| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2502 00832 0546 |
| Дугаар | 2026/ДШМ/329 |
| Огноо | 2026-03-24 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2026/ДШМ/329
2026 03 24 2026/ДШМ/329
Т.З-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Төгөлдөр,
шүүгдэгч Т.З- /цахимаар/,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2026/ШЦТ/310 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.З-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2502 00832 0546 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Т-ын З- /РД:УТ-/, 1995 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ......., урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 314 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 7 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан 1 жил 3 сар 7 хоногийг нэмж нэгтгэн, нийт 3 жил 3 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 885 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялын нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн сольж 1 жилийн зорчих эрх хязгаарлах ял, 2 жил 3 сар 7 хоногийн хорих ял болгосон өөрчлөлтийг оруулж, тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд хорих ялын хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дуусаж суллагдсан;
Шүүгдэгч Т.З- нь 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гачууртын эцсийн автобусны буудлаас ертөнцийн зүгээр урд хэсэгт байрлах жалганаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol)-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol)-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 32.8 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болон метамфетамин (Methamphetamine)-ын агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,6 (0.6742) грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Т.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Б- овгийн Т-ын З-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol)-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol)-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, метамфетамин (Methamphetamine)-ын агууламжтай, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.З-т 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.З-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гялгар ууттай цэвэр жин 32.8 грамм хэмжээтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, гялгар ууттай цэвэр жин нь 0,6742 грамм хэмжээтэй цайвар өнгийн талстлаг зүйлс зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устаж, устгасан баримтын жагсаалтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.З- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би мөрдөн байцаалтын явцад саад учруулаагүй, тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн сайн дураар гарган өгсөн, өөрийн гэм буруу дээр огт маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалтыг журамлан, ашиглах боломжоор хангаж өгнө үү. Мөн би “Т-” дээд сургуулийг бүжгийн багш мэргэжлээр төгссөн, олон олон уран бүтээлд оролцож явсан, миний ээж, дүү 2 маань Холбооны Бүгд Найрамдах Герман улсад ажиллаж амьдардаг бөгөөд би хугацаа дуусмагц ээж болон дүү дээрээ очиж ажиллаж амьдрах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг маань харгалзаж үзнэ үү. ...Нэг жилийн зорчих эрх хязгаарлуулах ялыг нэмж нэгтгүүлэх хүсэлтэй байна. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” гэв.
Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.З-ыг 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өвс гэх нэршилтэй бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн тус бодисыг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр биедээ хадгалсан, мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ хадгалсан гэж үзэж прокурорын зүгээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх Т.З-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд Т.З-ын үйлдэлд 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан боловч анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ урьд удаа дараа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн энэ үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг оногдуулсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Т.З-ын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Т.З- нь 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гачууртын эцсийн автобусны буудлаас ертөнцийн зүгээр урд хэсэгт байрлах жалганаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol)-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol)-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 32.8 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин (Methamphetamine)-ын агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,6 (0.6742) грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Т.З-ын яллагдагчаар өгсөн “...Би өвсийг Гачууртаас түүж байсан. ...Харин мөс гэх зүйлийг ямар нэгэн байдлаар бусдаас аваагүй, харин өөрт байсан зиплок уутанд давс хийсэн байсан. Яагаад мөс илэрснийг мэдэхгүй байна. ...” /хх57-58/, сэжигтнээр өгсөн “...Би 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Гачууртын хойд талд байх далангийн орчмоос жаахан өвс түүж гялгар уутанд хийсэн. Би түүсэн өвсөө Дэнжийн 1000-д байх гахайн байрны орчимд жаахан доод талын налуу хэсэгт газарт тавьж хатааж, өөрийн цүнхэндээ хийгээд одоог хүртэл авч явсан юм. Хааяа гаргаж ганц нэг хэрэглэдэг байсан...” /хх34-35/ гэх мэдүүлгүүд,
Хар тамхитай тэмцэх албаны эрх бүхий албан тушаалтны “Т.З- гэгчийг ТБД андуудын зүүн талд явж байхад нь түр саатуулан шалгахад өөрийн биедээ уутанд хийсэн өвс мэт зүйл авч явсныг илрүүлэн мөрдөн шалгах хэлтэст хүлээлгэн өгөв.” гэх илтгэх хуудас /хх11/, түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх23-25/,
хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх13-16/,
хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “1 дүгээр багана буюу THC, 2 дугаар багана буюу AMP, ...5 дугаар багана буюу MDMA, ...13 дугаар багана буюу MEP, ...16 дугаар баган буюу PVP ...илэрсэн” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх17-19/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ЕГ0325/7827 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. “2” гэсэн хаягтай гялгар ууттай цайвар өнгийн талстлаг зүйлээс метамфетамин илэрсэн. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарна. “1” гэсэн хаягтай гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 37.9гр, цэвэр жин 32.8гр, “2” гэсэн хаягтай гялгар ууттай цайвар өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 0,9439гр, цэвэр жин 0,6742гр байна. ...” /хх39-41/,
2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ЕГ0325/7821 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “УТ- Т- З- 2025.11.4” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “УТ- Т- З- 2025.11.4” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол болон метамфетамин илэрч байна. Илэрсэн тетрагидроканнабинол болон метамфетамин нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг. Хэзээ хэрэглэсэн цаг хугацааг тогтоох боломжгүй. ...” гэх шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургууд /хх45-47/,
2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын 1137 дугаартай “...Т.З- нь Каннабинойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байсан байх боломжтой байна. Т.З- нь Каннабинойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Т.З-ын дээрх эмгэг нь олдмол эмгэг байна. Т.З- нь сэтгэцийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.З- нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх51-53/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.З-ыг сэтгэцэд нөлөөт бодис болох тетрагидроканнабинолыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, мөн сэтгэцэд нөлөөт бодис болох тетрагидроканнабинол болон метамфетаминыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Мөн шүүгдэгч Т.З-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгэмд учруулах хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлж буй хувийн байдал, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З-ыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон урьдчилан сэргийлэх зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр болжээ.
Шүүгдэгч Т.З- “...Би сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн сайн дураар гарган өгсөн, гэм буруу дээр огт маргаагүй, ээж болон дүү дээрээ очиж ажиллаж амьдрах хүсэлтэй байгаа. ...нэг жилийн зорчих эрх хязгаарлуулах ялыг нэмж нэгтгүүлэх хүсэлтэй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалтыг хэрэглэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Мансууруулах төрлийн бодисын түгэлт, хэрэглээ нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээний хувьд хор аюултай, хоригловол зохих гэмт хэрэг ба мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлж, өөрийгөө удирдан жолоодох чадварыг алдагдуулж, сэтгэцийн тогтворгүй байдал, улмаар сэтгэцийн өвчлөл үүсгэдэг аюултай нөлөөлөл бүхий бодис юм.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд шүүгдэгч Т.З- нь өвс гэх нэршилтэй тетрагидроканнабинол болон мөс гэх нэршилтэй метамфетамин бодисыг хэрэглэсэн байсан, мөн сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэсэн, хадгалсан үйл баримт эргэлзээгүй тогтоогдсон байхаас гадна тэрээр сэтгэцийн хувьд каннабинойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй болсон байдал тогтоогдсон байна.
Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.З-т тухайн гэмт хэрэгт заасан хорих ялын төрлийг сонгож, 4 жилийн хугацаагаар оногдуулсныг тохирсон байна гэж давж заалдах шатны дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхэд үүрэг хүлээлгэсэн, заавал биелүүлэх хэм хэмжээ биш төдийгүй шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж шүүх ял оногдуулдаггүй болно.
Иймд Т.З-ын гаргасан ял хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ДШМ/885 дугаартай магадлалаар Өршөөлийн хуулиар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ял болгож сольсон асуудлыг хууль зүйн хувьд эцэслэн дүгнэж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр байх тул анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Тус зорчих эрхийг эдлэх ялыг шүүгдэгч Т.З-ын хүсэлтээр нэмж нэгтгэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Т.З-т оногдуулсан ял заавал биелэгдэх ёстой атал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ДШМ/885 дугаартай магадлалаар шийдвэрлэсэн Т.З-ын хорих ял эдэлж дууссаны дараа эдлэх 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлээгүй байна. Иймээс ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих үүргээ хэрэгжүүлэхийг прокурорт, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад энэхүү магадлалаар анхааруулан тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Т.З-ыг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 55 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2026/ШЦТ/310 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүдэгч Т.З-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З-ын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА