| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2505 00000 0297 |
| Дугаар | 2026/ДШМ/281 |
| Огноо | 2026-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 10.1.1, |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2026/ДШМ/281
2026 03 11 2026/ДШМ/281
Б.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Б.Мөнхбаяр
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2298 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С-, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Г-д холбогдох эрүүгийн 2505 00000 0297 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Я- овгийн Б-ын Г-, 1989 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй...., урьд ял шийтгэлгүй, /РД:ИБ-/.
Шүүгдэгч Б.Г- нь 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хороолол Б- хотхоны гадаа иргэн Г.О-отой тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь цохих, толгой хэсэг рүү өшиглөх, гэдэс хэвлий, эмзэг эрхтэн рүү нь өшиглөх зэргээр халдаж, зулайн зүүн ар хэсгээс суман заадас, титэм заадас дайрч духны баруун дээд хэсэг, баруун нүдний ухархайн дээд хана, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн булчингийн цус хуралт, зулайн хатуу хальсан дээрх, доорх цус хураа, зулай, дух хатуу хальсан доорх цус харвалт, няцрал, уруулд шарх, баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтэл учруулж, улмаар амь хохирогч гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан буюу хүнийг санаатай алах,
мөн тухайн цаг хугацаанд буюу 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хороолол Б- хотхоны подвалын өрөөнд иргэн М.Б-ийг бусадтай хардаж үснээс нь зулгааж, нүүр хэсэгт нь гараараа цохих, газарт унагааж баруун талын хавирга хэсэгт нэг удаа өшиглөж, зүүн чих, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, баруун шуу, нурууны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Я- овогт Б-ын Г-г “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Г-гийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 12 жил 2 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-гийн баривчлагдсан, цагдан хоригдсон 214 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-гээс 13.041.244 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Пүрэвийн С-д олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-гээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 15.173.400 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П-ийн С-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Г-гээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Г- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С-д 18.000.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С- давж заалдах гомдолдоо: “...Миний хань Монгол Улсын төрийн цагдаа, цагдаагийн хошууч цолтой хууль сахиулагч, өндөр боловсролтой, оюуны цараа өргөнтэй нийтэч, сайхан хүн байсан. Тэрээр мөнгө санхүүгийн бүхий л асуудлаа дан ганц өөрөө зохицуулж байснаас гадна цэргийн тэтгэвэр, давхар ажил эрхэлдэг орлогоороо 2 оюутан хүүхдийн сургалтын төлбөр, тэтгэврийн зээлээ зохицуулж ирсэн.
Тус гэмт хэргээс үүдэн бидэнд амьжиргааны болон 2 хүүхдийн онгоцны зардал гэх мэт зардлууд гарсан атал шүүх хасаж шийдсэнд гомдолтой байна. Эдгээр зардлуудаа шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна. Тэтгэврийн зээл, мөнгө санхүүгийн асуудлаас болж бидний амьдралд маш их дарамт үүсэж өдөр хоногийг арай ядан өнгөрүүлж байна.
Бид шүүгдэгчээс нийт 105.371.731 төгрөгийг нэхэмжилсэн боловч оршуулгын зардалд ч хүрэхгүй мөнгө болох 18.000.000 төгрөгийг шүүх хурлын өмнөх өдөр шилжүүлсэн ба бид үлдсэн 87.371.731 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд сэтгэл санааны хохирол тэтгэврийн зээл, хүүхдүүдийн сургалтын төлбөр, нислэгийн тийз, бусад зардлууд багтсан болно.
Шүүхийн тогтоолын хуудас 8 дахь талд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл нь, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг ба гэмт этгээд бусдын амь насыг хохирооход шууд чиглэсэн, хохирогчийн үхлийг хүссэн санаатай үйлдэл хийх, хохирогчийн үхлийг зориуд хүсээгүй боловч ийм хор уршиг учрахыг мэдэж түүнд зориуд хүргэсэн шууд болон шууд бус санаатай үйлдлийн алинаар нь ч хэрэгжиж болно...” гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгч нь санаатайгаар хүний амь хохироосон тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх ямар ч үндэслэл байхгүй.
Шүүгдэгч нь хохирогчийг газарт унасан хөдөлгөөнгүй байхад гэмт үйлдлээ үргэлжлүүлэн үйлдсэн, хэргийн газраас оргон зайлсан, санаатайгаар эмзэг эрхтэн, цавь, толгой, нүүр, гэдэс хэвлий, бөөр нуруу, цээж рүү удаа дараалан өшиглөж биед халдсаны улмаас гэмтэл учруулж гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд оруулж санаатайгаар хүнийг алсан хэрэг үйлдсэн. Гэтэл анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж ял гуйж байгааг зөвшөөрөхгүй бөгөөд удаа дараалан хүн алж болох юм уу. Иймд шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөдсөн гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх эсхүл нэмж өгнө үү, мөн бидний нэхэмжилсэн мөнгийг бүхэлд нь гаргуулж бидэнд тусална уу. ...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С-гийн өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах гомдолдоо: “...Б.Г-д оногдуулсан ялын хувьд хөнгөдсөн, түүнийг ялыг эдлүүлэх дэглэм нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хохирлыг үндэслэлгүйгээр хассан гэж үзэж байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г- миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа ба хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргаагүй. Би 5 настай байхдаа аавыгаа, 2015 онд ээжийгээ алдсан. ...Одоо энхэр Энхтуул болон 3-9 насны 4-н хүүхдийн хамт амьдардаг. Манай гэрт би ганцхан ажил хийж гэр бүлээ тэжээдэг байсан. Мөн гэмт хэргийн улмаас хор уршгийн зарим хэсгийг нөхөн төлсөн ба үлдэгдэл төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Иймд миний бага насны 4-н хүүхэдтэй, тэжээн тэтгэх хүнгүй байгаа нөхцөл байдлыг маань харгалзан үзэж надад оногдуулсан ялаас багасгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Г- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба мөрдөн шалгах ажиллагааны явцад оршуулгын зардалд 18.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, шийтгэх тогтоолд тодорхойлсон бусад хохирлын нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хувийн байдлын хувьд эхнэр, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг, хэрэг үйлдэх үедээ “ П- “ ХХК-д оператораар ажиллаж ар гэрээ тэжээн тэтгэж байсан. Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа ба ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж багасгаж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Ө-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С-, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
2. Шүүгдэгч Б.Г- нь 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хороолол Б- хотхоны гадаа иргэн Г.О-отой тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, нүүр хэсэгт нь цохих, толгой хэсэг рүү нь өшиглөх, гэдэс хэвлий, эмзэг эрхтэн рүү нь өшиглөх зэргээр халдаж, зулайн зүүн ар хэсгээс суман заадас, титэм заадас дайрч духны баруун дээд хэсэг, баруун нүдний ухархайн дээд хана, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн булчингийн цус хуралт, зулайн хатуу хальсан дээрх, доорх цус хураа, зулай, дух хатуу хальсан доорх цус харвалт, няцрал, уруулд шарх, баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтэл учруулж, амь хохирогч гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан,
мөн тухайн газар, цаг хугацаанд иргэн М.Б-ийг бусадтай хардаж үснээс нь зулгааж, нүүр хэсэгт нь цохих, газарт унагааж баруун талын хавирга хэсэгт нэг удаа өшиглөж, зүүн чих, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, баруун шуу, нурууны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С-гийн “...Г.О-о нь миний нөхөр. ...Миний мэдсэнээр 2025 оны 03 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө манай гэрт үеэл дүү Х-, Т- нар ирээд золгоод гарахдаа нөхрийг маань Төгсөө буюу нөхрийн хамгийн бага дүүгийнх рүү хамтдаа дагуулж гарцгаасан байсан. Төгсөөгийнд очоод хөзөр тоглож, хуучилж, хөөрөлдөж байгаад нөхөр маань шөнө дунд гэртээ харих гээд ганцаараа гарч явсан гэсэн. Т-гийн гэр нь манай байрнаас чанх урд буюу төв зам гараад л байдаг. Х-, Т- нартай гэрээс гарахдаа дээгүүрх куртикээ өмсөлгүй Монгол цамцтайгаа гарсан гэж хүү маань надад хэлсэн. Ар гэрийн зүгээс болон миний зүгээс маш их гомдолтой байна. Нөхөр маань охины сургалтын төлбөр, хүүгийн сургалтын төлбөр болон Монгол дахь бүх асуудлаа зохицуулж ар дааж миний нийгмийн даатгалыг төлдөг хүн байсан. Цагдаагаасаа тэтгэвэрт гарсан учраас тэтгэврийн мөнгө болон түүний хажуугаар дүүгийнхээ цонхны компанид ажилладаг байсан учир давхар орлоготой байсан. Одоо манай ар гэрийн амьжиргаа болон эдийн засгийн нөхцөл маш хүнд болж байна. Талийгаач тэтгэврийн зээлээ аваад охиныхоо сургалтын төлбөрийг төлсөн. Сүүлд хүүгийнхээ сургалтыг төлбөрийг төлсөн байсан. Би 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр охин Номингийн хамтаар Австрали улсаас ирээд шууд онгоцноос буугаад ГССҮТ-ийн гавал тархины сэхээний тасагт очиход нөхөр маань ямар ч ухаангүй байсан. Тархины маш хүчтэй тарианууд хийлгэж байсан. Нөхөр маань огт ухаан оролгүй нүдээ ч нээж чадахгүй байсаар 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагт нас барсан. Би нөхрөө 03 дугаар сарын 05-аас 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тасралтгүй сахисан. ...” /1хх24-26, 63-65/,
хохирогч М.Б-ийн “...Би Г- гэх хүнтэй 2022 оны зун танилцсан, нөхөртэйгөө маргалдаад тусдаа байсан учир эр, эмийн харилцаатай өдий хүрсэн. 2025 оны 03 дугаар сарын 02-ны шөнө Г- над руу олон дахин залгаад байсан ба би утсыг нь аваагүй юм. Удалгүй Г- 03 цагийн үед манай гэрт хүрч ирээд манай нөхөр П-давгыг 00 орох гээд гараад явсан хойгуур миний нуруу руу гараараа цохиж “чи яагаад утсаа авахгүй юм, өөр хүнтэй болчихсон юм уу” гээд намайг үснээс зулгааж, газар унагаж байгаад баруун талын хавирга хэсэгт нэг удаа өшиглөж, дараа нь гараа атгаж байгаад 2 гарын булчин руу 2-3 удаа, хэвлий хэсэгт 1-2 удаа цохиж байхад амь хохирогч О-о буюу манай байрны оршин суугч орж ирээд Г-д хандаж “чи яагаад энд байдаг билээ” гээд Г-тэй маргалдаж байгаад зууралдаад манай гэрээс гараад явцгаасан. Ойролцоогоор 5 орчим минутын дараагаар Г- буцаж орж ирээд намайг үсдээд гэрээс гаргаж ирээд машиндаа хүчээр суулгаж байгаад намайг талийгаач О-отой “ямар хамааралтай юм бэ, миний дуудлагыг авахгүй байсан шалтгаан чинь энэ юм уу” гэж орилж байгаад машинаас буулгаад өөрөө машинаа унаад яваад өгсөн. ...Миний зүүн талын 4-н хавирга хугарч гэмтсэн байсан. Би гэмтлийн эмнэлгийн баруун талд байдаг хувийн эмнэлэгт үзүүлж эмчилгээ, үйлчилгээ авсан. ...” /1хх29-30/,
гэрч О.Н-ын “...Би аавтайгаа 2-лаа Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 57-1-36 тоотод хамт амьдардаг. Бид хоёр 2025 оны 03 дугаар сарын 02-ны орой 22 цагийн манай байрны замын урд талд байдаг аавын дүү Т- гэх хүний гэрт очоод хоол унд идэж байгаад би түрүүлж гараад гэртээ ирсэн, аав жаахан байж байгаад араас ирнэ гээд үлдсэн. Тэгээд аав ирэх байсан болохоор нь би унтаж байтал үүрээр 05 цаг өнгөрч байхад цагдаа нар манайд ирээд аав чинь эмнэлэгт байгаа гэж хэлээд би гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. ...Бараан өнгийн Монгол цамц бор өнгийн өмд гуталтай гадуур куртикгүй гарсан. ...” /1хх33/,
гэрч Ж.П-давгын “...2025 оны 03 дугаар сарын 03-ны үүрээр 03 цагийн үед санагдаж байна, би гэртээ байж байхад гаднаас Г- гэх залуу орж ирээд манай эхнэртэй юм яриад байсан. Тэгээд би 00 орох гээд гараад явж байгаад таньдаг хүнтэй таараад гэрт нь ороод нэг шил архи хувааж уучхаад эргээд гэртээ хүрээд ирэхэд манай гэрийн үүдэнд нэг эрэгтэй дээшээ харсан байдалтай хэвтэж байсан ба би гэртээ ороод эхнэрээсээ “юу болсон” гээд асуухад “Г- гадаа хэвтэж байгаа эрэгтэйг цохичих шиг боллоо” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...Г- нь их ширүүн хүн, манай эхнэртэй уулзах гэж ирсэн. ...” /1хх35-36/,
гэрч Х.Э-ын “...Г- нь манай нөхөр байгаа юм. Бид 2013 оноос хойш хамт амьдарч байгаа, дундаасаа 4-н хүүхэдтэй. ...Өчигдөр орой буюу 2025 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө бид нар айлаас оройтож ирсэн ба шөнийн 02 цагийн үед Г-гийн утас нь дуугарсан бөгөөд Б- гэх ажил хэргийн шугамаар танилцсан эмэгтэй нь залгаад Г-г дуудсан. Манай нөхөр утсаар ярьчхаад “ойрхон айлд оччихоод хүрээд ирье, удахгүй” гэж хэлээд гараад явсан. ...” /1хх40-41/,
гэрч А.Х-аагийн “...2025 оны 03 дугаар сарын 03-ны шөнө 03 цаг 25 минутын үед манай нагац ах О-о нь манай ахын гэр болох А-ийн гэрээс би, манай нөхрийн хамт бид 3 гараад явсан. Тэгээд манай нөхөр бид 2 “гэрт чинь хүргээд өгье” гэхэд ах “зүгээрээ” гэж хэлээд гэр рүүгээ ганцаараа яваад өгсөн. Тэгээд өглөө нь бид О-о ахыг зодуулсан болохыг мэдсэн. ...Манай ах О-о нь одоо ГССҮТ-д хэвтэж байгаа бөгөөд эмч нар найдваргүй гэсэн. ...” /1хх43/ гэх мэдүүлгүүд,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх9/, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хүлээлцэх хуудас /1хх10/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх11-14/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх15-18/, мөрдөгчийн тэмдэглэл /1хх49/, мөрдөгчийн “...хохирогч О-огийн биеийн байдлыг асуухаар ГССҮТ-ийн эмч Э-гаас тодруулахад “Г.О-о нь тархины суурь ясны хугаралтай, мөн тархины бяцралттай, одоог хүртэл ухаан ороогүй биеийн байдал нь хүнд амь нас нь эрсдэлтэй байгаа, хагалгаанд орох боломжгүй, биеийн байдлыг нь харж байгаад хагалгаанд орох эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн болохыг тэмдэглэв. ...” гэх тэмдэглэл /1хх50/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх124-131/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /1хх189-200/, хохирол төлбөртэй холбоотой баримтууд /1хх201-250, 2хх1-63/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ЕГ0725/3966 дугаартай “...Г.О-огийн биед баруун духны дээд хэсгээс титэм заадас, суман заадас дайран зүүн зулайн ар хүртэл үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун зүүн зулай, дух, баруун чамархай хэсгүүдийг тархмал хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун зүүн зулай, духны дэлбэнд няцралтын голомт, аалзан хальсан доорх цус харвалт, хоёр талын чамархай зулайн хуйх нь доорх цус хуралт, зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай гэмтэл тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэгт тооцогдлоо. ...” гэх /1хх52-54/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ЕГ0625/1139 дугаартай “...Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр зулайн зүүн ар хэсгээс суман заадас, титэм заадас дайрч, духны баруун дээд хэсэг, баруун нүдний ухархайн дээд хана, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн булчингийн цус хуралт, зулайн хатуу хальсан дээрх, доорх цус хураа, зулай, дух хатуу хальсан доорх цус харвалт, няцрал, уруулд шарх, баруун чихний дэлбэнгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Зулайн зүүн ар хэсгээс суман заадас, титэм заадас дайрч, духны баруун дээд хэсэг, баруун нүдний ухархайн дээд хана, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн булчингийн цус хуралт, зулайн хатуу хальсан дээрх, доорх цус хураа, зулай, дух хатуу хальсан доорх цус харвалт, няцрал, гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг, уруулд шарх, баруун чихний дэлбэнгийн зулгаралт гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч нь ерөнхий судас хатуурах өвчин, элэгний өөхлөлт, зүрхний архаг цус хомрох өвчин, титэм судасны хатуурал өвчтэй байжээ. Шүүх химийн шинжилгээгээр спиртийн зүйл цус, ходоодны шингэн, цөсөнд илрээгүй. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Амь хохирогч нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн өвсний түүх №3517-с 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13 цаг 05 минутад нас баржээ. ...” гэх /1хх94-104/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ЕГ0725/4009 дугаартай “...М.Б-ийн биед зүүн чих, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, баруун шуу, нурууны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” гэх /1хх84-86/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0525/778 дугаартай “...Б.Г-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. ...” гэх /1хх69-70/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 284 дугаартай “...Б.Г- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Г- нь хэргийн улмаас сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.Г-гийн сэтгэцийн хөгжил нь өөрийн насандаа байна. Б.Г- нь сэтгэцийн хувьд хоцрогдолтой гэх баримт мэдээлэл, шинж тэмдэг илрээгүй байна. Б.Г- нь болсон явдалд дүгнэлт хийж үг яриагаар болон үйл хөдлөлөөр дүрслэн үзүүлэх чадвартай байна. Б.Г- нь болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байна. ...” гэх /1хх112-113/ шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
3. Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Г- ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Б.Г- нь нэг цаг хугацаанд хоёр хохирогчийн эрүүл мэндэд халдан зодсоны улмаас хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан, амь хохирогч Г.О-о нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Өөрөөр хэлбэл, амь хохирогч Г.О-о гэмтэл авсны улмаас нас барсан шалтгаан буюу шүүгдэгч Б.Г-гийн түүнийг цохиж гавал тархины гэмтэл учруулж, улмаар амь хохирогч нь тус гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан үйлдэл, мөн хохирогч М.Б-т учирсан хөнгөн хохирол буюу шүүгдэгч түүнийг зодож зүүн чих, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, баруун шуу, нурууны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл шууд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Б.Г-г бусдын амь насыг хохироосон, мөн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
4. Шүүгдэгч Б.Г- нь “...хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, ...гэм буруугийн талаар маргаагүй. ...хор уршгийн зарим хэсгийг нөхөн төлсөн ба үлдэгдэл төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байна. ...бага насны 4-н хүүхэдтэй хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялаас багасгаж өгнө үү. ...”,
түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нь “...Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба мөрдөн шалгах ажиллагааны явцад оршуулгын зардалд 18.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, шийтгэх тогтоолд тодорхойлсон бусад хохирлын нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. ...анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул түүний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн санкц нь 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.
Хэргийн 2 дугаар хавтас 148-151 дүгээр талд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Г.Б-, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Г.Б-, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Г.А-, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Г.О- нарын төрсний гэрчилгээний хуулбар авагдсан, 1 дүгээр хавтас хэргийн 40-41 дүгээр талд гэрч Х.Э-ын “...Г- нь манай нөхөр, бид 2013 оноос хойш хамт амьдарч байгаа, дундаасаа 4-н хүүхэдтэй. Манай нөхөр Гачууртад байрлах “О-” хайрганы үйлдвэрт оператор хийдэг. Тухайн байгууллагад 10 жил ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаан байхгүй. Ганцаараа ар гэрээ тэжээн тэтгэдэг, 4 бага насны хүүхэдтэй...” гэсэн мэдүүлэг зэргээс шүүгдэгч Б.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна бага насны 4 хүүхэдтэй хувийн байдал тогтоогдож байна.
Иймд, дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно...” гэж заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жил хорих ялыг 10 жил 6 сар болгон багасган энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С- нь “...шүүгдэгчээс нийт 105.371.731 төгрөгийг нэхэмжилсэн боловч 18.000.000 төгрөгийг шүүх хурлын өмнөх өдөр шилжүүлсэн. Би үлдсэн 87.371.731 төгрөгийг нэхэмжилж байна. ...Шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөдсөн гэж үзэж байна. ...Бидний нэхэмжилсэн мөнгийг бүхэлд нь гаргуулж өгнө үү. ...”,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл нь “...Ял хөнгөдсөн, дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хохирлыг үндэслэлгүйгээр хассан. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй…” хэмээн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулахаар шүүхэд гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрх зүйн үндсийг тогтоожээ.
Бусдын амь насыг хохироосон гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон шүүгдэгч Б.Г-гийн хувьд учруулсан гэм хорыг арилгах үүрэг болон энэхүү гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу амь хохирогчийн гэр бүлийн гишүүд өөрсдийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эрх үүссэн байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, амь хохирогч Г.О-ог нас барах хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан П.С-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахад өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг нэхэмжлэхээ илэрхийлсээр ирсэн бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1032 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх59-61/-ээр сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж илэрснийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамааруулсан байна.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийн хохирлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, тухайлбал, хэргийн 1 хавтасны 203-250, 2 хавтасны 60 дахь талд авагдсан нотлох баримтуудаас 1хх 203, 209-216, 223, 2хх 5-20, 22-35 дахь талд авагдсан шашны зан үйл хийсэнтэй холбоотой гарсан зардлыг хэрэгсэхгүй болгож, тэтгэврийн зээлийн үлдэгдэл, сургалтын төлбөр, цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин иргэний журмаар шийдвэрлүүлэхээр, эмчилгээ болон оршуулах үйл ажиллагаатай холбоотой гарсан зардлууд, онгоцны тийз, орчуулгын хөлс зэргийг гэмт хэргийн хохиролд тооцон гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.
Харин, гэмт хэргийн хор уршгийн талаар буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С-гийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаар хууль зүйн дүгнэлт хийж, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 3 дугаар зэрэглэлээр тооцсон нь буруу байх тул зөвтгөн дүгнэв.
Учир нь, хүний амь нас хохирсон энэ хэргийн хувьд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нь зөвхөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон гэр бүлийн гишүүнд бус, тэгш эрхийн зарчимд тулгуурлан ар гэрт нь олгож буй нэг удаагийн шинжтэй нөхөн төлбөр бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэглэл харгалзан шийдвэрлэх нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д "Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заасанд нийцэхгүй, нарийвчилан зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй үндэслэлд хамаарна.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа болох 2025 оны 03 дугаар сарын 03-ны үед дагаж мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж, 99.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Г-гээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С-д олгож шийдвэрлэх дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэсэгчлэн хангаж, шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Г-гийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 159 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2298 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял, ...” гэснийг “...шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, ...” гэж,
3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 6 сар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, 60 хоног буюу 2 сар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Г-гийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 10 жил 8 сарын хугацаагаар тогтоосугай...” гэж,
7 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-гээс сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх хохирол төлбөрт 99.000.000 /ерэн есөн сая/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П-ийн С- /Регистрын дугаар НМО-/-д олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-гийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын сарын 11-ний өдрийг хүртэл нийт 159 /нэг зуун тавин ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА