Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 118/2018/0029/З |
Дугаар | 196 |
Огноо | 2020-05-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 196
Ц.О-гийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Эрүүл мэндийн
газрын даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч М.Батсуурь,
Шүүгчид: Г.Банзрагч,
Б.Мөнхтуяа,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/15, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг тооцож гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”,
Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 109/ШШ2020/0001 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 162 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүү, Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Жавзанпагма, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвдорж нарыг оролцуулан,
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 109/ШШ2020/0001 дүгээр шийдвэрээр: Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.О-гаас Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан гаргасан Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/15, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг тооцож гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 162 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 109/ШШ2020/0001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хуульд нийцүүлэн, хуулийн хүрээнд, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэрээ гаргах ёстой байтал хуулийг буруу тайлбарлан, захиргааны маргаан бүхий актыг хамгаалсан шийдвэр гаргасан нь төрийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд, хууль дээдлэх, батлагдсан хуулийг даган биелүүлэх, хэрэглэх, зарчмыг хөндсөн явдал боллоо...
4. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд актыг бичгээр гаргах тухай хуульчилж өгсөн бөгөөд 40.2.1-д заасан шаардлагыг маргаан бүхий захиргааны акт нь хангаагүй, өөрөөр хэлбэл хаяг байхгүй, 40.2.3-д зааснаар актыг гаргах бодит нөхцөл байдлыг тусгахаар зааж өгсөн боловч тусгаагүй, энэ заалтын шаардлагыг хангаагүй учраас хариуцагчийн зүгээс үнэн худал нь мэдэгдэхгүй маш олон үндэслэлийг заасан тайлбар гаргасан, уг үндэслэлүүдээ бүгдийг нь үндэслэсэн гэж тайлбарлаж байгаа ба энэ нь актыг тодорхойгүй байдалд маргах нөхцөлийг бүрдүүлж, хууль зөрчсөн. Мөн хуулийн 40.2.2-т зааснаар акт хаяглагдсан этгээд нь хувь хүн бол хаяг, холбоо барих мэдээллийг тусгахаар хуульчилж өгсөн, энэ заалтад заасан шаардлагыг хангаагүй, 40.2.5-д зааснаар актыг хүлээн зөвшөөрөхгүй бол хэнд, хэзээ гомдол гаргах талаар тодорхой зааж өгөх ёстой уг заалт хэрэгжээгүй. Хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагаа огт явуулалгүй ажлаас халах тушаал гаргасан.
5. Маргаан бүхий актын агуулгад туссан хууль зүйн үндэслэлүүдийн талаар: Ажлаас халах тухай тушаалд Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг барьсан бөгөөд тус заалтыг үзвэл /Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө/ гэж заасан. Уг тушаалыг гаргахдаа тухайн шатны Засаг даргатай зөвшилцөөгүй, миний үйлчлүүлэгчийн ажиллаж байсан газар бол нэгдсэн эмнэлгийн статустай байгууллага юм. Гэтэл уг заалтыг үндэслэж байгаа нь хэр зэрэг үндэслэлтэй вэ гэдэгт ямар нэг байдлаар дүгнэлт өгөөгүй.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтын тухайд. Уг заалт /40.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан/ Хариуцагчийн төлөөлөгч сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж халсан гэх тайлбар өгсөн боловч өмгөөлөгч хоёуланг нь гаргасан гэж тайлбарласан. Гэтэл тушаалдаа яг ямар зөрчил гаргасан талаар огт дурдаагүй, мөн гэрээг шууд цуцлах ямар ноцтой зөрчил гаргасан талаар огт дурдаагүй, мөн дээрээс нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээ байхгүй байхад гэрээнд заасан ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй, мөн ажлаас халах тухай мэдэгдэл өгөхдөө тус хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр гэж мэдэгдээд, тушаал гаргахдаа огт өөр үндэслэлээр гарсан. Сахилгын зөрчил гэж үүнийг хэлнэ гэсэн зүйлээ ажил олгогч тодорхойлоогүй байж хүнийг зөрчил гаргасан, ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж гэрээг шууд зогсоох зөрчил гаргасан гэж тодорхойлоод байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй.
7. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг баримталсан тус хуулийн 131 дүгээр зүйлээс үзэхэд /Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна/ гэж зааснаас үзэхэд тус хуулийн хөдөлмөрийн гэрээ эсхүл хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн байхыг шаардаж байгаа. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байхгүй, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзэж байгаа бол маргаан бүхий тушаалд хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн талаар огт, ямар ч үндэслэл тусгаагүй. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй, энэ нь ажилтны эрх ашгийг хамгаалсан хуулийн заалт юм. Энэ заалтыг ажил олгогчийн зүгээс хэрэглэх гэж байгаа бол заавал хөдөлмөрийн гэрээтэй байх ёстой, мөн ажил олгогч хуулийг дагаж биелүүлэх ёстой гэдэг агуулгыг давхар илэрхийлж байгаа хэрэг юм. Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн бол үүнийгээ тушаалдаа тодорхой зааж өгөх ёстой, тодорхойгүй нөхцөл байдал дээр маргаан үүсэхэд бүгдийг хэрэглэсэн гэж маргах нь тайлбар төдий бөгөөд хууль зүйн ач холбогдолгүй юм.
