Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2018/0497

 

 

 2018 оны 9 сарын 12 өдөр             Дугаар 221/МА2018/0497                  Улаанбаатар хот

 

Ш.Н-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ш.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.М нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 118/ШШ2018/0016 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ын давж заалдах гомдлоор Ш.Н-ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 118/ШШ2018/0016 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Ш.Н-ыг ажлаас халах тухай” Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ш.Н-ыг Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Дөрвөлжин сумын хөдөлмөр, эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ш.Н-ын ажилгүй байсан 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх 120 хоногийн олговор 4906991 /дөрвөн сая есөн зуун зургаан мянга есөн зуун ерэн нэг/ төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт бичилт хийж олгохыг хариуцагч Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг хуулиар болон ажлын байрны тодорхойлолтод зааснаар хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал өгөх чиг үүргийг хүлээгээгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Ш.Н нь сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн болохын хувьд хуулийн ач холбогдол болон сул талыг практикт өдөр тутам хэрэглэж ажиллаж байгаа учраас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын зохицуулалтуудад дүгнэлт өгч, тодорхой саналуудыг дэвшүүлэх зайлшгүй шаардлагатай албан тушаалтан юм. Улмаар энэ бүрийг тухайлан ажлын байрны тодорхойлолт эсхүл хуулиар нэрлэн тодорхойлж, үүрэг хүлээлгэх боломжгүй тул ажилтныг өөрт хариуцуулж өгсөн “тогтоол, шийдвэр, албан даалгавар, үүрэг даалгаврын биелэлтийг ханган ажиллах” үүрэгтэй байхаар үр дүнгийн гэрээний “нэгжийн дотоод ажил үйлчилгээ-5” хэсэгт заасан байдаг. Гэтэл шүүхээс аливаа зохицуулалтын агуулга, зорилгыг анхааралгүй, хэт өнгөц хандаж, нэхэмжлэгч хууль болон ажлын байрны тодорхойлолтоор уг үүргийг хүлээгээгүй тул санал өгөх эсэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал хэмжээн дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Мэргэжилтэн Ш.Н-д санал байхгүй байсан бол надад санал алга гэдгээ албан ёсоор бичгээр мэдэгдэх ёстой гэтэл ямар ч хариу байхгүй байгаа нь түүнийг үүрэг даалгавар биелүүлээгүй гэж үзэхээс өөр аргагүй байсан.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс нэхэмжлэгч тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие болон эмнэлгийн хяналтад байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж, тайлан ирүүлэх үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйгээс байгууллагад ямар хохирол учирсан нь тодорхойгүй, энэ талаар хариуцагч шалгаагүй хэмээн ажилтны албан үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй, ажлын хариуцлага алдсан буруутай үйлдлийг байгууллагад хохирол учраагүй байна хэмээн зөвтгөж, ажил олгогчид хохирол учраагүй л бол ажилтанг үүргээ зөрчсөн гэж үзэхгүй мэтээр тайлбарлаж буй нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Нэхэмжлэгч ч анхан шатны шүүх хуралдаан дээр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Анхан шатны шүүх байгууллагад хохирол, хор уршиг учруулахгүй бол ажилтан нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байж болно гэж ойлгогдохоор дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй, буруу дүгнэлт юм. Төрийн ажил тогтоосон цаг хугацаанд явагдаж үр дүн, тайлангаа гаргаж дараагийн ажил арга хэмжээ зохион байгуулагдаж явдаг. Гэтэл хугацаа хэтрүүлж байгууллагын үйл ажиллагааг доголдуулсан байхад шүүх түүнийг зөвтгөн өөгшүүлж хохирол учруулаагүй байна гэснийг хэт өрөөсгөл нэг талыг барьсан шийдвэр гэж үзэн буруутгаж гайхах сэтгэл төрж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2017 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээг дүгнүүлэх ажлын тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг Төрийн албаны хаагчийн үр дүнгийн гэрээний 4.2-т заасан хугацаа хэтрүүлсэн, нэхэмжлэгч нь 2017 оны 12 сарын 18-ны өдөр тайлангаа бэлэн болгосон гэдгээ өөрөө анхан шатны шүүх хурал дээр хэлж хүлээн зөвшөөрсөн байдаг. УДШ-ийн 2010 оны “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” №08 дугаар тогтоолын 7-д “... “... хангалтгүй биелүүлсэн” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэж заажээ. Нэхэмжлэгч нь өөрөө хугацаа хэтрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ба үр дүнгийн гэрээний 4.2-т заасан тайлагнах бус бүр дүгнэх хугацаа өнгөрсний дараа тайлангаа өгч байгаа нь хугацаа хэтрүүлж албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэл болж байгаа юм.

Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 2.2-т “Менежер нь тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө хугацаандаа ирүүлээгүй төрийн жинхэнэ албан хаагчид шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах эрхтэй” гэсэн заалтыг үндэслэж, нэхэмжлэгчид шаардлага тавиагүй, хэрэгжилтийг хангуулах талаар арга хэмжээ аваагүй учраас албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэхгүй гэж үзжээ. Гэтэл уг заалт нь эрхтэй болох талаар дурдсан бөгөөд уг журмын 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд заасан хугацаанд менежерт тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, танилцуулах үүрэгтэй”, 2.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө менежерт өгөөгүй нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд түүнийг төрийн албанаас халахаар заасан байдаг. Энэ нь төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнэхтэй холбоотой заалт огт биш юм. Нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр сахилгын шийтгэл авснаас хойш 3 удаа буюу удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлж, үүрэг даалгаврын биелэлтийн хугацааг хэтрүүлж, ажлын хариуцлага алдсан байдаг. Эдгээр нь ажлын байрны тодорхойлолт болон түүнтэй байгуулсан үр дүнгийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөн тул түүнийг ажлын байрны тодорхойлолт болон үр дүнгийн гэрээнд заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас халсан болно. Түүнчлэн, Ш.Н нь хагас жилийн тайлангаар D үнэлгээ авсан атлаа 2017 оны бүтэн жилийн ажлын тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг заасан хугацаанд ирүүлээгүй болох нь түүнийг алдаа дутагдлаа засах эрмэлзлэлгүй, ажилдаа хайхрамжгүй ханддаг болохыг харуулдаг. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийг Ш.Н-ын 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнүүлээгүй мөртлөө хагас жилийн тайланг D үнэлгээтэй дүгнүүлснийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэнд хамааруулсан нь буруу хэмээн хэргийн нөхцөл байдлыг сайтар тодруулалгүй, хариуцагчийн тайлбар болон холбогдох баримтыг сайтар судлалгүй, хариуцагчийн татгалзлыг илт гуйвуулсан байдлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ш.Н-ыг “сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолт, албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих албан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг 3 удаа биелүүлээгүй, 2017 оны хагас жилийн ажлын тайлан, илтгэх хуудсаар “D” буюу дутагдалтай үнэлгээгээр дүгнүүлсэн, 2017 оны жилийн эцсийн ажлын тайлан, илтгэх хуудсыг хугацаандаа гаргаж өгөөгүй, дүгнүүлээгүй” гэсэн үндэслэлээр Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар ажлаас халжээ.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт нь “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” тохиолдолд төрийн албанаас халах зохицуулалт байна.

Нэхэмжлэгч өмнө нь сахилгын зөрчил гаргаж, шийтгэл хүлээж байсан нь төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд сахилгын зөрчил гаргасантай холбогдон үүссэн харилцаа байна. Энэхүү харилцаанаас үүссэн асуудлыг сахилгын шийтгэл ногдуулах замаар шийдвэрлэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 26, 40 дүгээр зүйлүүдэд заасан зохицуулалтууд хэрэглэгдэнэ. Харин Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан харилцаа нь ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлэх мэдлэг, ур чадвартай холбоотой, түүнээс үүдэн гарах хууль зүйн үр дагаврыг зохицуулсан харилцаа байна. Тиймээс сахилгын шийтгэл хүлээсэн нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй байхад актын үндэслэл болгосон нь буруу байна.

Хариуцагч нь “2017 оны хагас жилийн ажлын тайлан, илтгэх хуудсаар “D” буюу дутагдалтай үнэлгээгээр дүгнүүлсэн” гэдгийг нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болгосон нь Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6.3-т “Гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнэнэ” гэж заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2017 оны тайлан, илтгэх хуудсаа 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргаж өгснөөр хариуцагчаас нэхэмжлэгчийн тухайн оны гэрээний биелэлтийн тайлан, илтгэх хуудсыг дүгнэх үүргээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч хэрэгжүүлээгүй, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж, дүгнэхгүй байх хуульд заасан ямар үндэслэл илэрсэн талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолт, албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих албан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг 3 удаа биелүүлээгүй гэж буруутгасан. Үүний нэг үндэслэл болсон “Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал өгөөгүй” тухайд: Нэхэмжлэгч нь нийгмийн халамжийн салбарт ажиллаж буйн хувьд тухайн салбарын хуулийн төсөлд санал өгөх боломжтой боловч энэ нь заавал биелүүлэх шаардлагатай үүрэг гэж үзэхээргүй байна. Улмаар хуулийн төсөлд санал өгөөгүйг албан үүргээ биелүүлээгүй гэж үзэн ажлаас халах үндэслэл болгох боломжгүй.

Мөн нэхэмжлэгчээс “Буурал багийн Засаг даргатай ярилцаж тохироод тус багаас багийн Засаг дарга нийт 8 ахмадыг, би өөрөө 2 ахмадыг амраахаар тохиролцсон ... халамжийн сувиллаас бусад сувилалд 19 хүн амарсан энэ нь ахмадууд өөрсдөө сувиллаа сонгох эрхтэйг харуулж байна” гэж тайлбарласан байх бөгөөд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх ахмадын сувилалд графикийн дагуу ахмадууд амраагүй нь нэхэмжлэгчээс ахмадуудыг амрааж, сувилуулах арга хэмжээ зохион байгуулах чиг үүргээ гүйцэтгээгүйгээс шалтгаалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие болон эмнэлгийн хяналтад байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж тайланг, жагсаалтын хамт ирүүлэхдээ Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 200 дугаар албан бичигт заасан хугацаанд ирүүлээгүй, тус хугацаанаас хоцроож хагас жилээр өгсөн зөрчил гаргаснаа нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна.  

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэлүүд нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас шууд халах үндэслэл болохооргүй байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт нь төрийн жинхэнэ албан хаагч нь удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлснээс төрийн албан хаагч өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргийг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, тухайн албан тушаалд ажиллах мэдлэг, ур чадваргүй болох нь илэрхий болсон, түүний улмаас төрийн албанд учирсан үр дагавар зэргийг харгалзаж үзсэний үндсэн дээр төрийн албанаас халах зохицуулалт байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 118/ШШ2018/0016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