| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/18720/И |
| Дугаар | 197/ШШ2026/05630 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 197/ШШ2026/05630
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,,, Боржигон овогт *******гийн *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*********************/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 9,720,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэцэгжаргал нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч Б.*******д холбогдох 9,720,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч П. нь Миний бие гутал пүүз зардаг байсан ба 3,800,000 төгрөгийн үнэтэй, Stussy force болон fossil brand-ийн пүүз болон DR.Martens гутал байсан. Үүн дээр нэмж гутал пүүз оруулж ирж зарж борлуулан ашиг орлогыг хуваахаар Б.*******тэй тохиролцож, хамтран ажиллаж эхэлсэн. Бид анх хамт БНХАУ руу бараанд явахдаа надаас нийт 11,810,000 төгрөг, Б.*******гээс 16,352,240 төгрөгийг бараа болон замын зардал, хэрэглээний төлбөрт гаргасан. Үүнээс тус бүрийн хэрэглээний зардалд 4,908,420х2=9,816,840 төгрөг, замын зардал буюу онгоцны тийзний үнэ 2,002,498х2= 4,004,998 төгрөг гарч, үлдэгдэл 14,189,872 төгрөгөөр 232 ширхэг пүүз, гутал авсан. Улмаар бараагаа авчраад гутлаа зарж борлуулах дэлгүүрээ ажиллуулах зорилгоор талбай түрээслэсэн 11 сарын төлбөр 1,000,000 төгрөг, худалдагчийн ажлыг миний бие хариуцан гүйцэтгэж, цалинжихаар тохирсон ба цалин 50,000 төгрөг, сарын 1,500,000 төгрөг байхаар тохирсон байсан боловч би нэг ч сарын цалин аваагүй, барааны мөнгөнөөс өөрт ногдох хэсгээрээ сарын түрээсээ төлдөг байсан. Мөн дэлгүүрийн маркетинг буюу фэйсбүүкийн зар сурталчилгаа болох хандалт авч бараагаа борлуулах зардалд 3,157,646 төгрөгийг зарцуулсан. 2024.11.01-ний өдрөөс 2025.01.28-ны өдөр хүртэл миний Голомт банкны ******* дансанд 5,011,100 төгрөгийн орлого, 5,810,566 төгрөг сторпэй зээлийн аппликейшнаас орлого, ХААН банкны ******* дансанд 2025.02.06-ны өдрөөс хойш 3,792,200 төгрөгийн орлого орж, нийт 14,613,866 төгрөг орсон буюу бараа зарж борлуулсан. Үүнээс дэлгүүрийн маркетинг буюу фэйсбүүкээр зар сурталчилгаа, хандалт аваx бараагаа борлуулах 3,157,646 төгрөгийг зарцуулж, 11,456,220 төгрөг болсон. Ийнхүү ажиллаж байгаад ашиг орлого тааруу, барааны эргэлт муу, бараагаа нэмж авах шаардлагатай байсан тул миний бие ХААН банкнаас эргэлтийн хөрөнгийн зээл болох 20,000,000 төгрөгийн зээлийг 2025.02 сард авч бараа захиалах зорилгоор Б.*******гийн данс руу 2025.02.06, 07, 17-ны өдрүүдэд нийт 10,410,000 төгрөгийг шилжүүлсэн боловч Б.******* нь бараагаа захиалаагуй хувьдаа ашиглaсан. Үүнээс болж бидний хооронд маргаан үүсэж, цаашид хамтран ажиллахаа болихоор харилцан тохиролцож, улмаар үлдэгдэл гутал пүүз болон бусад мөнгө төгрөгийн асуудлаар тооцоо нийлсний үндсэн дээр Б.******* нь нийт үлдэгдэл барааны 3 хуваасны 2 буюу 97 ширхэг барааг тоолж авч, үлдэгдэл 48 ширхэг барааг миний бие авч үлдсэн ба бараа захиалахаар Б.******* рүү 2025.02 сард шилжүүлсэн мөнгөнөөс 9,720,000 төгрөгийг дээрх авсан бараагаа зарж борлуулаад 1 сарын дотор надад буцааж өгөхөөр болсон. Гэтэл Б.******* нь одоо болтол дээрх мөнгийг надад буцааж өгөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
3.Хариуцагч тал П.тэй хоёр талаасаа 20 сая төгрөг, нийт 40 сая төгрөгөөр бизнест хамтрахаар тохиролцсон. Би энэ тухайгаа өөрийн эх Б.*******, хуульч Г.Түвшинжаргал нарт хэлж П.ийг дагуулан очиж зөвлөгөө авч энэ бизнест хөрөнгө оруулалт хийхийг ээж Б.*******аас хүссэн юм. 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ээж Б.*******аас авсан 20,000,000 төгрөгөөс 18,973,386 төгрөгийг шууд хамтын ажиллагааны хураамж болгон оруулсан. Ингээд П.тэй яриад БНХАУ руу явах өдрөө тохироод онгоцны тасалбараа бичүүлэхээр мөнгөө шилжүүлээрэй, тасалбар авья гэхэд П. нь миний мөнгө бөөнөөрөө орж ирээгүй байна, чи авч бай, би маргаашнаас чамд өгнө гэж хэлсэн. Ингээд би 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр явах, буцах тасалбар бичүүлж 23-ны өдөр БНХАУ-руу хөдөлсөн. Гэвч П. нь надад мөнгө өгөөгүй бөгөөд замын жижиг ус ундаа, хоол зэрэг зардлуудыг гаргаж, унааны зардал, хилээр гарах, ороход төлдөг төлбөр, зочид буудлын, хоолны, гадаадад аялах интернэтийн гэх мэт зардлыг 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 6,365,636 төгрөгийг ойролцоогоор гаргасан. Харин П. нь надад үүний талыг буюу 3,182,818 төгрөгийг өгөх ёстой байхад 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 900,000 төгрөгийг өгөөд тооцоо дууссан гэсэн агуулгатай юм ярьсан. Ингээд Хятадын Гоунжоуд очоод бараагаа худалдан авалт хийх болоход П. 12,607,750 төгрөг гаргаж, нийт 17,607,750 төгрөгөөр бид нийлэн өвөл, зуны нийт 226 гутал худалдан авсан. Улаанбаатарлуу ачуулах тээврийн зардлын урьдчилгаанд 337,250 төгрөгийг бас л би нэмж төлсөн. Миний зүгээс нийт 18,973,386 төгрөг, П. 7,500,000 төгрөг, нийт энэ хамтран ажиллах хэлцлийн хүрээнд хоёр талаас 26,473,386 төгрөгийг нийлүүлсэн. Бид хоёр оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр ашгаа хувааж, хамтран ажиллахаар тохиролцсон. 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд би П.ээс нэг ч төгрөг хувийн хэрэгцээндээ авч байгаагүй. 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 4,460,000 төгрөг, 07-ны өдөр нь 4,500,000 төгрөг, 17-ны өдөр 1,450,000 төгрөг нийт 10,410,000 төгрөгийг миний дансанд хийсэн. Яагаад ингэж байгааг нь асуухад "...би чиний оруулсан мөнгийг чинь буцааж өгч байна. Би чамтай хамтран ажиллахгүй, чи надаас зөндөө мөнгө авсан, оруулсан мөнгөнөөсөө илүү их мөнгө авсан, чамтай хамтарвал чи их мөнгө аваад байх юм байна." гэж хэлсэн. Ингээд би 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр П.ийн хэлсэн ёсоор очиж тооцоогоо тулж, үлдэгдэл бараагаа хуваахаар очсон. Гэвч П. ...надад өгөхгүй, чи надаас 9,720,000 төгрөг илүү авсан байна. Тиймээс үлдэгдэл бараагаа авна гэвэл ингэж бичээд гарын үсгээ зураад гутлынхаа 3 хуваасны 2-ыг нь аваад явж болно" гэж дарамт шахалт үзүүлсэн. Би энэ удаад хүссэн дээр нь гарын үсэг зурчихаад шүүхэд хандаж өөрийнхөө оруулсан хөрөнгийг эргүүлэн авна гэж тооцсон. Ингээд би 97 гутал тоолж аваад, 49 гутал П.д үлдсэн. Энэ бүхнээс харахад гэрээнээсээ П. нь түрүүлж татгалзсан, надад шилжүүлсэн нийт мөнгө нь 11,410,000 төгрөг бөгөөд үүн дээр миний авсан 97 гутлын анх авсан үнэ нь дунджаар 1 гутал нь 55,000 төгрөг гэж үзвэл 5,335,000 төгрөг, нийт 16,745,000 төгрөг болж байна. Иймээс бид хоёрын дунд хийсэн хэлцлийн дагуу зарагдсан гуталны бохир ашгийн 3 хуваасны 2 хэсэг болох хамгийн багадаа 9,6 сая төгрөгийг бий авах ёстой тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргаж байна.
4.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. П., Б.******* нар нь 2024 оны 10 дугаар сард харилцан тохиролцож, БНХАУ-аас пүүз, гутал авч ирж худалдах, хамтын ажиллагааны хүрээнд хүн бүр 20 сая төгрөгийг тус тус нийлүүлэхээр харилцан тохиролцож, хамтын үйл ажиллагаа 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилжээ.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2.-т ... хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ., Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно. гэж заасан ба талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
Уг гэрээг амаар байгуулсан бөгөөд хураамж, ашиг, зардал гэх мэтийг хэрхэн тохирсон болохоо зохигч өөр өөрөөр тайлбарлаж байх бөгөөд хэрхэн тохирсон талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүх талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтыг үндэслэн шийдвэр гаргав.
4.2. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1.-т Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна., 477.2.-т Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно., 477.3.-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна., 477.4.-т Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна. гэж тус тус заасан.
Талуудын оруулсан хувь хэмжээг мөнгөн дүнгээр тодорхойлох боломжгүй байх ба талуудын тайлбараас дүгнэхэд хариуцагчийн хувьд мөнгө, нэхэмжлэгчийн хувьд өөрт байсан 74 гутал болон мөнгийг хамтын үйл ажиллагаанд оруулж, нийлүүлсэн мөнгөөрөө 226 гутлыг нэмж худалдан авч, нийт 300 гутал хамтран ажиллах гэрээний дагуу бий болсон гэж үзэхээр байна. Үүний 4 гутлыг 2, 2-оор нь нэхэмжлэгч, хариуцагч нар авсан тухай маргаагүй ба 296 гутал үлдсэн байна.
4.3. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1.-д Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно., 479.3.-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болно., 480 дугаар зүйлийн 480.1.2-т Хамтран ажиллах гэрээ талууд шийдвэрлэсэн бол дуусгавар болно, 480.3.-т Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна. гэж тус тус заасан.
Хамтран ажиллах гэрээний дагуу бий болсон 296 гутлаас 80 гутлыг худалдаж, 216 гутал үлдсэн ба талууд харилцан тохиролцож, гэрээг дуусгавар болгосон байна.
Талууд гэрээг дуусгавар болгосноор үлдсэн 216 гуталны 97 гутлыг Б.*******д өгч, 119 гутлыг П. авч үлдсэн байна.
4.4. Тэд нэмж худалдаж асван 226 гутлыг хэдэн төгрөгөөр худалдан авсан үнийн талаар харилцан адилгүй тайлбар өгч, нэхэмжлэгч 14,189,872 төгрөгөөр, хариуцагч 17,607,750 төгрөгөөр худалдаж авсан гэх ба энэ талаарх бичгийн баримт хэрэгт байхгүй, зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 752 зүйлийн 752.2.-т зааснаар нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх хэдэн төгрөгөөр гутал худалдаж авсанд дүгнэлт хийх боломжгүй байна.
4.5. Талуудын маргааны зүйл худалдсан 80 гутал буюу үүний ашгийг хэн хэдэн төгрөгөөр авсан, хэрхэн хуваарилах эсэхэд маргаж байна.
Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэж заасан.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулгаас харахад 80 гутлыг 14,613,866 төгрөгөөр худалдсан гэх ба үүнийг ашиг гэж үзвэл талуудын оруулсан хувь хэмжээгээр ашгийг хуваарилна. Иймд талуудад ашгийг тэнцүү дүнгээр хуваарилахад зохигч тус бүр 7,306,933 төгрөгийн ашиг олсон гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчээс Б.*******д 11,410,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд үүнээс ашгийг хасаж тооцоход 4,103,067 /11,410,000-7,306,933/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үдэслэлтэй.
Хэдийгээр дээрх мөнгийг бараа захиалга гэх утгаар шилжүүлсэн боловч талуудын хамтын гэрээ дуусгавар болоход талуудад үлдэх хөрөнгийг хуваарилах, ашгийг хуваарилж тооцоход 4,103,067 төгрөгийг Б.*******д илүү өгсөн байх тул хамтын гэрээ дуусгавар болсон үндэслэлээр дээрх мөнгийг Б.*******гээс буцаан гаргуулж, П.д олгох нь зүйтэй гэж үзэв.
4.6. Нэхэмжлэгчээс дэлгүүрийн маркетинг буюу фэйсбүүкээр зар сурталчилгаа, хандалт аваx, бараагаа борлуулах үйл ажиллагаанд 3,157,646 төгрөгийг зарцуулсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй тул үүнийг ашгаас хасаж тооцох боломжгүй.
Иймд Б.*******гээс 4,103,067 төгрөг гаргуулж, П.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,616,933 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
5.Нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжид 170,470 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн дүнд ногдох тэмдэгтийн хураамж 80,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8-д зааснаар Б.*******гээс 4,103,067 төгрөгийг гаргуулж, П.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,616,933 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар П.ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 170,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.*******гээс 80,600 төгрөг гаргуулж, П.д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