8. Мөн тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2.3 дугаар зүйлийг хэрэглэсэн. Уг заалтаас үзэхэд /Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож, эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна/, /ажлаас халах/ гэж заасан байх бөгөөд миний үйлчлүүлэгчийн ямар үйлдэл нь хамааралтай болох талаар тушаалд огт тусгаагүй, хэрэгт иргэний шүүхийн шийдвэрүүд гаргаж өгсөн бөгөөд уг шийдвэрүүд нь энэ хэрэгт ямар байдлаар хамаарагдаж байгаа нь ойлгомжгүй, хохирол учруулсан бол шүүхээр тогтоолгон асуудалд хандах байтал, ямар ч тийм зүйл байхгүй.
9. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, Ц.О-г Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
10. Нэхэмжлэгч Ц.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шийдвэр, магадлал нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэт нэг талыг барьсан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Монгол Улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад нийцээгүй үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
11. 1/Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь намайг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий эмчээр томилоод хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулаагүй, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр надад ирүүлсэн мэдэгдэх хуудаст “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдье” гэсэн мөртлөө 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б/49 дугаартай ажлаас халах тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг буюу хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэсэн заалтыг үндэслэсэн.
12. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг нь төрийн үйлчилгээний байгууллага байтал Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг баримталсан байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг шийдвэрлэхдээ хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ хийгдээгүй байдалд үнэлэлт дүгнэлт хийгээгүй ба ажлаас халах талаар мэдэгдсэн гэж дүгнэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснийг нь зүйтэй хэмээн үзэж, нэг талд үйлчилсэн шийдвэр гаргасан. Хуульд хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулах нь ажил олгогчийн үүрэг бөгөөд тийнхүү үүргээ биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагыг ажил олгогч өөрөө хариуцах талаар, ажлаас халах тохиолдолд мэдэгдэх талаар, түүнчлэн халах тушаалыг гаргахдаа юуг үндэслэж байгаагаас хамааран хуулийн ямар зүйл заалтыг хэрэглэх талаар тодорхой хуульчилсан бөгөөд албан тушаалтнаас хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуулийг буруу хэрэглэснийг зөвтгөдөг, залруулдаг байгууллага нь шүүх биш бөгөөд ийнхүү шүүх бурууг зөвтгөөд, залруулаад шийддэг бол хууль байхын хэрэг юун.
13. Шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед өөрийнх нь гаргасан тушаал үндэслэл муутай болохыг мэдмэгцээ Эрүүл мэндийн газрын дарга нь төлөөлөгчөөрөө дамжуулан намайг удаа дараа зөрчил гаргасан учир ажлаас халсан талаар шүүхэд тайлбарлаж, нотлох баримт ирүүлсэн бөгөөд шүүх ажлаас халах тушаалд дурдагдаагүй дээрх тайлбарыг нь хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн. Угтаа бол намайг ажлаас халах тушаалд бичигдсэнээр сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл бүхий заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 гэсэн заалтууд байсан ба шүүх ноцтой зөрчил гарсан эсэх, ноцтой зөрчлийн талаар тохирсон эсэх, төрийн үйлчилгээний албан тушаалтанд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой эсэхийг хянах ёстой байсан боловч тушаалын үндэслэлд үнэлэлт дүгнэлт хийлгүй, үйл баримтуудад хэт автаж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
14. 2/Давж заалдах шатны шүүх нь хэргийг хянахдаа мөн ажлаас халах тушаалын үндэслэл болсон хуулийн зүйл заалтуудад холбогдох үнэлэлт дүгнэлт хийлгүй, үйл баримтад автаж Төсвийн тухай хуулийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөсөн шийдвэр гаргасан. Төсвийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “энэ хуулийн зорилт нь төсөв, түүний зарчим тогтолцоо, бүрэлдэхүүн, ангиллыг тогтоож төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасан бөгөөд энэ хууль бүхэлдээ төсөв, түүний үр ашигт байдалтай холбогдох харилцааг зохицуулахаар байтал төсөвтэй огт хамааралгүй тусгайлсан хуулиар зохицуулагдах асуудлыг ийнхүү шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
15. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь анх тушаал яаж гарсан, уг тушаалд дурдагдсан үндэслэлүүд нотлогдож байгаа эсэхийг хянах үүргээсээ хазайж хариуцагчийн тайлбарт хэт автан хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэрийг хууль буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн учир дээрх шүүхүүдийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
16. Шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хийвэл зохих дүгнэлтийг бүрэн хийгээгүй, оновчтой биш дүгнэлт хийсэн хэдий ч маргааны үйл баримтад холбогдуулж хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийг зөв хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээлээ.
17. Хариуцагч Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь, эхийн ноцтой хүндрэлийг магадлан хэлэлцэх хурлын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрийг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар үндсэн цалинг 2 сар 20 хувиар бууруулах; хүүхдийн эндэгдлийн хурлын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрийг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар сануулах; Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.1, 1.7-д заасныг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэлийг тус тус нэхэмжлэгч Ц.О-д оногдуулсан; нэхэмжлэгчээс анх шүүхэд 2018 оны Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг “...Засгийн газрын тогтоол манай эмнэлэгт ирээгүй бөгөөд дотоод журамд уг асуудлыг тусгаагүй байсан, ...халдашгүй эрхэд халдаж, нэгжлэг хийсэн, ...согтууруулах ундаа хадгалсан зөрчил гаргасан гэж үзвэл, зөрчил илрүүлснээс хойш 1 сарын дотор шийтгэл ногдуулах байсан, ...хууль зөрчсөн” гэх үндэслэлээр гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны Б/15, 2018 оны Б/28 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлж, эдгээр тушаалууд гарсныг мэдээгүй, арга хэмжээ авсныг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
18. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна:”, 9.1.1-д “...эрүүл мэнд ...зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, ...” гэж, 11 дүгээр зүйлийн 11.5-д “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж тус тус зааснаас үзэхэд сумын Нэгдсэн эмнэлгийн даргын хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу байгуулагдах хөдөлмөрийн гэрээний дагуу үүсэх ба хөдөлмөрийн гэрээний талаарх болон сахилгын шийтгэл оногдуулах асуудлаарх маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт хэрэглэгдэнэ.
19. Түүнчлэн, сумын Нэгдсэн эмнэлгийн дарга нь /төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан/ хөдөлмөрийн гэрээний зэрэгцээ эмнэлгийн төсвийн шууд захирагчийн хувьд үр дүнгийн гэрээ байгуулдаг албан тушаалтан бөгөөд түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг хөдөлмөрийн гэрээний дагуу үнэлэхгүй боловч төсвийн шууд захирагчийн хүлээсэн үүргийн биелэлт нь түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болохын хувьд Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг оногдуулах үндэслэл болдог.
20. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж, Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар тус эмнэлгийн ерөнхий эмчээр томилогдсон ба уг албан тушаалд ажиллахдаа хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ байгуулаагүй нь тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
21. Түүнчлэн, хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ байгуулахгүй байгаа талаар нэхэмжлэгчээс маргаж байгаагүйн зэрэгцээ, энэ маргааныг шийдвэрлэхэд уг үйл баримт хамааралгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “...шүүхүүд хэргийг шийдвэрлэхдээ хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ хийгдээгүй байдалд үнэлэлт дүгнэлт хийгээгүй, ...гэрээ байгуулах нь ажил олгогчийн үүрэг, ...хуульд заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг зөвтгөсөн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
22. Хариуцагчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Эхийн ноцтой хүндрэлийг магадлан хэлэлцэх хурлын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг баримталж үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах; 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар Хүүхдийн эндэгдлийн хурлын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасныг баримталж сануулах; 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.1,1.7-д заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2.3-т заасныг баримталж ажлаас халах сахилгын шийтгэл тус тус оногдуулсан, хамгийн сүүлд “ажлаас халах”-аар шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсний “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэх үндэслэлээр уг тушаалыг гаргасан ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй зэргээс үзвэл нэгэнт сахилгын зөрчлийг “давтан гаргасан” үйлдэлд “ажлаас халах” сахилгын шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай тул энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэхээс үл хамаарч, уг зохицуулалтыг хэрэглэх боломжтой юм.
23. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр 131.1-д “..., эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж заасан, нэхэмжлэгч нь Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар батлагдсан “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн дотоод журам”-ыг дагаж мөрдөх үүрэгтэй, уг журмын 11-д заасныг зөрчсөн нь түүнд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно.
24. Иймд, нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүү нарын хяналтын журмаар гаргасан “...хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй, хөдөлмөрийн дотоод журам зөрсөн талаар тушаалд огт, ямар ч үндэслэл тусгаагүй, ...Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой эсэхийг хянаагүй, ...хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.