Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2026/ДШМ/395

 

2026           04            02                                                                            2026/ДШМ/395

 

                                             С.А-д холбогдох

                                                эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Мөнх-Оргил,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортуяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн С.А-д холбогдох эрүүгийн 2508 03407 1595 дугаар хэргийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Х- овогт С-ын А-, 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ......, ял шийтгэл эдэлж байгаагүй /РД:ВС-/.

Шүүгдэгч С.А- нь 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Ерөнхий боловсролын 83 дугаар сургуулийн орчимд хохирогч Д.Б-тай "нөхөртэй нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэлээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, хүзүү, баруун өвдөг, зүүн, баруун гарын сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: С.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч С.А-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А- нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүхээс С.А-г гэм буруутайд тооцсон тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх “... өөр этгээдийн үйлдлээс шалтгаалж хохирогчид гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Учир нь, тухайн үйл явдал 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр буюу бүтэн сайн өдөр шүүгдэгчийн гэрийн гадаа өглөөний 8-9 цагийн үед болсон. Гэтэл хохирогч гэх Б- нь маргааш өдрийнх нь 12 цаг 24 минутад Гэмтлийн эмнэлэгт үзүүлж толгойн КТГ-ийг 14 цаг 35 минутад буюу бүтэн 30 орчим цагийн дараа оношилгоо хийлгэсэн байдаг. Гэтэл тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “би тэр өдөртөө эмнэлэгт үзүүлж зураг авахуулсан” гэж худал мэдүүлсэн мэдүүлэг нь шийтгэх тогтоолд авагдсан. Түүнчлэн шүүхийн үндэслэл болгоод буй "гэрч Ууганбаярын ...Б- намайг хараад хүрээд ирсэн. Тэгсэн эхнэр араас хүрч ирээд тэр хоёр хоорондоо маргалдсан ба хэн хэнийхээ үснээс зулгааж, хэн хэнийхээ өмсөж явсан хувцас зэргээс татаж ноцолдсон, би салгасан" гэсэн мэдүүлэг нь шүүгдэгчийг хохирогчид гэмтэл учруулах үйлдэл хийсэн талаар огт мэдүүлээгүй байхад энэхүү мэдүүлгээр нь давхар нотлогдсон мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай дүгнэлт юм. Өмгөөлөгчийн зүгээс хохирогчийг урд нь нөхөртөө зодуулсан байж болзошгүй, хамарт нь учирсан гэмтэл нь хуучин гэмтэл байж болзошгүй гэж үзэн ГССҮТ-ийн Статистик, тандалт судалгааны албанд хүсэлт гаргаж хохирогчид учирсан гэмтлийн талаарх КТГ-ийн бичлэгийг гаргуулан авч онош тогтоосон дүрс оношилгооны эмч Т.Балдоржоор “хуучин, шинэ гэмтлийн аль нь болох талаар тодорхойлолт” авах гэсэн боловч эмнэлгийн зүгээс "Дүрс оношилгооны салбар зөвлөл”-д ханд гэсэн тул шүүхийн хэлэлцүүлэг дээр тухайн зөвлөлөөр дахин нарийн дүгнэлт гаргуулахыг хүссэн боловч шүүхээс Б- өөр хүнд зодуулж гэмтсэн эсэх талаар мэдүүлэг, баримт байхгүй, мөн ГССҮТ-ийн дүрс оношилгооны хариуд “хохирогчийн хамрын баруун хажуу хана зөрүү багатай хугаралтай ба таславч зүүн тийш бага зэрэг мурийсан" онош тавигдсан, өөр ямар нэгэн гэмтэл тодорхойлогдож, оношлогдоогүй байх тул шүүхээс таамагт үндэслэн ГССҮТ-ийн дүрс оношилгооны