан уу, талуудын хоорондын тохиролцоо хууль бус байсан уу, эсхүл баримт бичиг хуурамч байсан уу, эсвэл өөрөөр шалгаж тодруулах шаардлагатай нөхцөл байдал байсан уу гэдгийг тодорхойлох шаардлагатай. Мөн Г.И- бусдыг айлган сүрдүүлсэн гэх асуудлыг прокурорын зүгээс өөрсдөө үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь энэ хэрэгт холбогдох гол нөхцөл байдлыг үгүйсгэж байгаа юм. Түүнчлэн тухайн үед гаргасан гомдолд хууль ёсны итгэмжлэл хавсаргагдан өгөгдсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Эдгээр нөхцөл байдлыг бүхэлд нь дүгнэвэл, миний үйлчлүүлэгчид холбогдох үйлдэлд гэмт хэргийн шинж бүрэлдэхүүн тогтоогдохгүй, хэрэгсэхгүй болгох боломжтой гэж үзэж байна. Иймд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Хохирогч М- Z- I- (М- З- И-)-ийн хууль ёсны төлөөлөгч Д.А-ийн өмгөөлөгч Б.Баатарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.С- нь “Б- партнерс” компанийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлэх тухай бичгийг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн баримт байгаа. Гэтэл өмгөөлөгчийн зүгээс Х.С-ыг энэ хэрэгт огт оролцоогүй мэтээр тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримттай нийцэхгүй. Мөн уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь ердөө 14 хоногийн хугацаанд явагдсан. Ийм богино хугацаанд бүхэл бүтэн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх ажиллагаа хийгдсэн нь өөрөө анхаарал татахуйц нөхцөл байдал юм. Нөгөө талаар, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн байгууллагад бичиг хүргүүлж байгаа тохиолдолд тухайн компанийн албан ёсны төлөөлөх эрх бүхий этгээдийг тодорхойлох бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ боломжийг ашиглалгүй, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг албан ёсны бус шинжтэй баримтад тулгуурласан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтаар хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд нь заавал албан ёсны баримтаар тогтоогдох ёстой байтал энэ шаардлага хангагдаагүй байна.
Цаашлаад, хавтаст хэргийн материалд Ц.Ц-ийг гүйцэтгэх захирлаар томилсон гэх баримт нь засвартай, бодит байдлыг гуйвуулсан шинжтэй байгаа нь анхаарал татаж байна. Г.И- нь О.М-г дуудаж, тухайн хөрөнгийг хадгалж хамгаалах этгээдээр гарын үсэг зуруулсан байдаг. Энэ нь төлбөр төлөгч биш этгээдэд бусдын хөрөнгийг шилжүүлж байгааг харуулж байгаа бөгөөд тухайн үед ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан нь тодорхой бус байна. Тухайлбал, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлд О.М-гийн мэдүүлснээс харахад, бүхэл бүтэн компанийн үл хөдлөх хөрөнгийг маш богино хугацаанд, Х-ттай баталгаагүй нөхцөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Түүнчлэн энэ асуудал нь ганц талын тайлбараар бус, хэрэгт авагдсан гэрч Б-, А-, БаярМ- нарын мэдүүлгүүдээр давхар нотлогддог.
М- И--гийн мэдүүлэгт О.М- нь тухайн компанийн үйл ажиллагаанд нөлөөлж, хувьцаа эзэмшигчдийг шахах, гүйцэтгэх удирдлагад дарамт үзүүлэх байдлаар оролцсон талаар тодорхой дурдсан байдаг. Гэтэл эдгээр мэдүүлгүүд байсаар байхад бодит оролцогч этгээдүүд шүүх хуралдаанд оролцоогүй, мөн энэ талаар анхан шатны шүүхээс тодорхой дүгнэлт хийгдээгүй. Энэ хугацаанд албан тушаалтнууд, ялангуяа удирдах албан тушаалтнууд ямар хяналт тавьсан, ямар ажиллагаа хийсэн нь хэрэгт тодорхой тогтоогдоогүй. Тухайлбал, өмнө нь хадгалалтад байсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд түдгэлзүүлсэн эд хөрөнгийг яагаад өөр этгээдийн нэр дээр өмчлөх эрх шилжүүлэх бичиг гарсан бэ гэдэг асуудал тодорхой хариултгүй. Энэ нь албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн эсэхэд эргэлзээ үүсгэж байна.
Нөгөө талаас, энэ хэрэг нь гадаадын хөрөнгө оруулагчийн эрх ашигтай холбоотой асуудал юм. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, тухайн барилга дээр бодит ажил явагдаж байсан, хөрөнгө оруулалт хийгдсэн, гэрээ хүчин төгөлдөр байсан нь тогтоогддог. Гэтэл энэ бүх ажиллагаа явагдаж байхад тухайн хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар богино хугацаанд шилжүүлсэн, улмаар өөр компаниудад дамжуулж ашигласан нөхцөл байдал хэрэгт харагдаж байна. Мөн С.О- нь улсын бүртгэлд бүртгүүлэхдээ тухайн үл хөдлөх хөрөнгийг 50 хувийн гүйцэтгэлтэй гэж бүртгүүлсэн нь бодит гүйцэтгэлтэй нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй. Үүнээс гадна, энэ асуудлаар 2019 оноос эхлэн шат шатны байгууллагад гомдол гаргаж, иргэний журмаар ч нэхэмжлэл гаргаж явсан боловч өнөөдрийг хүртэл бодит хохирол, үнэлгээний асуудал бүрэн шийдэгдээгүй. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхэд, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Дуусаагүй барилгыг тухайн үед Хөгжлийн банкнаас авсан асуудал ч хэрэгт байгаа. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг барилгыг нэг удаа битүүмжилсэн байдаг. Гэтэл ямар үндэслэлээр тэр битүүмжийг цуцалж, цааш нь шилжүүлэх нөхцөл бүрдүүлсэн нь тодорхойгүй байна. Энэ асуудлаар холбогдох прокурорын албан тушаалтнуудын үйл ажиллагааг шалгуулах хүсэлтийг би өмнө нь гаргаж байсан. Анх энэ хэрэг яригдаж эхлэх үед гадаадын хөрөнгө оруулагчийн талаас “яах вэ, энэ асуудлыг орхиё” гэсэн байр суурь ч байсан. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал өөр болж, бодит байдал дээр 7-8 жилийн хугацаанд хохирол амссан нь тодорхой байна. Бидний хувьд хөрөнгөөрөө хохирсон. Тухайлбал “Ц-” ХХК-д 5 давхрыг шилжүүлсэн асуудлыг шүүхийн шийдвэрийн хүрээнд хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар маргаагүй. Гэтэл бид иргэний нэхэмжлэл гаргаагүй мэтээр ярьж байна. Энэ нь үндэслэлгүй. 86 дугаар хавтаст хэргийн 77-78 дугаар талд иргэний нэхэмжлэлийн шаардлага тодорхой авагдсан. Уг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, О.М-, С.О- нарын хооронд хийсэн хөрөнгө шилжүүлэх хэлцлийг хууль бус гэж үзэх ёстой. Мөн түүнээс улбаалан “А-”, “Ц-” компаниудын хооронд хийгдсэн хэлцлүүд ч хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Аливаа асуудалд тодорхой хэмжээ, хязгаар гэж байх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулиар иргэний өмчлөх эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлаж, хураан авч болно. Гэтэл энэ тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон албан тушаалтнуудын үйл ажиллагааны үр дүнд тухайн хөрөнгө богино хугацаанд шилжсэн, бодит эзэмшигчийн эрх зөрчигдсөн нөхцөл байдал үүссэн байна.
Хэрэгт авагдсан гэрч Б.БаярМ- болон бусад гэрчүүдийн мэдүүлэгт хүртэл тодорхой байдлаар “хэн байх вэ, хэний өмчийг авах вэ” гэх байдлаар асуудал шийдэгдсэн шинжтэй нөхцөл дурдагдсан байдаг. Энэ бол санамсаргүй үйлдэл биш, тодорхой чиглэлтэй ажиллагаа байсан гэж үзэх үндэслэл бий. Өнөөдөр энэ хэрэг 7 жилийн турш явж байна. Энэ хугацаанд зөрчигдсөн эрхийг шүүх сэргээх ёстой. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчийн хувьд анх Монгол Улсад хөрөнгө оруулах зорилготой, итгэлтэйгээр Катар улсын иргэн элчин сайд Ч- гэх хүн дээр очиж, эхнэр С- нь угтан авдаг. Гэтэл О.М- түүнийг замхруулснаар түүний эрх ашиг бодитоор зөрчигдсөн. Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
Хохирогч М- Z- I- (М- З- И-)-ийн хууль ёсны төлөөлөгч Д.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Б- партнерс” ХХК-аас анх нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн үндсэн дээр тухайн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д-г томилсон. 87 дугаар хавтаст хэргийн 74-78 дугаар хуудсанд тухайн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэмэгдүүлсэн баримтууд авагдсан. Мөн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор уг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж тодруулсан нэхэмжлэлийг миний бие, өмгөөлөгч Д.А- гаргасан. Ер нь энэ хэрэгт хамаарах үйл баримтыг авч үзэхэд “Б-” ХХК, “Б- партнерс” ХХК, мөн О.М- нартай холбоотой маргаан сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд үргэлжилж ирсэн. Тухайлбал, гадаадын иргэн М- И-г Монгол Улсад итгэн хөрөнгө оруулалт хийж, тухайн үед 500 сая төгрөг, мөн 300 сая төгрөгөөр газар худалдан авч байсан үйл баримтууд хэрэгт тогтоогддог. Тухайн иргэн 300 сая төгрөгөөр худалдан авсан газар дээрээ 10 давхар үл хөдлөх хөрөнгө барьж эхэлсэн. Энэ барилгын хувьд нийт 2 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Мөн зөвхөн барилгын салбарт бус, соёл, үйлчилгээ болон хүнсний салбарт ч хөрөнгө оруулалт хийж байсан бөгөөд Монгол Улсад оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээгээ ойролцоогоор 4-5 сая ам.доллар гэж өөрөө тайлбарладаг. Гэтэл өнөөдрийн байдлаар, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулснаас хойш тухайн иргэн ямар нэгэн ашиг, орлогогүй, компаниуд нь дампуурсан, хөрөнгүүд нь бусдад шилжсэн, зарим нь төрийн байгууллагын шийдвэрээр шилжиж, улмаар бусад этгээдийн эзэмшилд очсон нөхцөл байдал үүссэн байна.
