Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01246

 

Ш.Ш-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/01840 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Ш-ийн хариуцагч З.Р-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 2,258,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Минии бие 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Сити их сургуулийн зүүн замд өөрийн цахилгаан скүүтертэй замын хөдөлгөөнд оролцож байхад Тоёота приус маркийн 64-65 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Зияхан овогтой Райымбек нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний чиг өөрчлөх байр эзлэхдээ осол аюул үүсгэхгүй байх нөхцөлийг хангаагүй, түүнчлэн 10.3, 10.4, 11.1, 11.12 тоотод заасны дагуу эгнээ байр өөрчлөхдөө бусад тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй эсрэг урсгал руу дарахдаа хурдны болон тээврийн хэрэгслийн хоорондын зай бариагүй зэрэг ноцтой зөрчил гаргаж, осол гаргасан. Тус авто ослын дараа миний толгой, нуруу өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн бөгөөд шүүх эмнэлэгийн дүгнэлтийн дагуу яаралтай эмнэлэгт хандаж толгой нуруугаа томографикт харуулан зохих хэмжээний анхан шатны эмчилгээ хийлгэсэн ба дахин үзүүлж эмчлүүлэх шаардлагатай гэж үзэх болсон. Учир нь, бие маань одоо хүртэл толгой байнга дүүрч өвдөх, үе үе хүчтэй хатгуулж өвддөг бөгөөд эмчийн өгсөн Билобил 120 мг эмийг сар уугаад ямарч үр дүнгүй байна. Мөн миний нуруу хэвлий ороож байнга өвддөг, удаан зогсохоор 2 гуя дагаж өвддөг болсон. Эдгээр эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлын бүтээмж маш их буурч, одоо болтол зорчиж чадахгүй айдастай байна. Би, өөрийн эрүүл мэндтэй холбоотой бодит зардал, ажлаагүй өдрийн цалин хөлсийг хариуцагч З.Р-ээр гаргуулах нэхэмжлэл гаргасан. Миний бие Гложекс консалтинг ХХК-ийн сахиулын ажлыг сарын 1,000,000.00 төгрөгийн цалинтай гүйцэтгэдэг, мөн давхар Старс салонд сарын 1,500,000.00 төгрөгийн цалинтай үсчинээр тус тус ажилладаг. Би, осол гарсан өдрөөс эхлэн ажлаа хийж чадалгүй эмчилгээ хийлгэсэн тул 12 хоног буюу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хуагцааны цалин болох Гложекс консалтинг ХХК-ийн сахиулын ажлын өдрийн цалин 45,454 төгрөг, 12 хоногийн цалин 545,454 төгрөг, Старс салоны өдрийн цалин 68,181 төгрөг, 12 өдрийн цалин 810,181 төгрөг, мөн эмчилгээний бодит зардалд 543,112 төгрөг, цахилгаан скүүтэрийн засварын төлбөрт 360,000 төгрөгийг зарцуулсан бөгөөд хариуцагчаас нийт 2,258,747 төгрөгийг нэхэмжиж байна. Хэдийгээр миний бие Гложекс консалтинг ХХК-ийн сахиулын ажлын цалингаа авсан боловч миний өмнөөс аав минь ажиллаж авсан, тиймээс энэ бол надад учирсан хохирол юм. Түүнээс гадна цахилгаан скүүтэрийг анх авсан газарт 360,000 төгрөгөөр засуулсан ба эмчилгээний зардлын хувьд осол болсон учраас ийм эмчилгээ хийлгэх, шинжилгээ өгөх шаардлагатай байсан тул 543,112 төгрөгөөр эм тариа худалдан авч, шинжилгээ өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие Сити их сургуульд менежерээр ажилладаг ба 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өөрийн ажлын байр руу очихоор Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороонд байрлах ажлынхаа зүүн талын замаар хөдөлгөөнд оролцож туслах зам руу баруун гар тийшээ эргэх үед нэхэмжлэгч нь цахилгаан скүүтэрээр зориулалтын бус замаар буюу авто машин зорчих хэсгээр хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй зорчиж явахдаа миний автомашины хойд хэсэг рүү мөргөж, улмаар зам тээврийн осол гаргасан. Дээрх ослын улмаас надад Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн. Би нэхэмжлэгчийн нэхэмжлэж буй эрүүл мэндийн бодит хохирол болох 517,612 төгрөгийг хүлээн зөвшөөрч, харин бусад шаардлагыг үндэслэлгүй хэмээн үзэж байна. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан төрийн мэдээллийн сангаас авсан лавлагаагаар нэхэмжлэгч нь Гложекс консалтинг ХХК-нд 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл ажилласан нь харагдаж байгаа буюу осол болох үед тус компанид ажиллаж байсан гэж үзэхгүй байна. Мөн Тээврийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 643 тоот тогтоолоор нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан гэж тогтоогоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1,741,066 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Хариуцагч этгээд анхааралгүй явсан учраас хохирлыг хариуцах ёстой гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч З.Р-ээс 903,112 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Ш-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,355,635 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 26,225 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.а.Нэхэмжлэгч Ш.Ш-ийн унаж явсан скүүтэр нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.37-д зааснаар унадаг дугуй гэж унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг (0.25 к.вт-аас илүүгүй чадал бүхий цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон байж болно), хоёроос цөөнгүй дугуйтай (хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцрээс бусад) тээврийн хэрэгслийг гэж заасан ба тус дүрмийн 25.4-т зааснаар унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно, а.унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд; b. ачаатай буюу ачаагүй өргөн нь 1 м-ээс илүү бол; с. зохион байгуулалттай цуваагаар яваа үед гэж заасан байтал нэхэмжлэгч нь унадаг дугуйн замаар бус автотээврийн хэрэгслийн засмал замаар зорчиж байсан нь өөрөө холбогдох заалтаа зөрчсөн асуудал. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Сүхбаатар дүүргийн Цагдаагиин газрын замын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн магадлагаанд хариуцагч З.Р- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасныг зөрчсөн гэсэн бол, нэхэмжлэгч Ш.Ш-ийг ямар нэгэн дүрэм зөрчөөгүй гэсэн байна гэж заасныг үндэслэсэн байна. Гэвч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т зааснаар жолооч урдаа яваа тээврийн хэрэгслийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй гэж заасан байх ба хариуцагч болон хэргийн газрын үзлэгээр баруун хойд талаараа мөргөсөн гэх дүгнэлт, магадлагааг гаргасан байх боловч машин ухарч яваагүй тохиолдолд мөргөх ямар ч нөхцөл байхгүй. Харин хойноос нь скүүтэрээр ирж мөргөсөн бол бас нэг өөр асуудал үүсч байна. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 25.8-т Унадаг дугуй, мопедын жолооч нь уулзвар, гарцаас өөр хэсэгт унадаг дугуйн замаар зорчих хэсгийг огтлон гарахдаа тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан Тээврийн прокурорын газраас гаргасан хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэсэн. Мөн прокурорын тус тогтоол болон эрх бүхий байгууллагаас гаргасан албан тушаалтны 2021.11.01-ны өдрийн магадлагааны 2.2-т ... осол гаргасан байх үндэслэлтэй байна ... буюу таамагласан өнгө аясыг агуулсан, 2.3-т ... Ш.Ш- нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна ... гэж заасан байх боловч Ш.Ш- нь Замын хөдөлгөөний дүрмийн 25.8, 25.4 дүгээр зүйлийг зөрсөн байна.

5.б.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний шүүх хуралдаанд биечлэн оролцох, өмгөөлөгч авах эрхийг минь хангаагүй ба өмгөөлөгч авах хүсэлтийг маань авч хэлэлцээгүй байна. Иймд хариуцагчийн зүгээс тус шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

6.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хэргийн 21 дүгээр хуудсанд эрх бүхийн албан тушаалтны магадлагаа авагдсан. Уг магадлагаагаар хариуцагчийг замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр торгуулийн хариуцлага хүлээлгэж 100,000 төгрөгөөр торгосон. Нэхэмжлэгчийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэж тогтоосон. Хариуцагч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан. Энэ хүсэлтийн дагуу хариуцагчийн эрхийг хангаж шүүх хуралдааныг 35 хоногийн хугацаагаар хойшлуулсан. Үүний дагуу өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Санжаадоржийг оролцуулсан. 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цаг 30 минутад шүүх хуралдаан зарлагдсан. Уг шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй мөн өмгөөлөгч авах хүсэлт шүүхийн и-мэйл хаяг руу явуулсан боловч шүүх хуралдаан эхэлснээс хойш 10 минутын дараа шүүгчийн туслах шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан. Хэргийг хариуцагчийн эзгүйд нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн. Цалин хөлстэй холбогдох хэсгийн талаар манай талаас гомдол гаргаагүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлд тус тус заасны дагуу зөрчлийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Ш.Ш- нь хариуцагч З.Р-д холбогдуулан гэм хорын хохиролд 2,258,747 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Хариуцагч З.Р- нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сити их сургуулийн зүүн талын замд Тоёота приус маркийн 64-65 УАР улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14 жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчиж цахилгаан скүүтэртэй явсан Ш.Ш-ийг мөргөн, түүний эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учруулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 18-21-р тал/

4.б.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч З.Р- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцах ёстой.

4.в.Дээрх ослын улмаас нэхэмжлэгч Ш.Ш-ийн эд хөрөнгөд 360,000 төгрөгийн, эрүүл мэндэд 543,112 төгрөгийн хохирол учирсан болох нь төлбөрийн баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 31-33-р тал/.

4.г.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч З.Р-ээс нийт 903,112 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Ш-т олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

4.д.Нэхэмжлэгч Ш.Ш- нь олох ёстой байсан орлого буюу цалин хөлс нийт 1,355,635 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх ажил олгогчоос авбал зохих цалин хөлсөө бүрэн авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй байна.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Ш.Ш- нь унадаг дугуйн замаар бус автотээврийн хэрэгслийн засмал замаар зорчиж дүрэм зөрчсөн, эрх бүхий албан тушаалтны магадлагаа таамагласан өнгө аястай, мөн шүүх хуралдаанд оролцох, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ. Гэвч нэхэмжлэгч Ш.Ш- нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч З.Р- нь өөрийнх нь зөрчилд шийтгэл оногдуулах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэрт хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байна.

5.а.Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг хангаж, түүний хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд хариуцагч талыг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр хуралдааныг үргэлжлүүлсэн шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй. /хх-ийн 101, 109-110-р тал/

6.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн хариуцагч этгээд анхааралгүй явсан учраас хохирлыг хариуцах ёстой гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа уг дүгнэлтийг харгалзан үзсэн болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/01840 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,090 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Г.ДАВААДОРЖ