хариу, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй, үндэслэлгүй юм" гэж хууль зүйн үндэслэл муутай дүгнэлтийг хийлээ. Тодруулбал: Хохирогч өөр хүнд зодуулснаа хэрхэн хэлэх билээ. Тэрээр хүний нөхөртэй бүтэн жил нууц амрагийн холбоотой байснаа хүлээн зөвшөөрсөн. Нөхөр, 2 хүүхэдтэй гэдгээ ч хүлээн зөвшөөрдөг. Бүтэн 30 цагийн хугацаанд юу ч болсон байж болно. ГССҮТ-өөс авсан Б-гийн гэмтлийн талаарх сиди-г мэргэжлийн эмчид үзүүлэхэд “3 хугарал байна, хамрын хянга, үзүүр, баруун хажуу хана зөрүү багатай хугаралтай, хуучин хугарал байна, онош тогтоосон эмч нь шинэ, хуучин гэмтлийн аль нь болохыг тодорхойлж өгөх байх, бид тодорхойлох боломжгүй” гэсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “... 60 хүртэл хоногоор хойшлуулж "Дүрс оношилгооны салбар зөвлөл”-өөр дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хангаагүй тул шүүхийн хэлэлцүүлэгт цахимаар оролцсон шинжээч эмч Т.Чимэд-Очироос "юуг үндэслэж шинэ гэмтэл гэж үзэж байна вэ, Шүүх шинжилгээний үндэсний төвийн “Дүрс оношилгооны эмч" нарын дүгнэлтийг харгалзан үзсэн үү” гэхэд “ийм тодорхой гэмтлийг дахин уншуулах шаардлагагүй” гэж мэдүүлсэн. Шинжээчийн мэдүүлгийг шүүх үндэслэлээ болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, Шүүх шинжилгээний үндэсний төвд яах гэж “Дүрс оношилгооны эмч нар” ажилладаг юм бэ, тэдний саналыг харгалзан үзээгүй дүгнэлтийг зөвшөөрөхгүй болно. Түүнчлэн ГССҮТ-ийн дүрс оношилгооны эмч Т.Балдорж 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зөвхөн онош тавьсан бөгөөд тухайн гэмтлийн шинэ, хуучин аль нь болохыг тодорхойлоогүй билээ. С.А- анхлан өмгөөлөгч над дээр ирээд нөхрийгөө "миний араас тэвэрчихээд хөдөлгөхгүй, намайг цохиулаад байгаам даа” гээд уйлаад ярьж байсан нь гүн сэтгэгдэл төрүүлсэн. Хохирогч шинжээчийн дүгнэлт гаргуулахаар очихдоо өөрийн биеийн зовиурыг “баруун мөр даагдахгүй, ер нь бол мөр мултардаг, сүүлийн сарын тэмдэг 5 дугаар сарын 28-нд ирсэн, ирэх болоогүй байхад доошоо цус гарна, зүүн хацар шанаа хавдсан” гэсэн нь ч тухайн үед хамрын талаар огт дурдаагүй, зовиур ч үүсээгүй байсан нь харагдаж байгаа билээ. Хохирогчид учирсан гэх хамрын гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй, хацрын бага зэргийн улайлт, хавдар нь тухайн өдөр хохирогч цагдаагийн хэлтэс дээр орилж чарлаад байхад нь хоёр цагдаагийн ажилтны нэг нь хана луу шахаж гарыг мушгисан гэдгийг гэрч, нөхөр болох Ууганбаяр хэлсэн тул тэр үед ч үүссэн байх боломжтой. Энэ байдлыг хэлж, тодруулах үүднээс шүүх хуралдаанд гэрчээр У-ыг оролцуулах тухай хүсэлтийг тавихад шүүх “түүний өмнө өгсөн мэдүүлэгт тийм юм алга” гээд шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцуулаагүй болно. А- нь гэр бүлийн баталгаатай, 3 хүүхдийн эх хүн. Б- ч мөн нөхөр, 2 хүүхдийн эх хүн. Тэрээр хүний амьдралыг бусниулах үйлдлээ ил тодоор хийж, амралтын өдөр өглөө эрт 6 цагаас эхлэн үргэлжлүүлж, элдэв зураг, бичлэг явуулж байснаа устгах зорилгоор нөхөр У-ын гар утсыг авч зугтааж, утсан дахь бүх зүйлийг устгасан тул энэ талаарх нотлох баримт А-д байхгүй болсон. Б-д утас авч зугтаасан үйлдэлд нь ямар нэг хариуцлага тооцоогүй. А- нь түүнтэй барьцалдаж авсан нь тухайн үеийн сэтгэл санааны байдлын илрэл ба харилцан барьцалдаж авсан төдий үйлдэл болохоос гэмт хэргийн шинжтэй үйлдэл огт хийгээгүй тул түүнд холбогдох үйлдлийг дээрх нөхцөл бадлыг харгалзан хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.  

Прокурор Э.Мөнх-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.А-д холбогдох эрүүгийн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс хууль зүйн үндэслэл бүхий байдлаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тодруулбал, хохирогч Д.Б-гийн биед учирсан гэмтэл нь мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл болох нь тогтоогдсон. Мөн хохирогчийн өгсөн хоёр удаагийн мэдүүлэг нь харилцан зөрүүгүй, тогтвортой бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Эдгээр нотлох баримтууд нь хоорондоо шалтгаант холбоотой гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

С.А- нь хохирогч Д.Б-тай "нөхөртэй нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэлээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Д.Б-гийн "... У- инстаграм хаягаараа над руу “хоёулаа уулзаж ярилцъя, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 83 дугаар сургуулийн тэнд хүрээд ир” гэхээр нь би тийшээ явж очоод У-тай сургуулийн гадна уулзаад юм яриад зогсож байх үед У-ын эхнэр болох А- гарч ирээд гар утсаараа бичлэг хийгээд “өшөө цааш юу ярих юм, яриад бай” гэснээ намайг үсдэж байгаад миний толгой, нүүр хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгсэн чинь У- салгах гээд дийлээгүй. Би арай гэж салж зугтаасан. Зугтахдаа газар унасан байсан У-ын Ай фоне 14 про загварын гар утсыг авсан. Би эргэж хараад “өөрөө ирж утсаа аваарай” гэж У-т хэлсэн. ... би түүний хэвлий хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тухайн үед тэр эмэгтэй миний хамар, нүүр лүү гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд томограф болон үзлэг оношилгоонд даатгалаар орсон. ... хагалгааны зардлаа нэхэмжилнэ, урд нь миний хамар гэмтэж байгаагүй” /хх 21, 51/,

гэрч С.У-ын "2025 оны 06 дугаар сарын 14-ний орой гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт амарч байхад гэр бүлээс гадуур харилцаатай Б- нь байнга миний гар утас руу залгаад, мэссэж бичээд байсан. ... би сургуулийн хашаа руу орох үед Б- намайг хараад хүрээд ирсэн. Тэгсэн эхнэр араас хүрч ирээд тэр хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж маргалдсан. Улмаар хэн хэнийхээ үснээс зулгааж, ноцолдож байхад нь эхнэрийн гар утас, мөн миний гар утас газарт унасан. Тэгээд би тэр хоёрыг салгахад Б- газар унасан миний гар утсыг аваад зугтсан. Тэгээд эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ... тэр хоёр уулзаад хэн хэндээ ганц хоёр үг хэлэх шиг болоод ноцолдоод, хэн хэнийхээ үснээс зулгааж, хэн хэнийхээ өмсөж явсан хувцас зэргээс татаж, ноцолдсон, тэгээд би салгасан" /хх 22/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0725/8148 дугаартай: “Д.Б-гийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, хүзүү баруун өвдөг, зүүн, баруун гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх 25-26/ гэсэн дүгнэлт,

шинжээч Т.Чимэд-Очирын “... хохирогчийн хамар ясны хугарал дангаараа, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхины цус хуралт гэмтлүүд дангаараа буюу тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт бусад гэмтлүүд тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дүгнэлтэд дурдсан Д.Б-гийн биед учирсан гэмтлүүд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Тус дүгнэлтийг гаргахдаа хохирогчийн биед үзлэг хийснээс гадна 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн компьютер томографийн шинжилгээний хариуг үндэслэн гаргасан. Тус хариунд "хамрын баруун хажуу хана зөрүү багатай хугаралтай, таславч зүүн тийш бага зэрэг мурийсан” гэж бичсэн байсан. Аливаа ясны хугарал нь зөрж болон зөрөхгүйгээр хугарсан байдаг. Хохирогчийн хамрын ясны хугарал нь бороололт үүсээгүй байсан учир шинэ гэж дүгнэсэн. Энгийн нүдээр харахад уг гэмтэл нь мэдэгдэхгүй байж болно, энэ тохиолдолд гэмтэл учирсан эсэхийг дүрс оношилгооны шинжилгээний хариуд үндэслэж тогтооно. Дүгнэлтдээ ерөнхий байдлаар хамар ясны хугарал гэж дүгнэсэн байгаа. Шинэ, хуучин гэмтлүүдийг бороололт үүссэн эсэхээс хамаарч ялгана. Зөрүү багатай хугарал нь хаван хавдар үүсэж ч болно, үүсэхгүй ч байж болно. Хохирогчийн хувьд гэмтэлт бороололт үүсээгүй, бас хамрын баруун хажуу ханын зөрүү нь мэдэгдэж байсан учир шинэ гэж дүгнэсэн байгаа. Дүрс оношилгооны эмчийн хариуд үндэслэж дүгнэлт гаргасан тул дахин дүрс оношилгооны эмчээр уншуулах шаардлагагүй гэж үзсэн. Мөн бид нарийн мэргэжлээр мэргэшин 8 жил суралцаж төгссөн учир ийм тодорхой гэмтлийг дахин уншуулах шаардлагагүй” /хх 57-58/ гэсэн мэдүүлэг,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дүрс оношилгооны ОХБ-ийн багцын нэхэмжлэлийг хянан маягтын 6-д “... хамрын баруун хажуу хана зөрүү багатай хугаралтай ба таславч зүүн тийш бага зэрэг муруйсан, ...” гэсэн оношилгоо /хх 27/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч С.А-гийн хохирогч Д.Б-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.  

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортуяагаас “... С.А- нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл огт хийгээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, С.А- нь 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Ерөнхий боловсролын 83 дугаар сургуулийн орчимд хохирогч Д.Б-тай "нөхөртэй нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэлээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байх бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтууд өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа дээрх гэрч болон шинжээчийн мэдүүлэг, шинжээчийн “Д.Б-гийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, хүзүү баруун өвдөг, зүүн, баруун гарын сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж байх бөгөөд хэргийн үйл баримт бүрэн, эргэлзээгүй байдлаар нотлогдсон байна.

 

Анхан шатны шүүх дээрх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцон ял оногдуулсаныг давж заалдах шатны шүүхээс өөрчлөх, буруутгах, шүүгдэгчийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Д.Б-гийн шүүгдэгчийн нөхөртэй гэр бүлээс гадуурх харилцаатай байсан, улмаар заавал уулзана гэсэн шаардлага гаргасан зүй бус үйлдэл шууд нөлөөлсөн байна. Түүний энэ бусдын гэр бүлийн харилцааг хүндэтгэхгүй байгаа хандлага нь зан заншил болоод ёс зүйн хувьд зөвшөөрөгдөөгүй хэм хэмжээ юм.

 

Дээрх нөхцөл байдал нь шүүгдэгчийн гэр бүлээ хамгаалж буй сэтгэхүйн хандлагыг зөвтгөх хэдий ч бусдын биед халдаж хохирол учруулах нь хуулиар хориглосон хэм хэмжээ учир шүүгдэгчийг уг үндэслэлээр буруутгах ёстой.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлан зөвшөөрч байгаа шүүгдэгчийг дээрх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохоор хуульчилсан боловч шүүгдэгч талаас ийм байдал илэрхийлээгүй учир шүүх уг хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй болно.

 

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

 

 

                                          ШҮҮГЧ                                         М.АЛДАР

 

 

                                          ШҮҮГЧ                                         Н.БААСАНБАТ