Харин 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаргасан “Б- партнерс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан баримтад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн бүх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, уг 10 давхар барилгыг “Б- партнерс” ХХК-д буцаан шилжүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасан. “Ц-” компанийн оруулсан 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгч тал буюу М- И-гийн зүгээс төлөх боломжтой, төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Мөн энэ хэрэгт холбогдсоноос хойш, ялангуяа “А-” компани болон О.М- нартай холбоотой үйл ажиллагааны улмаас нөхцөл байдал хэрхэн хүндэрснийг шүүх хуралдаанд ч тодорхой дурдсан. Анх гэрээ байгуулах үед М- И-гийн тал барилгыг барьж дуусгаад 3 давхрыг нь гүйцэтгэгчид олгож, үлдсэн 7 давхрыг өөрсдөө эзэмших “түлхүүр гардуулах” нөхцөлтэй гэрээ байгуулж байсан. Харин дараа нь “А-” компанитай байгуулсан хэлцлийн хүрээнд тухайн барилгын 5 давхрыг авах байдлаар тохиролцсон нөхцөл байдал үүссэн. Иймд өнөөдрийн байдлаар 7-8 жилийн хугацаа өнгөрсөн энэ хэрэгт нэхэмжлэгч талаас тавьж буй үндсэн шаардлага нь “А-” компанийн эзэмшиж, ашиглаж, түрээслэн орлого олж байгаа тухайн үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхтэй холбоотой асуудал юм. Өөрөөр хэлбэл, уг барилгыг “Б- партнерс” ХХК-д буцаан шилжүүлж өгөхийг хүсэж байгаа бөгөөд энэ нь хохирол барагдуулахтай шууд холбоотой шаардлага юм. Анхан шатны шүүх энэ асуудлыг зөв дүгнэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Харин эрүүгийн хариуцлагын хэсгийн талаар миний зүгээс нэмэлт тайлбар өгөхгүй бөгөөд зөвхөн хохирол, төлбөртэй холбоотой дээрх тайлбарыг хэллээ. ...” гэв.
Иргэний нэхэмжлэгч “Ц-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А-ын өмгөөлөгч Г.Тулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Ц-” ХХК нь “А-” ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр барилгын төсөлд хөрөнгө оруулах, төсөл хэрэгжүүлэх, хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тухайн үед “А-” ХХК-ийн өмч болох барилгын каркастай холбоотой эрх зүйн байдал, маргаантай эсэх, эрүүгийн хэрэгт холбогдсон эсэхийг шалгаж, улсын бүртгэлээс холбогдох лавлагаа, тодруулгыг авч байсан. Ямар нэгэн маргаангүй гэж үзсэний үндсэн дээр уг гэрээг байгуулж, хуулийн этгээдийн бизнесийн зарчмаар ашиг олох зорилгоор хамтран ажиллаж эхэлсэн. Харин тухайн каркас нь асуудалтай байсныг хожим мэдсэн.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, уг каркас нь С.О-аас “А-” ХХК-д шилжсэн, улмаар “А-” ХХК нь “Ц-” ХХК-тай гэрээ байгуулж, “Ц-” ХХК хөрөнгө оруулалт хийж, тухайн 25 хувийн гүйцэтгэлтэй барилгыг бүрэн буюу 100 хувийн гүйцэтгэлтэй болгож ашиглалтад оруулсан байна. Шинжээчийн дүгнэлтээр нийт 3 тэрбум 391 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь тогтоогдсон бөгөөд 2019 оны 07 дугаар сард барилга бүрэн ашиглалтад оруулсан. Энэ үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 110.1-д заасны дагуу хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болдог зохицуулалтын хүрээнд хийгдсэн. Мөн Иргэний хуулийн 114.1-д зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй. “Ц-” ХХК нь анх 25 хувийн гүйцэтгэлтэй байсан барилгад дахин хөрөнгө оруулж, сайжруулалт хийж, нийт 3,000 м.кв орчим үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бий болгосон байна. Түүнчлэн Иргэний хуулийн 120 дугаар зүйлд эд хөрөнгийг дахин боловсруулах, сайжруулахтай холбоотой зохицуулалт бий. Үүнд илүү хөрөнгө, хөдөлмөр зарцуулсан этгээд шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд нөгөө тал нь зөвхөн хохирлоо нэхэмжлэх эрхтэй, эд хөрөнгийг анхны байдалд буцаахыг шаардах эрхгүй гэж заасан. Иймд “Ц-” ХХК-ийн бий болгосон эд хөрөнгийг хөндөх хууль зүйн үндэслэлгүй.
Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ улсын яллагчийн тодорхойлсон хохирлыг 1 тэрбум 159 сая төгрөгөөр тогтоосон байдаг. Мөн уг хохирлыг шүүгдэгч О.М- болон “А-” ХХК-аас гаргуулах байр суурь илэрхийлсэн. “А-” ХХК-ийн эзэмшилд үлдсэн 1,497 м.кв үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь уг тогтоосон хохирлыг бүрэн нөхөх боломжтой хэмжээнд байгаа. Иймд Иргэний хуулийн 90.1-д зааснаар тухайн хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үзэх тул “Ц-” ХХК-д энэ маргаан хамааралгүй гэж үзэж байна.
Прокурорын зүгээс “Ц-” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг хязгаарласан байдаг. Энэ хязгаарлалт 2019 оноос эхэлсэн, өөрөөр хэлбэл 7 жилийн хугацаанд үргэлжилж байна. Энэ хугацаанд “Ц-” ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөгчийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй, хязгаарлагдсан байдалтай явж ирсэн. Прокурорын зүгээс уг хязгаарлалтыг тогтоохдоо хохирол, төлбөрийг баталгаажуулах зорилготой байсан нь ойлгомжтой. Гэтэл хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа этгээдийн эд хөрөнгийг ийм удаан хугацаанд хязгаарласан нь үндэслэлтэй эсэх асуудал бас хөндөгдөнө. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 16-д уг асуудлыг тодорхой шийдвэрлэлгүй, “хэвээр үлдээх” байдлаар тусгасан нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц “Ц-” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөд тавьсан хязгаарлалтыг хүчингүй болгох байдлаар өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.
Иргэний нэхэмжлэгч “Ц-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“А-” ХХК болон “Ц-” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Мөн уг барилгын төслийг хэрэгжүүлж, бүрэн ашиглалтад оруулсан “Ц-” ХХК-д тухайн гэрээний дагуу эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгийг нь хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлттэй бүрэн санал нэгдэж байна. Учир нь, манай компани “А-” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн нөхцөл нь тухайн үед уг компанийн өмчлөлд байсан дуусаагүй барилгын каркас шаардлагатай үлдэгдэл хөрөнгө оруулалтыг манай талаас хийж, барилгыг бүрэн гүйцэд барьж ашиглалтад оруулах, үүний үр дүнд тодорхой давхруудыг өмчлөлдөө шилжүүлж авах тухай байсан. Манай компанийн зүгээс уг гэрээг 100 хувь бүрэн, зохих ёсоор биелүүлж, барилгыг бүрэн дуусгасан. Үүний үр дүнд дээр дурдсан 5 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан.
Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд сүүлийн дүгнэлт нь 2021 оны 10 дугаар сард хийгдсэн. Энэхүү дүгнэлттэй манай тал болон хохирогчийн тал аль аль нь санал нэгддэг бөгөөд уг дүгнэлт нь хэрэгт ач холбогдолтой үндсэн нотлох баримтын нэг юм. Дээрх дүгнэлтүүдийг нэгтгэн үзвэл, “Б- партнерс” ХХК тухайн барилгын ойролцоогоор 25.5 хувьд хөрөнгө оруулсан бол “Ц-” ХХК 74.5 хувьд нь хөрөнгө оруулсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн холбогдох зохицуулалтуудыг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хууль ёсны хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шударгаар олж авсан тохиолдолд тухайн өмчлөх эрхийг хамгаалах зарчим үйлчилдэг. Харин мэдсээр байж хууль бус хөрөнгө олж авсан нь тогтоогдсон нөхцөлд өөрөөр үнэлэх боломжтой. Гэтэл манай компанийн хувьд гэрээгээ бүрэн гүйцэтгэж, барилгыг өөрийн хөрөнгөөр бүрэн дуусган ашиглалтад оруулсан ба гэрээний дагуу тохиролцсон хөрөнгийг шилжүүлэн авсан.
2019 оноос эхэлсэн энэ хэрэг 7 дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд энэ хугацаанд манай компани тухайн барилгад асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Өөрсдийн бүх эргэлтийн хөрөнгийг зарцуулж, цаашлаад банкнаас өндөр дүнтэй зээл авч барилгыг бүрэн дуусгасан. Манай компанитай хамтран 10 гаруй туслан гүйцэтгэгч, иргэд ажиллаж байсан бөгөөд үүнээс 3 компанитай бартерын гэрээ байгуулж, барилгаас тодорхой талбай шилжүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч өнөөдрийг хүртэл эдгээр үүргээ бүрэн хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Мөн банкны зээлийг төлөхөд хүндрэл үүсэж, хувийн орон сууцаа хүртэл барьцаанд тавьж төлбөр барагдуулсан. Үүний улмаас их хэмжээний татварын өр үүсэж, эргэлтийн хөрөнгө бүхэлдээ хязгаарлагдсанаар компанийн хэвийн үйл ажиллагаа зогссон. Иймд манай компанийн эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын шийдвэрийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Мөн онцлон дурдахад, иргэний хариуцагч болон иргэний нэхэмжлэгч болох “Б- партнерс” ХХК, түүнчлэн хохирогч талын зүгээс манай компанийн өмчтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргаагүй. Энэ талаар хохирогчийн өмгөөлөгч ч шүүх хуралдаанд тодорхой илэрхийлсэн. Тухайлбал, “Ц-” ХХК-ийн өмчлөлд байгаа 5 ширхэг үл хөдлөх хөрөнгийг хөндөхгүй, зөвхөн “А-” компанитай холбогдуулан хохирлыг барагдуулах байр суурь илэрхийлсэн. Ийм нөхцөлд анхан шатны шүүхээс манай компанийн өмчлөх эрхийг хэвээр үлдээсэн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд зөв гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн манай компанийн өмчлөх эрхтэй холбоотой хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-, Ц.Ш-, О.М-, Ц.А-, Ш.Я-, Х.Э-, Б.Б-, Б.Ц-, Б.Б-, Х.С-, Г.И- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, эсэргүүцэл, давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос шүүгдэгч Э.Б-ыг Г- албаны дарга бөгөөд Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Ц.Ш-тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож 10 удаагийн үйлдлээр нэр бүхий 20 иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон,
шүүгдэгч Ц.Ш-ийг Г- албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа Э.Б-тай бүлэглэж үйлдсэн дээрх гэмт хэргээс гадна Х.Э-, Ш.Я- нарт бий болсон газрын эзэмших эрхийг гэмт хэргийн улмаас бий болсон эдийн бус хөрөнгө гэдгийг мэдсээр байж тэдгээрийг Т.Б-тай “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг байгуулж, газрын төлбөр 640,000,000 төгрөгийг өөрийн төрөл садангийн хүн болох Г.Б-ын эзэмшлийн дансаар шилжүүлэн авч ашигласан,
шүүгдэгч Б.Б-ыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэг бүртгэлтийн хэрэгт 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн,
шүүгдэгч Ц.А-ийг Г- албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа төрсөн дүү Ц.О-ийн эзэмшиж байсан газрын хэмжээг нэмэгдүүлж, ашигтай байдал бий болгох зорилгоор Э.Б-, Ц.Ш- нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ц.О-т эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон,
шүүгдэгч Ш.Я-, Х.Э- нарыг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор Э.Б-, Ц.Ш- нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд газар эзэмших хүсэлт гаргах, өөрийн иргэний бичиг баримтыг ашиглуулах, газар эзэмших гэрээ байгуулах зэргээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,
улмаар өөрт эзэмших эрх үүссэн газрыг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Ц.Ш-ийн зааврын дагуу Т.Б-тай “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг байгуулж, газрын төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс Ц.Ш- болон Г.Б-аар дамжуулан авч, ашигласан,
шүүгдэгч О.М-г “Б-” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан нөхцөл байдлыг далимдуулан 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хохирогч М- З- И--д мэдэгдэлгүйгээр “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралт” бүхий нэмэлт гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Б-” ХХК-тай байгуулсан мэтээр баримт бичиг боловсруулан нотариатаар гэрчлүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгож, уг баримт бичгийг ашиглан шүүхэд нэхэмжлэл гаргасны улмаас шүүхийн шийдвэрээр “Б- партнерс” ХХК-ийн эзэмшлийн дутуу баригдсан 1,159,296,658 төгрөгийн төсөвтэй ажил гүйцэтгэгдсэн барилгыг 723,876,000 төгрөгийн төлбөрт шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан,
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан О.М- нь Э.Б-, Ц.Ш- нартай үйлдлээрээ санаатай нийлж бүлэглэн “А-” ХХК-д газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ, газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх хууль бусаар олгогдох нөхцөлийг бүрдүүлж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон,
“Б-” ХХК-аас 723,876,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо төлбөр төлөгч биш “Б- партнерс” ХХК-ийн газар болон дутуу баригдсан барилгыг төлбөртөө шилжүүлэн эдийн засгийн давуу байдал олж авах гэсэн ашиг сонирхлын үүднээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Б.Ц-д хөндлөнгөөс нөлөөлж,
улмаар Б.Ц-, тус газрын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.С-, Б.Б-, 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.И- нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчид давуу байдал бий болгох зорилгоор Ц.Ц- болон “Б- партнерс” ХХК-ийн хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг зөрчиж, төлбөр төлөгч биш “Б- партнерс” ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй газар болон дутуу баригдсан барилгыг иргэн С.О- болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд шилжүүлэн давуу байдал бий болгож, “Б- партнерс” ХХК-д 1,159,296,658 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон,
шүүгдэгч Б.Ц-ыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байхдаа Х.С-, Б.Б- нараар дамжуулж шийдвэр гүйцэтгэгч Г.И-д албаны эрх нөлөөгөө ашиглан нөлөөлж, “илүү хурдан шуурхай ажиллагаа явуул, яг наад материалаа хурдан шийд, одоо гараад шийд, үр дүн гарга” гэх зэргээр удаа дараа үүрэг чиглэлийг өгч, бусад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
шүүгдэгч Б.Б-, Х.С- нарыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа газрын дарга Б.Ц-ын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу шийдвэр гүйцэтгэгч Г.И-д албаны эрх нөлөөгөө ашиглан нөлөөлж, “Б- партнерс” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу баригдсан барилга, байгууламжийг иргэн С.О- болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд шилжүүлэн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
шүүгдэгч Г.И-ыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүрэг хариуцсан 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа “Б- партнерс” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу баригдсан барилга, байгууламжийг иргэн С.О- болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд шилжүүлэн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хохирогч Ц.Ц-ийг итгэмжлэлийн хугацаа дууссан учир төлбөр төлөгчийг төлөөлөн оролцох эрхгүй гэдгээ илэрхийлсний дараа албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөгөө урвуулан ашиглан төлбөр төлөгчийг төлөөлөн оролцуулах, мөн “Б-” ХХК-ийн нэрийн өмнөөс “төлбөр авагч талтай эвлэрч охин компани “Б- партнерс” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу баригдсан барилгыг төлбөр авагчид шилжүүлж гүйцэтгэх хуудсыг хааж өгнө үү” гэсэн агуулга бүхий өөрийн үйлдсэн албан бичгүүдэд Ц.Ц-ээр гарын үсэг зуруулах гэсэн тодорхой үйлдлүүдийг хийлгүүлэхээр түүний эрх чөлөө, хүсэл зоригийнх нь эсрэг тулган шаардаж, дарамталж заналхийлсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Ц-, Х.С- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Г.И-д холбогдох мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан үйлдэл холбогдлыг, шүүгдэгч О.М-д холбогдох мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.9-т заасныг тус тус баримтлан “гэмт хэргийн шинжгүй, нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” гэх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Ц-, Х.С- нарыг цагаатгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Б.Б-, Г.И- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч О.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдов.
1.Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн өмчтэй байх, түүнийг эзэмших, захиран зарцуулах, хувь заяаг нь шийдэх эрхийг олгосон. Энэхүү эрх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэнд ч нэгэн адил үйлчилдэг болно.
Улмаар тэрхүү эрхийг нь хангах, хамгаалах үүднээс Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн зарлан тунхагласан бөгөөд Иргэний хуулиар ч энэхүү харилцааг нарийвчлан зохицуулжээ.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” хэмээн заасан.
Өөрөөр хэлбэл, өмч гэдэг нь материаллаг болон материаллаг бус хөрөнгийг хамгийн өргөн цар хүрээнд эрхшээлдээ байлгах эрх юм.
Гэвч Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний энэхүү өмчийн эрхэд ноцтойгоор халдаж, түүнийг хамгаалах төрийн үүрэгт ихээр харшилж буй өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн нэг хэлбэр бол “Залилах” гэмт хэрэг юм.
Энэ гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын хөрөнгийг хууль бусаар олж авахаас өмнө хохирогчийг хуурч, баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, энэ үйлдлээ шунахай сэдэлтээр зориуд хэрэгжүүлдэг.
Залилах гэмт хэргийн шинж нь гэмт этгээд бусдын өмчлөх эрхэд тэднийг хуурч мэхлэх буюу итгэл эвдэх замаар халдаж, эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг хууль бусаар олж авч байгаагаар тайлбарлагдана.
