| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2026/03795/И |
| Дугаар | 192/ШШ2026/04311 |
| Огноо | 2026-04-21 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2026/04311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н******* ХХК-д холбогдох
Цалин 26 889 600 төгрөг гаргуулж, 2025 оны 12 дугаар сар, 2026 оны 01, 02, 03 саруудын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Ц.М*******,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н*******,
хариуцагчийн төлөөлөгч С.Х*******,
нарийн бичгийн дарга М.Энхцэцэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.М******* хариуцагч Н******* ХХК-д холбогдуулан 2025 оны 11 сарын 06-ны өдрөөс 2026 оны 3 сарыг дуусталх хугацааны цалин хөлс 26 889 600 төгрөг гаргуулж, 2025 оны 12 дугаар сар, 2026 оны 01, 02, 03 саруудын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгахаар шаардсан.
1.1 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М******* миний бие 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанид гагнуурчнаар ажиллаж байна. Ажилд орох үедээ ажилчдын нэгдсэн шинжилгээ, үзлэгээр миний бие чихрийн шижин буюу сахарын өвчтэй талаар хариу гарсан ба энэ талаараа ч ажил олгогчдоо тухай үедээ хэлж байсан. Би **** Цанхийн зүүн уурхайн талбайд гагнуурчнаар 14 хоног очиж байрлаж ажиллаад, 14 хоног амардаг, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажлын байран дээрээ байхад миний сахарын хэмжээ ихэссэнтэй холбоотой ажлаасаа буусан. 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл эмчийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдөж, эмчийн магадлагаа болон холбодох эмчийн үзлэг, шинжилгээний баримтуудаа Уурхайн засварын хэлтсийн админ Э.Г******* рүү фэйсбүүк чатаар нь харилцаж явуулсан. 10 сард дутуу авсан цалин болох 484,993 төгрөгийг 11 сард над дээр бодож, 11 сарын нийгмийн даатгалыг төлсөн байсан. 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэхэд эмчилгээ бүрэн дуусч, эрүүл мэндийн байдал хэвийн болсон тул энэ талаараа Уурхайн засварын хэлтсийн админ Э.Г******* болон А******* нарт удаа дараа утсаар ярьж болон фэйсбүүк чатаар зурвас бичиж, сахараа хэмжсэн зургаа хүртэл өдөр тутамд нь явуулж мэдэгдэн, эргээд ээлжиндээ гарах хүсэлтээ удаа дараа хэлсэн боловч намайг ажилд дуудаж, ростерт оруулалгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 12 дугаар 13-ны өдөр Н******* ХХК уурхайн эмч Ц.У*******ээс эмчийн хяналтанд орох эмчилгээ, зөвлөгөө авсаны дараагаар ажилд татахыг шийдэх. Ээлжээр дуудах боломжгүй гэсэн хариуг майлээр илгээснийг засварын хэлтэсийн админ надад танилцуулсан. Арга буюу Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандаж комиссын 2025 оны 12 сарын 26-ны өдөр №1350 дугаартай шийдвэр гаргуулсан бөгөөд уг шийдвэрээр намайг "ажлын нөхцөлийг хэвээр үргэлжлүүлж болно" гэдэг дүгнэлт гарсан. Тус дүгнэлтээ компани руугаа цахимаар явуулсаны дараа ч эргээд надад огт хариу өгөхгүй болохоор нь 2026 оны 1 сарын 06, 07-ний өдөр өөрөө биечилж Улаанбаатар хотын төв оффис дээр нь очиж Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Х******* гэдэг хүнтэй уулзсан. Тухайн ахлах мэргэжилтэн нь надад "таны явуулсан комиссын шийдвэрийг бид нар хүлээж авсан, та ахиад нэг сар эмчилгээ хийлгээд эмчийн бичгээ аваад ир, түүнээс бол таныг ажлаас халсан зүйл байхгүй, таны нийгмийн даатгал төлөгдөөд явна" гэдэг хариуг амаар хэлсэн. Ахиад нэг сар эмчилгээ хийлгээд эмчийн бичгээ аваад ир гэсэн тул эмчид дахин үзүүлэх гэтэл миний 2025 оны 12 сараас хойшхи Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс эмчид үзүүлэх цаг авах боломжгүй, сахарын эмээ эрүүл мэндийн даатгалаар хөнгөлттэй үнээр авах боломжгүй хүнд нөхцөл байдал үүсээд байна. 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эмчийн ажлаас чөлөөлсөн магадлагааны хугацаа дуусч, сахар хэвийн хэмжээндээ хүрч, эрүүл мэндийн байдал хэвийн болсон боловч өнөөдрийг хүртэл нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг төлөөгүй, ажлаас халаагүй гэх атлаа ажлын байраар ч хангахгүй, ажилд дуудахгүй, цалин хөлсгүй хохирч байна. Түүнчлэн Н******* ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрлөх чадвар тодорхойлох маягт бүхий эмчийн бичгээр "Хэвийн ажил үүргээ гүйцэтгэж болно" гэж тодорхойлсон. Ийнхүү өөрийн зүгээс ажлаа үргэлжлүүлэн хийхээр ажил олгогч компанидаа удаа дараа хандсан боловч миний асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байсан тул Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан. Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 81 дугаартай албан бичгээр "... Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.2.2 дах заалтын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, дуусгавар болгосон, эсхүл шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэр байхгүй тул шийдвэрлэх боломжгүй" гэсэн хариуг 2026 оны 03 сарын 03-ны өдөр авсан. Би ажлаа хэвийн гүйцэтгэж байсан сүүлийн 3 сард буюу 8 сард 5 963 302 төгрөг, 9 сард 6 713 531 төгрөг, 10 сард 3 456 927 төгрөгийн цалин тус тус авсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баримтлан сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцоход сард дунджаар 5 377 920 төгрөг байна. Иймд хариуцагчаас 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарыг дуусталх 5 сарын хугацааны цалин хөлс болох 26 889 600 төгрөг /5 377 920 төгрөг *5 сар/-ийг гаргуулах, 2025 оны 12 дугаар сар, 2026 оны 01, 02, 03 саруудын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “*******” ХК-тай Тавантолгойн нүүрсний ордын Цанхын зүүн хэсэгт гэрээт олборлолт явуулахаар гэрээ байгуулан, энэхүү гэрээт ажлыг 2024 оны 12 сарын 16-ны өдрөөс эхлэн гүйцэтгэн ********** суманд байх “*******”ХК-ийн Тавантолгойн уурхайн Цанхын зүүн уурхайд үйл ажиллагаа явуулж байна. Нэхэмжлэгчийн хувьд манай компанийн Засварын хэлтэст гагнуурчнаар ажилладаг бөгөөд анх 2025 оны 06 сарын 07-ны өдөр ...“зүрх дэлсэнэ, салгана, толгой эргэнэ, нүд бүрэлзэнэ, хөл гарын үзүүр жирэлзэнэ” гэдэг зовиуртайгаар уурхайн эмчид үзүүлж, 3 жилийн өмнөөс чихрийн шижин өвчнөөр оношлогдсон, сүүлийн 2 cap эм ээ угаагүй асуумжтайгаар... уурхайгаас өвчний учир буусан бөгөөд компаниас автомашинаар тээвэрлэн Улаанбаатар хотод эмнэлэгт хүргэж өгсөн. Мөн 2025 оны 10 сарын 23-ны өдөр “бөөлжинө, дотор муухайрна, чичрэнэ” гэдэг зовиуртайгаар уурхайн эмчид үзүүлж, чихрийн шижин 2-р хэв шинж, артерийн даралт ихсэлт 3-р зэрэг, тархинд цус харвах эсрдэлтэй гэж оношлон уурхайгаас өвчний учир буулган Улаанбаатар хотод эмнэлэгт хүргэж өгч байсан. Дээрх нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор 2025 оны 06 сарын 29-ны өдрөөс 2025 оны 07 сарын 8 хүртэл эмчилгээ хийлгэн, 10 сарын 24-ны өдрөөс 11 сарын 06-ны өдрийг хүртэл эмчилгээ хийлгэн, 11 сарын 24-ны өдрөөс 12 сарын 07- ны өдөр хүртэл эмчилгээ хийлгэн тус тус лист бичүүлж байсан бөгөөд энэ хугацаануудад ажил олгогчоос тэтгэмж төлөгдөж байсан. Энэ хугацаанд хуульд заасны дагуу нийт ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 2025 оны 11 сарын 18-ны өдөр Интермэд эмнэлэгт хийлгэсэн ба үзлэгийн дүгнэлтээр нэхэмжлэгч /Ц.М*******/-ийн биохимийн шинжилгээнд цусны сахар 18,2 ммоль/л буюу хэвийн хэмжээнээс 3 дахин өндөр /хэвийн хэмжээ 5,6 ммоль/л/ гарсан байсан тул ажил олгогчийн зүгээс харьяа аймгийн дотоод шүүрлийн эмчид давтан үзүүлж, эмчилгээ хийлгэн цусны сахарын түвшинг бүуруүлсны дараа ажилд ирэх, ийнхүү ирэхдээ холбогдох эрүүл мэндийн комиссын шийдвэрийг үндэслэн ажил үүргийг гүйцэтгүүлэх боломжтой талаар түүнд мэдэгдэж байсан. 2025 оны 12 сарын 24-ны өдөр эмнэлгийн магадлагаа ирүүлсэн бөгөөд энэхүү магадлагаанд уурхайн эмчийн зүгээс эрсдэлтэй гэж үзэн, хэрэв ажилтныг уурхайн бүсэд ажиллуулах бол “...биеийн хүчний ажил хийлгэхээс татгалзах, хүнд зүйл өргөхөөс зайлсхийх, химийн бодистой харилцахаас зайлсхийх”гэж ажиллах тухай үнэлгээг хийж ирүүлсэн нь нэхэмжлэгчийн гүйцэтгэдэг ажил үүрэгтэй нийцэхгүй, уурхайн бүсэд ийм төрлийн ажил гүйцэтгүүлэх боломжгүй байсан тул уурхайн бүсэд таталгүй, эмчилгээг үргэлжүүлэх тухай түүнд мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа 2025 оны 11 сараас цалин хөлс олгоогүй гэдэг үндэслэлээр цалин гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсонтой санал нийлэхгүй байна. Учир нь дээр дурдсаны дагуу нэхэмжлэгч ямар хугацаанд өвчний учир эмнэлэгт хэвтэж эмчлүүлэн, лист авч байж. Тухайлбал нэхэмжлэгч нь 2025 оны 10 сарын 23-ны өдөр өвчний учир уурхайгаас бууснаас хойш 11 сард эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн, үүнд лист олгосон байдаг бөгөөд ажил олгогчоос 799,250 төгрөг, 12 сард мөн эмчилгээ хийлгэн лист авсан ба ажил олгогчоос 768,893 төгрөгийг тус тус тэтгэмжид төлсөн байна. Өөрөөр хэлбэл ажилтан өвчний учир эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж, энэ хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авч байсан, эрүүл мэндийн шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгээгүй учир цалин хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь 2026 оны 01 сарын 14-ны өдөр эмчилгээ хийлгэхээр 1 сарын хугацаатай чөлөө авсан бөгөөд энэ хугацаанд эмчилгээ, түүний үр дүнтэй холбоотой ямар нэг баримт мэдээлэл ажил олгогчид ирүүлээгүй, өнөөдрийг хүртэл цаг бүртгэлийн системд цалингүй өвчний чөлөөтэй төлөвт бүртгэлтэй байна. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг ямар нэг байдлаар ажлаас чөлөөлөөгүй бөгөөд, харин ч ажилтныг эрүүл саруул болох боломжоор хангаж чөлөө хүссэн өргөдлийн хугацаа дууссан ч ямар нэг ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр өнөөдрийн байдлаар гаргаагүй байхад өнгөрсөн хугацааны буюу 2025 оны 11 сараас хойшхи хугацаанд цалин авах ёстой гэж шүүхэд нэхэмжлэл гаргасантай санал нийлэхгүй байна. Иймд Ажил олгогчоос нэхэмжлэлд дурдсан цалин хөлсийг олгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах лавлагаа, 2026.03.02-ны өдрийн Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 81 дугаар албан бичиг, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, 2025.10.27-ны өдрийн эмнэлгийн магадлагаа, амбултороор эмчлүүлэгчдийн картны хуулбар, хөдөлмөрлөх чадвар тодорхойлох маягт, 1350 дугаартай Комиссын шийдвэр зэргийг ирүүлсэн байна./хх-ийн 4-23/
4. Хариуцагчаас хэрэгт Н******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, эмчийн үзлэгийн бүртгэл хавсралт №6, 2025.06.07-ны өдрийн уурхайгаас өвчний учир буулгах маягт хавсралт №7, 2025.10.23-ны өдрийн уурхайгаас өвчний учир буулгах маягт хавсралт№5, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудаснууд, тэтгэмжийн тооцоонууд, 2025.11.18-ны өдрийн Интермэд эмнэлэг үзлэг шинжилгээний баримтууд, 2026.01.14-ний өдрийн Ц.М*******ын өргөдөл, Ц.М*******ын цагийн бүртгэл, Н******* ХХК-ийн Ажлын цаг бүртгэл, зохицуулалтын тухай журам зэргийг ирүүлсэн байна./хх-ийн 50-90/
5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.М*******ын T хаягнаас А*******гийн-З, Э.Г*******ийн-Э.Г******* гэсэн мессенжерын 2025.10 сараас хойш харилцан бичсэн чатад үзлэг хийж, тэмдэглэлийг хавсаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эмчийн ажлаас чөлөөлсөн магадлагааны хугацаа дуусч, сахар хэвийн хэмжээндээ хүрч, эрүүл мэндийн байдал хэвийн болсон боловч өнөөдрийг хүртэл ажилд дуудахгүйгээр хохироож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг төлөөгүй, ажлаас халаагүй гэх атлаа ажлын байраар ч хангахгүй, ажилд дуудахгүй, цалин хөлсгүй хохироож байгаа тул дээрх хугацааны цалин хөлсийг гаргуулж, хуульд заасан төлөлтүүдийг хийлгэнэ.” гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...ажилтан өвчний учир эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж, энэ хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авч байсан, эрүүл мэндийн шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгээгүй учир цалин хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь 2026 оны 01 сарын 14-ны өдөр эмчилгээ хийлгэхээр 1 сарын хугацаатай чөлөө авсан бөгөөд энэ хугацаанд эмчилгээ, түүний үр дүнтэй холбоотой ямар нэг баримт мэдээлэл ажил олгогчид ирүүлээгүй, өнөөдрийг хүртэл цаг бүртгэлийн системд цалингүй өвчний чөлөөтэй төлөвт бүртгэлтэй байна. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг ямар нэг байдлаар ажлаас чөлөөлөөгүй бөгөөд, харин ч ажилтныг эрүүл саруул болох боломжоор хангаж чөлөө хүссэн өргөдлийн хугацаа дууссан ч ямар нэг ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр өнөөдрийн байдлаар гаргаагүй байхад өнгөрсөн хугацааны буюу 2025 оны 11 сараас хойшхи хугацаанд цалин авах ёстой гэж шүүхэд нэхэмжпэл гаргасантай санал нийлэхгүй, зөвшөөрөхгүй байна.” гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, талуудын хооронд бичигдсэн чат зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч Ц.М******* нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Н******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанид гагнуурчнаар ажиллаж эхэлсэн болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь хариуцагч компанийн сумын Цанхийн зүүн уурхайн талбайд гагнуурчнаар 14 хоног очиж, байрлан ажиллаад, 14 хоног амардаг болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, эдгээр асуудлаар талууд маргаангүй.
4.2 Нэхэмжлэгч Ц.М******* нь 2025 оны 06 сарын 07-ны өдөр ...“зүрх дэлсэнэ, салгана, толгой эргэнэ, нүд бүрэлзэнэ, хөл гарын үзүүр жирэлзэнэ” гэдэг зовиуртайгаар уурхайн эмчид үзүүлж, 3 жилийн өмнөөс чихрийн шижин өвчнөөр оношлогдсон, сүүлийн 2 cap эм ээ угаагүй асуумжтайгаар...”гэж, мөн 2025 оны 10 сарын 23-ны өдөр “бөөлжинө, дотор муухайрна, чичрэнэ” гэдэг зовиуртайгаар уурхайн эмчид үзүүлж, чихрийн шижин 2-р хэв шинж, артерийн даралт ихсэлт 3-р зэрэг, тархинд цус харвах эсрдэлтэй гэж тус тус оношлогдон уурхайгаас өвчний учир буулган Улаанбаатар хотод хүргэж ирсэн болох нь хэргийн баримт талуудын тайлбараар тогтоогдсон байна.
4.3 Н******* ХХК нь 2025 оны 11 сарын 18-ны өдөр нийт ажилчидаа Интермед эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулсан байх ба нэхэмжлэгч Ц.М******* нь уг үзлэг, шинжилгээнд бүрэн хамрагдсан, энэ талаарх баримтыг хариуцагч хэрэгт ирүүлсэн байна.
5. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч Ц.М*******ын цусан дахь сахарын хэмжээ ихэссэн шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж улмаар эмчийн магадлагаагаар 3 удаа, уг оношоор ажилдаа яваагүй шалтгаан нөхцөл тогтоогдсон байх ба энэ талаар талуудын хооронд бичсэн чатад нэхэмжлэгч Ц.М*******ыг сахарын хэмжээгээ хянах, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байж, хэвийн байдалд орсны дараа түүнийг ажилд дуудах талаар ажил олгогчийн төлөөлөгчөөс ирүүлсэн мессэж, нэхэмжлэгчийн өдөр бүрийн сахараа үзэж, энэ талаараа бичсэн чат зэргийг шүүх шинжлэн судалсан.
5.1 Нэхэмжлэгч нь дээрх шалтгаанаар эмнэлгийн магадлагааг ажил олгогчид хүргүүлж, улмаар 2025 оны 11, 12 саруудад хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажил олгогч олгосон баримт хэрэгт авагдсан байна./хх-ийн 55,56/
6. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2026 оны 01 сарын 14-ний өдөр Н******* ХХК-ийн хүний нөөцийн газарт 1 сарын хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай шалтгаанаар чөлөө хүссэн тухай өргөдлийг бичгээр гаргаж өгсөн баримт хэрэгт авагдсан ба уг өргөдлийг ажил олгогчийн албан шаардлагаар бичиж өгсөн гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
6.1 Нэхэмжлэгч Ц.М******* нь биеийн эрүүл мэндийн байдал хэвийн болсон байхад, мөн ажил олгогчийн зүгээс шаардсан баримтуудыг өгсөөр байтал росторт дуудахгүй, ажлаа хийх боломжгүй нөхцөл байдалд оруулж, улмаар санхүүгийн хүнд байдалд оруулж хохироосон гэх тайлбар үндэслэлгүй байна.
6.2 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.М******* нь биеийн эрүүл мэндийн байдал хэвийн болсон талаараа болон эмнэлгийн байгууллагын ажил эрхэлж болох талаарх ажил олгогчийн шаардсан баримтуудыг шаардлага хангасан байдлаар хүргүүлсэн эсэх нь эргэлзээтэй, түүнчлэн чөлөөний хугацаа дууссан тохиолдолд ажлаа үргэжлүүлэн хийх талаар ажил олгогчид хандаж, хүсэлт болон баримтаа гаргаагүй зэргээс хариуцагчийг буруутай гэх үндэслэлгүй байна.
7. Нөгөөтэйгүүр, ажил олгогч тухайн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, нэхэмжлэгч Ц.М*******ыг биеийн эрүүл мэндээ хэвийн болгоод ажлаа хий гэсэн тайлбарыг холбогдох болгонд нь өгч байсан, 1 сарын чөлөө аваад эргээд ямарч сураггүй алга болсон гэж тайлбарласан зэргээс талуудын хооронд асуудлыг шийдвэрлэхэд үл ойлголцол үүссэн гэж үзэхээр байна.
Тодруулбал, ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, түүнчлэн ажилтныг ажлын байранд дуудаж ажиллахгүй байгаа зэрэг нь ажил олгогчийн буруутай үйлдэл гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
8. Дээрхээс нэгтгээд нэхэмжлэгч Ц.М*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгч Ц.М******* нь дээрх маргаанд Хан-уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2026.03.02-ны өдөр гомдол гаргасныг, 2026.03.02-ны өдрийн 81 дугаар албан бичгээр хариу өгч, шүүхэд нэхэмжлэлээ 2026 оны 03 сарын 10-ны өдөр гаргасан нь хуулийн хугацаанд гаргасан байна./хх-ийн 12/
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.М*******ын хариуцагч Н******* ХХК-д холбогдуулан цалинд 26 889 600 төгрөг гаргуулж, 2025 оны 12 дугаар сар, 2026 оны 01, 02, 03 саруудын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч Ц.М*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362 598 төгрөгийг төрийн сангийн 100200100941 данснаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.М*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