Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 439

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

Улсын яллагч Б.Баярхүү,

Хохирогч Э.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

Шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б.С.Аэд холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...... оны ... дугаар сарын ...-ны өдөр .......аймгмйн ........суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ...... дүүргийн ...дугаар хороо, .... дугаар хороолол, ..........тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б.С.А /РД:....../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч С.А нь 2018 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаб” пабын гадна байрлах задгай асарт төлбөр тооцооны асуудлаас болж иргэн Э.Б тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт шилэн стаканаар цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, дух, хамарт шарх зулгаралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.

 

Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…2018 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө найз Мөнх-Алдартай уулзсан. Солонгос улсад хамт суралдцдаг байсан их сургуулийн найзуудтайгаа 13 дугаар хороололд цуг хөлбөмбөг үзэхээр товлосон байсан боловч больчихлоо 120 мянгатад байрлах “Хаб” нэртэй пабад яваад ир гэж хэлсэн. Тус пабад 11 цаг 30 минутын үед очсон. Тэнд Дамбийням, Бүлгүүтэй, Булгаа, Бямбаа нартай уулзсан. Хөлбөмбөгийн тоглолт дуусаад гарах гэж байтал Солонгос улсад хамт ажиллаж байсан Чингис, Бадрал нартай тааралдсан бөгөөд жаахан сууя гэж хэлсэн. Пабын гадаа асарт суугаад ганц нэг шилтэй пиво мөн 0.75 граммын шилтэй “Эдэн” нэртэй архи уугаад сууж байтал Алдараа надаас мөнгө асуусан. Би жаахан байж байгаад өгье гэтэл миний ширээний эсрэг талд сууж байсан Алтансүх архины шилээр миний нүүрэн тус газар цохисон. Би ухаан алдаж унасан бөгөөд гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Чингис, Төгөлдөр, Алтансүх нар гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан. Намайг эр хүн шиг байгаарай гэж үгээр идсэн зүйл хэлж байсан. Би Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасан. Маргааш өглөө нь Шүүх эмнэлгийн гадаа Алтансүхтэй уулзахад өчигдөр тасарсан байна лээ, чамайг цохисон үйлдлээ санахгүй байна уучлаарай гэж хэлсэн. Үүнээс хойш сар гарны дараа Тэнгис кино театрын гадаа надтай уулзаж эмчилгээний зардал нийт хэдэн төгрөг болсон гэж лавлаж асуусан. Би 2.500.000 төгрөгний эмчилгээ гарах байх миний хохирлыг барагдуулвал надад гомдол санал байхгүй гэж хэлсэн. Түүнээс хойш холбоо бариагүй. Сэтгэл санаа, гоо сайхны хувьд хохирол хүлээсэн бөгөөд, гомдолтой байна” гэв

 

Гэрч А.Мөнх-Алдар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ингээд Дамбийням, Билгүүтэй, Булгаа, Бямбаа нар яваад Баасанжаргал бид хоёр тус пабд байсан түүний найзууд болох Чингис, Төгөлдөр, Алтансүх, Бадрал, Очироо, Хаянаа нартай уулзаж, пабын задгай асарт сууж 750 граммын савалгаатай “Эдэн” нэртэй архи нэг шилийг хувааж уусан. Бид нар ярилцаад сууж байхад Алтансүх “тооцоо тэдэн төгрөг боллоо, нэг хүнээс 40,000 төгрөг гарахаар байна, одоо эндээс гарцгаая” гэж хэлээд “намайг тооцоогоо” гэж хэлэхээр нь би түүнд “надад мөнгө байхгүй, Баасанжаргалтай ярьж байгаад мөнгө аваад өгье” гэж хэлсэн. Тэгтэл Алтансүх юм бодож байгаа бололтой сууж байснаа ширээн дээр байсан архины шилийг аваад Баасанжаргалын дух руу цохитол түүний духнаас цус гараад эхэлсэн. Тэгэхээр нь би “хүүе, яаж байгаа юм бэ” гээд Алтансүхийг Баасанжаргалаас холдуулсан. Дараа нь Алтансүхтэй тааралдахад тэрээр “найз нь согтоод тасарчихсан байна лээ, тэгээд Баасанжаргалыг цохичихсон байна лээ, уучлаарай” гэж байсан” гэжээ. /хх-16-17-р тал/

 

Гэрч Д.Мөнх-Очир мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ингээд архиа ууж дуусаад тооцоогоо хийх гэтэл Баасанжаргад, Мөнх-Алдар нар “мөнгө байхгүй” гэхээр нь Алтансүх тэдэнд “мөнгө төгрөггүй бол яах гэж ууж, иддэг юм, бүгд л адилхан тооцоогоо хийж байхад” гэж хэлсэн. Тэгтэл Баасанжаргал нь Алтансүхийг “чи юу вэ, утаа минь, Чингис юм яриагүй байхад, чи муу юу вэ” гээд байсан. Би тухайн үед гар утсаа оролдоод доошоо хараад сууж байсан ба “тар няр” хийгээд юм хагарах чимээнээр дээшээ хартал Баасанжаргалын духнаас цус гарчихсан, шалан дээр цус болсон хагархай ундааны нимгэн шилтэй стакан хэвтэж байсан. Бадрал, Мөнх-Алдар нар Баасанжаргалыг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан...” гэжээ. /хх-ийн 54-р тал/,

 

Гэрч М.Бадрал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...шөнө 01 цагийн үед бүгдээрээ тус пабаас гарах гээд тооцоогоо хийх болоход нэг хүн 30,000 төгрөг гаргахаар болсон. Би тэдэнд нэг хүнээс 30,000 төгрөг авах юм байна гэтэл Баасанжаргал нь “надад мөнгө байхгүй” гэж хэлтэл Алтансүх “мөнгө төгрөггүй бол ууж идэж яадаг юм” гэтэл Баасанжаргал нь Алтансүхтэй шөргөөцөлдөөд “чи муу гөлөг бол дуугүй л байгаарай” гээд маргалдаж байсан. Тухайн үед Хаянхярваатай ярилцаж байсан болохоор тэдний маргааныг нэг их тоогоогүй. Тэгтэл гэнэт л хүмүүс “хүүе, хаая” гээд орилоод явчихаар нь Алтансүх рүү хартал тэрээр ширээний эсрэг талд, өөдөөс нь хараад сууж байсан Баасанжаргалын дух руу пивоны шилэн аягаар цохисон байсан. Тухайн үед пивоны шилэн аяга хагараад шалан дээр уначихсан, мөн Баасанжаргалын духнаас цус гарч байгаа харагдахаар нь би тэдэн рүү гүйж очоод, Алтансүхийг Баасанжаргалаас холдуулсан. Тухайн өдөр Баасанжаргал, Алтансүх нар нь төлбөр тооцооны асуудлын улмаас маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/

 

Гэрч Д.Жавхлантөгөлдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ингээд бид тооцоогоо хувааж төлөх гэтэл Баасанжаргал болон түүний найз нь “мөнгө байхгүй, тооцоо хийж чадахгүй” гэж хэлсэн. Тэгтэл Алтансүх нь Баасанжаргалд “мөнгө байхгүй юм бол яах гэж бидний ширээнд ирж сууж, ууж идсэн юм бэ, тэгэх шаардлага байхгүй шүү дээ” гэж хэлтэл Баасанжаргал нь Алтансүхийг “чамд ямар хамаатай юм бэ, утаа минь” гэсэн. Тухайн үед Баасанжаргал миний зүүн гар талд, Алтансүх миний баруун гар талд сууж байсан. Би Баасанжаргалаас тодорхой хэмжээгээр айдаг учраас доошоо хараад сууж байтал Баасанжаргал, Алтансүх нар миний дээгүүр даваад барьцалдаж аваад, миний зүүн талд шалан дээр цус дуслаад эхлэхээр нь би тэднээс холдоод машиндаа очоод суучихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р тал/,

 

Гэрч Ж.Чингис мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Шөнө 01 цагийн үед тус пабын хаах цаг болоод тооцоогоо хувааж төлөх гэтэл Баасанжаргал, Мөнх-Алдар нар “мөнгө байхгүй” гээд байсан. Алтансүх нь Баасанжаргалд “хүн хүнээс 35,000 төгрөг авахаар байна, мөнгө байхгүй юм бол яах гэж ууж идсэн юм” гэж хэлтэл Баасанжаргал нь Алтансүхийг “Чингис юм хэлээгүй байхад чи илүү, чамд ямар хамаатай юм бэ, утаа минь” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл Алтансүх өөрийнхөө урд байсан пиво ууж байсан ундааны нимгэн шилтэй стаканаар Баасанжаргалын дух руу нь нэг удаа цохитол Баасанжаргалын духнаас цус гараад, нүүрийг дагаад цус урссан. Бадрал, Мөнх-Алдар нар Баасанжаргалыг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Би Жавхлантөгөлдөр, Алтансүх нартай Баасанжаргалын хойноос Гэмтлийн эмнэлэг рүү очиход Баасанжаргал толгойгоо боолгочихсон гарч ирж байсан. Алтансүх нь Баасанжаргалын дух руу шилэн аягаар нэг удаа цохисон. Үүний улмаас Баасанжаргалын дух хагарч цус гарсан...” гэх мэдүүлэг/хх-52-53-р тал/,

 

Гэрч М.Самбуу мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ингээд бид гэртээ хөлбөмөгийн тэмцээн үзэх гэж байхад Атансүхийн найзууд нь дуудсан уу, яасан “гарч хөлбөмбөгийн тэмцээн үзчихээд ирье” гээд л гараад явсан. Ингээд өглөө сэрэхэд Аптансүх гэртээ ирчихсэн унтаж байсан. Түүнийг шөнө хэдэн цагт ирсэн болохыг нь мэдэхгүй байна. Аптансүх өглөө сэрчихээд “хүнтэй маргалдаад, стаканаар хүн цохичихлоо, тэр хүн толгойндоо оёдол тавиулсан” гэж надад хэлэхээр нь би түүнийг зэмэлсэн. Үүнээс өөр надад мэдэх зүйл байхгүй. Одоогийн байдлаар Алтансүх нь хохироосон хүндээ эмчилгээний зардалд 700,000 орчим төгрөг өгсөн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн  ¹8768 тоот дүгнэлтэд: “…Э.Бын биед хамар ясны хугарал, дух, хамарт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 20-р тал/

 

Гэрч М.Намжилсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...шөнө 01 цагийн үед гадаа асар буюу терассын үйлчлүүлэгчид нь явсан, зүүн урд талын булангийн ширээг цэвэрлэхэд ширээн дээр цус дуссан, шалан дээр ундааны шилэн аяга хагарчихсан, аяганы хагархайнууд нь цус болчихсон байхаар нь ширээн дээрх шилэн аяга болон архины шилийг авч, ширээг арчиж цэвэрлээд, цустай аяганы хагархайнуудыг хогийн сав руу хаясан. Тухайн ширээн дээр үйлчлүүлсэн хүмүүс шилэн аяга хагалсан байна гэдгийг менежер Дээгий эгчид хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р тал/

 

Гэрч Д.Нямсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...шөнө манай пабын гадна задгай асрын баруун хойд талын ширээн дээр сууж байсан 30 орчим насны залуу өөртэй нь нэг ширээнд хамт сууж байсан өөрийнх нь зүүн талд сууж байсан ойролцоо насны залуугийн дух руу нь шилэн эдлэлээр нэг удаа цохьсон. ...би толгойруугаа цохиулсан залуугийн цусыг тогтоох гэж бинт авч ирж өгсөн. Ингээд л тэдгээр залуучууд удалгүй явцгаасан. Тэдний явсаны дараа шилэн аяга газар хагарсан харагдаж байсан ширээг манай ажилчид цэвэрлээд хагарсан шилэн аягыг хогийн саванд хаясан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-р тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/, шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримтууд /хх-32-35/, хохиролын баримт /хх-58-60/, ял шалгах хуудас /хх-61/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос гаргасан хохиролын зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.А нь 2018 оны 07 дугаар сарын 15-16 нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаб” пабын гадна байрлах задгай асарт төлбөр тооцооны асуудлаас болж иргэн Э.Б-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт шилэн стаканаар цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, дух, хамарт шарх зулгаралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь тэдний хувийн таарамжгүй харьцаа болон “Хаб” пабад үйлчлүүлсэн үйлчилгээний төлбөр тооцоон дээр маргалдсан хохирогчийн зүй бус үг хэллэг нөлөөлж, энэ гэмт хэрэг үйлдэгдсэн нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн “..Пабын гадаа асарт суугаад ганц нэг шилтэй пиво мөн 0.75 граммын шилтэй “Эдэн” нэртэй архи уугаад сууж байтал Алдараа надаас мөнгө асуусан. Би жаахан байж байгаад өгье гэтэл миний ширээний эсрэг талд сууж байсан Алтансүх архины шилээр миний нүүрэн тус газар цохисон гэх мэдүүлгээр, тухайн хэрэг болсон нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч А.Мөнх-Алдарын “..Бид нар ярилцаад сууж байхад Алтансүх “тооцоо тэдэн төгрөг боллоо, нэг хүнээс 40,000 төгрөг гарахаар байна, одоо эндээс гарцгаая” гэж хэлээд “намайг тооцоогоо” гэж хэлэхээр нь би түүнд “надад мөнгө байхгүй, Баасанжаргалтай ярьж байгаад мөнгө аваад өгье” гэж хэлсэн. Тэгтэл Алтансүх юм бодож байгаа бололтой сууж байснаа ширээн дээр байсан архины шилийг аваад Баасанжаргалын дух руу цохитол түүний духнаас цус гараад эхэлсэн гэх мэдүүлэг /хх-16-17/ гэрч Ж.Чингисийн “..хэлтэл Баасанжаргал нь Алтансүхийг “Чингис юм хэлээгүй байхад чи илүү, чамд ямар хамаатай юм бэ, утаа минь” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл Алтансүх өөрийнхөө урд байсан пиво ууж байсан ундааны нимгэн шилтэй стаканаар Баасанжаргалын дух руу нь нэг удаа цохитол Баасанжаргалын духнаас цус гараад, нүүрийг дагаад цус урссан” /хх-52-53 тал/ мэдүүлгүүд болон Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹8768 тоот дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.А-эд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хохирол төлбөрийн хувьд

Хохирогч Э.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүхийн хэлэлцүүлэгт ажилгүй байсан 42 хоногийн 4.566.660 төгрөг, эмчилгээний баримтаар 1.048.200 төгрөг, мөн аудитын дүгнэлт гаргуулсан төлбөр 240.000 төгрөг буюу нийт 5.854.860 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд 680.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн бөгөөд мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан хохирлын баримтаас нотлох баримтын шаардлага хангасан баримтаар 503.610 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хохирогч Э.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Аэд оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.