| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2406 09207 2687 |
| Дугаар | 2026/ДШМ/379 |
| Огноо | 2026-03-31 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрдэнэмөнх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2026/ДШМ/379
Ц.П-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Эрдэнэмөнх,
шүүгдэгч Ц.П- /цахимаар/, түүний өмгөөлөгч Р.Чинбаа,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2026/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.П- болон түүний өмгөөлөгч Р.Чинбаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ц.П-д холбогдох 2406 09207 2687 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т- овгийн Ц-ын П-, 1997 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, архив, бичиг хэргийн мэргэжилтэй, ....., урьд ял шийтгэлгүй, /РД:ИЦ-/;
Шүүгдэгч Ц.П- нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Ц- тоотод хохирогч Б.Н-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу заазуурыг зэвсгээр ашиглан түүний толгой хэсэгт нь олон удаа цохиж эрүүл мэндэд нь баруун зулай ясны ар хэсэгт гавлын хөндий рүү бага зэрэг цөмөрсөн ясны хэлтэрхий бүхий ил хугарал, хуйхны ил шарх, дух ясны баруун хэсэгт баруун нүдний ухархайн гадна дээд ирмэг дайрсан ташуу шугаман хугарал, зүүн чамархай, баруун зулайн хуйх, баруун хөмсөгт шарх, дух, баруун нүдний зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
мөн дээрх цаг хугацаанд гэмт хэргийг таслан зогсоохоор очсон хохирогч О.Н-ыг заазуураар цохиж, эрүүл мэндэд нь баруун хөмсөгт зүсэгдсэн шарх, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Ц.П- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 3.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. 2025 онд өөрийн найз Н-ынд буюу Баянзүрх дүүрэгт байрлах гэрт нь байхад хамтран амьдрагч Н- над руу залгаж байгаад ирсэн. Ирэхдээ 2 литрийн савлагаатай шар айраг хоёрыг барьж ирсэн. Ингээд гурвуулаа хувааж уусан. Шар айраг ууж байхдаа Н- бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Н- намайг үг хэлээр доромжилж, харааж зүхэж эхэлсэн. Н- нь лам ба “би чамайг харааж үр хүүхдийг чинь тахир дутуу болгож ална, гичий, янхан” гэх зүй бус үг хэллэгээр дайрч доромжилж орилоод байхаар нь би тэвчээр алдаад хоёр удаа алгадаад авсан. Тэгээд Н- миний өөдөөс дайрч эхэлсэн. Удалгүй гал тогооны шүүгээний хажууд миний бие хөД- хязгаарлагдаж зүүн гар хөД-гүй, үснээс доош дарсан амьсгалж болохгүй, хоолой өмссөн цамцны заханд боолгосон байсан. Харин баруун гар сул байсан ба түлхэж холдуулах гээд дийлээгүй. Баруун гараа хойш савахад хойно сул юм хөдөлсөн. Юуг нь мэдэхгүй боогоод үсдээд байсан гарыг нь сулруулах зорилготой мөр хавьцаа цохисон гэж бодсон боловч толгой хэсэгт нь заазуурын ар хэсгээр цохисон байсан. Н- бид хоёрыг хоёр тийш нь салгахдаа гарт байсан заазуурт өртөж гэмтсэн. Би тухайн үед ямар нэгэн бэртэл учруулах сэдэл байгаагүй. Миний хувьд энэ хоёрын хэн хэнд нь гэмтэл учруулах зорилго, сэдэл санаа, бодол байхгүй. Ц.П- би гурван хүүхэдтэй. Бага минь нэг ой гарантай. Нялх бага насны хүүхдүүдээ өнчин, өрөөсөн болгоод санаатайгаар бусдыг заазуурдаад явсан мэтээр Н-ын худал мэдүүлэгт үндэслэн надад эрүүгийн хэрэг үүсгэж ялласанд гомдолтой байна. Ц.П- миний бие одоогоор жирэмсэн, сэтгэл санаа тогтворгүй байна. Хэргийн үнэн зөв байдлыг тогтоож, миний аргагүйн эрхэнд биеэ хамгаалсан нөхцөлд бодит дүгнэлт хийж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Чинбаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын гэм буруугийн талаарх дүгнэлт хэсэгт "...Гэтэл шүүгдэгч нь хохирогч Н-тэй урьдын харилцаа болон хүүхдийн асуудлаас эхэлж маргахад хохирогч гичий, янхан гэх зэргээр хэлэхэд хохирогчийг эхэлж алгадах, нүүр хэсэг рүү самардах зэрэг үйлдлүүд хийсэн, тэдний маргааныг Н- болиулж зогсооход шүүгдэгч нь тухайн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж уураа тэвчиж чадаагүйгээс үйлдлээ үргэлжлүүлж Н-эд хүнд хохирол учруулсан үйлдлийг хохирогчийн хууль бус үг үйлдлийн улмаас санаа сэтгэлийн гэнэтийн хүчтэй цочрол давчдал үүсэж үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.” гэжээ. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогч О.Н-ын мэдүүлгийг бодит байдалд илүү нийцнэ гэж дүгнэж, хохирогч Б.Н- нь хэл амаар доромжилж, шүүгдэгчийг үсдэж дарсан үйлдлийг "шүүгдэгчийн үйлдлийг зогсоохын тулд үснээс нь татаж өөрөөсөө холдуулж дарсан" гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгчийг уураа тэвчиж чадаагүйгээс үйлдлээ үргэлжлүүлж Н-эд хүнд хохирол учруулсан гэж буруутгасан. Хохирогч О.Н-ын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй байхад түүний мэдүүлгийг нотолгооны илүү чадамжтай гэж дүгнэж, үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Б.Н-ийн буруутай үйлдэл буюу шүүгдэгчийг найзынх нь хажууд “янхан гичий” гэж нэр төрийг нь доромжлон гутаасан үйлдэлд анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийсэнгүй.
Санаа сэтгэл хүчтэй цочирдон давчдах гэдэг нь хууль зүйн ойлголт бөгөөд хэргийн үйл явдлыг бодитойгоор сэргээн дүрсэлснээр хууль зүйн дүгнэлт өгөх бүрэн боломжтой. Хохирогч, шүүгдэгч нар нь хамтын амьдралтай байхдаа нэг бус удаа маргалдаж муудалцсан баримтууд хэрэгт авагдсан ба ахуйн хүрээнд, урьдын таарамжгүй харилцаанаас болж эхнэр нь нөхөртөө гэмтэл учруулж, гэмт хэрэг үйлдэж байгаагүй байдаг. Хоорондоо бие биеэ доромжилж гутаах, хүний хажууд нэг нэгнээ доромжилж гутаах сэтгэл зүйн хувьд асар ялгаатай, түүнээс гарах үр дагавар нь өөр өөр болох нь харагдана. Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д Өөрт нь, ...хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, ...хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас..." гэж тодорхой заасан. Хохирогч Б.Н- нь шүүгдэгчийн үснээс зулгаан дарж хүч хэрэглэсэн, "ална шүү" гэж заналхийлсэн, "гичий янхан, банзал" гэж шүүгдэгчийн нэр төрийг нь гутаан доромжилсон түүний хууль бус, зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн. Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргээс хуульд заасан дээрх шинжүүдээр ялгагдах ба хохирогч Б.Н-ийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн болно. Энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогч Б.Н-эд хүнд гэмтэл учруулсан шүүгдэгч Ц.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д заасан гэмт хэргээр зүйлчилж, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор О.Эрдэнэмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэхэд Ц.П-, Б.Н- нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хүүхдүүдтэй холбоотой асуудлаас үүдэн өмнө нь маргаантай байсан. Энэ маргаан анх утсаар ярих үеэс эхэлсэн байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд эхэндээ хохирогчийн зүгээс ямар нэгэн үйлдэл хийгээгүй байхад шүүгдэгч удаа дараа дайрч, маажих, нүүр амыг нь маажих, цохих, алгадах зэрэг үйлдэл хийж маргаан эхэлсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж гэмт хэрэг нь богино хугацаанд үүсдэг онцлогтой. Харин энэ хэрэгт талуудын маргаан хэд хэдэн удаа тасалдуулж салгасан ч дахин үргэлжилсэн байна. О.Н- нь хоёрыг салгах гэж оролдож, аль нэгийг нь гарч явахыг шаардсан ч маргаан үргэлжилсээр эцэстээ гэмт хэрэг үйлдэх нөхцөл бүрдсэн байна. Шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Энэ нь сэтгэл санаа гэнэтийн цочролд орсон гэхээс илүү өөрийн үйлдлийг хянах чадвар сулруулсан байдал гэж үзэхээр байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн нь маргааныг улам хурцатгаж, биеэ барих чадвар алдагдсан нөхцөл байдал үүссэн. Өмгөөлөгчийн хэлж байгаа гарт нь заазуур таарсан гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй. Анхан шатны шүүх хуралдаанд оролцогчдоос энэ талаар тодруулахад заазуурыг урьдчилан хэрэглэж байсан, ширээн дээр гаргаж тавьсан гэх үйл байдал нотлогдоогүй. О.Н-ын мэдүүлгээр шүүгдэгч босож шургуулганаас заазуур авч ирээд хохирогчийг цохисон гэж мэдүүлсэн байдаг. Энэ мэдүүлгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хоёр удаа өгөхдөө зөрүүгүй ярьсан. Хохирогч Б.Н- өөрийгөө хамгаалах байдлаар үйлдэл хийсэн гэж мэдүүлсэн. Шүүгдэгч удаа дараа алгадаж, нүүрийг нь маажсан тул өөрийгөө хамгаалах, холдуулах зорилгоор үйлдэл хийсэн гэж тайлбарласан. Энэ үед О.Н- ирж салгасан. Салгасны дараа шүүгдэгч шургуулгаас заазуур авч ирээд хохирогчийг удаа дараа цохисон үйл баримт тогтоогдож байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчид олон тооны гэмтэл учирсан нь нэг удаагийн үйлдэл биш, олон удаагийн цохилтоос үүссэн гэмтэл байна. Энэ нь тухайн үйлдэл үргэлжилсэн, давтамжтай байсан болохыг харуулж байна. Иймд хэрэгт тогтоогдсон үйл баримтад үндэслэн анхан шатны шүүх зөв дүгнэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Ц.П-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Ц.П- болон түүний өмгөөлөгч Р.Чинбаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хянаж үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн үйл баримтын нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тодруулсан, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.П-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн зөв байна.
Гэвч, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, анхан шатны шүүх шүүгдэгч Ц.П-д оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “...эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан...” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон хуулийн зохицуулалт хэдий ч тодорхой нөхцөл болзлыг хангасан хүнд хэрэглэнэ.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх зорилго нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаангүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх учиртай юм.
Шүүгдэгч Ц.П- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар болон анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэмт хэргийн үйл баримт, зүйлчлэлийн хувьд маргаантай оролцсон, тухайлбал намайг доромжилсон нөхцөл байдлын улмаас сэтгэл санаа цочрон давчдасны улмаас өөрийгөө удирдан хянах чадваргүй болсон, ...аргагүй хамгаалалт хийсэн, ...санаатайгаар цохиогүй, болгоомжгүй гэмт үйлдэл хийсэн гэх зэрэг агуулгаар мэтгэлцсэнээс дүгнэхэд түүнийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн хохирогч Б.Н-ийн эрүүл мэндэд учирсан хүнд, хохирогч О.Н-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролтой холбоотой хохирол барагдуулсан талаар баримтгүйгээс гадна хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй байгааг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэх үндэслэлгүй болно.
Гэтэл анхан шатны шүүх дээрх хуульд заасан болзол, шаардлага хангагдаагүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан зохицуулалтыг хэрэглэн шүүгдэгч Ц.П-д хуульд зааснаас доогуур ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх буюу шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдэлдээ хандаж буй хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцдэг.
Иймд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон учир шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.П-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2026/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ц.П-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА