Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01249

 

Д.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/01678 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Н-ийн хариуцагч Т.А-од холбогдуулан гаргасан 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тулга, Д.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Д.Н- нь 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Цэцэгнуураас 77-27 УНА улсын дугаартай Инфинити кью икс 56 маркийн автомашиныг 100,000,000 төгрөгөөр худалдан авч өөрийн хэрэглээнд хэрэглэж байсан. Ингээд 2018 онд надад компанийн бизнесийн үйл ажиллагаа болоод хувийн хэрэглээний мөнгөний хэрэг гарч, компанийн нэр дээрх бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон мөн өөрийнхөө нэр дээр байгаа 77-27 УНА улсын дугаартай автомашиныг зарахаар зар тавьж байсан. Ингээд 2018 оны 08 дугаар сард манай нөхрийн танил найз гэх хариуцагч Т.А- нь миний машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авбал цаад хүмүүстэйгээ зарахад найдвартай бас шилжүүлэг хийх ажлыг нэг мөр хийхэд амар байгаа юм гэхээр итгээд 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр миний бие өөрийн биеэр очиж машинаа Б.А-ын нэр дээр шилжүүлэн өгч, Б.А- нь миний машиныг хурдан хугацаанд зарж өгөхөөр болоод тохиролцсон. Ингээд хариуцагч Т.А- нь надаас машин шилжүүлэн авснаас хойш машин зарж өгөх нь битгий хэл холбоо сураггүй болж хэсэг хугацаанд холбогдож чадахгүй байхаар нь ойр зуурын хүмүүсээс асуухад хүндэтгэх шалтгаантай ар гэрийн ажил гарсан гэхээр хэсэг хүлээж байсан. Гэтэл Т.А- нь надтай тохиролцсоны дагуу миний машиныг хурдан хугацаанд худалдан борлуулж, өгөөгүй ба харин ч эсрэгээрээ миний машиныг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Авто прайм ХХК-ийн Сайн ломбардад аваачиж, барьцаанд тавьж 30,000,000 төгрөгийн зээл авсан байдаг. Уг асуудлыг миний бие 2018 оны сүүлээр олж мэдэн энэ талаар Т.А-од хэлэхэд тэрээр миний машиныг авто ломбардаас чөлөөлж мөн тохиролцсоны дагуу хурдан хугацаанд борлуулж өгнө гэж аргадсаар өдийг хүрлээ. Энэ хугацаанд миний бие 2 хүүхэд төрүүлж гэрт байж энэ асуудлын араас хөөцөлдөж чадаагүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Авто тээврийн газраас ирүүлсэн лавлагаа, хариуцагчаар татсан Авто прайм ХХК-аас ирүүлсэн тайлбараар маргааны зүйл болоод байгаа автомашин нь Авто прайм ХХК-аас 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр иргэн М.Мянгат руу, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэн А.Алтансүх рүү шилжигдэн өмчлөгч нар дараалан өөрчлөгдөж 77-27 УНА улсын дугаар нь хүртэл 00-73 ХЭН гэж өөрчлөгдөж одоо Хэнтий аймгийн харьяат өмчлөгч А.Алтансүхийн эзэмшилд тухайн автомашин байна. Мөн шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулсан шүүгчийн захирамж бодит байдалд ямар ч биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Тодруулбал шүүгчийн захирамжаар хариуцагч Авто прайм ХХК-нд маргааны зүйл болоод байгаа тухайн автомашиныг бусдад шилжүүлж болохгүй гэж даалгасан боловч Авто прайм ХХК бусдад шилжүүлж цаашаа зарж борлуулж шүүгчийн захирамжийг биелүүлээгүй байна. Хэрэгт шинээр гарч илэрсэн нөхцөл байдлуудаас шалтгаалж нэхэмжлэгч тал урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах боломж багасаж байна гэж харж байна. Учир нь хариуцагч Авто прайм ХХК-аас тухайн автомашиныг бусдад зарж борлуулсан байх бөгөөд Авто прайм ХХК-аас тухайн автомашиныг худалдан авсан иргэн нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхээр нөхцөл үүссэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Т.А-ын зарж өгнө гэсэн автомашинаа өөрийн нэр дээрээ шилжүүлж аваад хариуцагч Авто прайм ХХК-нд 30,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиад мөнгийг нь аваад түүнээс хойш огт зээлээ төлөлгүй хаясны улмаас хариуцагч Авто прайм ХХК тухайн автомашиныг зарж борлуулсан байна. Т.А-ын энэ үйлдлийн улмаас автомашинаа эргүүлэн авах ямар ч боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Т.А-оос 77-27 УНА улсын дугаартай Инфинити кью икс 56 маркийн автомашины үнэ болох 100,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие Техник форум ХХК-ийн захирал Б.Эрдэнэбилэгийн жолоочоор ажилладаг байсан бөгөөд Б.Эрдэнэбилэг захирлын эхнэр гэх нэхэмжлэгч Д.Н- гэх эмэгтэйг зүс л танина. Улмаар захирал болон түүний хамаарал бүхий компанийн үйл ажиллагаанд тусалж хийж гүйцэтгэн захирлуудын өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлдэг байсан. Миний бие Үлэмж ноёд ХХК-ийн захирал Г.Э- захирлын тушаалаар Б.Эрдэнэбилэг захирлын эхнэр Д.Н-ийн машиныг ломбардад тавиад мөнгө аваад ир гэсний дагуу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 77-27 УНА улсын дугаартай автомашиныг Д.Н-ээс өөрийн нэр дээр шилжүүлэн барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Авто прайм ХХК буюу (Сайн ломбардад) барьцаалан тавьж бэлэн мөнгийг зээлэн авсан болно. Улмаар тухайн барьцаалсан мөнгийг Г.Э- захиралд хүлээлгэн өгсөн. Гэвч Үлэмж ноёд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд үл ойлголцол үүсэн тухай үед компанийн нэр дээр байгаа эд хөрөнгийг гүйцэтгэх захирал нь хууль бусаар шилжүүлсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандсан гэдгийг мэдсэн. Энэхүү асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинж асуудал мөн эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандан одоо хэрэг бүртгэлийн хэрэг нээж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээллийг Г.Э- захирлаас сонссон. Энэхүү хэргийн дагуу намайг нэг удаа дуудан гэрчээр асуусан болно. Одоо тус хэрэг дээд шатны прокурорын газруудад хянагдаж байгаа гэсэн болно. Мөн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №42 тоот зөвшөөрөл гарч тухайн машиныг энэхүү хэргийг хянан шийдэж дуусах хүртэл хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах хязгаарлах тухай шийдвэр гарч энэхүү маргааныг дуусах хүртэл бусдад зарж борлуулах, барьцаанд тавих зэрэг эрхийг түдгэлзүүлсэн гэсэн. Иймд тухайн Д.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Харин тухайн мөнгийг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан этгээдүүд нь хариуцах ёстой бөгөөд ямарваа нэгэн байдлаар надтай тохироо хийгээгүй, миний бие худалдан борлуулж өгнө гэж огт хэлээгүй болно. Тийм ч зорилгоор тухайн машиныг өөрийн нэр лүү шилжүүлээгүй болно. Мөн би зарж өгнө гэж тухайн машиныг Д.Н-ээс аваагүй бөгөөд тухайн машиныг гүйцэтгэх захирлын үүргийн дагуу Д.Н- гэх эмэгтэй сайн дураараа шилжүүлэн өгч тухайн автомашиныг барьцаалсан мөнгийг өөрсдийн хамаарал бүхий компанийн үйл ажиллагаанд зарцуулан өөрсдөө авсан болно. Мөн хэргийг шалган хэрэг бүртгэлийн хэргийг хаасан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн №2414 тоот прокурорын газрын тогтоолоор хэрэгт цуглуулсан хохирогч Д.Н-, гэрч Б.Э- Ч.Б-, Г.Э-, Б.Г-, Б.Б-, У.З-, Т.А-, Ч.Даваажамц, Ч.Э-, Н.Уранчимэг, Д.О- нарын мэдүүлэг, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Үлэмж ноёд ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 6/5 тоот 5 давхар үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан гэрээ, Д.Н-ээс Б.Ц-ид олгосон итгэмжлэл, Д.Н-ээс 77-27 УНА улсын дугаартай автомашиныг Т.А-од шилжүүлсэн тухай лавлагаа, Г.Э-гээс Техник форум ХХК, Үлэмж ноёд ХХК-ийн үйл ажиллагааны зардалд зарцуулсан мөнгөний баримт, Үлэмж ноёд ХХК-ийн эд хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгийг хүлээлцсэн акт, тооцоо нийлсэн акт, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Д.Н-ээс Үлэмж ноёд ХХК-ийг иргэн Ч.Б-т Компанийн эрх шилжүүлсэн гэрээ болон Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ үүсгэн байгуулагчдын хурлын протокол, гэрч нарыг нүүрэлдүүлж байцаасан мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд Ч.Б-, Г.Э-, Б.Б- нартай Б.Эрдэнэбилэг нь Техник форум ХХК, Үлэмж ноёд ХХК-уудын доголдсон үйл ажиллагааг сэргээхийн тулд Үлэмж ноёд ХХК-ийн нэр дээрх Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 6/5 тоот 5 давхар үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж мөнгөтэй болох зорилгоор хоорондоо харилцан тохиролцож, иргэн Д.Н-ийн нэр дээрх Үлэмж ноёд ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний дагуу иргэн Ч.Б- руу мөн түүний өмчлөлийн 77-27 УНА улсын дугаартай автомашиныг Т.А- руу тус тус шилжүүлсэн. Улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зарж борлуулахад болон Техник форум ХХК, Үлэмж ноёд ХХК-уудыг бичиг баримттай болгох, харуул хамгаалалт авах, засвар үйлчилгээ хийлгэх, иргэн Д.Эрдэнэбилэгт хэрэглээний мөнгө өгөх зэргээр иргэн Ч.Б- нь хөрөнгө оруулалт хийсэн үйл баримт тогтоогдож байна гэж прокурорын тогтоолдоо дурдан хэргийг хаасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т.А-оос 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 657,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшеөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хариуцагчид ашигтай байдлаар буруу үнэлж дүгнэсэн. Тодруулбал хэргийг шийдвэрлэхдээ урьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байхад авсан хэргийн холбогдогч нарын өгсөн гэрч, сэжигтэн нарын байцаалт, мөн хохирогч талтай нүүрэлдүүлсэн байцаалтыг зөвхөн үндэслэж шийдвэрээ гаргасанд гомдолтой байгаа. Учир нь нэхэмжлэгч тал анхнаасаа маргааны зүйл болж буй автомашиныг Т.А-од заруулахаар шилжүүлсэн гэдгээ хэрэг бүртгэлтийн 181103401 дугаартай хэрэгт тогтвортойгоор мэдүүлсээр ирсэн нь тус хэрэг бүргэлтийн хэргээс хуулбарлан ирсэн прокурорын тогтоол, нэхэмжлэгч Д.Н- болон нөхөр Б.Эрдэнэбилэгийн нүүрэлдүүлэн байцаалтанд өгсөн удаа дараагийн мэдүүлэгүүдээр нотлогдож байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байцаалтууд өгсөн хариуцагч Т.А-, Г.Э-, Ч.Б-, Б.Б- нар нь нэг ашиг сонирхолтой буюу нэхэмжлэгч Д.Н-ийн эсрэг ашиг сонирхолтой хүмүүс бөгөөд тус хэрэг бүртгэлтийн хэрэгт эдгээр хүмүүсийг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж нэхэмжлэгч Д.