Тодруулан дүгнэвэл, энэ төрлийн гэмт хэрэг нь анхнаасаа хохирогчийн эд хөрөнгийг хууран мэхэлж, итгэл эвдэн, амар хялбар аргаар авах атгаг башир шунахайн сэдэлттэй байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэрэг хууль бус шинжүүдээр илэрнэ.
“Хуурч мэхлэх” гэдэг нь гэм буруутай этгээд эд хөрөнгө хариуцагч буюу эзэмшигчийг үгээр буюу үйлдлээр үнэн байдлыг гуйвуулж буюу нуун дарагдуулж, төөрөлдүүлснээр уг эд хөрөнгийг авах эрхтэй гэж хууртагдсан этгээд эд хөрөнгийг сайн дураараа шилжүүлэн өгсөн,
“итгэлийг эвдэх” нь гэм буруутай этгээд бусдын эд хөрөнгийг авахын тулд талуудын итгэлд үндэслэн тодорхой гэрээний харилцааг ашиглах буюу эд хөрөнгийг хариуцагч, эзэмшигч этгээдээс зохих баримт бичиг бүрдүүлэлгүй буюу тогтсон журмыг мөрдөлгүйгээр шилжүүлснийг ашиглан түүнийг өөрийн өмчлөлд авсан үйлдэл юм.
Гэмт хэргийг зүйлчлэх ойлголт нь аливаа гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй нийцэн тохирч байгааг тогтоох сэтгэхүйн үйл ажиллагаа бөгөөд тодорхой этгээдийн үйлдсэн нийгэмд аюултай хэрэгт өгч байгаа эрх зүйн үнэлэлт байдаг.
Тиймээс прокурорын яллах дүгнэлт дэх шүүгдэгч О.М- нь “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралт” бүхий нэмэлт гэрээг сүүлд нөхөн байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн гэх нөхцөл байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоож, хэрэв үүнийг тогтоогдохгүй байна гэж үзэх тохиолдолд нотлох баримтуудыг хуульд заагдсан журмын дагуу үндэслэл бүхий няцаах дүгнэлтийг хийх шаардлагатай.
Дээрх нөхцөл байдлыг тогтоохын тулд шүүгдэгчид ямар гэмт санаа хэзээ үүссэн, түүнийгээ ямар аргаар бодит байдалд хэрхэн хэрэгжүүлснийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд тал бүрээс нь бүрэн дүүрэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой бөгөөд энэ үүргээ дутуу хэрэгжүүлж, үндэслэлгүй дүгнэлт хийсний улмаас гэмт этгээдэд ял завших боломж олгохгүй байх нь шүүн таслах ажиллагааны чухал зорилт юм.
Шүүх шүүгдэгч О.М- нь хохирогч М- Z- I- (М- З- И-)-тай “Хувьцаа худалдах худалдан авах гэрээний хавсралт” бүхий нэмэлт гэрээг боловсруулсан мэтээр нотариатаар гэрчлүүлсэн гэх нөхцөл байдалтай холбоотой яллах, цагаатгах бүхий л нотлох баримтуудыг харьцуулан шүүгдэгчид үүссэн санаа зорилготой холбон логик уялдаатай дүгнэлт хийж хэргийн жинхэнэ байдлыг тогтоох үүрэгтэй.
Гэтэл анхан шатны шүүх хэрэгт Х-ттай авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэж, тэдгээрт тулгуурлан болж өнгөрсөн жинхэнэ байдлыг сэргээн тогтоож чадалгүй “хохирогчийн “хавсралт гэрээ байгуулаагүй” гэх мэдүүлэг нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд, үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна” гэх ерөнхийлсөн дүгнэлт хийж, “гэмт хэргийн шинжгүй, нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” хэмээн О.М-д холбогдох “Залилах” гэмт хэргийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
2.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай Конвенцуудад албаны чиг үүргийн хувьд хуулиар зөвшөөрөгдөөгүй, эсхүл хориглосон үйлдлийг гүйцэтгэсэн өөртөө, бусдад хууль бус давуу байдал олгосон санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлэх талаар заажээ.
Манай улсын хувьд, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг дээрх конвенцуудын үзэл санаа, зохицуулалтын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “нийтийн албан тушаалтанд хамаарах этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцох-“оор хуульчилсан.
Уг гэмт хэрэг нь субъектив шинжийн хувьд:
-тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан өөртөө болон бусдад эдийн, эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрхийг олж авах, хуульд заасан үүргээ гүйцэтгэхгүй байх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй аливаа ажил, үйлчилгээнд хамрагдах шунахай санаа зорилго,
-өс хонзон санах, бусдын захиалгыг гүйцэлдүүлэх, атаархах, албан тушаал ахихыг санаархах, бие биеэ хаацайлах, хэн нэгний ивээлд багтах зэрэг хувийн бусад сэдэлтээр үйлдсэн,
-тухайн үйлдлээсээ бий болох хохирол, хор уршгийг ухамсарласан,
-нийгэмд аюултай, хууль бус үйлдэл болохыг урьдчилан мэдсэн,
-үр дагавар, хохирол, хор уршгийг зориуд хүсэж үйлдсэн байдаг онцлогтой.
Албан тушаалын гэмт хэрэг нь албаны хувьд өөрт олгогдсон эрх мэдлээрээ хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчин, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг тул тухайн хууль бус үйлдлийг мөрдөн илрүүлж, улмаар тохирох эрүүгийн хариуцлагыг оногдуулж байх ёстой.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т зааснаар “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд албан тушаалтан нь хууль тогтоомжийг санаатайгаар зөрчиж, өөртөө давуу байдал олж авах, бусдад давуу байдал бий болгохоор зорьсон гэмт санаа, зорилгыг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад дүгнэлт хийх замаар тодорхойлох боломжтой байдаг.
Яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтооход ач холбогдолтой хэдий ч тэдгээрийн мэдүүлэгт хэргийг илрүүлэхгүй байх, хэргийн нөхцөл байдлыг эрх зүйн зөрчил болгон харагдуулахгүй байх, эсхүл ялимгүй зөрчил болгон харагдуулах гэсэн ашиг сонирхол илт давамгайлдаг тул тогтоогдсон нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх, шилжүүлэн өгсөн эд зүйл, хөрөнгө нь хууль ёсны эсэх, ийнхүү шилжүүлэн өгөх, хүлээн авах үүргийг хууль, гэрээгээр хүлээсэн, энэ нь хуульд нийцсэн эсэх зэргийг цогцоор нь дүгнэх нь энэ төрлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэж, үндэслэл бүхий шийдвэр гаргахад тавигдах үндсэн шаардлага юм.
Шүүх хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нар өөрт үүссэн хуульд харшилж болохуйц санаа зорилгыг, ямар үйлдлүүдээр, хэрхэн хэрэгжүүлснийг уг харилцааны сууриас нь дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь гэм буруугийн зарчимд харшлаад зогсохгүй ноцтой үр дагаврыг бий болгохыг анхаарвал зохино.
Тиймээс хэргийн үйлдэл бүрийг тогтоосон нотлох баримтууд нь нийлж, нэгдсэн дүгнэлтэд хүрэх ба хэргийн талаарх ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохын тулд тал бүрээс нь бүрэн дүүрэн судалж тогтоох үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, цугларсан нотлох баримтад бэхжигдсэн мэдээлэл, эх сурвалж бүрийг мухарлан шалгаж, тогтоосон үйл баримтыг үгүйсгэж болох бүх таамаглалуудыг эцэслэн шалгаснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт хэрэгжих учиртай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтой.
Тодруулбал, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь дээрх бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг шинж болдог.
Энэхүү гэмт хэрэг нь хувьдаа болон өөрийн хамаарал бүхий хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдэгддэг ба эдгээр нь бүхэлдээ үгүйсгэгдсэн тохиолдолд л гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ.
3.Нөгөө талаас, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч “хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй” гэж шууд тодорхойлон заасан.
Энэ гэмт хэргийн “албан үүргээ биелүүлээгүй” гэдэг нь өөрийн хийх ёстой ажил үүргийг цаг хугацаанд нь хийхгүй орхих, залхуурах зэрэг хайнга хандсан бусад эс үйлдэхүйг,
харин “албан үүргээ зохих ёсоор нь биелүүлээгүй” гэж албан тушаалтанд хуулиар болон түүний дагуу гарсан дүрэм журмаар тодорхойлогдсон үүргээ биелүүлэхдээ хагас дутуу биелүүлэх, оромдох, дүр эсгэх, чанаргүй гүйцэтгэх зэрэг хайнга хандсан эс үйлдэхүйг тус тус хамруулан ойлгоно.
Дээрх гэмт хэрэгт хамгаалагдаж буй харилцааны агуулга нь хууль болон хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн үйлдэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрээр тодорхойлогдсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу шаардлагатай арга хэмжээг аваагүй байх, мөн өөрийн үйл ажиллагаагаа явуулсан боловч тэр нь зохих шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсан нь алдаа доголдол гаргахад хүргэсэн идэвхгүй гэмт зан үйлийг хэлнэ.
Албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, эсхүл үүрэгт ажилдаа хайнга хандсан эсэхийг тогтоох шалгуурын нэг бол гэмт этгээдийн субъектив санаа зорилгыг тогтоох учир зүйн дарааллын дүгнэлт юм.
“Хайнга хандах” гэмт хэргийн хувьд, яллагдаж буй этгээд үүсэх үр дагаврыг хүсэж, санаатайгаар үйлдсэн бус, харин гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу:
-өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн,
-эсхүл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн байдаг.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Г.И-ы явуулсан иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үр дүнд “Б- партнерс” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу баригдсан барилга, байгууламжийг иргэн С.О-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон талаар дүгнэсэн хэрнээ, шүүгдэгч нарт ямар санаа зорилго үүссэн, түүнийгээ ямар аргаар хэрэгжүүлсэн дарааллыг анхаарч үзэлгүйгээр шүүгдэгч Б.Ц-, Х.С- нарын тавьсан шаардлага нь шүүгдэгч Г.И-ыг албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэхэд нөлөөлөөгүй, хууль зөрчихөд хүргээгүй, нөгөө талаас шүүгдэгч Г.И- нь “Б-” ХХК-ийг иргэн Ц.Ц- төлөөлөх эрхтэй эсэхийг тодруулах боломжтой байсан ч шалгаагүй, өөр ажиллагаа хийлгүйгээр дутуу баригдсан барилгыг шилжүүлсэн, шүүгдэгч Б.Б- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зохих ёсоор хяналт тавилгүй холбогдох албан бичгүүдэд гарын үсэг зурж, дуусгавар болгох тогтоол үйлдсэн нь үүрэгт ажилдаа хайнга хандаж, хэлбэрийн шинжтэй хяналт тавьсан хэмээн дүгнэлт хийсэн нь бүхэлдээ хуульд нийцэхгүй шийдвэр болжээ.
Өөрөөр хэлбэл, “Б- партнерс” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу баригдсан барилгыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан хүн болон шүүгдэгч нарын хооронд аливаа ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх, тухайн хөрөнгийг шилжүүлсэн харилцаа нь хууль ёсны дагуу явагдсан эсэх, мөн тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсанаар нэг тал нь илт давуу байдал олж авч, харин нөгөө тал нь хууль бусаар хохирсон эсэх зэрэгт шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул дээрх үндэслэлүүдээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй.
4.Шүүх, прокурор, мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих үүрэгтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долоодугаар зүйлд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч нь гагцхүү “Шүүх” байхыг хуульчилсан.
Ийнхүү шүүх эрх мэдлийг бие даан хэрэгжүүлдгийн хувьд шүүх нь аливаа хууль Үндсэн хуульд захирагдах, хүний жам ёсны эрх, эрх чөлөө, хууль зүйн тэгш байдлыг хүлээн зөвшөөрч хуулиар бэхжүүлэн хангах, хуулийг бүх нийтээр дагаж мөрдөх, төрийн байгууллагууд хуулийг гуйвалтгүй, нэг мөр биелүүлэх, зөв хэрэглэх зарчмын хүрээнд зөрчигдсөн эрхийг сэргээх, түүнийг зохих ёсоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхээс гадна гэм буруутай этгээдийн эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон нийт иргэдэд хүмүүжлийн үр нөлөө үзүүлдэг тул зөвхөн хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх ёстой.
Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх төрийн онцгой үйл ажиллагааны эцсийн үр дүн болох шүүхийн шийдвэр нь эрх зүйн харилцааг тодорхойлох, түүнийг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэх хэлбэрээр тухайн хэрэг маргаанд хамааралтай этгээдэд хуулиар тодорхойлогдсон төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг акт юм.
Иймээс шүүхийн шийдвэр нь аливаа этгээд заавал биелүүлэх үүргийг хүлээлгэдэг хүчин чадал бүхий албан ёсны бичиг баримт тул Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулиар тогтоосон шаардлагад бүрэн нийцсэн байхыг шаарддаг.
Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд буюу:
-шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл,
-шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт,
-хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга зэргийг тусгаагүй бол хуулийн ноцтой зөрчилд тооцохоор хуульчилсан.
Гэтэл анхан шатны шүүх зарим шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон талаар бичихдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудаас жагсаан бичихээс өөрөөр ямар нэгэн онолын тайлбарыг хэргийн үйл баримттай нэгтгэх, мөн нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, тэдгээрийг уялдуулан холбох замаар үндэслэл бүхий дүгнэлтийг огт хийгээгүй нь хууль ёсны шүүхийн шийдвэр гэж үзэх шаардлагыг хангахгүй.
5.Эрүүгийн хуулийн зорилгыг “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” хэмээн томьёолсон.
Уг хуулийн зорилгын эсрэг чиглэсэн, хуулиар хориглосон үйлдэл хийсэн этгээдийг цээрлүүлэн хүмүүжүүлэх үүднээс гэм бурууд нь тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн ял оногдуулах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт юм.
Хэдийгээр Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч шүүх хэргийн үйл баримт төдийгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, шүүгдэгчийн санаа зорилго, сэдэлт, үйлдсэн арга хэлбэр, тухайн гэмт хэргийн онцлог байдал, хохирогч болоод нийгэмд учирсан хор хохирол, түүний дотор иргэдийн төрд итгэх итгэл хэдий хэмжээгээр алдагдсан болох хор уршиг, түүнчлэн шүүгдэгч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдал, эцсээ хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргасан эсэх зэрэг хувийн байдал болон хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардагдах бүхий л нөхцөл байдлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоосны дараа түүнд нийцсэн, өөрөөр хэлбэл, шүүгдэгчид оногдуулах ялын төрлийг сонгох болсон шалтгааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой.
Тийм байтал анхан шатны шүүх шүүгдэгч нарт хавтгайруулан зөвхөн торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон, үйлдэл, оролцоонд нарийвчлан дүгнэлт хийлгүйгээр ялын хэмжээг тогтоосон нь “хуульд нийцээгүй” гэх үндэслэл болно.
Тухайлбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, огт төлөөгүй, түүнчлэн прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн үйл баримтад өөр өөр үүрэгтэйгээр оролцсон, тэдгээрийн үйлдлийн улмаас учирсан хохирол харилцан адилгүй шүүгдэгч нарт тодорхой үндэслэл бүхий дүгнэлтгүйгээр ижил ял оногдуулсан явдал нь эрүүгийн хариуцлагын зорилгыг огт хангахгүйн дээр шүүн таслах ажиллагааны зорилтод нийцэхгүй.
Шүүгдэгч нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоо, гэм буруугийн санаа зорилго, нийгмийн ёс суртахууны хэм хэмжээг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь эрүүгийн ялын бодлогыг хэрэгжүүлэх, шүүгдэгч нарт өөрийн гэм бурууг ухамсарлан ойлгох нөхцөлийг бүрдүүлэхээс гадна, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулахгүйгээр хууль ёсны шийдвэр гаргахад чухал нөлөөтэй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүхээс “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хэргийн оролцогчдын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Энэ шийдвэртэй холбогдуулан шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгтээ шүүгдэгч О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон” гэм буруутайд тооцсон атлаа мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан хайнга, хариуцлагагүй алдааг буруутган тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, С-, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/2095 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Г.Ганхөлөг, Л.Содбаяр нарын хамтран бичсэн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 97 дугаар эсэргүүцлийг хангасугай.
2.Шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, тодорхой хүнтэй буюу тухайн хэргийн шүүгдэгч Х.С-, Г.И-, Б.Б- нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Х.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, тодорхой хүнтэй буюу тухайн хэргийн шүүгдэгч Б.Ц-, Г.И-, Б.Б- нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, шүүгдэгч О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, тодорхой хүнтэй буюу тухайн хэргийн шүүгдэгч Х.С-, Г.И-, Б.Ц- нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Г.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаал гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн, тухайн хэргийн шүүгдэгч Б.Ц-, Х.С-, Б.Б- нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Э.Б-, Ц.Ш-, Б.Б-, Ц.А-, Ш.Я-, Х.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН