Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2026/ДШМ/396

 

2026           04            02                                                                            2026/ДШМ/396

 

                                                  Р.О-т холбогдох

                                                    эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Эрдэнэмөнх,

хохирогч С.О-,

шүүгдэгч Р.О-, түүний өмгөөлөгч Н.О-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/164 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.О- болон түүний өмгөөлөгч Н.О- нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2406 00576 3388 дугаар хэргийг 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Т- овогт Р-гийн О-, 1960 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 65 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ......., урьд ял шийтгэлгүй /РД:МР-/.

Шүүгдэгч Р.О- нь “миний нэр дээр криптовалютын биржээс 2 тэрбум төгрөг орж ирэх гээд байна, үүнийг авахын тулд 50 сая төгрөг хэрэгтэй байна, 2 тэрбум төгрөгийг 50 сая төгрөгөөр татаж авах ёстой” гэсэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт “50 сая төгрөгийг өгснөөр тэрбум төгрөг гарч ирэхэд нь хамтдаа лангуу худалдаж авна, тухайн мөнгө нь орж ирмэгц хүүг тооцоод 100 сая төгрөг болгоод Г-од өгнө" гэж хохирогч С.О-ийг хуурч, улмаар түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр /17043/, Чингисийн өргөн чөлөө гудамж, Г- байрны Г- тоот хаягт байршилтай 26,07 м.кв байрыг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлийн барьцаанд тавиулж, хохирогч С.О-ээс 50.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Р.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Р.О-ийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Р.О-ийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-ээс 50.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.О-т олгож тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Р.О- давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Р.О- миний бие нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/164 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зүйл заалтаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сар хүртэл Найман шаргын А- төвийн 2 давхарт 200 номерын өрөөнд Б.О-, С.О- бид 3 хамт дотно нөхөрлөдөг байсан. С.О-т би анх хадгаламж нээхэд нь тусалж өөрөөсөө 4 сая төгрөг гаргаж өгсөн. Б.О- гэрчилж өгнө. Бүртгэсэн цаг болон мэдээлэл нь байдаг. 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бид хоёрт хоёуланд нь мөнгө хэрэгтэй байна гэж харилцан ярилцсаны эцэст шийдсэн. С.О- өөрийн нэр дээрх нэг өрөө байр “Хас” банкинд 16.105.000 төгрөгийн барьцаанд сар бүр 1 сая төгрөг төлдөг гэж анх надад ярьсан. Тэрнээс би мэддэггүй байсан ба “энэ байраа чөлөөлүүлээд нэмж хоёулаа зээлээ авъя” гэж харилцан ярьж тохиролцсоны үндсэн дээр тухайн байрыг чөлөөлдөг хүнээр чөлөөлүүлье гэж шийдэж сар бүл 1 сая төгрөг төлдөг банкны хүү нь зогссон. Хүмүүсээс зээлээ чөлөөлүүлж нэмж зээл авах талаар ярилцаж явсан юм билээ. Т.У-, Б.С- бид 4 уулзаад С.О- өөрийн барьцаанд байгаа байрны талаар тайлбарлаж ярилцсан. Бид 4 уулзаад Т.У-ийн хувиараа зээл чөлөөлдөг Г-той танилцуулаад ярьж тохиролцоод Г-, О- 2 Н-ын нотариат орж “Хас” банкнаас 16.105.000 төгрөгөөр чөлөөлүүлээд гарч ирсэн. Бид 13-ын “Хас” банкин дээр ирцгээсэн. Миний “Хаан” банкны 5Н-6 дансанд 2023 оны 02 дугаар сарын 08-нд 50 сая төгрөг С.О-ээс орж ирсэн юм. 2023 оны 02 дугаар сарын 09-ний өглөө зээл чөлөөлж өгсөн гээд Т.У- 9 сая төгрөгийг хий гэсэн учир данс руу хуваарилж хийсэн байдаг. Үүнд: 1. 2023.02.09 “Хаан” банкны 5Н-3 дансанд 8.400.000 төгрөг хийсэн, 2. 2023.02.09 Б.С- “Хаан” банкны 5Н-4 дансанд 600.000 төгрөг хийсэн, 3. 2023.02.09 С.О- “Хаан” банкны 5Н-1 дансанд 1.637.500 төгрөг хийсэн, 4. 2022.09 сард Р.О-ээс С.О-т 4 сая төгрөгийн хөрөнгө гаргаж хадгаламж хийсэн гэрчтэй. Хүний банкны зээлтэй байранд оролцдог нь миний маш том алдаа болсон байна. Р.О- би төдийгөөс өдий хүртэл хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулна. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж 4 жилийн хорих ялаас багасгаж өгнө үү” гэжээ.

    Шүүгдэгч Р.О-, түүний өмгөөлөгч Н.О- нар хамтарч гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Н.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гомдлын үндэслэл: Нэг. Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүгдэгчийн эрхээр хангахгүй шүүх хуралдааныг явуулж, ял оногдуулсан. Шүүгдэгч Р.О- нь шүүхэд удаа дараа өмгөөлөгчтэй оролцох талаар хүсэлтээ илэрхийлж, төлбөрийн чадваргүй учраас өмгөөлөгч нар татгалзаад байгаа тухайгаа мэдэгдэж байсан байдаг. Энэ тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасан “Өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан”-аас бусад тохиолдолд, мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 6-д зааснаар “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч тогтоосон хугацаанд өмгөөлөгч сонгож аваагүй бол тухайн ажиллагаанд томилогдсон өмгөөлөгчийг оролцуулна” гэсэн журмыг баримталж хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхээр нь хангахгүйгээр шүүгдэгчийн хууль ёсны эрхийг хангаагүй. Хоёр. Эрүүгийн 2406005763388 дугаартай хавтаст хэрэгт цугласан нотлох баримтад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагаа шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, ажиллагаа дутуу байгаад хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Хохирогч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн удаа дараагийн мэдүүлэгт Т.У-, н.С-, н.Сүхбаатар гэх хүмүүсийн талаар мэдүүлсэн байдаг бөгөөд шүүгдэгч Р.О- нь Г-ыг өмнө нь таньдаггүй байж байгаад Т.У- дагуулж ирж танилцуулан байр барьцаалахаар болсон. Г- нь 16.105.000 төгрөгийг банкинд төлж, 50.000.000 төгрөгийг өгч, нийт 65.105.000 төгрөгийн зээл өгсөн атлаа нотариатаар 116.105.000 төгрөг зээлсэн мэтээр зээлийн гэрээ байгуулж, хохирогч С.О-ээс Р.О-ийн данс руу 50.000.000 төгрөг ормогц Р.У- данс руугаа мөнгө шилжүүлэн авсан үйл баримт нь дээрх хүмүүс зохион байгуулалттайгаар ийм төрлийн гэмт хэргийг үйлддэг байж болзошгүй гэх нөхцөл байдал байгаад, шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Гэмт хэрэгт хамтран оролцсон, зохион байгуулсан, эсвэл хүний аргагүй нөхцөл байдлыг далимдуулан гэмт хэрэг үйлдэж, ашиг олж, бусдыг хохироодог, ял завшдаг этгээдүүд байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотлоогүй, авсан өгсөн дансны хуулгаар гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гурав. Мөрдөн шалгах ажиллагаанд Р.О-ийн хувийн байдлыг тогтоохоор шийтгэх тогтоол, магадлал, дээд шүүхийн тогтоолыг авсан байх бөгөөд Улсын дээд шүүхийн 2013 оны 01 сарын 30-ны өдрийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Үүнээс хойших баримт хэрэгт авагдаагүй нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хувийн байдалд нөлөөлөх баримт хэрэгт авагдаагүй нь шүүхийн шийтгэх тогтоолоор шийтгэл оногдуулахад нөлөөлөх, өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд нөлөөлөх баримт бүрэн цуглаагүй гэж үзэж байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Р.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие мөнгө авсан үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна. Харин С.О-ийг залилан мэхэлж мөнгө авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2022 оны 9 дүгээр сараас хойш бид нэг оффист хамтран ажиллаж байсан нь үнэн. Г- гэх хүнийг өмнө нь таньдаггүй байсан. Анх надад “Хас” банкинд 16.105.000 төгрөгийн барьцаанд сар бүр 1.000.000 төгрөг төлдөг гэж ярьсан. Тэрнээс би мэддэггүй байсан бөгөөд “тухайн байрыг чөлөөлүүлээд нэмж хоёулаа зээлээ авъя” гэж ярьж тохиролцсоны үндсэн дээр хүнээр зээлээ чөлөөлүүлье гэж шийдсэн. Энэ үед У-, С- нар оффист ирэхэд нь танилцуулсан. Хохирогч өөрийн нөхцөл байдлыг тайлбарлахад У- “барьцаатай зээлийг чөлөөлөх боломжтой хүн байна” гэж хэлсэн. Үүний дагуу бид дөрөв “Н-” захын нотариатын газарт очиж, Г-той танилцан байраа чөлөөлсөн. Тухайн хоёр этгээд хоорондоо хэрхэн тохиролцсон талаар миний бие мэдэхгүй. Мөнгө шийдэгдсэний дараа У- надаас 9.000.000 төгрөгийг шагналд өгөхийг хүссэн тул өгсөн.” гэв.

Хохирогч С.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Р.О-ийн өмгөөлөгчийн тайлбарт дурдсанаар 66 настай эмэгтэй хүний хувьд, нэг өрөөнд хамт ажиллаж байсан болон тодорхой хугацаанд харилцаатай байсан үндэслэлээр өөрийн өмчлөлийн байрыг барьцаанд тавьсан нь үнэн. Гэвч Р.О-ийн өгч буй тайлбар нь бодит байдалтай нийцэхгүй байна. Миний хувьд өр төлбөрөө барагдуулах зориулалтаар мөнгийг Р.О-т шилжүүлсэн бөгөөд түүнээс нэг ч төгрөг авч байгаагүй. 50.000.000 төгрөгийг “Хас” банкаас миний дансанд шилжүүлсний дараа уг мөнгийг тэр даруйд нь Р.О-ийн данс руу бүрэн хэмжээгээр шилжүүлсэн. Тухайн өдөр “Дүнжингарав” зарын нотариатад гэрээ байгуулж, улмаар “Хас” банкны салбарт очиж гүйлгээ хийсэн бөгөөд холбогдох банкны баримтууд хэрэгт хавсаргагдсан байгаа. ... 67 настай хүнд 4 жилийн хорих ял оногдуулсан тухайд, Р.О-т буруу өгөхгүй гээд байгаа юм биш. Хохирлыг барагдуулах багагүй хугацаа олгосон. Өнгөрсөн хугацаанд буюу 3 жил 3 сарын хугацаанд хохирлыг барагдуулах боломжтой байсан. Гэвч одоогийн нөхцөлд Г- гэх этгээд нь миний байрыг барьцаалж авсан асуудлаар Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж, 100.000.000 төгрөг нэхэмжилсэн. Үүний улмаас миний тэтгэвэр, тэтгэмж болон өмчлөлийн хоёр байр битүүмжлэгдсэн. Үүнээс шалтгаалан миний санхүүгийн болон хувийн байдалд ноцтой хүндрэл үүссэн. Тухайлбал, өнгөрсөн жил Тайван улсад зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хилээр зорчих эрхээ түр хугацаанд чөлөөлүүлэх хүсэлт гарган, зөвшөөрөл авч байж оролцсон бөгөөд тус тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Гэвч одоогийн байдлаар дахин гадаад улс руу зорчихоор төлөвлөж байгаа боловч хилээр гарах хориг тавигдсан. Мөн бүх данс болон үл хөдлөх хөрөнгүүд битүүмжлэгдсэн нөхцөл байдал үүсээд байна” гэв.

Прокурор Б.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан “залилан мэхэлж мөнгө аваагүй”, мөн “нотолбол зохих нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй” гэх тайлбар, гомдлыг няцааж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь зохиомол байдлаар мэдээлэл бий болгон 50.000.000 төгрөгийг авсан үйл баримт хангалттай тогтоогдсон. Тухайлбал, банкны дансны хуулгаар хохирогчийн авсан зээлийн мөнгийг шууд шүүгдэгчийн данс руу шилжүүлсэн нь нотлогдож байна. Энэ талаар хохирогч өөрөө ч шүүх хуралдаанд тодорхой мэдүүлсэн. Мөн шүүгдэгч нь уг мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй. Харин өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд залилан мэхлэх гэмт хэргийн объектив шинж хангагдсан гэж үзэж байна. Хоёрдугаарт, хэрэгт авагдсан нотлох баримтаар бүлэглэн үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирогч нь шүүгдэгч Р.О-тэй шууд харилцаж, түүний тавьсан саналын дагуу мөнгийг шилжүүлсэн болохоо мэдүүлсэн. Иймд бусад этгээдтэй хамтран үйлдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй байна. Гуравдугаарт, анхан шатны шүүхээс шүүгдэгчид өмгөөлөгч авах боломжоор хангаж, шүүх хуралдааныг нийт 5 удаа хойшлуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой дурдсан. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 14 дүгээр зүйлд өмгөөлөгч авах эрх нь шүүх хуралдааныг санаатайгаар удаашруулах хэрэгсэл болж болохгүйг заасан. Иймд шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг хуульд заасны дагуу явуулсан гэж үзэж байна. Дөрөвдүгээрт, торгох ялаар солих тухай хүсэлтийг хангах боломжгүй. Учир нь, шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй бөгөөд өнөөдрийн байдлаар шүүгдэгч нь 50.000.000 төгрөгийн хохирлоос нэг ч төгрөгийг төлөөгүй байгаа нөхцөлд дахин торгох ял оногдуулах нь бодитой хэрэгжих боломжгүй, үр нөлөөгүй гэж дүгнэж байна.

Түүнчлэн шударга ёсны зарчмын дагуу эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэргийн шинж чанар, хор уршигт нийцсэн байх ёстой. Шүүгдэгч нь 2023 оноос хойш 3 жил 3 сарын хугацаанд хохирлыг нөхөн төлөөгүй, шүүх хуралдаанд гэм буруугаа үгүйсгэж байгаа атлаа гаргасан гомдолдоо хохирлыг төлөхөө илэрхийлсэн нь хоорондоо зөрүүтэй, тогтвортой бус байр суурь илэрхийлж байна. Иймд шүүгдэгчийг гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Р.О-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Р.О- нь “миний нэр дээр криптовалютын биржээс 2 тэрбум төгрөг орж ирэх гээд байна, үүнийг авахын тулд 50 сая төгрөг хэрэгтэй байна, 2 тэрбум төгрөгийг 50 сая төгрөгөөр татаж авах ёстой” гэсэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт “50 сая төгрөгийг өгснөөр тэрбум төгрөг гарч ирэхэд нь хамтдаа лангуу худалдаж авна, тухайн мөнгө нь орж ирмэгц хүүг тооцоод 100 сая төгрөг болгоод Г-од өгнө" гэж хохирогч С.О-ийг хуурч, улмаар түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр /17043/, Чингисийн өргөн чөлөө гудамж, Г- байрны Г- тоот хаягт байршилтай 26,07 м.кв байрыг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлийн барьцаанд тавиулж, хохирогч С.О-ээс 50.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч С.О-ийн “... Би 2022 оны 09 дүгээр сараас О-тэй өмнө нь хамт ажиллаж байсан О-аар дамжуулж танилцсан. Тухайн үед О- нь криптовалютын сүлжээний бизнес эрхэлж байсан. Тэгээд намайг тухайн бизнестээ элсүүлж оруулсан. Би хэсэг элсэж ороод тэндээ ажиллаж байсан. Тэр үед буюу 2023 оны 02 дугаар сард О- нь надад “Миний нэр дээр криптовалютын биржээс 2 тэрбум төгрөг орж ирэх гээд байна, үүнийг авахын тулд 50.000.000 төгрөг хэрэгтэй байна, 2 тэрбум төгрөгийг 50.000.000 төгрөгөөр татаж авах ёстой” гэж хэлээд зээлчих мөнгөний талаар асуухаар нь надад мөнгө байхгүй байсан учраас миний 100 хувийн төлөлт хийгээд захиалсан ашиглалтад орж, гэрчилгээ нь гараагүй байгаа 3 өрөө 2 ширхэг байр байна, мөн Төв аймагт надад 400.000.000 төгрөгийн үнэтэй газар байна. ... “байраа барьцаанд тавиад зээл гаргаад өг” гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Яг маргааш нь буюу 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр О-, У-, С- гэгч хүмүүстэй хамт ирээд Г- гэх хувь хүнд барьцаалсан зээл олгодог хүнийг дагуулаад ирсэн. Г- нь "байрыг чинь барьцаанд аваад 50.000.000 төгрөгийг гаргаад өгье" гэж хэлсэн. ... 50.000.000 төгрөгийг өгснөөр тэрбум төгрөг гарч ирэхэд хамтдаа лангуу худалдаж авахаар тохироод тухайн ажиллагааг эрхэлж байхаар ярилцсан. Тухайн мөнгө нь орж ирмэгц хүүг тооцоод 100.000.000 төгрөг болгоод Г-од өгөхөөр тохирсон. Тэгээд би нотариатаар ороод Г-той зээлийн гэрээ байгуулаад өөрийн эд хөрөнгө /Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр Г--Г- тоотод байрлах 26.07 мкв 1 өрөө байр/-ийг барьцаалсан зээлийн гэрээ хийсэн. Миний “Хас” банкны 5У-2 тоот данс руу мөнгө хийхээр нь би 13 дугаар хорооллын автобусны буудлын хойд талд байрлах “Хас” банкны салбарт ирээд 50.000.000 төгрөгийг О-ийн данс руу шууд шилжүүлсэн. Г- нь 1 сарын хугацаатай мөнгө зээлсэн байсан. Гэвч 1 сарын хугацаанд О- нь цагаан сар таарчихлаа, одоохон гээд хойшлуулсаар байгаад өдийг хүрсэн. Г- нь 2023 оны 09 дүгээр сард намайг иргэний шүүхэд өгч надаас 174.000.000 төгрөгийг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан.” /1xx 45-46, 49/,

 

гэрч Д.Г-ын “...О- гэх хүн надад хандаж “Эгч нь цагдаагийн байгууллагад ажилладаг, эгч нь нэлээн том юм хийх гээд яаралтай мөнгө хэрэгтэй байна, богино хугацаанд туслаач” гэхээр нь “барьцаа байвал тусалъя” гэж хэлээд бид тохиролцоод салсан. Маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр О- надтай “Н-” худалдааны төвийн “Хас” банкинд уулзаад барьцаанд тавих байр банкинд барьцаатай байсан ба 16.105.000 төгрөг өгч чөлөөлөхөөр байсныг би эхнэр Б-ын “Хаан” банкны 5Б-3 тоот данснаас О-ийн “Хаан” банкны 50Б-1 гэсэн данс руу 16.105.000 төгрөгийг шилжүүлж О- данснаасаа тус төлбөрийг барагдуулж “Хас” банкнаас өр төлбөргүй гэсэн бичиг авсан. Тэгээд бид хоёр тухайн байрны ордероо бариад “Дүнжингарав” худалдааны төвийн зүүн талд байрлах нотариат дээр зээлийн гэрээ байгуулж 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 66.105.000 төгрөгийг эхнэр Б-ын данснаас О-ийн 50Б-1 гэсэн данс руу шилжүүлж, бэлнээр 50.000.000 төгрөгийг О-т өөрт нь хүлээлгэж өгөөд нийт 116.105.000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор буцаан төлөхөөр тохиролцож, 0.5 хувиар алданги тооцохоор заасан. Тэрнээс хойш О- төлбөрөө төлөөгүй учир 2023 оны Хан-Уул дүүргийн шүүхэд хандсан. Шүүх хурал 2024 оны эхээр болсон. О- алдангитайгаа нийлээд 174.000.000 төгрөгийг надад барагдуулахаар шүүхийн шийдвэр гарсан." /1хх 57/,

 

яллагдагч Р.О-ийн "...О-тэй хамтарч хадгаламжийн бизнест оролцож ажиллаж байсан. Ингээд О-тэй ярилцахад “Гаднаас бараа оруулж ирмээр байна, дэлгүүр ажиллуулмаар байна, хамтраад юм хийе” гэсэн, мөн гадаадын цахим сангаас 50.000.000 төгрөг хийгээд буцаагаад 200.000.000 төгрөг авах талаар ярилцаад О-ийн байрыг Г- гэх хүнд хугацаатай барьцаалах талаар хэлэхэд О- нь өөрөө зөвшөөрсөний үндсэн дээр “Хас” банкнаас чөлөөлөөд сар болгоны төлөлтийг зогсоогоод Г- нь О-ийн байрыг “Хас” банкны 17.000.000 төгрөгийг чөлөөлөөд нэмэлтээр 50.000.000 төгрөг авсан. Уг 50.000.000 төгрөгийг би гадаадын платин койн руу оруулаад эргээд 200.000.000 төгрөг авах гэхэд тухайн мөнгө хийсэн өдөр ханш унаад би мөнгөө авч чадалгүй өрөнд орсон. Үүнээс өөр О-ээс мөнгө аваагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би одоо БНХАУ-аас жижиглэнгийн бараа оруулж ирэхээр ажил эхэлсэн. Ажлаа эхлэхээр хохирлоо барагдуулна.” /2хх 169-170/ гэсэн мэдүүлгүүд,

 

Р.О-ийн эзэмшлийн “Хаан” банкны 5Н-6 тоот дансанд 2023 оны 02  сарын 08-ны өдөр 50.000.000 төгрөг шилжиж орсон болоод зарлагын талаарх дэлгэрэнгүй дансны хуулга /1хх 206/, Нийслэлийн тойргийн нотариатч Н.О-ы 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0418 дугаартай “... зээлдүүлэгч Д.Г-, зээлдэгч С.О- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2023-02-08 өдрөөс 2023-03-10 өдрийг хүртэл 1 сар, зээлийн хэмжээ 116.105.000 төгрөг ..." /1хх 214-215/ гэсэн зээлийн гэрээ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Р.О-ийн залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч буй залилах гэмт хэрэг нь хүн хүндээ итгэх итгэл болон нийгэм дэх итгэлцлийг ямар нэгэн хэмжээгээр алдагдуулдаг хортой үр дагавартай.

 

Шүүгдэгч Р.О- нь тухайн цаг хугацаанд үүссэн өөрийн санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор хохирогч С.О-ийн өмчлөлийн байрыг зээлийн барьцаанд тавиулж, зээлийн гэрээ байгуулан хохирогчид “... Миний нэр дээр криптовалютын биржээс 2 тэрбум төгрөг орж ирэх гээд байна, үүнийг авахын тулд 50.000.000 төгрөг хэрэгтэй байна, 2 тэрбум төгрөгийг 50.000.000 төгрөгөөр татаж авах ёстой ...”  гэх бодит байдал дээр байхгүй хуурмаг нөхцөл байдалд итгүүлэх аргаар хуурч мэхлэн 50.000.000 төгрөгийг авсан нь “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Р.О- нь хохирогч С.О-т итгэл төрүүлэн түүний өмчлөлийн байрыг барьцааны гэрээ байгуулан Д.Г-од барьцаанд тавьсан боловч энэ гэрээний үүргээ биелүүлээгүй нь шүүгдэгчийн хариу төлбөр огт хийхгүй байх сэдэлтээр тухайн цаг хугацаанд үүссэн санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилгоор хийгджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ялыг оногдуулсан нь үндэслэлтэй, эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосон нь тохирсон байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдээд өнгөрсөн хугацаанд хохирогчид хохирлыг төлж барагдуулаагүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдэх болсон санаа сэдэл, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулсаныг өөрчлөх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Р.О-ээс ... хорих ялыг багасгаж өгнө үү ...” гэх агуулгаар давж заалдах гомдлыг гаргасан байх ба тэрээр өөрийнх нь үйлдэл Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй болохыг ухамсарлаж, гэм бурууг зөвшөөрөхгүй байгаа агуулга бүхий тайлбар, гомдлыг гаргаж байх учир тухайн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.О-ээс “... шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрх зөрчигдсөн, ... уг гэмт хэрэгт бусад хүмүүсийн оролцоо байгаа эсэх талаар шалгаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, ... шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй гэх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

1. Анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг хүлээн авч, шүүгчид хуваарилагдсанаар шүүгч хэргийн материалтай танилцаж улмаар яллагдагчийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлосон байна. Тухайн өдрөөс хойш шүүгдэгчийн “өмгөөлөгч сонгож авах” тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 4 сар гаруй хугацаанд нийтдээ 5 удаа хойшлуулсан нь түүний өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангасан үйлдэл байна.

Энэ талаар шийтгэх тогтоолд тусгаж дүгнэсэн байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтаар шүүгдэгчийн данс руу 50.000.000 төгрөгийг хохирогчоос шилжүүлсэнийг тогтоосон баримтад тулгуурлан анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд уг гэмт хэргийн оролцогч нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон нь зөрчилгүй байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий субъектүүд хуульд заасан бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэн байгааг анхан шатны шүүх үнэлэн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн нь үндэслэлтэй.

Шүүгдэгчийн өмнө гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож, ял шийтгэл эдэлж байсан эсэхийг шалгасан тухай баримт хэрэгт авагдсан байна. Энэ баримтыг үнэлэн шийдвэр гаргасан нь үндэслэлтэй бөгөөд урьд гэм буруутайд тооцогдож байсан шийдвэрийг Улсын Дээд шүүхээс хүчингүй болгосон нь шүүгдэгчийг өмнө нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн гэж үзэхгүй.  

Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч Р.О-т 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нийт 80 /ная/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/164 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.О- болон түүний өмгөөлөгч Н.О- нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-ийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 80 /ная/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                       Н.БААСАНБАТ