Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01250

 

М.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2022/00752 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.А-ын хариуцагч К.С-д холбогдуулан гэрээний үүрэг болон ашиглалтын зардалд нийт 13,500,000 төгрөг гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний аавын төрсөн эгч М.Ариунаагийн зөвшөөрснөөр түүний эзэмшлийн 3 өрөө орон сууцыг К.С-тай 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэг жилийн хугацаатай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Үүнээс өмнө К.С-ы ээж болох С.Б- гэгчтэй тохирч 2019 оноос дээр дурьдсан байрыг хөлслүүлж байгаад улмаар 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр түүний хүү болох К.С-ы нэр дээр гэрээ хийсэн. Гэрээний хугацаанд түрээслэгч К.С- нь түрээсийн гэрээний 2.2-т заасан заалтыг зөрчин түрээс болон орон сууц ашиглалтын төлбөрүүдээ төлөөгүйн улмаас их хэмжээний өр хохирол үүсгэсэн. Энэ байдлыг шийдвэрлэхийн тулд орон сууцны түрээс, ус, дулаан, цахилгаан, СӨХ-ны өр төлбөрийг К.С-аар төлүүлж барагдуулах баталгааг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан. К.С- нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний дотор 9,000,000 төгрөг төлсөн байхаар тохиролцож баталгаажуулсан боловч зөвхөн 2,200,000 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа дуусч цаашид гэрээг сунгах боломжгүй болсныг түрээслэгч талд мэдэгдэж үүсгэсэн өр хохирлоо төлж, байр чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч аль алиныг нь биелүүлээгүйгээс гадна шаардлага тавих бүхэнд хэл амаар доромжилж, харааж зүхэж хутга мэс хүртэл үзүүлж эсэргүүцдэг болсон. Дээр нь үл таних хүмүүсийг хөлсөлж буй орон сууцанд байнга байлгаж байгаа нь удаа дараа анзаарагдсан тул тэдгээр хүмүүстэй уулзаж учир байдлыг тодруулахад гэрээний 3.2.5-т заасан заалтыг зөрчин давхар хөлсөлж байгаа нь тодорхой болсон. Иймд К.С-аас учруулсан хохирлын үлдэгдэл болох 6,800,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сараас 11 дүгээр сарыг дуусталх түрээсийн төлбөр 2,999,960 төгрөг, бусад бичиг баримтын зардал 200,040 төгрөг, нийт 10,000,000 /арван сая/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөг, орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулан өгч орон сууцнаас албадан гаргаж чөлөөлүүлж өгнө үү, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 12 дугаар сараас 2022 оны 01 сараас 04 сарыг дуустал түрээсийн төлбөр сарын 700,000 төгрөгөөр бодож 3,500,000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 13,500,000 төгрөгийг нэхэмжилж байна, мөн хариуцагчийг байрнаас албадан гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: М.А- нь 2019 оны 08 дугаар сараас эхлээд манай ээжтэй гэрээ байгуулсан. Би нэхэмжилж байгаа 13,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй 6,750,000 төгрөгийг М.А-ын данс руу шилжүүлж байсан, одоо нэхэмжлэлийн шаардлагаас 6,150,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би байрнаас нүүхэд болно. Талуудын хооронд тохиролцоо бий болж орон сууцанд амьдарч үнийн дүнгээ тодорхой хэмжээгээр тохироод явж байгаа. Хариуцагч нь нэхэмжлэгчид тодорхой хэмжээний мөнгийг төлсөн. Нэхэмжлэгчийн 13,500,000 төгрөг үндэслэлгүй. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 7 сарын мөнгийг 700,000 төгрөгөөр тооцвол 4,900,000 төгрөг, өмнөх 8,000,000 төгрөгийг нэмбэл нийт 12,900,000 төгрөг болж байгаа юм. Үүнээс хариуцагч 7,150,000 төгрөгийг төлсөн гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч К.С-аас 6,810,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.А-т олгож, 6,689,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.А-ын Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11 хороолол, 10-р байр 45 тоот, 40 м.кв, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч К.С- хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.А-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 316,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.С-аас 159,016 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.А-т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а.Хариуцагч талаас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, нэхэмжлэлийн үнийн дүнгийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байр сууринаас мэтгэлцэж оролцсон. М.Ариунаагаас 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр М.А-т орон сууцыг бусдад хөлслүүлэх, төлбөр тооцоо хүлээн авах, төлөөлж гэрээ хэлцэл хийх, гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэлийг Гадаад харилцааны яамаар дамжуулан ирүүлжээ. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр М.Ариунаагаас орон сууцны төлбөр авах, ашиглалтын зардал гаргуулах, албадан чөлөөлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах .... агуулга бүхий итгэмжлэлийг мөн Гадаад харилцааны яамаар дамжуулан М.Мэндсайханд ирүүлжээ. М.Ариунаагаас шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой эрх, үүргийг олгосон итгэмжлэлийг М.А-т олголгүй атал М.А- нь орон сууцтай холбоотой асуудлаар орон сууцны өмчлөгч болох М.Ариунааг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т заасны дагуу нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа, анхан шатны шүүхээс хариуцагчийн татгалзалтай холбогдуулан нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байна. М.А- нь үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч биш атал Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу М.Ариунаагийн өмчлөлийн орон сууцыг бусдын эзэмшлээс шаардах эрх хуулиар олгогдоогүй байна.

4.б.Анхан шатны шүүхээс СӨХ-ны төлбөрт нийт 508,200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь К.С- нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг байгуулж орон сууцанд орсноос нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл нийт 15 сарын хугацааны СӨХ-ны төлбөрийг хариуцах үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан Төрийн банкны СӨХ-ны төлбөрийн баримтаар СӨХ-ны нэг сарын төлбөр 15,400 төгрөг болох нь тогтоогдож байгаа, хариуцагчийн амьдарсан 15 сарын хугацааны СӨХ-ны төлбөр 231,000 төгрөг байх тул анхан шатны шүүхээс 277,200 төгрөгийг илүү тооцож олгуулахаар болсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Анхан шатны шүүхээс ашиглалтын зардалд 802,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь мөн үндэслэлгүй. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дугаартай тогтоолоор айл өрхийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр бохир усны үйлчилгээний төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төрөөс хариуцан төлөхөөр шийдвэрлэсэн тул хариуцагч нь ашиглалтын зардал 802,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс СӨХ-ны зардал болон ашиглалтын зардалд нийт 1,079,200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй. Анх ээж, дүү нарынхаа байрны төлбөрийг төлөх гэж орсон боловч байрны төлбөрийг төлөөгүй 2020 оны 08 дугаар сар хүрсэн. Манай талаас гаргаж өгсөн баримтыг урвуулан ашиглаж, ээж дүү нарынхаа төлж байсан төлбөрийг өөрийн суусан үеийн төлбөр гэж худал хэлсэн. Иймд 13,500,000 төгрөг байсан төлбөрийг 6,000,000 гаруй төгрөгийг хасуулсан. 2019 оноос 2020 он хүртэлх ээж дүү нарынхаа төлбөрийг төлнө гэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч М.А- нь хариуцагч К.С-д холбогдуулан орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууцны хөлс болон ашиглалтын зардалд нийт 13,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Зохигчид 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч М.А- нь Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, 10-р байрны 45 тоот 3 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатай хөлслүүлэх, хариуцагч К.С- нь орон сууц хөлсөлсний болон ашиглалтын зардлыг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон болох нь талуудын тайлбар, орон сууц хөлслөх гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 6-8-р тал/

4.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг тул талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

4.а.Анхан шатны шүүх хариуцагч К.С-ы гэрээний үүрэгт төлбөл зохих төлбөрийг 12,549,500 төгрөг гэж тооцож, үүнээс хариуцагчийн төлсөн 7,050,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 5,499,500 төгрөгийг хариуцагч К.С-аас гаргуулж, нэхэмжлэгч М.А-т олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй болно.

5.Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 508,200 төгрөг, ашиглалтын зардал 802,700 төгрөг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байна.

Тодруулбал, хэргийн 82-89 дүгээр талд авагдсан төлбөрийн баримтуудаас үзвэл зохигчид орон сууц хөлслөх гэрээ байгуулахаас өмнөх хугацааны төлбөр нэмэгдсэн байгааг анхан шатны шүүх анхаараагүй байх бөгөөд энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй. Гэрээ байгуулсан цаг хугацаанаас хойшхи хугацаанд СӨХ-ны төлбөрийг тооцвол 231,000 төгрөг, ашиглалтын зардал 311,643 төгрөг, нийт 542,643 төгрөг байна. Уг төлбөр дээр орон сууц хөлслөх гэрээний төлбөр болох 5,499,500 төгрөгийг нэмбэл 6,042,143 төгрөгийг төлөх үүрэг хариуцагчид үүссэн байна.

5.а.Гэвч хариуцагч К.С- нь анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлээс 6,150,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байх тул хариуцагч К.С-аас нийт 6,150,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.А-т олгож, нэхэмжлэлээс 7,350,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь иргэний эрх зүйн диспозитив зарчимд нийцнэ. /хх-ийн 98-р тал/

5.в.Орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагын тухайд хариуцагч нь уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

6.Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан боловч маргаан бүхий орон сууцны өмчлөгч М.Ариунаа нь М.Мэндсайхан, М.А- нарт итгэмжлэл олгосон, тус итгэмжлэлүүдэд төлөөлөх эрхүүдийг тодорхой зааж, төлөөлөгч нарын хэн аль нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг илэрхийлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2022/00752 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 6,810,400 ... гэснийг 6,150,000 гэж, ... 6,689,600 ... гэснийг 7,350,000 гэж,

3 дах заалтын ... 159,016 ... гэснийг 113,350 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,451 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Г.ДАВААДОРЖ