Н- болон түүний нөхөр Б.Эрдэнэбилэгийн зүгээс цагдаагийн байгууллагаар шалгуулсан байдаг. Эдгээр хүмүүс нь цагдаагийн байгууллагад өөрсдийгөө хамгаалж ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлдэг хэдий ч тус маргааны зүйл болоод байгаа автомашинтай холбогдуулж мэдүүлэг өгөхдөө анх зарах гэж шилжүүлж авсан, зарагдахгүй болохоор нь ломбарданд тавьж 30,000,000 төгрөг зээлж авсан, мөнгийг хэрхэн яаснаа санахгүй байна гэж мэдүүлэг өгсөн байдаг. Тодруулбал Г.Э- гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ... Т.А-ын нэр дээр шилжүүлж, цаашаагаа хөдөлгөөнд орж бусдад шилжсэн ... гэж, Б.Б- гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ... автомашиныг ломбарданд тавьсан, шүүхтэй холбоотой төлбөр төлөх асуудал гараад машиныг барьцаанд тавьсан, одоо хэдэн төгрөгийн барьцаанд байгааг мэдэхгүй ... гэсэн мэдүүлэг, Г.Батбаяр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ... Б.Э- Б.Б-, Г.Э- нарын зөвшөөрлөөр ломбарданд тавьсан, энэ машиныг Б.Эрдэнэбилэгийн машиныг барьж байсан жолооч Т.А-ын нэр дээр өөрсдөө шилжүүлж өгөөд барьцаанд тавьсан ... гэх мэдүүлэг, хариуцагч Т.А- гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ... 30,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан, мөнгө нь Г.Э- ахын дансанд орсон байх, мөнгөний асуудалтай нь би огт орооцолдоогүй ... гэх мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэбилэг гэрч Г.Э-тэй нүүрэлдэн байцаагдсан тэмдэглэлд гэрч Б.Эрдэнэбилэг ... Б.Б- над руу залгаад таньдаг хүндээ зарахаар боллоо гэж хэлээд жолооч байсан Т.А- ирээд машиныг 100,000,000 төгрөгөөр зарах боллоо гэж хэлэхээр нь эхнэртээ хэлээд шилжүүлэн өгсөн, би түхайн үедээ Г.Э-, Б.Б-, Батбаяр нарт их итгэж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Э- мэдүүлэгтээ ... машиныг яаралтай зарах гэсэн боловч авах хүн ирээгүй, мөнгө босгох гэж ломбардад 30,000,000 төгрөгийн барьцаанд тавиулахаар болж Т.А-ын нэр дээр тавиулсан, уг 30,000,000 төгрөгийг юунд зарцуулсан талаар санахгүй байна ... гэсэн мэдүүлгүүд нь маргааны зүйл болоод байгаа автомашиныг анх 100,000,000 төгрөгөөр зарах гэж хариуцагч Т.А- шилжүүлж аваад ломбарданд тавьсан болохыг харин эсрэгээрээ нотолж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа хэрэг бүртгэлтийн 181103401 дугаартай хэрэгт байгаа хариуцагч Т.А- болон гэрч Г.Э-, Ч.Б-, Б.Б- нарын байцаалтууд нь өөр бусад нотлох баримтуудаар баттай үнэн зөв гэдэг нь нотлогдож байгаа юу эсхүл нотлогдоогүй юу гэдгийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй. Өөрөөр хэлбэл тус 181103401 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргээр уг асуудлыг нарийвчлан эцэслэн шалгаж тогтоогоогүй, иргэний шүүхээр шийдвэрлүүлбэл зохих асуудал гэж үзэж шалгалтын ажиллагааг зогсоож хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байдаг. Хариуцагч Т.А- нь иргэний шүүхэд тайлбар гаргахдаа би тухайн автомашиныг 30,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан, мөнгийг нь бол би аваагүй, мөнгө нь Г.Э- ахын дансанд орсон байх, мөнгөний асуудалтай нь би огт орооцолдоогүй гэдэг боловч Авто прайм ХХК-аас 30,000,000 төгрөгийг Т.А-од шилжүүлж өгсөн гэдгээ баримтаар нотолсон байдаг. Үүгээр хариуцагч Т.А- тухайн 30,000,000 төгрөгийг өөрөө авсан нь баримтаар нотлогдож, тэр мөнгийг бусдад өгсөн гэдгийг нотолсон баримт иргэний хэрэгт ч мөн өмнө шалгасан хэрэг бүртгэлтийн хэрэгт ч байхгүй байгаа юм. Хэрэв тийм баримт байсан бол хариуцагч тал өөрийн татгалзлаа баримтаар нотлох ёстой байсан. Мөн түүнчлэн хариуцагч Т.А- болон гэрч Г.Э-, Ч.Б-, Б.Б- нарын зүгээс байцаалтандаа 30,000,000 төгрөгийг авч Д.Н-, Б.Эрдэнэбилэг нарын компанид зарцуулсан гэх утга бүхий зүйл ярьдаг ч үүнийг нотлох ямар нэгэн баримт хэрэг бүртгэлтийн хавтаст хэрэгт байхгүй байгаа. Анхан шатны шүүх ашиг сонирхол нэгтэй хэрэгт бүлэглэн залилан хийсэн гээд шалгуулж байгаа хэсэг бүлэг хүний мэдүүлгүүдийг дангаар нь үнэлж, нэхэмжлэгч талын мэдүүлэг болон бусад баримтуудыг үнэлээгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.б.Нэхэмжлэгч талаас Т.Ариүнболдод 77-27 УНА улсын дугаартай автомашиныг бусдад худалдан борлуулах зорилгоор түүнд итгэн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн. Авто тээврийн газраас ирүүлсэн баримтаар маргааны зүйл болоод байгаа энэхүү автомашин Т.А- руу шилжигдэж, Т.А- нь автомашиныг зарж борлуулж, борлуулсан мөнгийг нэхэжлэгч Д.Н-т өгөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй. Харин анхнаасаа хариуцагч Т.А- нь машин болон тухайн автомашины мөнгийг өгөхгүй гэсэн санаа зорилго агуулж зарах ёстой байсан автомашиныг нэхэмжлэгч Д.Н-т мэдэгдэлгүй Авто прайм ХХК-ийн ломбарданд 30,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж мөнгийг хүлээн авсан байдаг бөгөөд зээлийн эргэн төлөлт нэг ч удаа хийхгүйгээр шууд хаяж явсан байдаг. Энэ нь Авто прайм ХХК-аас ирүүлсэн баримт, хариу тайлбараар нотлогддог. Хэрэв нэхэмжлэгч тал хариуцагчийг Авто прайм ХХК-ийн ломбарданд тус автомашиныг тавьсныг тухайн үедээ мэдсэн бол яаралтай арга хэмжээ авч тус барьцаалан зээлдүүлэх газраас өөрийн автомашинаа эргүүлэн авах арга хэмжээг авах байсан. Гэтэл нэхэмжлэгч талд санаатайгаар мэдэгдээгүй нуун дарагдуулж, умаар тухайн барьцаалан зээлдүүлэх газар нь барьцааны хөрөнгийг зарж борлуулж бусдад шилжүүлснээр өөрийн автомашины эргүүлэн авах боломжгүй болгосон нь хавтаст хэрэгт нотлогдсон. Энэ үйл баримтаар хариуцагч Т.Ариуболд нэхэмжлэгч Д.Н-ийн хөрөнгийг миний юм биш юм чинь гэсэн сэтгэлээр яасан ч яахав гэсэн байдлаар хандаж, улмаар 30,000,00 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж хаясан бөгөөд зээлийн хүүг нэг ч удаа төлөөгүй, огтоос эргэж холбогдоогүй байдаг. Хэрэв хариуцагч Т.А- гэрчээр байцаагдсан Г.Э-, Ч.Б-, Б.Б- нар хоорондоо ярилцаад тухайн автомашиныг барьцаанд тавьсан юм бол зээл болон зээлийн хүүгээ төлөх идэвхтэй арга хэмжээ авах л байсан. Шүүх Үлэмж ноёд ХХК-ийн захирал Г.Э- нь Б.Эрдэнэбилэг захирлын эхнэрийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлээд барьцаанд тавиад мөнгө аваад ир гэснийх нь дагуу хариуцагч Сайн ломбарданд тус автомашиныг барьцаалан зээл авч, мөнгийг Г.Э- захиралд хүлээлгэн өгсөн гэх тайлбар, татгалзал нотлогдож байна гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт цуларсан үйл баримтуудтай нийцэхгүй байна. Учир нь Г.Э- гэх хүн Үлэмж ноёд ХХК-ийн захирлаар ажиллаж байгаагүй, Үлэмж ноёд ХХК-ийн захирлаар хэн ажиллаж байсан талаарх лавлагаа хэрэгт байгаагүй байхад Үлэмж ноёд ХХК-ийн захирал Г.Э-гийн даалгавар заавраар хариуцагч Т.А- энэхүү үйлдлийг хийсэн гэж дүгнэж болохгүй юм. Хэрэв Т.А- хэн нэгний заавраар нэхэмжлэгч Д.Н-ээс тухайн автомашиныг шилжүүлж аваад ломбарданд тавьж, мөнгийг нь заавар өгсөн хүндээ өгсөн бол үүнийг нотолсон баримт байх ёстой. Гэтэл тийм баримтыг гаргаж өгөөгүй, хэрэв гаргаж өгсөн бол хэн нэгнээс заавар чиглэл авсан тушаал, шийдвэр, 30,000,000 төгрөгийг бусдад хүлээлгэн өгсөн баримт байх ёстой. Мөн тухайн 30,000,000 төгрөгийг хэргийн нэхэмжлэгч Д.Н- болон түүний хувийн компанид зарцуулсан гэж татгалзлаа тайлбарлаж байгаа бол зарцуулсан талаарх бодит баримт байх ёстой, гэтэл тийм баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал татгалзлаа, үгүйсгэлээ нотолсон баримт иргэний хэрэгт гаргаагүй байхад анхан шатны шүүх хариуцагчийн тайлбар, татгалзал нотлогдож байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Д.Н- тухайн үедээ 100,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хариуцагч Т.А-од шилжүүлсэн, Т.А- шилжүүлэн авсан, нэхэмжлэгч талд үүнээс хойш тухайн автомашин ч ирээгүй, тухайн автомашины үнэ мөнгөн хэлбэрээр ч ирэээгүй нь үнэн бөгөөд энэ талаар хариуцагч тал огт маргаагүй. Анхан шатны шүүх тухайн автомашиныг хариуцагч Т.А-од заруулах гэж шилжүүлээгүй байна гэж дүгнэж байгаа нь бусдад тухайн автомашиныг завшин авах, үүгээрээ үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөлийг бүрдүүлж байна. Нэхэмжлэгч тал ямар ч үнэ хөлс авахгүйгээр автомашинаа алдах нөхцөл байдалд орж байна. Иймд хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь судлан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч болон түүний нөхөр Б.Эрдэнэбилэг нарын хамаарал бүхий 2 компани байдаг. Уг 2 компанийн гүйцэтгэх захирлаар Г.Э- гэх хүн ажилладаг баримтаар нотлогдож байгаа мөн Б.Б- гэх хүн компанийн ерөнхий геологичоор ажилладаг. Б.Эрдэнэбилэгийн жолоочоор ажиллаж байсан Т.А-од инфинити QX 56 маркийн автомашиныг барьцаанд тавих зорилгоор өөр нэг автомашиныг жолоодох зорилгоор хамгаалалтын албаны дарга н.Гиваа гэх хүний хамт Сайн ломбардад 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр барьцаанд тавьсан. Барьцаанд тавьсан автомашины мөнгийг бэлнээр авсан, баримт байхгүй. Уг мөнгийг Г.Э- гэх хүн зарцуулсан, эрүүгийн хэрэгт баримтаар авагдсан мөн Б.Эрдэнэбилэг нь автомашиныг барьцаалдан зээлдүүлэх газар тавьсан талаар мэдэж байсан, уг мөнгөнөөс өөрөө авсан. Сайн ломбардад гэрч Б.Батбаяр зээлийн эргэн төлөлтийг төлж байсан. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сар хүртэл автомашин битүүмжлэлд байсан. Би ломбардад автомашины барьцаалсан зээлийн хүү 1,080,000 төгрөгийг өөрийн данснаас төлж байсан, баримт хэрэгт авагдсан. Уг хэрэгт хариуцагч Т.А- хамааралгүй, автомашиныг жолоодсон бусдын заавраар даалгасан ажлыг нь гүйцэтгэсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх дүгнэх үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Д.Н- нь хариуцагч Т.А-од холбогдуулан хариуцагч нь миний өмчлөлийн 77-27 УНА улсын дугаартай, инфинити кью икс 56 маркийн автомашиныг зарж өгөхөөр өөрийн нэр дээр шилжүүлсэн боловч тус автомашиныг барьцаалан өөртөө зээл авсан гэх үндэслэлээр 100,000,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. /хх-ийн 1-2, 2хх-ийн 27-28-р тал/

2.а.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч миний бие Техник форум ХХК-ийн захирал Б.Эрдэнэбилэгийн жолоочоор ажиллаж байхдаа эрх бүхий этгээдүүдийн зөвшөөрлөөр инфинити кью икс 56 маркийн автомашиныг барьцаалан зээл авч, мөнгийг Үлэмж ноёд ХХК-ийн захирал Г.Э-д өгсөн, Б.Эрдэнэбилэг нь тус компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд тэдгээрийн хооронд үл ойлголцол үүсэж цагдаагийн байгууллагаар шалгагдсан, нэхэмжлэлийг хариуцах этгээд нь би биш гэж тайлбарлажээ. /хх-ийн 43, 72-74-р тал/

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.а.Маргаан бүхий автомашины өмчлөх эрх 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Д.Н-ээс хариуцагч Т.А-од шилжсэн байх бөгөөд хариуцагч нь Авто прайм ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан, тус автомашиныг барьцаалан 30,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлжээ. /хх-ийн 6-8, 245-246-р тал/

3.б.Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор Техник форум ХХК, Үлэмж ноёд ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэр бүхий иргэд нь компанийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Б.Э- Д.Н- нартай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, ... Д.Н-ийн нэр дээр бүртгэлтэй инфинити кью икс 56 маркийн, 77-27 УНА улсын дугаартай автомашиныг зарж өгнө гэж бусдын нэр дээр шилжүүлэн, их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан байна. /хх-ийн 44-р тал/

3.в.Улмаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор дээрх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаажээ. /хх-ийн 76-р тал/

3.г.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах үед гэрч Г.Э- нь тухайн үед мөнгө босгох гэж 77-27 УНА улсын дугаартай автомашиныг Т.А-ын нэр дээр барьцаанд тавиулж 30,000,000 төгрөгийг авсан гэж, гэрч Б.Эрдэнэбилэг нь тухай үед Б.Б- над руу яриад автомашиныг 100,000,000 төгрөгөөр зарахаар боллоо гэхээр нь эхнэртээ /нэхэмжлэгч Д.Н-т/ хэлээд Т.А-ын нэр дэр шилжүүлсэн гэж, гэрч Ч.Б- нь Г.Э-гийн даалгавраар Т.А- нь 77-27 УНА улсын дугаартай автомашиныг барьцаалан 30,000,000 төгрөгийн зээл авсныг Г.Э-, н.Гиваа, Б.Э- Б.Б- нар хувааж авсан гэж тус тус мэдүүлсэн буюу хууль сануулж авсан дээрх гэрчүүдийн мэдүүлэг иргэний хэрэгт бичмэл нотлох баримтын хувьд нотолгооны ач холбогдолтой. /хх-ийн 111-114, хх-ийн 123-р тал/

3.д.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлийг шүүхэд баримтаар нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч Д.Н-ийн хариуцагч Т.А- нь автомашиныг зарж өгөхөөр нэр дээрээ шилжүүлсэн боловч уг мөнгийг өгөөгүй гэх тайлбар хэрэгт авагдсан эргэлзээгүй баримтаар тогтоогдсонгүй.

3.е.Харин эрх бүхий этгээдүүдийн зөвшөөрлөөр автомашиныг барьцаалан зээл авч, мөнгийг компанийн хувьцаа эзэмшигч нарт өгсөн гэх хариуцагчийн тайлбар дээрх гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдсон буюу хариуцагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгийг няцаасан баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Иймд нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

4.Анхан шатны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт, хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/01678 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Г.ДАВААДОРЖ