| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2002 00362 0173 |
| Дугаар | 2026/ДШМ/327 |
| Огноо | 2026-03-24 |
| Зүйл хэсэг | 18.6.1., 22.1.1., |
| Улсын яллагч | З.Хүслэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2026/ДШМ/327
2026 03 24 2026/ДШМ/327
Ж.Г-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор З.Хүслэн,
шүүгдэгч Ж.Г-, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, А.Энхтүвшин,
хохирогч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төлөөлөгч Ө.С-,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа, А.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ж.Г-ад холбогдох эрүүгийн 2002 00362 0173 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т- овгийн Ж-гийн Г-, 1986 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биржийн арилжаа мэргэжилтэй......, урьд ял шийтгэлгүй, /РД:ХЖ-/,
Шүүгдэгч Ж.Г- нь “...”Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Ж-гийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ж.Г-ын шууд хяналтад үйл ажиллагаа явуулах “Ж-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.М-той 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Улаанбаатар төмөр замаар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшний вагон тээвэрлэх, хамтран ажиллах гэрээ”-г байгуулж өөртөө болон Ж.Г-ад давуу байдал бий болгосон үйлдэлд “Ж-” ХХК-ийн үйл ажиллагааг удирдан Д.Ж-гийн үйлдэлд дэмжлэг үзүүлэн” хамтран оролцсон,
мөн яллагдагч Ж.Г- нь дээрх гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж “Ж-” ХХК-ийн үйл ажиллагааны орлого болох 600.000 ам.долларын хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор “Ж-” ХХК-ийн Голомт банк дахь 1М-4 дугаарын данснаас Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод өөрийн үүсгэн байгуулсан “М-” компанийн “М-” банкны 19М-2 дугаарын дансанд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 500.000 ам.доллар, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 100.000 ам.доллар буюу нийт 600.000 /1.578.924.000 төгрөг/ ам.долларыг тус тус шилжүүлж,
дээрх 600.000 ам.долларыг “М-” компанийн данснаасаа мөн өөрийн үүсгэн байгуулсан Монгол Улс дахь “М-” ХХК-ийн Голомт банкны 19М-8 дугаарын дансанд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэн авч,
улмаар “М-” ХХК-ийн Голомт банкны 19М-8 дугаарын данснаас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “М-” ХХК-ийн захирал Д.Б-гийн Голомт банк дахь 2Б-9 дугаарын дансанд шилжүүлж,
мөн өдөр Д.Б-тай “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулж улсын бүртгэлийн Ү-Б- дугаартай Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Б-гийн гудамж, 4 дүгээр хороолол, 6-4 тоот хаягт байрлалтай 1495 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объект, 1618/0127 нэгж талбарын дугаартай, 305 м.кв талбайтай эзэмших эрхийг гэрчилгээтэй газрыг “М-” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн авч мөнгө угаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Ж.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Ж.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт хамжигчаар оролцсон”, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Г-ыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил, 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Г-ад оногдуулсан 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ын энэ хэрэгт баривчлагдсан 48 цаг буюу 2 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасч, эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 5 сар 28 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Г- нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-аас 1.578.924.000 төгрөг гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Б-” гэх бичвэртэй 2 хуудас баримт, “Bank of america” гэх бичвэртэй 2 хуудас баримт, Арабын нэгдсэн Эмират улсаас ирсэн 2 хуудас баримт 1 дугтуй, “М-” ХХК-ны дүрэм, “М-” ХХК-ны газар эзэмших эрхийн гэрчилгээ №0000Б- дугаартай, “М-” ХХК-ны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “М-” ХХК-ны газрын кадастрын зураг, Газар эзэмшүүлэх гэрээ, “Ариг банк”-ны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №2100006417 дугаартай “Зээлийн гэрээ”, барьцааны гэрээ, гэрчилгээний хуулбарууд, “М-” ХХК-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Б-” ХХК-ны 2021.12.31-ний өдрийн 21/1978 дугаартай албан бичиг, “М-” ХХК-ны 2023.01.10-ны өдрийн 01, 02 дугаартай албан бичгүүд, “М-” ХХК-ны 2021 оны санхүүгийн аудитын тайлангийн хуулбар, Ариг банкны шилжүүлгийн маягт, Ариг банкны “харилцах данс эзэмших гэрээ”, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх №506 дугаартай гэрчилгээ, Согтууруулах ундаагаар үйлчлэх 4/0436 дугаартай тусгай зөвшөөрөл, Худалдаа хөгжлийн банкны “дотоод шилжүүлгийн маягт”, Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх №505 дугаартай гэрчилгээ, “М-” ХХК-ны эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Батламж, Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдийн мэдээлэл маягтын хуулбар, Хог хаягдал тээвэрлэх, хураамж төвлөрүүлэх гэрээ, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбар, “М-” ХХК-ны гар бичмэл албан бичиг, тохижилт цэвэрлэгээний гэрээ, соёл урлагийн газрын гэрчилгээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтран ажиллах гэрээ, хорооны засаг даргын тодорхойлолт, тохижилт цэвэрлэгээний гэрээ, хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангах, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг харилцан ажиллах гэрээ, “М-” ХХК-ны нэхэмжлэл бүхий албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №184/Ш32022/03992 дугаартай захирамж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйлчилгээ эрхлэх гэрээний хуулбар, үйлчилгээний акт, Нийслэлийн цагдаагийн газрын албан бичиг, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх №504 дугаартай гэрчилгээ, “М-” ХХК-ны хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, “М-” ХХК-ны эрх шилжүүлэх гэрээ, худалдан авах гэрээ, арилжааны гэрээ, амины орон сууц захиалан бариулах гэрээ, бусад баримтууд, “М-” ХХК-ны эрх шилжүүлэх гэрээ, худалдан авах гэрээ, Санхүүгийн байдлын тайлан, татварын тайлан, бусад баримтууд зэрэг нийт 153 хуудас баримт зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, “М-” ХХК-ны тамга 1 ширхгийг тус компанид буцаан олгож, компакт диск 4 ширхэг зэргийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Ж.Г-ад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, “М-” ХХК /РД:Б-/-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-Б- дугаартай Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Б- гудамж, 6/4 тоотод байрлах 1495 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 814 дугаартай прокурорын зөвшөөрлийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан.
Өмнөх буцсан захирамж, магадлалд Ж.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн бие даасан зүйл ангиар зүйлчлэх эсэхийг даалгаагүй, өмнө нь хэрэгт холбогдуулан шалгаад үйлдэл оролцоо байгаа эсэхэд дүгнэлтийг прокурорын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхийг тусгаснаас заавал хэрэгт оролцоотой эсэх талаар хэлэлцүүлэхээр ирүүлэхийг дүгнээгүй буцаасан ч дахин шинээр 2025 оны 09 дүгээр сард ирүүлсэн яллах дүгнэлт нь ЭХХШТХ-ийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй, яллагдагч нарын гэмт хэрэгт оролцсон гэх үйлдэл оролцоог ялгах, хэн нь ямар хэлбэрээр гэмт хэрэг санаачилсан, удирдсан төлөвлөсөн, хамтран оролцсон эсэх гэх мэт Эрүүгийн хуулийн ерөнхий анги давхар журамласан нь ойлгомжгүй, тодорхой бус тусгасан хэвээр ирүүлсэн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/6445 дугаартай шүүгчийн захирамжаар ЭХХШТХ-ийн 34.16 дугаар зүйлийн 5 дах заалтаар шүүх хуралдааныг хойшлуулж, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хойшлуулж шийдвэрлэхдээ Ж.Г-ыг ЭХТА-ийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж, “Ж-” ХХК ийн үйл ажиллагааны орлого болох 600.000 ам.долларын хууль бус эх үүсвэрийг нуун далдах зорилгоор 600.000 ам.долларыг Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хот руу шилжүүлсэн... гэх уг 600.000 ам доллар “Ж-” ХХК-ны ямар тодорхой үйл ажиллагааны орлого болохыг, эх үүсвэр нь юу байсан талаар тогтоогоогүй байна...” гэж үзээд энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай байна гэж дүгнэсэн.
Гэвч 2026.01.02-ны өдөр хэлэлцсэн шүүх хурлаас өмнө АТГ-ын комиссарын гэх баримт танилцуулсан ба хэрэг ирүүлэхдээ мөрдөгчийн 2025.12.26-ны өдрийн магадлагаа танилцахад ЭХХШТХ-ийн 27.11 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй өөрөөр хэлбэл энэ шинжээчийн дүгнэлтийг хийхдээ тусгай мэдлэгийн хүрээнд нотлох баримтуудыг үндэслэн санхүүгийн дүгнэлт нарийвчлан гаргуулахаар ажиллагаанд буцаасан.
Гэтэл мөрдөгчийн магадлагаа нь 2017.11.14-2019.12.20-ны өдрийг хүртэлх өдрийн орлого зарлагын гүйлгээг нүдэн баримжаагаар нийт дүнг тусгасан жагсаалтад үндэслэн хэлэлцүүлсэн боловч мөрдөгчийн магадлагаа нь “600.000 ам.доллар нь энэ компанийн үйл ажиллагааны орлого дотор байгаа байх олоод ав” гэх байдлаар ирүүлсэн байгааг шинжлэн судлахад энэ ажиллагаа бүрэн биелээгүй буюу шүүгчийн захирамж бүрэн биелээгүй байсан.
Шүүгдэгчийн төрсөн эцэг “гэрээ хийх үйл баримт байна” гэх боловч Г- энэ гэрээ байгуулахад ямар үүрэгтэй оролцсон талаарх үйл баримтыг шийтгэх тогтоолдоо шүүгдэгчийн гэм буруугийн талаар заасан нотлох баримтаар гэрч нарын мэдүүлгийг заасан ба гэрч нар нь уг асуудлын дараа “...“М-, Г-” нар найзууд, Г- захирал Төмөр замын дарга Ж-гийн хүүхэд болохоор...” гэх мэдүүлгүүдийг өгсөнд үндэслэн Д.Ж-гийн өөрийн түр ашиглахаар авсан компанитайгаа өөрөө эрх бүхий албан тушаалтны хувиар гэрээ байгуулсан нь өөртөө давуу байдал бий болгосон, Ж.Г-ыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлд хамжигчаар оролцсон гэм буруутай байна гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтын нотолгооны ач холбогдол хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлыг ЭХХШТХ-ийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр үнэлэх ёстой байсан.
Хэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо харьцуулах, эх сурвалжийг магадлах аргаар шалгалгүйгээр яллах дүгнэлтээс өөрөөр тогтоож шийдвэрлэсэн гэж үзэж дээд шатны шүүхээр дахин хянуулж хэлэлцүүлэхээр хандаж байна.
Өөрөөр хэлбэл, 2025.11.03 тоот шүүгчийн захирамжаар ЭХТА-ийн 18.6 дах зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө орлого гэж тодорхой заасан уг шинжийг тогтоох зайлшгүй хийх шаардлагатай гэж ажиллагаа хийлгүүлэхээр заасан шүүгчийн захирамж биелээгүй байхад 2025.12.26-ны өдрийн мөрдөгчийн магадлагааг тогтоосон гэж үзэж Авилгалтай тэмцэх газар нь Д.Ж- гуайг амьд сэрүүн байхад Б- гэх гэрчийн мэдүүлгийг мухарлах үүднээс мэдүүлэг авсан бол бодит байдал бүрэн тогтоогдох байсан, талийгаачийн “Б-” ХХК нь гүйцэтгэх захирал Н.М-той хэрхэн үгсэн хуйвалдсан гэх хэргийн гол зангилааг тайлах боломжтой байсаар байхад яагаад тодруулаагүй одоо тухайн энэ хэргийн талаар хамгийн сайн мэдэх хүн гэрч Н.М- гэгч нь Монгол улсад байхгүй гээд хэн аль нь мэдүүлэх боломжгүйгээс болж Ж.Г-ыг цагаатгах талын мэдүүлэг авагдаагүй.
НҮБ-н Конвенцын 19 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан өөрийг чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртэй эсхүл өөр этгээдэд болон байгууллагад шууд болон шууд бусаар зүй бус давуу байдал олгох зорилгоор чиг үүрэг буюу албан тушаалаа урвуулан ашиглах санаа сэдэл байсныг нотлох ёстой гэх заалтыг харгалзах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжийг хэрхэн ямар байдлаар ямар нотлох баримтаар тогтоогдож байгааг яллагдагчаар татах тогтоолд тусгаагүйн дээр ЭХХШТХ-ийн 16.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар зөвхөн мэдүүлгээр хүнийг яллахыг хориглоно гэж заасан заалтыг ноцтой зөрчсөн.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс ”Д.Ж- нь өөрийн түр ашиглахаар авсан компанитайгаа өөрөө эрх бүхий албан тушаалтны хувиар гэрээ байгуулсан нь өөртөө давуу байдал бий болгосон байна гэж үзэхээр байна ...дээрх эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлд нь Д.Ж-гийн хүү болох Ж.Г- нь хамжигчаар оролцсон нь Н.М-, Б.Б- болон бусад гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэж дүгнэсэн хэдийгээр “Ж-" ХХК-ийг Д.Ж- түр ашиглахаар авсан гэх дүгнэсэн боловч, Иргэний хууль болон Компанийн тухай хуульд хуулийн этгээд болох ХХК-ийг “түр ашиглах” гэсэн эрх зүйн ойлголт, зохицуулалт огт байхгүй.
Компанийн өмчлөл, хяналт нь хувьцаа эзэмшигчдийн эрхээр тодорхойлогдох бөгөөд Компанийн тухай хуулийн 59.1-д “компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна” гэж хуульчилсан байдаг.
Өөрөөр хэлбэл компанийн удирдлага, эрх шилжилт, бодит хяналтын өөрчлөлт нь хуульд заасан журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр явагдах ёстой. Хэрэгт авагдсан баримтаар “Ж-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б-, Б.З- нарын өмчлөл өөрчлөгдөөгүй, хувьцаа шилжилт бүртгэгдээгүй, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр хяналт шилжсэн тухай баримт байхгүй байхад уг компанийг Д.Ж- “өөрийн түр ашигласан” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Компанийн тухай хуулийн зохицуулалттай зөрчилдсөн дүгнэлт болно.
Хуулийн этгээд нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр эрх зүйн чадамжтай болж, татан буугдсанаар уг чадамж нь дуусгавар болдог бие даасан эрх зүйн субъект юм. Нэгэнт “Ж-” ХХК нь улсын бүртгэлд бүртгэлтэй, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн өөрчлөгдөөгүй, хувьцаа шилжилт хийгдээгүй, компанийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар хяналт шилжсэн тухай шийдвэр гараагүй нөхцөлд уг компанийг Д.Ж- “өөрийн түр ашигласан” гэж дүгнэх хууль зүйн үндэс бүрдэхгүй. Компанийн тухай хуулийн 59.1-д компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал болохыг тодорхой заасан тул компанийн бодит хяналт, эрх шилжилт нь хуульд заасан журмаар л тогтоогдох ёстой.
Үүнтэй холбоотойгоор, хэрэв УБТЗХНН-тэй байгуулсан гэрээг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгуулсан, улмаар давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа бол тухайн гэрээний шууд үр ашиг хүртэгч этгээд нь хуулийн этгээд болох компани өөрөө болон түүний хувьцаа эзэмшигчид байх ёстой.
Өөрөөр хэлбэл, гэрээний үр дүнд эдийн засгийн ашиг, давуу байдал хэн дээр төвлөрснийг тогтоох нь зайлшгүй шаардлагатай байсан. Гэтэл хэрэгт уг компанийн хувьцаа эзэмшигч Б.Б-, Б.З-, гүйцэтгэх захирал Н.М- нарын эрх, ашиг сонирхлын байдал, гэрээний үр шимийг хэн хүртсэн, тэд гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх асуудлаар иж бүрэн шалгалт, эрх зүйн үнэлгээ хийгдээгүй атлаа тэдний мэдүүлгийг голлон үнэлж, Д.Ж- болон Ж.Г- нарыг давуу байдал бий болгосон, хамжигчаар оролцсон гэж дүгнэсэн нь нотлох баримтын үнэлгээний хувьд зөрчилтэй байна.
Өөрөөр хэлбэл, хэрэв гэрээ байгуулснаар давуу байдал бий болсон бол уг давуу байдлын шууд хүртэгч этгээдийг тогтоох, тэдний эрх зүйн байр суурийг тодорхойлох ажиллагаа хийгдээгүй байхад зөвхөн эцэг хүүгийн харилцаанд тулгуурлан гэм бурууг тогтоосон нь шүүхийн дүгнэлт бодит байдалтай нийцээгүйд тооцогдох үндэслэл болно.
Д.Ж- өөрийн түр шилжүүлэн авсан компанитайгаа эрх бүхий албан тушаалтны хувиар гэрээ байгуулж өөртөө давуу байдал бий болгосон гэх дүгнэлт нь бодит байдалтай нийцэхгүй.
Анхан шатны шүүх “Ж-” ХХК болон УБТЗХХН нарын хооронд 2017.07.23-ны өдөр байгуулагдсан гэрээгээр давуу байдал бий болгосон гэж дүгнэсэн атлаа уг гэрээ байгуулагдах процессын бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар уг гэрээ нь УБТЗ-ийн дотоод шат дамжлагыг дамжиж, гарын үсэг зурахаас өмнө 5 албан тушаалтан хянаж, санал өгч, баталгаажуулсан байна. Гэвч эдгээр албан тушаалтнууд “ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийнхээ хүрээнд хяналт хийсэн эсэх”, “эрх хэмжээнийхээ дагуу шийдвэр гаргасан эсэх”, “тэдний шийдвэрт Д.Ж- нөлөөлсөн эсэх”, “гэрээ байгуулах явцад хууль, дотоод журам зөрчсөн тухай бодит нөхцөл байдал байсан эсэх” зэрэг асуудлыг огт шалгаж тогтоогоогүй байна.
Хэрэв уг гэрээ нь албан тушаалын байдлаа урвуулсан үйлдлийн үр дүнд байгуулагдсан гэж үзэж байгаа бол тухайн шат дамжлагын аль хэсэгт хууль зөрчигдсөн, хэн ямар үүргээ зөрчсөн, хэн нөлөөлсөн зэргийг тодорхой тогтоох нь зайлшгүй шаардлагатай байсан. Энэ нь хэргийн бүрэлдэхүүний объектив талын гол шинж болох “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан” эсэхийг тодорхойлох үндсэн нөхцөл юм.
Түүнчлэн гэрээ байгуулсан хуулийн этгээд болох “Ж-” ХХК нь тухайн үед гэрээ байгуулах эрх зүйн чадамжгүй, шаардлага хангаагүй, эсхүл хуульд заасан хориглосон нөхцөлтэй этгээд байсан эсэхийг тогтоогоогүй байна. Хэрэв гэрээ байгуулах боломжгүй, эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан бол энэ нь өөр асуудал боловч ийм нөхцөл байдал тогтоогдоогүй.
Мөн уг гэрээний үр дүнд тухайн хуулийн этгээд ямар бодит, хэмжигдэхүйц давуу байдал хууль зөрчиж бий болгож, эдийн засгийн ашиг хүртсэн болохыг тодорхой шалгуураар тогтоогоогүй байна. Ижил төрлийн 45 хуулийн этгээдийн гэрээтэй харьцуулсан үнэлгээ хийгдээгүй, яг аль нөхцөлөөр бусдаас илүү, давуу болсон нь тодорхой бус хэвээр байна.
Иймд шүүх гэрээ байгуулах процессын бодит нөхцөл байдлыг бүрэн шалгаагүй, гэрээнд гарын үсэг зурсан албан тушаалтнуудын эрх хэмжээ, үүргийг үнэлээгүй, нөлөөлөл, дарамт, хууль зөрчил байсан эсэхийг тогтоогоогүй, бодит давуу байдлыг эргэлзээгүйгээр тогтоогоогүй атлаа “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосон” гэж дүгнэсэн нь ЭХХШТХ-ийн 39.6 дугаар зүйлд заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлөх нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, мөн нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй нь дүгнэлтэд хамаарах үндэслэл болно.
Анхан шатны шүүх Ж.Г-ын гэмт хэрэгт оролцсон байдлыг гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон гэж дүгнэсэн. Тодруулбал, гүйцэтгэх захирал Н.М-, хувьцаа эзэмшигч Б.Б-, Б.З- болон компанийн зарим ажилтнуудын мэдүүлгийг голлон үнэлж, Ж.Г-ыг компанийн үйл ажиллагааг бодитоор удирдсан, улмаар албан тушаалын гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж тогтоосон байна.
Гэвч дээр дурдсан этгээдүүд нь тухайн гэрээний шууд үр ашиг хүртэгч хуулийн этгээдийн удирдлага, хувьцаа эзэмшигч, ашиг сонирхлын шууд хамаарал бүхий этгээдүүд бөгөөд тэдний мэдүүлэг нь өөрсдийн эрх зүйн байдлыг хамгаалах, хариуцлагаас зайлсхийх шинжтэй, субьектив агуулгатай байна.
Хэрэв уг гэрээ нь бодитоор давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа бол тухайн давуу байдлын шууд хүртэгч этгээдүүдийн өөрсдийн оролцоо, шийдвэр гаргалт, ашиг сонирхлын байдалд иж бүрэн үнэлгээ хийх ёстой байтал тэдний мэдүүлгийг Ж.Г-ын гэм бурууг нотлох үндсэн баримт болгон ашигласан нь нотлох баримтын үнэлгээний хувьд нэг талыг барьсан шинжтэй байна.
Мөн Ж.Г-ыг уг гэрээтэй холбоотойгоор гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан баримтаар “УБТЗХНН болон “Ж-” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд гарын үсэг зураагүй”, “гэрээ байгуулах эрх бүхий этгээд байгаагүй”, “уг гэрээний талаар албан ёсны шийдвэр гаргасан, чиглэл өгсөн, зааварласан, баталсан баримт тогтоогдоогүй” үйлдэл баримтаар нотлогдоогүй зөвхөн ашиг сонирхол бүхий гэрчийн мэдүүлгийг үндэслэсэн нь хуульд заасан шаардлагыг хангахгүй болно.
Хамжигч гэж үзэхийн тулд тухайн гэмт үйлдлийг хэрэгжүүлэхэд санаатайгаар дэмжлэг үзүүлсэн, урьдчилан тохиролцсон, бодит оролцоо илэрхийлсэн байх ёстой. Гэтэл Ж.Г-ын хувьд ийм шинжийг илэрхийлэх баримт бичгийн, шийдвэрийн, албан ёсны эрх хэрэгжүүлсэн үйлдлийн нотолгоо хэрэгт авагдаагүй.
Иймд түүнийг “компанийн үйл ажиллагааг удирдсан", “дэмжлэг үзүүлсэн” гэх дүгнэлт нь гэрчүүдийн субьектив мэдүүлэгт тулгуурласан таамаглалын шинжтэй бөгөөд бодит, баримтаар баталгаажсан эрх хэмжээ хэрэгжүүлсэн үйлдлээр нотлогдоогүй байна.
Энэ нь Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан тайлбарын 1.10-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй тул гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт байснаас бусад гэрчээс мэдүүлэг авахдаа эх сурвалжийг заавал тодруулна.” гэснийг зөрчсөн болно.
Анхан шатны шүүх “Ж-” ХХК-ийн данснаас шилжсэн 600,000 ам.долларыг мөнгө угаах гэмт хэргийн объект гэж дүгнэж, Ж.Г-ыг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт буруутайд тооцсон. Гэвч уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэгдүгээрт, мөнгө угаах гэмт хэргийн зайлшгүй шинж нь тухайн хөрөнгө нь тодорхой суурь гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлого байх явдал юм. Гэтэл 600,000 ам.долларын эх үүсвэрийг яг ямар үйлдлийн үр дүнд, ямар хэмжээгээр, ямар хохирлын дүнд бий болсон гэдгийг эдийн засаг, санхүүгийн нарийвчилсан шинжилгээгээр тогтоогоогүй байна. Хэрэв УБТЗ-тай байгуулсан гэрээгээр давуу байдал үүссэн гэж үзэж байгаа бол тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны нийт орлого, зардал, ашиг, эдийн засгийн үр нөлөөг иж бүрэн санхүүгийн шинжилгээгээр тогтоож, гэмт хэргийн улмаас бий болсон гэх орлогын хэмжээг бодитоор тодорхойлох шаардлагатай байсан.
Хоёрдугаарт, мөнгө угаах гэмт хэрэгт тухайн этгээд нь хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг мэдсэн байх субьектив талын шаардлага тавигддаг. Гэтэл 600,000 ам.доллар нь хууль бус орлого гэдгийг Ж.Г- мэдэж байсан гэх бодит баримт тогтоогдоогүй. Эх үүсвэрийг өөрөө тодорхой, эргэлзээгүй тогтоогоогүй нөхцөлд түүнийг хууль бус шинжийг ухамсарласан гэж дүгнэх нь логикийн хувьд боломжгүй.
Гуравдугаарт, хэргийн хүрээг зөвхөн 600,000 ам.доллароор хязгаарлан, уг дүнг гэмт хэргийн орлого гэж шууд дүгнэсэн нь санхүүгийн урсгалын бүтцийг бүрэн тогтоогоогүй, эдийн засгийн бодит байдлыг иж бүрэн шинжилгээгүй, таамаглалын шинжтэй шийдвэрлэсэн байдлыг илэрхийлж байна. Хэрэв компанийн үйл ажиллагаа 2017-2018 онд олон тэрбум төгрөгийн борлуулалттай байсан бол тухайн 600.000 ам.доллар нь хууль ёсны бизнесийн орлогоос ялган тогтоогдсон эсэхийг нотлох шаардлагатай байсан.
Иймд, 600,000 ам.доллар нь суурь гэмт хэргийн улмаас бий болсон орлого болох нь эргэлзээгүй тогтоогдоогүй, уг мөнгийг гэмт хэргийн үйлдэж олсон болохыг Ж.Г- мэдсэн нь нотлогдоогүй, компанийн нийт санхүүгийн урсгалыг иж бүрэн шинжилж, гэмт хэргийн улмаас бий болсон орлогын хэмжээг тодорхойлоогүй байхад мөнгө угаах гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдсан гэж үзсэн нь бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болсон.
Д.Ж-тай холбоотой ижил үйлдэл өмнө нь 184З-2 дугаартай хэрэгт шалгагдаж байсан атлаа дахин 2З- дугаартай хэрэг үүсгэн шалгасан нь нэг үйлдэлд давхар эрүүгийн үнэлгээ өгөхгүй байх зарчимтай нийцэхгүй. Нэг үйлдэлд хоёр хэрэг үүсгэж, тэдгээрийг нэгтгэн шийдвэрлэлгүй салгаж үзсэн нь процессын хувьд зөрчилтэй бөгөөд non bis in idem зарчимд харшилсан.
Мөн 2018 онд үүссэн үндсэн хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй, түүний эрх зүйн үнэлгээ бүрэн тогтоогдоогүй байхад уг үйлдэлтэй холбогдуулан хамжигчийн хэргийг тусад нь шийдвэрлэсэн нь логикийн хувьд боломжгүй. Суурь үйлдлийн эрх зүйн үнэлгээ тодорхой бус нөхцөлд хамжигчийн гэм бурууг тогтоох нь эрүүгийн эрх зүйн зарчимд нийцэхгүй.
Түүнчлэн нас барсан этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, өөрийгөө хамгаалах боломжгүй нөхцөлд түүний гэм бурууг тогтоосон мэтээр үнэлж, амьд байгаа гэр бүлийн гишүүдийн үйлдлээр дамжуулан гэм бурууг “нөхөж нотлох” байдлаар шийдвэрлэсэн нь хувь хүний эрүүгийн хариуцлагын зарчимд харшилна. Эрүүгийн хариуцлага нь хувь хүний гэм буруутай шууд холбоотой бөгөөд бусдын үйлдэл, хамаарал, гэр бүлийн холбоонд тулгуурлан тогтоогдох ёсгүй.
Нас барсан этгээдийн гэм бурууг түүний оролцоогүйгээр тогтоох оролдлого хийсэн нь шударга шүүхээр шүүлгэх эрхийн агуулгатай нийцэхгүй бөгөөд энэ нь зөвхөн тухайн этгээдийн бус, түүний гэр бүлийн нэр төр, хувийн болон гэр бүлийн халдашгүй байдлын эрхэд сөргөөр нөлөөлөх шинжтэй. Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн баримт бичгүүдэд баталгаажсан нэр төр, хувийн амьдрал, гэр бүлийн халдашгүй байдлын эрхийг хүндэтгэх зарчимтай ийм дүгнэлт нийцэхгүй.
Иймд, Үндсэн хууль, Эрүүгийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор баталгаажсан хүний эрхийн зарчимд нийцээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн бодит байдалд тулгуурласан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх боломжгүй гэж үзэж байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ж.Г-ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Аав минь амьд байсан бол энэ хэрэгтэй холбоотой үнэн зөв зүйлсийн талаар тайлбарлах байсан байх. Миний хувьд энэ компанид ажиллаж байсан. Гэвч би энэ компанийн төлөөлөгч биш. Би Сингапур улсын компанийн төлөөлөгч байсан. Гэрчийн мэдүүлгээр намайг ялласан гэж ойлгосон. Гэвч би тухайн хүмүүсийг танихгүй. Би энэ байгууллагын үйл ажиллагаанд 100 хувь оролцож байгаагүй учраас Н.М-той харилцан ажиллаж байсан. Тайлан балансаа цааш Сингапур улс руу явуулдаг байсан. Үйл ажиллагаатай холбоотой Н.М-д зөвлөдөг байсан. Б- гэх хүнийг би огт танихгүй. Аавтай минь найзууд байсан эсэхийг би мэдэхгүй. Аав минь өөрийнхөө ажил болон найзуудын талаар надад тайлан тавьдаггүй байсан. Би Ж- гэх хүний хүүхэд болж төрсөндөө өнөөдөр буруутгагдаж байгаа юм байна гэж ойлгож байна. ...” гэв.
Хохирогч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төлөөлөгч Ө.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хувьд төрийн өмчийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг захиран зарцуулах болон ашиг орлогыг нэмэгдүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага юм. Мөрдөн шалгах байгууллага болон прокурорын газар хангалттай хугацаанд хангалттай нотлох баримтуудаар гэм буруутайг тогтоож хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр гэм буруутай байдлыг тогтоож шийдсэнийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор З.Хүслэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Ж- нь Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргаар ажиллаж байхдаа “Ж-" ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу өмчлөгч Б- гэх хүнтэй холбоо тогтоож тусгай зөвшөөрөл бүхий тухайн компанийг ашиглах, тухайн компанийн нэр дээр тээврийн үйлчилгээ явуулах зорилгоор тухайн компанийн өмчлөлийг өөртөө шилжүүлэн аваагүй. Зөвхөн гүйцэтгэх захирлаар Н.М- гэх хүнийг томилуулах замаар тухайн компанийн нэр дээр тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулсан байдаг. Тухайн үйл ажиллагааны орлого болох 600,000 ам доллар Арабын нэгдсэн Эмират улсад байгуулагдсан Ж.Г-ын компани руу шилжиж улмаар 600,000 ам доллар эх үүсвэрээ өөрчилж Монгол Улсад орж ирэн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Б-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан үйл баримт нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Ж.Г- тухайн хуулийн этгээдийг удирдан зохион байгуулж байгаа нь компанийн үйл ажиллагаанд хамааралгүй гэх агуулгаар өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болох гэрч нарын мэдүүлгээр Ж.Г- тухайн компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг. Хамаатан, төрөл садны харилцаатай хүмүүсээ ажилд авсан, мөн тухайн байгууллагад ажилд орох ярилцлагыг Ж.Г- авч тухайн компанид хэн ажиллах эсэхийг шийддэг талаар тухайн байгууллагад ажиллаж байсан этгээдүүдийн өгсөн гэрчийн мэдүүлэг бий. Мөн 600,000 ам доллар Улаанбаатар төмөр замаас гэрээ байгуулсан “Ж-" ХХК-ийн үйл ажиллагааны орлого нь Арабын нэгдсэн Эмират улс руу шилжсэн, цаашлаад Монгол Улсад орж ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримт, дансны хуулга зэргээр тогтоогдсон. 600,000 ам доллароор үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан, худалдан авснаас хойш үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлсэн талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг шинжлэн судалсан. Тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр хэргийг хэлэлцээд шүүгдэгчийг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа, А.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,
шүүгдэгч Ж.Г- нь “...Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Ж-гийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ж.Г-ын шууд хяналтад үйл ажиллагаа явуулах “Ж-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.М-той 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Улаанбаатар төмөр замаар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшний вагон тээвэрлэх, хамтран ажиллах гэрээ”-г байгуулж өөртөө болон Ж.Г-ад давуу байдал бий болгосон үйлдэлд “Ж-” ХХК-ийн үйл ажиллагааг удирдан Д.Ж-гийн үйлдэлд дэмжлэг үзүүлэн” хамтран оролцсон,
мөн яллагдагч Ж.Г- нь дээрх гэмт хэргийн улмаас бий болсон “Ж-” ХХК-ийн орлого болох 600.000 ам.долларыг хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор “Ж-” ХХК-ийн Голомт банк дахь 1М-4 дугаарын данснаас Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод өөрийн үүсгэн байгуулсан “М-” компанийн “М-” банкны 19М-2 дугаарын дансанд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 500.000 ам.доллар, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 100.000 ам.доллар буюу нийт 600.000 /1.578.924.000 төгрөг/ ам.долларыг тус тус шилжүүлж, дээрх 600.000 ам.долларыг “М-” компанийн данснаасаа мөн өөрийн үүсгэн байгуулсан Монгол Улс дахь “М-” ХХК-ийн Голомт банкны 19М-8 дугаарын дансанд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэн авч, улмаар “М-” ХХК-ийн Голомт банкны 19М-8 дугаарын данснаас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “М-” ХХК-ийн захирал Д.Б-гийн Голомт банк дахь 2Б-9 дугаарын дансанд шилжүүлж, мөн өдөр Д.Б-тай “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулж улсын бүртгэлийн Ү-Б- дугаартай Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Б-гийн гудамж, 4 дүгээр хороолол, 6-4 тоот хаягт байрлалтай 1495 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объект, 1618/0127 нэгж талбарын дугаартай, 305 м.кв талбайтай эзэмших эрхийг гэрчилгээтэй газрыг “М-” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн авч мөнгө угаасан болох нь:
гэрч Б.Б-ын /1хх120-121/, гэрч Н.М-ын /1хх111-114/, гэрч Б.M-ын /1хх123-124, 126/, гэрч Д.Б-гийн /1хх128-129/, гэрч С.Б-гийн /1хх192-194/, гэрч Э.А-ын /1хх184-185/, гэрч Ө.Б-гийн /1хх187-188/, гэрч Б.Н-ын /1хх210-211/, гэрч М.О-ы /1хх216-217/, гэрч Б.О-ийн /1хх219-220/, гэрч Э.О-ын /1хх222-223/, гэрч М.З-ын /1хх131/, гэрч Д.А-ын /1хх134-135/, гэрч Э.Ж-ын /1хх138-141/, гэрч П.М-ын /1хх143-144/, гэрч Н.Т-ын /1хх225-226/, гэрч М.С-ын /1хх229-230/, гэрч А.С-ын /1хх232-233/, гэрч М.Х-ын /1хх235-236/, гэрч Х.У-ын /1хх240-241/, гэрч Б.М-ын /1хх244-246/, гэрч Ц.Д-ын /9хх241-242/, гэрч Б.О-ийн /9хх244-245/, гэрч Б.З-ын /10хх52-54/ мэдүүлгүүд, Н.М-, Б.Б- нарыг нүүрэлдүүлэн байцаасан /1хх117-118/ тэмдэглэл,
Голомт банкны 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14/хх/103-775 дугаартай “Ж-” ХХК-ийн 1М-4 тоот данснаас “2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 500.000 долларын, зарлагын гүйлгээг Голомт хотхон салбарын ажилтан Б- Н-, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 100.000 долларын зарлагын гүйлгээг Голомт хотхон салбарын ажилтан О- Б- нар хийсэн байна.” гэх албан бичиг, дансны хуулга /1хх28-32/,
Голомт банкны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14/хх/03-1229 дугаартай 600.000 ам.долларын хөдөлгөөний нотолж буй “Ж.Г-ын гадаад гүйлгээний мэдээлэл” гэх албан бичиг, дансны хуулга /1хх34-35/, “М-” ХХК-ийн Голомт банк дахь 19М-7, 19М-8 тоот долларын дансны хуулганууд /1хх38-39, 154-157/, “Б-” ХХК-ийн дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх40-41/, Д- овогт Б-гийн Голомт банк дахь 2Б-9 тоот дансны хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх45-47/, Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх49-51/, “Ж-” ХХК-ийн эзэмшил дэх Голомт банкны дансны хуулгууд /1хх52-100/, “Ж-” ХХК-ийн эзэмшил дэх Төрийн банкны дансны хуулгууд /1хх102-104/,
Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1798 дугаартай “Улсын бүртгэлийн Ү-Б- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, /Д-/ Б- гудамж 6-4 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “М-” ХХК /РДБ-/ бүртгэлтэй байна.” гэх албан бичиг, хавсралт, улсын бүртгэлийн гэрчилгээ /2хх9-96/,
2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “М-” ХХК-ийн захирал Д.Б-гаас Б.О-т олгосон “Улсын бүртгэлийн Ү-Б- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, /Д-/ Б- гудамж 6-4 тоот хаягт байрлах 1490 мк2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах эрх олгох тухай” итгэмжлэл /2хх77/,
2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “М-” ХХК-ийн захирлын итгэмжилсэн төлөөлөгч Б.О-, “М-” ХХК-ийн захирал Ж.Г- нарын хооронд байгуулагдсан “Улсын бүртгэлийн Ү-Б- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, /Д-/ Б- гудамж 6-4 тоот хаягт байрлах 1490 мк2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ” /2хх75/,
“...“М-” ХХК-ийн ...” гэх Д- регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /2хх82-85/, “...“М-” ХХК-ийн захирал Ж.Г-...” гэх Б- регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /2хх78-81/,
“...Улсын бүртгэлийн Ү-Б- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, /Д-/ Б- гудамж 6-4 тоот хаягт байрлах 1490 мк2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь “М-” ХХК-ийн өмчлөлийнх гэх улсын бүртгэлийн гэрчилгээ /2хх87/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №11-1698156 дугаартай “...Улсын бүртгэлийн Ү-Б- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, /Д-/ Б- гудамж 6-4 тоот үйлчилгээний өмчлөгчөөр хуулийн этгээд “М-” бүртгэлтэй байх бөгөөд 2019-03-19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ шилжүүлэн авсан байна, өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөд үүрэг ногдуулсан бүртгэл хийгдээгүй байна. ...” гэх албан бичиг /2хх97/,
“...Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь “Ж-” ХХК-тай 2017 оны 06 дугаар сараас эхлэн улсын тээш тээвэрлэлт, импортын тээврийн үйлчилгээ болон ачаа тээврийн үйлчилгээний цахим систем программаар бичиг баримт цахим хэлбэрээр солилцох программ хангамжийг ашиглах, ачааны вагон засварлах чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. ...” гэх 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12/323 дугаартай албан бичиг, баримтууд /2хх154-250, 3хх1-183/,
Гаалийн ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01-2/303 дугаартай “Ж-” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш импортолсон бараа, материалын талаарх мэдээлэл, жагсаалт /3хх186-187/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 7/5582 дугаартай “...“М-” ХХК болон иргэн Ж.Г-, Д.Б- нарын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл, “М-” ХХК, “Ж-” ХХК-иудын өмчлөлд эд хөрөнгө бүртгэлгүй байна.” гэх албан бичиг /3хх189-190/,
“М-” ХХК, “М-” ХХК, “Ж-” ХХК-иудын улсын бүртгэлийн хувийн хэргүүд /3хх192-197/,
Татварын ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 07/3064 дугаартай “...“М-” ХХК, “М-” ХХК, “Ж-” ХХК нарын төлсөн татварын мэдээлэл...” /3хх205-207/,
Гаалийн ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01-2/300 дугаартай “...гаалийн бүрдүүлэлтийн мэдээлэл...” гэх албан бичиг /3хх209-221/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 11/4206 дугаартай “...”Д-” ХХК, “Ж-” ХХК, “ДД-” ХХК, “И-” ХХК нарын хувийн хэргийн хуулбарууд /3хх233-250, 4хх1-250, 5хх1-10/,
“И-” ХХК “Ж-” ХХК, “И- холдинг” ХХК, ”Д-” ХХК-ийн арилжааны банкнуудын дансны хуулганууд /9хх121-169/,
“Э-” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-323-6925 дугаартай “...Улсын бүртгэлийн Ү-Б- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, /Д-/ Б- гудамж 6-4 тоот хаягт байрлах 1490 мк2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ...2.407.260.147 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээний тайлан /10хх83-102/,
Ж.Г-ын арилжааны банкнуудын данснуудын мэдээлэл /10хх113-128/,
2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10/1528 дугаартай Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас ирүүлсэн баримтууд /10хх130-250/,
“С-” ХХК болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нарын дунд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан 02/2016 дугаартай хэлцэл /10хх158/,
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх, төлбөр тооцоо байгуулах тухай ТТ/16/026 дугаартай гэрээ /10хх159-166/,
2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ТТГ/17/017 дугаартай УБТТ-аар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшийн вагон тээвэрлэх, хамтран ажиллах гэрээ, гэрээний хавсралт /10хх167-178/,
2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаартай мөрдөгчийн магадлагаа /15хх157-176/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотолсон байна.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ж.Г-ад холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь зөв байна.
Тодруулбал, шүүгдэгч Ж.Г-ыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар оролцсон”, мөн “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэсэн нь тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хуульд заасан төрөл хэмжээний дотор байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа “...яллагдагч нарын гэмт хэрэгт оролцсон гэх үйлдэл оролцоог хэн нь ямар хэлбэрээр гэмт хэрэг санаачилсан, удирдсан төлөвлөсөн, хамтран оролцсон гэх мэтээр ялгалгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангиар давхар журамласан нь ойлгомжгүй, ... 600.000 ам доллар нь “Ж-” ХХК-ны ямар тодорхой үйл ажиллагааны орлого болохыг, эх үүсвэр нь юу байсан талаар тогтоогоогүй, шүүгчийн захирамж бүрэн биелээгүй, ...гэрч Н.М- нь Монгол улсад байхгүй ...мэдүүлэг өгөх боломжгүйгээс болж Ж.Г-ыг цагаатгах талын мэдүүлэг хэрэгт авагдаагүй, ...гэмт хэргийн шинжийг хэрхэн ямар байдлаар ямар нотлох баримтаар тогтоогдож байгааг яллагдагчаар татах тогтоолд тусгаагүй ...зэрэг үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин “...Хэрэгт авагдсан баримтаар “Ж-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б-, Б.З- нарын өмчлөл өөрчлөгдөөгүй, хувьцаа шилжилт бүртгэгдээгүй, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр хяналт шилжсэн тухай баримт байхгүй байхад уг компанийг Д.Ж- “өөрийн түр ашигласан” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Компанийн тухай хуулийн зохицуулалттай зөрчилдсөн, ...бодит байдалтай нийцээгүй, ...“Ж-” ХХК болон УБТЗХХН нарын хооронд 2017.07.23-ны өдөр байгуулагдсан ...гэрээ нь УБТЗ-ийн дотоод шат дамжлагыг дамжиж, гарын үсэг зурахаас өмнө 5 албан тушаалтан хянаж, санал өгч, баталгаажуулсан, тэдний шийдвэрт Д.Ж- нөлөөлсөн эсэхийг шалгаж тогтоогоогүй. ...Ж.Г-ыг уг гэрээтэй холбоотойгоор гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан баримтаар “УБТЗХНН болон “Ж-” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээ байгуулах эрх бүхий этгээд байгаагүй, ...600,000 ам.долларын эх үүсвэрийг яг ямар үйлдлийн үр дүнд, ямар хэмжээгээр, ямар хохирлын дүнд бий болсон гэдгийг эдийн засаг, санхүүгийн нарийвчилсан шинжилгээгээр тогтоогоогүй, 600,000 ам.доллар нь хууль бус орлого гэдгийг Ж.Г- мэдэж байсан гэх бодит баримтгүй байхад мөнгө угаах гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдсан гэж үзсэн нь бодит байдалтай нийцээгүй, түүнчлэн нас барсан этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, өөрийгөө хамгаалах боломжгүй нөхцөлд түүний гэм бурууг тогтоосон мэтээр үнэлж шийдвэрлэсэн нь хувь хүний эрүүгийн хариуцлагын зарчимд харшлах тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
Шүүдэгч Ж.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулна.
Тус гэмт хэргийн субьектив талын шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр тодорхойлогдох бөгөөд энэ нь шууд болон шууд бус санаагаар илэрч болохоос гадна сэдэлтийн хувьд шунахайн болон хувийн бусад сонирхол байснаар тогтоогддог бол объектив талын шинж нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлын эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар эсвэл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор үйлдэх буюу хийх ёстой зүйлээ хийхгүй эсхүл хийх ёсгүй зүйлийг хийснээр өөртөө болон бусдад давуу байдал олж авсан үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Мөн “Нийтийн албан тушаалтан” гэсэн тусгай субъектэд хэн хамаарах болохыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авилгын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тодорхойлсон бөгөөд тус гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийн хувьд харин заавал нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй, тэдгээр нь үйлдэл, сэдэлт, зорилгоороо нэгдсэн байхыг ойлгоно.
Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд Д.Ж- нь нийтийн албан тушаалтнаар буюу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргаар ажиллаж байсан байх бөгөөд ингэхдээ өөрийн албаны бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан өөрийн хүү Ж.Г-ын шууд хяналтад байдаг “Ж-” ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Улаанбаатар төмөр замаар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшний вагон тээвэрлэх, хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан, улмаар энэ гэрээний дагуу олсон орлого болох 600.000 ам.долларыг шүүгдэгч Ж.Г- авсан үйл баримт тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ж- нь нас барсан байх ба уг нас барсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзах тухай прокурорын тогтоол гарчээ. Энэ нөхцөл байдал нь шүүгдэгч Ж.Г-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Тодруулбал, гэрч Б.Б-ын “...Нэг өдөр Д.Ж- надад “чи “Ж-” ХХК-аар явуулах ачаагаа олсон юм уу, олоогүй бол надад компаниа түр ашиглуулчих эсвэл зарчих тээвэрт явж байвал түүх үүснэ” гэж хэлж байсан. Би тухайн үед “Би өөрөө энэ компаниар тээвэр зуучийн үйл ажиллагаа хийнэ ээ” гэж хэлээд түр ашиглуулахаар компанийн гэрээ, тамга тэмдэг зэргийг Д.Ж-гийн явуулсан хүн болох н.М- гэх эрэгтэйд хүлээлгэж өгөн тэр хүнийг гүйцэтгэх захирлаар томилж өгсөн. Хувь хувьцаа бол над дээр байсан. Компанийн тамга тэмдэг гэрчилгээ гүйцэтгэх захирлын албан тушаал зэргүүдийг Д.Ж-д өгсөн, сонсоход н.М- нь Д.Г-ын найз гэж байсан. ...Тухайн үед Г-ын найз гэх Н.М- нь гүйцэтгэх захирал байсан. Тэр хүн л мэдэж байгаа байх. Эх үүсвэрийн талаар мэдэхгүй. Би Д.Ж-д ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй ба мөнгөний гүйлгээ хийгээгүй компаниа өгч байсан. ...” /1хх120-121/,
гэрч С.Б-гийн “...“Ж-” ХХК нь манай үеэл ах Ж.Г-ын компани байгаа юм, ...ажилд орох гээд очиход Н.М- ах, Ж.Г- ах нар хамт байсан. “Ж-” ХХК-ийн захирлаар М- ах, гүйцэтгэх захирлаар О-, тээврийн ахлах менежерээр У-, аюултай ачаа хариуцагчаар Р-, Б- гэх хүмүүс хамтран ажиллаж байсан. ...Татвараас хийсэн шалгалтын дараа оффисоос тавилга, санхүүгийн баримтуудыг гаргаж грашид хийсэн, М- ах л мэдэх байх, 1 жил 6 сарын хугацааны үйл ажиллагааны баримтууд байсан тул 10 гаруй хавтас баримтууд байсан санагдаж байна. ...Надад Ж.Г-, Н.М- ах нар “ийм учиртай гүйлгээ” гэдгээ хэлдэггүй. Ж.Г-, Н.М- нар хоорондоо яриад ийм гүйлгээ хийнэ гээд л тэгээд би баримтыг бүрдүүлдэг байсан. ...” /1хх192-194/,
гэрч Э.А-ын “...Би М- гэх хүнийг танихгүй, ...компанийн захирлаар Г- ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Г-, С- нар үйл ажиллагааг нь хариуцан ажиллаж байсан. Г- захирлын хувьд Улаанбаатар төмөр зам ХХН-ийн захирлын хүүхэд гэдгээс өөрөөр сайн мэдэхгүй. Намайг ажиллаж байхад Г- захирал ирэн, очин ажиллаж байсан. Компанийн нягтлан бодогч нь З- гэх хүн ажиллаж байсан. ...” /1хх184-185/,
гэрч Ө.Б-гийн “...Би “Ж-” ХХК-д 2017-2018 онд менежер хийж байсан. Энэ компанид манай нагац эгч Р- ажиллаж байгаад намайг ажилд орооч гэж санал болгоод би ажилд орсон. ...Тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. ...Намайг энэ компанид ажиллаж байхад М- гэж гүйцэтгэх захирал байсан. ...Ж.Г- гэж хүн байсан, гэхдээ яг гүйцэтгэх захирлын ажлыг хийж байгаагүй байх ер нь бол ТУЗ-д байсан байх. ...Би Г- гэж хүнийг Ж- даргын хүүхэд гэдгээр нь мэднэ. ...” /1хх187-188/,
гэрч Б.Н-ын “...2019 онд Г- захирал дуудаад Гаалийн ерөнхий газар руу очоод ир гэхээр нь би Гаалийн ерөнхий газарт очоод гааль зуучлалын эрх олгосон даргатай уулзсан чинь танай “Ж-” ХХК нь хууль бус ажиллагаа явуулсан байна, Сангийн яамнаас эрх олгохыг зогсоосон байгаа гэж хэлж байсан. Би буцаж очоод Г- захиралд хэлсэн чинь надад юм хэлээгүй тэгээд би өрөөнөөс нь гарсан. Намайг “Ж-” ХХК-д ажиллаж байхад захирал Г-, ерөнхий менежер С-, хүний нөөц хариуцсан С- гэх залуу байсан. Намайг “Ж-” ХХК-д анх ажилд ороход л Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-тай хамтран ажиллаж байсан. Намайг “Ж-” ХХК-д ажиллаж байх хугацаанд уг компанийн үйл ажиллагааг Ж.Г- удирдаж байсан. Ж.Г-ын аав Ж- нь ер нь бол ард нь байдаг байсан. Ж.Г- төмөр замтай холбоотой асуудал дээр бол аягүй том эрх мэдэлтэй байсан. Бас “Ж-” ХХК-ийн ачаа тээвэр нь бусад компаниудын урдуур л ороод үйл ажиллагаа явуулаад байдаг байсан...” /1хх210-211/,
гэрч М.О-ы “...Тэр үед “Ж-” ХХК-н захирал Г- гэж хүн, залгаад “Манай компани нягтлан бодогч хайж байгаа Тээврийн үйл ажиллагаа явуулдаг ирж уулзаарай” гэсний дагуу Баруун 4-н замын хажууд байх Рокмон билдингийн 6 давхарт байх “Ж-" ХХК-н оффист очиж анкет бөглөөд захирал Г-тай ярилцлага өгөөд ажилд орсон. Ерөнхий захирлаар Г-, гүйцэтгэх захирлаар С-, Ерөнхий нягтлан бодогч З-, хүний нөөцийн ажилтан 1, Шатахуун тээврийн багт 4 хүн, Тээврийн зуучлалын менежер 4 хүн байдаг байсан. Ж.Г- захирлын аав нь Ж- гэдгийг ажилчдаасаа сонссон. Н.М- гэх хүнийг мэдэхгүй байна. Компанийн үйл ажиллагааг Г- захирал удирдан зохион байгуулдаг байсан. Компанийн хөрөнгө санхүү, болон ашиг орлого нь авдаг байсан хүн бол Г- захирал юм. ...Намайг ажиллаж байх хугацаанд шатахууны тээвэртэй холбоотой орлого дийлэнх орлогыг бүрдүүлдэг байсан. ...” /1хх216-217/,
гэрч Б.О-ийн “...“Ж- ХХК-ийн захирал нь Ж.Г-, Хятад талыг хариуцсан гүйцэтгэх захирал С-, борлуулалт, маркетингийн дарга У-, нягтлан бодогч З-, тээврийн ахлах менежер У-, талбайн мэргэжилтэй А-, орох зах зээлийг хариуцсан менежер Н-, Б-, шатахуун тээврийн багт Б-, Н- гэх хүмүүс ажиллаж байна. Бүтэн нэрийг нь сайн санахгүй байна. ...Н.М- гэх хүнийг танина. “Ж- ХХК-д намайг ажиллаж байх хугацаанд ямар нэгэн албан тушаал болон ажил үүрэг гүйцэтгэж байгаагүй. Харин захирал Г-ын найз нөхөд гэдгээр мэднэ. Манай компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцож хамтарч ажиллаж байсан зүйл байхгүй. Гэхдээ Г-тай байнга уулзаад байж байдаг байсан. Компанийн хөрөнгө санхүү болон ашиг орлого, эрх мэдэл захирал Г-ад байдаг байсан. ...” /1хх219-220/,
гэрч Э.О-ын "...Миний хувьд “Н-” ХХК-д Ж.Г-ын хамт ажиллаж байсан бөгөөд Ж.Г- дээрх компанийг үүсгэн байгуулж байгаа манай компанид орох уу гэхээр нь ажилд орсон. Гүйцэтгэх захирлаар М-, үйл ажиллагаа хариуцсан захирлаар У-, ерөнхий нягтлан бодогчоор Б-, Хятад хэлтэй тээврийн менежер Т-, гадаад харилцаан менежер О-, тээврийн менежерээр А-, Д-, Н-, Х-, Б-, Өлзийхутаг нар ажиллаж байсан. Мөн Ж.Г- тухайн оффист сууж ажилладаг байсан ба яг ямар ажил хийдэг байсан талаар нь мэдэхгүй байна, ямар ч гэсэн тээвэр олж ирдэг байсан. ...” /1хх222-223/,
гэрч Д.А-ын “...“Ж-” ХХК нь угаасаа Олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулж, чингэлэг тээвэр хийдэг учир өдөр тутмын үйл ажиллагаагаараа Улаанбаатар төмөр замтай холбогддог, гэхдээ албан ёсны хамтран ажиллах гэрээ байхгүй, төмөр замаар ачаа тээвэрлэсний буюу зам ашигласан, вагон ашигласны төлбөрийг Улаанбаатар төмөр замын тусгай дансанд төлдөг байгаа. ...“Ж-” ХХК-ийн Голомт банкны 1М-4 дугаарын данснаас 2018.06.18-ны өдөр 500,000 ам.доллар, 2018.07.27-ны өдөр 100,000 ам.доллар, 2018.09.13-ны өдөр 50,000 ам.доллар, 2018.09.20-ны өдөр 50,000 ам.доллар нийт 700,000 ам.долларын гүйлгээг Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод бүртгэлтэй “М-” компани руу шилжүүлсэн ...талаар ...ёстой мэдэхгүй байна. ...2018 онд “Ж-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар хэн ажиллаж байсныг би мэдэхгүй байна. ...Намайг 2021 оны 06 дугаар сард “Ж-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдохын өмнө тус компанийн гүйцэтгэх захирлаар З- гэх хүн ажилладаг байсан шүү дээ, З- нь “Скайпрофешнл холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал байгаа юм. ...” /1хх134-135/,
гэрч А.С-ын “...“Ж-” ХХК-ийн захирал нь Ж.Г-, гүйцэтгэх захирал нь С- байсан, М-ыг танихгүй. ...” /1хх232-233/,
гэрч М.Х-ын “...анх “Ж-” ХХК-д ажилд ороход Г-тай уулзсан. ...гүйцэтгэх захирал нь Г-, нягтлан бодогч нь С.Б-, ерөнхий менежер нь О- байсан. ...” /1хх232-236/,
гэрч Х.У-ын “...Тухайн үед М- надад “Ж-” ХХК-ийн борлуулалт хариуцсан захирлаар ажиллах санал тавьж, ...ажилд орохдоо Ж.Г-тай очиж уулзаж байсан. ...Гүйцэтгэх захирал нь М- байсан, ...баримт бичиг гарын үсэг зурдаг байсан. ...Ж.Г- нь “Ж-” ХХК-ийн эзэн бөгөөд Ж.Г-, Н.М- нар нь найз нөхдийн харилцаатай. ...” /1хх240-241/,
гэрч Б.М-ын “...миний холын хамаатан Г- нь “Ж-” ХХК-ийн захирал нь байсан. ...Г- нь Төмөр замын дарга Ж-гийн хүүхэд болохоор газрын тээвэртэй холбоотой Улаанбаатар төмөр замтай хамтран ажилладаг байсан. ...” /1хх244-245/,
гэрч Ц.Д-ын “...“Ж-” ХХК нь Улаанбаатар төмөр замтай хамтран ажиллах гэрээтэй байсан. ...Намайг анх ажилд ороход Г- ажлын ярилцлага хийж авсан. ...ажиллаж байх хугацаандаа С-, Г- нарт ажлаа тайлагнадаг байсан. ...” /9хх241-242/,
гэрч Б.З-ын “...дүү Б- нь тусгай зөвшөөрөлгүй компаниудыг зүгээр байлгаж байхаар хөдөлгөөнд оруулъя гээд гүйцэтгэх захирлыг өөрчлөн томилох тухай тушаалд нь гарын үсэг зурж өгч байсан. ...Миний хувьд М-ыг өөрөө олж уулзаад гүйцэтгэх захирал болгохоор томилсон зүйл байхгүй. М-ыг Б- олж ирсэн. ...М-ын цаана Г- гэдэг хүн байдгийг мэдсэн. ...” /10хх52-54/ гэх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Г- нь “Ж- ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Н.М-той найз нөхдийн харилцаатай, УБТЗ ХНН даргаар ажиллаж байсан эцэг Д.Ж- нь “Ж-” ХХК-ийг Б.Б-аас авч, гүйцэтгэх захирлаар Н.М-ыг томилуулсан /10хх178/, улмаар “Ж-” ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ТТГ/17/017 дугаартай “УБТЗ-аар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшийн вагон тээвэрлэх, хамтран ажиллах” тухай ашиг сонирхлын зөрчилтэй гэрээг байгуулсан, “Ж-” ХХК-ийн үйл ажиллагааг шүүгдэгч Ж.Г- өөрөө шууд удирдан явуулж байсан, үүнээс олсон ашиг орлогыг авч байсан үйл баримт эргэлзээгүй тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Г-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдлээрээ төдийгүй сэдэлт, зорилгоороо нэгдэн оролцсон үйл баримт буюу гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, хэрхэн үйлдсэн, үүнд хэн буруутай болох нотолбол зохих байдал нотлогдсон байх тул анхан шатны шүүхийн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутай талаарх хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Ж.Г-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мөнгө угаах гэмт хэргийн тухайд:
Мөнгө угаах гэмт хэрэг нь хууль бусаар олсон мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох, гүйлгээнд оруулах зорилгоор хууль хяналтын байгууллага, олон нийтийн анхаарлыг таталгүйгээр бусдыг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн хууль бус олон арга хэлбэр, шат дамжлага бүхий үйл ажиллагаа юм.
Гэмт хэрэг үйлдэж олсон их хэмжээний мөнгийг иргэн, аж ахуй нэгж хадгалахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг тул тухайн мөнгийг анхны эх үүсвэрээс салгах, хууль бус эх сурвалжийг бүдгэрүүлж шинээр хууль ёсны эх сурвалжтай болгон давтан гүйлгээнд оруулсан идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр уг гэмт хэргийн шинж бүрэн хангагдаж, бүрдэл төгсдөг.
Шүүгдэгч Ж.Г- нь өөрийн эцэг Д.Ж-тай Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлд хамжигчаар оролцож, тус гэмт хэргээс олсон “Ж-” ХХК-ийн орлого болох 600.000 ам.долларыг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор “Ж-” ХХК-ийн Голомт банк дахь 1М-4 дугаарын данснаас Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод өөрийн үүсгэн байгуулсан “М-” компанийн “М-” банкны 19М-2 дугаарын дансанд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 500.000 ам.доллар, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 100.000 ам.доллар буюу нийт 600.000 /1.578.924.000 төгрөг/ ам.долларыг шилжүүлсэн,
дээрх 600.000 ам.долларыг “М-” компанийн данснаасаа мөн өөрийн үүсгэн байгуулсан Монгол Улс дахь “М-” ХХК-ийн Голомт банкны 19М-8 дугаарын дансанд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дахин гүйлгээнд оруулан шилжүүлэн авсан, улмаар “М-” ХХК-ийн Голомт банкны 19М-8 дугаарын данснаас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “М-” ХХК-ийн захирал Д.Б-гийн Голомт банк дахь 2Б-9 дугаарын дансанд шилжүүлж, Д.Б-тай “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулж улсын бүртгэлийн Ү-Б- дугаартай Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Б-гийн гудамж, 4 дүгээр хороолол, 6-4 тоот хаягт байрлалтай 1495 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объект, 1618/0127 нэгж талбарын дугаартай, 305 м.кв талбайтай эзэмших эрхийг гэрчилгээтэй газрыг “М-” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн авсан болох нь:
гэрч Б.M-ын “...”М-” ХХК нь аялал жуулчлал, ресторан, зочид буудал, караокены чиглэлээр үйл ажиллагаа явуулах компани юм. Уг компанийн гүйцэтгэх захирлын ажлыг Ж.Г-аас авч жил гаран ажиллаад П.М-а гэх залууд 2021 оны 12 сард шилжүүлж өгсөн. ...Болдын А- гэдэг хүн Ж.Г-ыг надтай танилцуулсан. ...Ж.Г-тай тохиролцон “М-” ХХК-ийн барилгыг хожим 2 тэрбум төгрөг буцаан эргэн төлөх нөхцөлтэй авч, тухайн барилгыг “А-” ББСБ-д 1,5 тэрбум төгрөгийн зээл авахаар барьцаанд тавьсан. Ингээд тус барилгаас ашиг тодорхой ороогүй мөн ахын жоншны ажил маань ковид гарсантай холбоотой олигтой ажиллаж чадалгүй 2 тэрбум төгрөгийг өгөөгүй учир Ж.Г- компаниа буюу барилгаа өөр хүнд шилжүүлж өгөх болсон учир би П.М-ад “А-” ХХК-ийг шилжүүлж өгсөн. П.М-а нь Ж.Г-тай тохироотой байсан бололтой намайг “М-” компанийг шилжүүлэх үед зуслангийн 1 билүү 2 байшинг миний нэр дээр шилжүүлж хожим Ремакс үл хөдлөх зуучийн газраар дамжуулан зарах зар оруулах байсан тул итгэмжлэл хийж өгсөн. Зарагдсан эсэхийг мэдэхгүй байна. Анх энэ барилга баригдсан болон худалдаж авсан эх үүсвэрийг мэдэхгүй байна. Г- А- бид хэдийн тохиролцоогоор дээр мэдүүлснээр 2 тэрбум төгрөгийн өглөг, авлагын асуудлаар бид тохироод уг тохиролцоондоо хүрч чадаагүй учир барилгыг буцаан өгсөн. Энэ компанийн талаар юу ч мэдэхгүй байна. ...Өр төлбөрийн асуудлаар Ж.Г- болон П.М-а нартай өглөг авлагын тооцоо одоо байхгүй. ...”М-” ХХК-ийн Голомт банкны 19М-8 дугаарын долларын харилцах дансанд Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод бүртгэлтэй байгуулсан “М-” компаниас 2019.03.14-ний өдөр 49,700 ам.доллар, 2019.03.19-ний өдөр 649,975 ам.доллар шилжин орж ирсэн ...мөнгөний эх үүсвэрийг ...талаар компани анх авч байхад хэлж байсан. Уг дансыг ашиглах уу гэж байсан. Би тэр дансыг ашиглахгүй, өөрөө данс нээгээд ашиглана гэж ярьж байсан. Намайг захирал хийж байх үед уг компанийн дансаар гадаадаас мөнгө орж ирж байсан асуудал байхгүй. ...“М-” ХХК болон Д-гийн Б- гэх ...нэртэй компани мэдэхгүй, Д.Б- гэх хүнийг танихгүй. ...” /1хх123-124/,
дахин өгсөн “...2021 оны 12 сарын орчим компанийг буцаан өгөх үед нэг амины орон сууц захиалан бариулах гэрээг П.М-атай байгуулсан. Мөн Ланд круйзер 200 маркийн автомашиныг мөн тухайн үед миний нэр дээр шилжүүлж аваад би буцаагаад Г-ад өгөх талаар надад хэлсэн. Г- нь П.М-ад “М-” ХХК-ийг барилгын хамт өгч байгаа учраас бид хоёрын хооронд тооцоо байгаа тэр нь амины орон сууц, ланд круйзер 200 автомашин гэсэн. Миний нэр дээр “М-” компани байгаа учраас надаар дамжуулан Ж.Г- авах учиртай талаар надад ойлгуулсан. ...Сүүлд Ж.Г- 2022 оны зун, сарыг нь сайн санахгүй байна, над руу утсаар яриад Ремакс үл хөдлөх хөрөнгийн зуучийн газар дээр ирж гарын үсэг зурж өгөөч гэсний дагуу би очиж гарын үсэг зурсан. ...” /1хх126/,
гэрч Д.Б-гийн “...“М-“ ХХК-ийг би өөрийн биеэр 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үүсгэн байгуулсан, би өөрөө 100 хувийн хувьцааг эзэмшдэг, ...2019 онд Ж.Г- гэх залуу буюу УБТЗ ХНН-ийн даргаар ажиллаж байсан Д.Ж- гэх хүний хүүхэд худалдан авсан, тухайн үед би уг барилгыг худалдахаар зуучид хандсан байсан ингээд Ж.Г- гэх залуу худалдан авахаар болж 2019 оны 03-04 дүгээр сард 2 орчим тэрбум төгрөгөөр худалдан авсан, ингэхдээ Кристал таун хотхоны 3 өрөө орон сууц, тоёота прадо маркийн автомашиныг 400 орчим сая төгрөгт тооцон авч үлдэгдэл 1,7 орчим тэрбум төгрөгийг хувааж харилцах дансаар шилжүүлэн авсан. ...“М-” ХХК нь Ж.Г-ын компани байсан санагдаж байна, тухайн үед Ж.Г- өөрийн нэр дээр шилжүүлж авч байсан билүү уг компани дээр шилжүүлэн авсан билүү сайн санахгүй байна, холбогдох гэрээ бусад баримт бичиг нь байгаа харвал тодорхой болох байх....” /1хх128-129/,
гэрч П.М-ын “...”М-” ХХК-ийг ...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр M- гэх хүнээс худалдаж авсан, одоо хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна. ...2021 оны 12 дугаар сарын эхээр Ж.Г- манай ажил дээр ирээд “ашигтай санал байна” гээд “М-” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй БГД-ийн 17 хороо 4 хороолол 6/4 тоотод байрлах 1495 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг зарах хэрэгтэй байна, гэхдээ энэ банк бус санхүүгийн байгууллагад 1 тэрбум төгрөгийн өрөнд хураагдах гээд байна, чи 1 тэрбум төгрөгийн өрийг нь чөлөөлүүлчих юм бол үлдэгдлийг бартераар өгөөд худалдан авч болно гэж хэлсэн, ингээд би зөвшөөрөөд “А-” ББСБ-д дээр очоод гэрээг нь шилжүүлж аваад төлбөрийг нь барагдуулах талаар санал тавьтал зөвшөөрөөгүй, оронд нь өөр үл хөдлөх хөрөнгө барьцаалж чөлөөлнө гэхээр нь “Й-” ХХК-ийн өмчлөлд байдаг БЗД-ийн Наминжугийн гудамж ХанГ- төвийн 3 давхарт байрлах 531 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 1 тэрбум төгрөгийн барьцаанд тавьж БГД-ийн 17 хороо 4 хороолол 6/4 тоотод байрлах 1495 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлж “М-” ХХК-ийг M- гэх хүнээс шилжүүлэн авч тус хөрөнгийг компанийн өмчлөлд бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл 2 тэрбум хөрөнгөөр худалдан авсан гэсэн үг, үлдэгдэл төлбөрийг Тоёота ланд крузер-200 маркийн 2018 онд үйлдвэрлэгдсэн өөрийн төрсөн дүүгийн нэр дээрх автомашиныг 180 сая төгрөгөөр тооцож Б.M-ын өмчлөлд, “Й-” ХХК-ийнхаа орлогоос 120 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн, 700 сая төгрөгт “Й-” ХХК-ийн СБД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 4-н улирлын амины орон сууцны хотхонд 2 ширхэг амины орон сууцыг өгөхөөр тохиролцож гэрээ хийсэн. ...Ж.Г- анх санал тавихдаа “манай аавын бие муудаад мөнгө хэрэг болоод байна, манай ахын нэр дээр байдаг” гэж байсан юм. Би “М-” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй БГД-ийн 17 хороо 4 хороолол Й- тоотод байрлах 1495 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахдаа тухайн үед буюу 2021 оны 12 дугаар сард “А-” ББСБ-д 352,000 ам доллароор өөрийн эд хөрөнгөө барьцаалсан, 180 сая төгрөгийн үнэ бүхий автомашин өгсөн, 120 сая төгрөгийг дансаар нь шилжүүлсэн, 2 ширхэг амины орон сууц өгөхөөр 70 хувийн гүйцэтгэлтэй барилга барьж байна. ...Би Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод бүртгэлтэй “М-” компанийн талаар мэдэхгүй байна. ...Би “Ж-” ХХК-тай ямар нэгэн хамааралгүй, сонсож байгаагүй юм байна. ...”М-” ХХК-ийн Голомт банкны 19М-8 дугаарын долларын харилцах дансанд Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод бүртгэлтэй “М-” компаниас 2019.03.14-ний өдөр 49,700 ам.доллар, 2019.03.19-ний өдөр 649,975 ам.доллар шилжүүлсэн асуудал ...намайг шилжүүлж авахаас өмнө болсон асуудал байна, үүнийг би мэдэхгүй, надад 40 сая төгрөгийн татварын өртэй компани л өгсөн байсан. ...“М-” ХХК болон Д-гийн Б- гэх хүний талаар ...БГД-ийн 17 хороо 4 хороолол Й- тоотод байрлах 1495 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмнөх эзэмшигч нь Д.Б- гэх хүн байсан гэж сонсож байсан, учир нь уг барилгыг засварлах гээд хуучин барилгын зургийг нь асуух гээд хайсан юм. ...” /1хх143-144/,
гэрч Б.О-ийн “...үл хөдлөх хөрөнгүүд нь манай ээж Д.Б-гийн үүсгэн байгуулсан “М-” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан. ...2019 онд тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг би ээжээс итгэмжлэл авч Ж.Г- гэх хүнд 2,1 тэрбум төгрөгөөр зарж борлуулсан. ...” /9хх244-245/ мэдүүлгүүд,
“Ж-” ХХК-ийн Голомт банк дахь 1М-4 дугаарын данснаас “М-” компанийн “М-” банкны 19М-2 дугаарын дансанд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 500.000 ам.доллар, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 100.000 ам.долларыг тус тус шилжүүлсэн дансны хуулга /1хх66-67/, тус дансны хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх49-51/,
“М-” компанийн данснаасаа “М-” ХХК-ийн Голомт банкны 19М-8 дугаарын дансанд 2019 оны 03 дугаар сарын 19-ний 649.975 ам долларыг шилжүүлсэн талаарх дансны хуулга /1хх38/, тус дансны хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх40-42/,
“М-” ХХК-ийн Голомт банкны 19М-8 дугаарын данснаас Д.Б-гийн Голомт банк дахь 2Б-9 дугаарын дансанд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 650.000 ам долларыг үл хөдлөх худалдаж авсан гэрээний дагуу 2ДА төлбөр гэх утгаар шилжүүлсэн дансны хуулга /1хх45/, тус дансны хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх46-47/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тодруулбал, шүүгдэгч Ж.Г-ын суурь гэмт хэрэг болох эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэж олсон “Ж-” ХХК-ийн орлого болох 600.000 ам долларыг 2018 оны 06 дугаар сарын 18, 07 дугаар сарын 27-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр Ж-” ХХК-ийн Голомт банк дахь 1М-4 дугаарын данснаас өөрийн үүсгэн байгуулсан “М-” компанийн “М-” банкны 19М-2 дугаарын дансанд шилжүүлсэн, уг мөнгөө 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өөрийн үүсгэн байгуулсан /2хх78-81/ “М-” ХХК-ийн Голомт банкны 19М-8 дугаарын дансаар 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэн авч, мөн өдрөө улсын бүртгэлийн Ү-Б- дугаартай Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Б-гийн гудамж, 4 дүгээр хороолол, 6-4 тоот хаягт байрлалтай 1495 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объект, 1618/0127 нэгж талбарын дугаартай, 305 м.кв талбайтай эзэмших эрхийг гэрчилгээтэй газрын худалдах-худалдан авах гэрээний төлбөрт тооцон, “М-” ХХК-ийн захирал Д.Б-гийн Голомт банк дахь 2Б-9 дугаарын дансанд шилжүүлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг “М-” ХХК-ийн өмчлөлдөө авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хууль бус орлогын эх сурвалжийг бүдгэрүүлж, хууль ёсны болгох зорилгоор удаа дараа давтан хөдөлгөөн хийсэн идэвхтэй үйлдэл байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мөнгө угаах гэмт хэргийн “...гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан...” шинжийг бүрэн хангасан байна.
Иймд, шүүгдэгч Ж.Г-ыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн үндэслэлд хамаарна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Өмгөөлөгч нарын гомдолд дурдсан гэрчүүд болох Н.М-, Б.Б-, Б.З- нараас хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авч, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулсан байх бөгөөд “Ж-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгдөөгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд гүйцэтгэх захирлаар Н.М-ыг томилсон /4хх73-74/ хэдий ч тус компанийн үйл ажиллагаанд шууд хяналт тавьж, бодитоор хэрэгжүүлж байсан этгээд нь шүүгдэгч Ж.Г- болохыг нотлох баримтаар эргэлзээгүй тогтоосон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хэрэгт бүрэн тогтоогдсон, хэргийн үйл баримтыг үгүйсгэх болон эргэлзээ төрүүлэх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгуулах агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн, шүүгдэгч Ж.Г- нь гэмт хэрэг үйлдэж олсон 600.000 ам.долларыг хувиргаж, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан байх боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг авахдаа 600.000 ам.доллараас гадна Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун хотхоны 3 өрөө орон сууц, граж, Тоёота прадо 150 маркийн болон Камри маркийн тээврийн хэрэгслүүд зэрэг эд хөрөнгийг оролцуулж худалдан авсан, авсан үл хөдлөх хөрөнгийг цааш шилжүүлсэн байгаа тул Баянгол дүүргийн 17 хороо, 4 хороолол, Й- тоотод байрлах 1495 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объект, 1618/0127 нэгж талбарын дугаартай 305 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хураан авч, улсын орлогод оруулах боломжгүй, хууль ёсны хэлцлийн дагуу бусдын өмчлөлд шилжсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутган дүгнэх боломжгүй.
Харин анхан шатны шүүх Ж.Г-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 600.000 ам долларыг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Монгол банкны валютын ханшаар тооцож 1.578.924.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж тодорхой хуульчилж өгсөн бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолохоор, мөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрт шинээр тоолохоор зохицуулжээ.
Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Ж.Г- нь гэмт хэрэг үйлдэж олсон 600.000 ам.долларыг хувиргаж буюу хууль ёсны эд хөрөнгөтэй хольж, Баянгол дүүргийн 17-р хороо 4-р хороолол Й- тоотод байрлах 1495 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объект, 1618/0127 нэгж талбарын дугаартай 305 мкв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй объектыг худалдан авч, өөрийн “М- ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, улмаар сүүлд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр компаниа дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн хамт 2 тэрбум төгрөгөөр П.М-ад худалдсан, энэ хэлцлийн төлбөрийн үлдэгдэл 700 сая төгрөгт “Й-” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа амины орон сууцнаас 2 ширхгийг авахаар тохиролцсон боловч амины орон сууц ашиглалтад ороогүйн улмаас өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч чадаагүй буюу гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Ж.Г-ын эдгээр үйлдлүүд нь “Мөнгө угаах” гэмт үйлдэл үргэлжилж байсныг нотолж байна.
Шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр прокуророос дээрх үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан /2хх4/-аар таслан зогсоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг төгссөн цаг хугацааг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 600.000 ам.долларыг гэмт хэрэг төгссөн өдрөөр гаргуулаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг гэмт хэрэг төгссөн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Монгол банкны ханш 3.475,8 төгрөгөөр тооцон 600.000 ам.долларыг /3475,8*600.000/ буюу 2.086.080.000 төгрөгийг албадан гаргуулж улсын орлогод оруулан зөвтгөсөн өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-аас 2.086.080.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа, А.Энхтүвшин гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧМ-
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА