Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 122

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

            Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч: Д.Д нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдсэн Б овогт Дгийн Д-д холбогдох 1812001360093 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Дгийн Д /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Д нь 2018 оны 03 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 13-9 тоотод өөрийн эхнэр А.Нтэй маргалдан бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч А.Нийн өгсөн: ...2018 оны 3 дугаар сарын 02-ны шөнө манай нөхөр Д.Д гэртээ согтуу орж ирсэн тэгэхээр нь одоо унт гэсэн чинь үгэнд орхохгүй байсан тэгээд яагаад архи уусан юм бэ гэж хэлтэл миний архи уух чамд хамаагүй гээд бид хоёр маргалдсан тэгээд намайг гэрээс түлхэж гаргаад зайл гэсэн тэгэхээр нь би уурандаа цагдаад ирж хэлсэн...манайд бид хоёроос өөр хүн байгаагүй маргааш нь чи намайг яагаад өшиглөж байгаа талаар асуухад юу ч санахгүй байна би яасан юм бэ гээд байсан...одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

 

Д.Дн яллагдагчаар өгсөн: ... Би 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүргэн ахындаа очиж хүргэн ахтай нэг шил архи уусан. Тэгээд тэндээс гараад явж байгаад өөрийн найз Ганаатай уулзаад дахиж нэг шил архи уусан. Тэгээд орой ганцаараа гэртээ харьсан хэдэн цагт гэртээ харьснаа санахгүй байна. Намайг гэртээ ортол манай эхнэр А.Н юу гэж ярьсныг сайн санахгүй нэг мэдсэн манай гэрт хоёр цагдаа ороод ирсэн байсан. Тэгсэн би эхнэрээ байшингаасаа гаргаад хаалгаа цоожлоод унтаад өгсөн байсан. Тэгсэн манай эхнэр цагдаа дуудаад цагдаа нар цонхоор орж ирж хаалга онгойлгосон байсан. Тэгээд намайг цагдаагийн газар авчирсан. Би хүргэн ахынд нэг шил архи уучихаад тэндээс гарч яваад найз Ганаатай тааралдаад дахиж нэг шил архи уусан өөр архи уугаагүй. Юунаас болж эхнэртэйгээ маргалдаж эхнэрээ зодсоноо сайн санахгүй байна. Намайг архи уулаа л гэж уурласан байх ер нь би хааяа жаахан архи уугаад орохоор л манай эхнэр уурлаад цагдаа дуудна гээд цагдаагаар түрүү бариад байдаг. Би циркт ажилладаг ажлын шаардлагаар олон хоног явж байгаад ирээд ганц нэг уулзаагүй найз нөхөдтэйгөө уулзаад ганц нэг юм уухаар араас дагаад янз бүр болоод дарамтлаад байдаг юм. Би янз бүрийн юмаар цохиж зодсон зүйл байхгүй. Миний урд суугаад гутал тайлах гэхээр нь хөлөөрөө өшиглөсөн өөр цохиж зодсоноо санахгүй  байна. Хэрэлдэж маргалдахгүй байна гэж юу байх вэ хэрэлдэж маргалдаж байсан. Гэхдээ тийм сүртэй хэрэлдэж маргалддаг асуудал байхгүй. Ер нь бол архи ууснаас л болж хэрүүл маргаан гардаг би жаахан архи уусан үедээ урдаас нь янз бүрийн юм ярьдаг тэгээд л хэрүүл маргаан гардаг. Аль гуяыг нь санахгүй байна гуяных нь ард хэсэгт хөхөрсөн байсан. Өөр гэмтэл шарх харагдаагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 128 дугаар дүгнэлт:

1. А.Нийн биед, зүүн гуяны ард зөөлөн эдэд няцралт, жижиг жижиг цус хуралт гэмтэл учирчээ.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Гэмтлийн шинж байдлаас харахад хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 15 хуу/

 

Д.Дагвын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 27-28 хуу/

Д.Дагвын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 37-38 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Д нь 2018 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 13-9 тоотод гэртээ эхнэр А.Н-тэй согтуугаар маргалдан  хөл рүү нь өшиглөж зүүн гуяны ард хэсэгт зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Д.Д нь өөрийн үйлдэл болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч А.Нийн мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны 128 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Д нь хохирогч А.Н-ийг өшиглөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны 128 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Аймгийн Прокурорын газраас Д.Дн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэж зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.

Иймд шүүгдэгч Д.Дд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Д.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн  хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Хохирогч А.Н нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материалтай танилцахдаа “ гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч Д.Дагвыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдав.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                          

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-гийн Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д 450 /дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг дагуу шүүгдэгч Д.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдасугай.

7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