Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01247

 

Ц.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2022/01297 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.О-ийн хариуцагч Э- ХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, түүний өмгөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би 2015 онд Э- ХК-ийн гаалийн хяналтын бүсийн эрхлэгчээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн хууль, дүрэм, журам зөрчөөгүй. Би компанийнхаа ахмад ажилтанд ордог. 2020 онд миний эрхэлж байсан гаалийн хяналтын бүсийн эрхлэгч гэсан ажил албан тушаалыг өөрчилж, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн гэх албан тушаалд томилсон. Уг албан тушаалд томилсноос хойш нэг жилийн дараа гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн гэх албан тушаалыг илүүц байна гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Э- ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/1158 тоот тушаалаар ажлын байрны орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ нь ямар ч үндэслэлгүй, орон тоо цөөрсөн гэдэг үндэслэлээр ажлаас халсан боловч бодит байдал дээр уг албан тушаалын орон тоо цөөрөөгүй. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байгаа тул урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны ажил хөлстэй тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Ц.О- нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнгээр ажиллаж байсан. Э- ХК-ийн бүтэц орон тооны өөрчлөлттэй холбогдуулан төрийн өмчийн эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны удирдамж, тус компанийн ТУЗ-ийн даргын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр баталсан компанийн бүтэц, хүний нөөцийн үйл ажиллагаанд хийх дотоод аудитын удирдамж, аудитын багийн тайлан дүгнэлт зэрэгт үндэслэн Э- ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолоор компанийн орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж,орон тооны дээд хязгаар 986 байсныг 946 болгоон 40-өөр багасгаж, төв офиссын орон тооны хягзаарыг 200 байхаар бууруулсан. Дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор, компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/184 дүгээр тушаал гарч, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1-т зааснаар ажил албан тушаалын нэр, орон тооны хязгаарыг баталж,уг тушаалын 5 дугаар хавсралтаар салбарын хасагдаж, цөөрсөн ажлын байрны жагсаалтыг баталсан. Тус тушаалаар салбарын нүүрс ачилт, логистикийн хэлтсийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний ажлын байрны орон тоо цөөрсөн ба салбараас ирүүлсэн саналын дагуу гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Ц.О-, Шинэсар нарын орон тоог цөөрүүлсэн. Энэ хоёр хүнийг сонгох болсон шалтгаан нь гаальд бараа мэдүүлэх системийн эрх байхгүй, сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн удаан сул зогссон ажил олгогчоос Ц.О-т 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр С/214 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулсан. Компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/1158 дугаар тушаалаар Ц.О-ийг ажлаас чөлөөлсөн. Компанийн гүйцэтгэх захирал нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргасан. Э- ХК-ийн гүйцэтгэх захирлаас хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Б/1158 дугаар тушаалыг гаргасан, энэ тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ц.О-ийн нэхэмжлэлтэй Э- ХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

4.а.Орон тоо цөөрүүлсэн хүний нэгээр намайг сонгосон байдаг. Сонгосон шалтгаан нь удаан хугацаагаар сул зогссон, гаальд бараа мэдүүлэх системийн эрхгүй гэж тайлбарладаг. Гэтэл байгууллагын сул зогсолт нь надаас шалтгаалахгүй, мөн миний бие гаальд бараа мэдүүлэх эрхийн сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр томилогдсон этгээд гаалийн гадаад портал систем /СЕРS/ программ ашиглан ордог ба энэ программаар нэвтрэхгүй 3 сар болоход автоматаар хаагддаг юм. Гаальд бараа мэдүүлэх эрхийг тухайн компани Гаалийн ерөнхий газарт хүсэлт гаргаж нээлгэдэг ба энэ нь хэрэгт авагдсан Э- ХК-аас Гаалийн ерөнхий газарт явуулж байсан албан тоотоор нотлогддог. Мөн бодит байдал дээр нэгжийн орон тоо 180-201 болон нэмэгдэж, хэлтсээс газар болон өргөжсөн. Орон тоо цөөрүүлсэнтэй холбоотой аль болох ажилчдыг халахгүй, шинэ гарсан ажил албан тушаалд томилох чиг үүргийг өгсөн. Гэтэл үндэслэлгүйгээр намайг сонгон, өөр ажилд томилох боломж байсан ч санал авахгүйгээр шууд чөлөөлсөн, Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнгийн 12 орон тоо өнөөдрийг хүртэл гүйцэд орон тоогоор ажиллаагүй сул орон тоо байгаа мөн өөр ажилтанг шинээр авч ирж тавьсан зэрэг нь хаиуцагчийн гаргаж өгсөн баримтаар нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд зөв үнэлж үндэслэлтэй шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч сул зогсолтод би буруугүй гэж тайлбарлаж байгаа боловч ажил олгогч байгууллагын хувьд сул зогсолт ихтэй ажилтныг сонгож ажлаас чөлөөлснийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй. Сул зогсолт ихтэй ажилтныг сонгож ажлаас чөлөөлөхгүй бол өөр ямар ажилтныг сонгох ёстой байсан талаар нэхэмжлэгч тайлбар гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Ц.О- нь хариуцагч Э- ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Нэхэмжлэгч Ц.О- нь хариуцагч Э- ХК-ийн гүйцэтгэх захиралтай 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, нүүрс ачилт, логистикийн хэлтсийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/1158 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо цөөрсөн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэх захирлын тушаал зэргээр тогтоогджээ. /хх-ийн 134-140-р тал/

5.Монгол Улсын Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ... компанийн бүтэц, зохион байгуулалт нь компанийн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хэрэгцээ шаардлагад нийцсэн эсэх, ажлын байрны сонгон шалгаруулалт хийгээд ажлын байрны давхардал, хөдөлмөрийн гэрээний маргааны талаарх нөхцөл байдалд үнэлэлт өгч, дүгнэлт гаргах ... чиглэлийг хариуцагч Э- ХК-д ирүүлсэн байна. /хх-ийн 65-р тал/

5.а.Дээрх албан бичигтэй холбоотойгоор хариуцагч Э- ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь 2021 он 03 дугаар сарын 19-ний өдөр компанийн бүтэц, хүний нөөцийн үйл ажиллагаанд хийх дотоод аудитын удирдамжийг баталж, дотоод аудитын тайлан, дүгнэлтэд компанийн орон тоог дөчөөр хасаж, орон тооны хязгаарыг 946 болгох боломжтой гэжээ. /хх-ийн 69-71, 81-111-р тал/.

5.б.Хариуцагч Э- ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь дээрх дүгнэлтийг үндэслэн, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 28 дугаар тогтоол гаргаж, нийт орон тоо 986 байсныг 946 болгон, батлагдсан орон тооны хязгаарт багтаан компанийн ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг шинэчлэн баталж, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг гүйцэтгэх захирал Б.Ганхуягт үүрэг болгосон байна. /хх-ийн 55-р тал/

5.в.Дээрх байдлаар компанийн орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж, зарим орон тоог хасаж, цөөрүүлсний дотор нэхэмжлэгч Ц.О-ийн ажиллаж байсан нүүрс ачилт логистикийн хэлтсийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн гэх орон тоо багтсан болох нь хариуцагч Э- ХК-ийн гүйцэтгэх захирлын А/184 дүгээр тушаал, зохион байгуулалтын бүтэц, ажлын байрны нэр, орон тооны жагсаалт, хасагдаж, цөөрсөн ажлын байрны жагсаалт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 57-64-р тал/.

5.г.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг заасан бөгөөд мөн зүйлийн 40.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан.

5.д.Хариуцагч Э- ХК нь зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж, зарим орон тоог хасаж, цөөрүүлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Ц.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг түүнд хүргүүлж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дах хэсэгт заасанд нийцсэн байна. Иймд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, бодит байдалд орон тоо нэмэгдсэж, өөр ажилд томилох боломжтой байсан гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

6.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2022/01297 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ Г.ДАВААДОРЖ