| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00409/И |
| Дугаар | 137/ШШ2026/00352 |
| Огноо | 2026-04-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 137/ШШ2026/00352
2026 04 28 137/ШШ2026/00352
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Т... банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Х, У.О нарт холбогдох 26,083,117.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У... хот, Ч... дүүрэг, ...-р хороо, Бага тойруу 7/1 Т... банкны төв байр хаягт байрлах Т... банк ХК /ХХД: ..., РД: ..., утас:.../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.Х болон У.О нар нь Төрийн банкны Өргөн тооцооны төвөөс 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дугаар No53 тоот зээлийн гэрээ байгуулан 29,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай хагас жилд нэг удаа төлөх нөхцөлтэйгөөр малчны зээл авсан болно. Зээлийн барьцаанд мал 525 ширхэг, 5 ханатай иж бүрэн монгол гэр 1 ширхэг, малчин ком /хөлдөөгч, толь, аккумлятор/ 1 ширхэг зэргийг барьцаанд тавьсан болно. Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 27,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай хагас жилд нэг удаа төлөх нөхцөлтэйгөөр малчны зээлэнд нэмэлт өөрчлөлт оруулсан болно. Зээлдэгч Х.Хүрэлбаатар болон У.Отгонсумьяа нар нь зээлийн төлөлтийг 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийг хуваарийн дагуу төлөлгүй хугацаа хэтрүүлж зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1, 3.2.4, 3.3, 6.2.1, 6.2.2 дахь заалтуудыг тус тус удаа дараа зөрчсөн болно. Өнөөдрийн байдлаар Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 23,351,000 төгрөг, Үндсэн зээлийн хүүний төлбөр 2,704,603.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 27,514.41 төгрөг, нийт 26,083,117.64 төгрөгийг Х.Х болон У.О нар нь төлөхгүй өнөөг хүрээд байна. Зээлдэгч Х.Х болон У.О нарт зээлийн төлбөр төлөх, хугацаа хэтэрсэн талаар байнга утсаар сануулж, биечлэн уулзаж зээл төлөх шаардлага тавьж байсан боловч зээлийн төлбөрийг өнөөдрийг болтол төлөөгүй, одоогийн байдлаар 331 хоног хугацаа хэтрээд байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 5,649,000 төгрөг, хүүнд 10,291,107.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 75,342.51 төгрөгийг тус тус төлсөн. Иймд зээлийн гэрээний 3.2.4 Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон (Зээлдэгч нас барсан, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг) тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ эрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах гэж зааснаар зээлдэгч зээлээ төлж барагдуулахгүй байгаа учир зээлдэгч Х.Х болон У.О нараас зээлийн нийт төлбөр болох 26,083,117.64 төгрөгийн төлбөр нэхэмжилж байгаа учир шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д... аймгийн Э... сум номт зөрлөг, замын байшин ...-р байранд оршин суух, Д... овогт Х... Х... /РД: ..., утас:.../, Б... овогт У-ийн О... /РД: ..., утас:.../ нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч У.О, Х.Х нар нь Т... банкны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Т... банкны нэхэмжилсэн 26,083,117.64 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т... банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Х, У.О нарт холбогдох 26,083,117.64 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Х, У.О нар нь зээлийн гэрээний үүрэгт 26,083,117.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т... банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Х, У.О нарт холбогдох 26,083,117.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Х, У.О нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,451 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 144,225.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 144,225.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Х.Х, У.Онар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б