| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2018/0084/Э |
| Дугаар | 124 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 124
MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч: Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн М овогт Г-ийн Б-д холбогдох 1812001130080 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт Гийн Б /РД: А/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б нь 2018 оны 02 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг, Граж хорооллын ... тоотод иргэн Ү-ын зүүн гар руу сандлаар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ү-ын өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын 25-ны орой 17:00 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сум, Идэр-Улаан баг Хүнүйн голд байх гэрээсээ өөрийн 3 хүүхдийг аваад Эрдэнэмандал сум Өлзийт баг Граж хорооллын 02-07 тоотод байх аав Баатархүүгийн гэрт ирээд шөнө 01:00 цагийн үед унтах гээд орондоо ороод хэвтэж байтал хүн хаалга нүдэхээр нь зурагтаа унтраагаад хаалгаа тайлж өгөөгүй бөгөөд манай гэрийн хатавчийг онгойлгож Ц гэх хүн орж ирсэн. Тэгэхээр нь та яагаад хатавч ухаж орж ирж байгаа юм хадам ээж чинь хаяанд байсаар байтал хадам ээжийндээ орж унт гэтэл уурлаад манай гэрийн ширээг авч шидээд ширээ цохиод байхаар нь та гар хадам ээжийндээ орж унт гэтэл над руу өөрийнхөө гутлаа авч шидэж байгаад дараа сандал барьж ирээд цохих гэхээр нь гараараа хаатал миний зүүн гар луу 1 удаа сандлаар хүчтэй цохьсон. Тэгээд манай гэрт орон дээр унтаад өгөхөөр нь би гарч гүйгээд Ц гэх хүний хадам ээж болох Х-д орж сууж байгаад өглөө гэртээ орсон. Тэгээд эмнэлэгт үзүүлтэл гар чинь хугарчихсан юм шиг байна гэсэн... Б-т миний хохирлыг бүрэн барагдуулсан эмчилгээний зардал бусад зардалд 1.500.000 төгрөг өгөхөөр болсон надад гомдол санал байхгүй. Б-с нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр хоорондоо эвлэрсэн миний гар эдгэж байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 хуу/
Гэрч Ч.Х-ийн өгсөн: ... 2018 оны 02 дугаар сарын 25-ны шөнө 01:00 цагийн үед гэртээ ач нартайгаа унтаж байтал манай хашаанд байдаг Ү гэрийн хаалга нүдэхээр нь онгойлгож өгтөл Ц ах гар луу сандлаар цохьсон, гар гэмтчихлээ гэсэн. Тэгээд манайд ширээний хажууд суугаагаараа хоноод өглөө нь гэрээс гарсан. Б /Ц/ гэх хүн ямар учраас Үыг зодсон талаар би мэдэхгүй тухайн үед гэртээ байж байсан. Ц-ийн жинхэнэ нэрийг нь Б гэдэг харин бид нар Ц гэж дууддаг. 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос гар шагайн тэмцээнд орох гэж ирсэн. Орой нэлээн согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуу/
Гэрч Ч.Б-ын өгсөн: ... 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 13:00 цагийн үед манай эхнэр Ү 3 хүүхдээ аваад манайд очсон машинтай сумын төв рүү явсан. Маргааш өглөө 09:00 цагийн үед надруу утсаар яриад урд шөнө 1 хүн хаалга нүдээд байхаар нь хаалгаа тайлж өгөөгүй. Тэгсэн чинь манай гэрийн хатавчаар гараа хийж хаалга онгойлгож орж ирсэн бөгөөд орж ирэхээр нь гэрлээ асаагаад харсан чинь Г.Б-т / Ц / гэх хүн согтуу байсан. Тэгээд би та хойшоо хадам ээжийндээ орж унт гэсэн чинь үгэнд орохгүй гарахгүй байсан. Тэгээд сууж байгаад над руу гутлаа авч шидээд дараа нь сандлаар миний зүүн гар луу цохисон. Би тэгээд гэрээс гарч хойшоо Б / Ц/ гэх хүний хадам ээж болох Ч.Х-ийн гэрт орж хоносон гэж хэлсэн. Б / Ц / гэх хүн ямар учраас цохих болсон талаар сайн мэдэхгүй байна. Жинхэнэ нэрийг нь Б гэдэг харин бид нар Ц ах гэж дууддаг. Тухайн үед Б нэлээн согтуу байсан гэсэн. Манай эхнэр лүү эхлээд гутал авч шидээд тэр нь оноогүй гэсэн дараа нь зузаандуу хуванцар сандал барьж байгаад зүүн гарын шуун хэсэгт 1 удаа хүчтэй цохиж зүүн гарыг нь хугалсан байсан. Үыг цохисон хуванцар сандал одоо манай гэрт байгаа....гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Гэрч Г.О-ы өгсөн: ... 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр буюу бүтэн сайн 13:00 цагийн уед манай бэр Ү 3 хүүхдээ аваад Идэр-Улаан багт байх гэрээсээ машинтай хүмүүстэй Эрдэнэмандал сумын төврүү явсан. Маргааш өглөө нь би замын унаанд суугаад Эрдэнэмандал сумын төвд 12:00 цагийн үед хувийн ажлаар ирсэн чинь манай бэр Ү гараа сойгоод боочихсон байсан бөгөөд юу болсон талаар асуутал урд шөнө 1 хүн хаалга нүдээд байхаар нь хаалгаа тайлж өгөөгүй тэгсэн чинь манай гэрийн хатавчаар гараа хийж хаалга онгойлгож орж ирсэн бөгөөд орж ирэхээр нь гэрлээ асаагаад харсан чинь Б / Ц / гэх хүн согтуу орж ирсэн ус өг гэхээр нь би та хойшоо хадам ээжийндээ орж унт гэсэн чинь үгэнд орохгүй уурлаад сандлаар миний зүүн гар луу цохьсон би тэгээд гэрээс гарч хойшоо Б / Ц / гэх хүний хадам ээж болох Ч.Х-ийн гэрт орж хоносон гэж хэлсэн. Жинхэнэ нэрийг нь Б гэдэг харин бид нар Ц ах гэж дууддаг. Б / Ц / гэх хүн ямар учраас Үыг яагаад цохих болсон талаар сайн мэдэхгүй байна. Ус хийж өгөлгүй та ээжийндээ орж унт гэсэн чинь л миний гар луу сандлаар цохисон гэж надад хэлсэн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл гэж надад яриагүй. Манай бэр Үыг зузаандуу хуванцар сандал барьж байгаад зүүн гарын шуун хэсэгт 1 удаа хүчтэй цохиж зүүн гарыг нь хугалсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Гэрч Ж.Б-ын өгсөн: ... Б нь дажгүй зантай хүнд тусархуу элдэв зан чанаргүй хүн. Би хааяа л уудгийг мэднэ агсам согтуу зан байхгүй сумандаа гайгүй нэр хүндтэй хүн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/
Гэрч А.Ө-ийн өгсөн: ...Б-т бид хоёр багын найзууд юм. Б-т эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Микро автобустай шугаманд явдаг, ан хийх дуртай. Эрдэнэмандал суманд ойр ойрхон ирдэг. Шагай харваагаар хичээлдэг. Бид хэд нэг багийн гишүүд юм. Зан төлвийн хувь төлөв даруу, бусадтай нийтэч, хүнд тусархуу, итгэл дааж чаддаг тийм л хүн...гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуу/
Бын яллагдагчаар өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын 25-ны өглөө Улаанбаатар хотоос гар шагайн тэмцээнд орох гэж Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн нутагт ирсэн. Ирээд тэмцээндээ орчхоод 14:00 цагийн үед тэмцээн дуусаад хадам ээж Х-д очиж золгууд хийгээд архи уусан. Орой 16:00 цагийн үед Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багт байх баз Базаагийнд очиж золголт хийчихээд оройны 18:00 цагийн үед буцаад Эрдэнэмандал сумын төвд ирж найз болох Г-д очиж шөнө 23:00 цаг болтол архи ууж байгаад нэг мэдсэн чинь тасарчихсан байсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 02 дугаар сарын 26-ны өглөө Ү-ын хойд аав болох Баатархүү гэх айлд сэрсэн. Намайг өглөө сэрэхэд Ү та миний гарыг урд шөнө хуванцар сандлаар цохиод ийм болгочихсон хамт эмнэлэг орж үзүүлье гэхээр нь би манай хадам ээж Х яваад үзүүлчих гээд эмнэлэг рүү явуулсан. Удалгүй буцаж ирээд эмч аймаг явж үзүүл гэсэн гэхээр нь би Архангай аймаг авч яваад нэгдсэн эмнэлэгт үзүүлж гарных нь рентген зургийг авахуулсан чинь зүүн гар нь зөрүүгүй хугаралтай байна гэсэн онош гарсан тэгээд эмнэлэгт хэвтүүлж гарыг нь гипсдүүлсэн. Ү өөрийн 3 хүүхдийн хамт байсан. Ү-н ээж нь манай ээжийн холын хамаатан улсууд байгаа юм. Ү бид хоёрын хооронд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Би архи ууж тасарчихаад л дүүдээ ус хийж өг гээд агсам тавьж байгаад гарыг нь сандлаар цохьсон байна лээ. Ү-г цохьсон сандал хуванцар саарал өнгийн сандал байсан байхаа өнгийг нь сайн санахгүй байна. Би холбогдсон хэргийг хүлээн зөвшөөрч байна...Мөн хохирогч Үтай уулзаж хохирол төлбөрөө төлсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны 120 дугаар дүгнэлт:
1. А Үын биед зүүн шуу ясны дунд хэсгийн далд зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 19 хуу/
Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 35 хуу/
Бын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 34 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг, Граж хорооллын 2-7 тоотод иргэн Ү-тай маргалдан түүнийг хуванцар сандлаар цохиж зүүн гарын шуу ясыг хугалсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б нь өөрийн үйлдэл болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ү-ын мэдүүлэг, гэрч Ч.Х, Ч.Б, Г.О нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны 120 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б нь хохирогч Ү-ыг сандлаар цохьсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн прокурорын газраас Б-ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогч Ү нь “шүүгдэгч Баас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6 хуу/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгч Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн хуванцар сандлыг устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Г-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ыг 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн хуванцар сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдасугай.
7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