Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/01283

 

Ч.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2022/01798 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Ц-гийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 тоот шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Ч.Ц- миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хайхран хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/65 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарч, Ч.Ц- надад энэ талаар огт мэдэгдэхгүйгээр миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагт зохион байгуулсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь гаргасан барьцаа хөрөнгийн өмчлөгч надад заавал мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цаг 25 минутад шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүлээн авснаар мэдсэн. Улмаар албадан дуудлага худалдаанд өмчлөгч Ч.Ц- миний бие оролцох хүсэлтээ илэрхийлж, дуудлага худалдаанд оролцох боломжит хугацаа олгох үүднээс албадан дуудлага худалдааг хойшлуулах хүсэлтийг гаргасан боловч хүлээн аваагүй. Иймд анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч, төлбөр авагчийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Хөрөнгө-Эстимент ХХК-ийг томилж 492,263,800 төгрөгөөр үнэлэгдсэн. Уг үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Талуудад анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах талаар мэдэгдсэн боловч хөрөнгө худалдан борлогдоогүй. Иймд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахыг мэдэгдэж уг орон сууцыг 316,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгч болон өмчлөгчид мэдэгдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3-т заасан хугацаанд төлбөрийг төлөх боломжтой талаар мэдэгдэл хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О- ББСБ ХХК-ийн тайлбарын агуулга: Ч.Ц- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн мэдэх боломжтой. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Ч.Ц- нь гуравдагч этгээдээр оролцож байгаа. Ч.Ц- нь төлбөр төлөх арга хэмжээ авдаггүй боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүй гэж үзэж 8 удаа шүүхэд хандсан байдаг. Шүүхээс нэг ч удаа Ч.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлээгүй. Ч.Ц- нь Иргэний хуульд заасан нэхэмжлэлийг Н.Энхтүвшинд өгсөн. Хэрэв Ч.Ц- нь миний эрх зөрчигдөж байна гэж үзвэл Н.Энхтүвшинд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт заасны дагуу Ч.Ц-д албадан дуудлага худалдаа явуулах талаарх мэдэгдлийг хүргүүлсэн гэж үзэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжоор хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт заасны дагуу дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг шуудангаар явуулсан тул Ч.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн, Ч-, 4 дүгээр хороо , Бага тойруу гудамж, 19А байр 1 хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Ч.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхны дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарч, Ч.Ц-д энэ талаар мэдэгдэлгүйгээр түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах анхны дуудлага худалдааг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн өглөөний 10:00 цагт зохион байгуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 70.2.2, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дах хэсэгт зааснаар өмчлөгчийн эрхийг зөрчиж, анхны дуудлага худалдааг явуулсан. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан анхны дуудлага худалдааг явуулах тухай тогтоол, мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн гэх тайлбарыг өгдөг боловч хэргийн материалд 11 дүгээр сарын 17-ны өдөр шуудангаар хүргүүлсэн гэх хөдөлшгүй нотлох баримт байхгүйгээс гадна холбогдох шуудангийн салбараас тухайн хугацаанд Ч.Ц-д ямар ч шуудан ирээгүй бөгөөд ирсэн буцсан бүртгэл байдаггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол шуудан ХК-аас Ч.Ц-д тухайн хугацаанд шийдвэр гүйцэтгэх газраас шуудан, мэдэгдэл ирсэн тухай нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахгүй орхисон. Ч.Ц- анхны дуудлага худалдаа явагдах өдрөөс 1 хоногийн өмнө буюу 11 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн биеэр шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирж, дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг гардаж авсан. Улмаар дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ илэрхийлж, дуудлага худалдааг хойшлуулах хүсэлтийг гаргасан байдаг. Учир нь дуудлага худалдаанд оролцогчид 14 хоногийн өмнөөс дуудлага худалдааны бэлтгэл ажлыг хангах буюу дэнчин байршуулах, баримт материал бүрдүүлэх зэрэг урьдчилсан шатны нөхцөлийг хангах шаардлагатай боловч өмчлөгч Ч.Ц- дуудлага худалдааны мэдэгдлийг урьд шуудангаар хүлээж аваагүй, дуудлага худалдаа болох гэж буйг мэдсэн даруй хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг хэт нэг талыг барьж, хариуцагч талд ашигтай үүднээс зөвтгөн тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шарлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаж оролцоогүй болно.

7.Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт зааснаар Ч.Ц-д албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг гардуулсанд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Ч.Ц- нь хариуцагч Н-т холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

4.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Л.Энхтүвшингээс 232,928,000 төгрөг гаргуулж, О- ББСБ ХХК-д олгож, үүрэг гүйцэтгэгч үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгч Ч.Ц-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, Ч-, 4 дүгээр хороо, Б- талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 55-57-р тал/

4.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх зарчимтай.

4.б.Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч О- ББСБ ХХК-ийн хүсэлтээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1-р шүүх 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 211 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 58-р тал/

4.в.Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, барьцаа хөрөнгө болох 158,6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр битүүмжилж, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хураасан байна. /хх-ийн 12-15-р тал/.

4.г.Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулж, Х- ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг 492,263,800 төгрөгөөр үнэлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, уг үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байна. /хх-ийн 62-82-р тал/

4.д.Хариуцагч Н- нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол үйлдэж, дуудлага худалдааг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан байх бөгөөд дээрх дуудлага худалдааны мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр барьцаа хөрөнгийн өмчлөгч Ч.Ц-д баталгаат шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дах хэсэгт заасанд нийцжээ. /хх-ийн 87-88-р тал/. Улмаар нэхэмжлэгч Ч.Ц- нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Н-т анхны албадан дуудлага худалдааг хойшлуулах хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 90-р тал/.

4.е.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Ч.Ц- нь анхны албадан дуудлага худалдааг мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч байгууллага нь анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй байх тул хэт нэг талыг барьж хариуцагч талд ашигтай шийдвэр гаргасан гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг буруу баримталсан байх боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөх ноцтой алдаа биш байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2022/01798 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Г.ДАВААДОРЖ