Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/01284

 

Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/01236 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б- ХХК-ийн хариуцагч Д.С-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлого болон бусад зардалд нийт 17,509,972 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, хариуцагч Д.С-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай компани Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энхтайваны өргөн чөлөө гудамж хаягт байрлах 203 дугаар байрны 1 давхрын Ү-2205073919 дугаартай үйлчилгээний зориулалттай 81 м,кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Хариуцагч Д.С- нь Ү-3 тоотын залгаа байрлах Ү-2 тоотыг өмнө нь манай компанид удирдах албан тушаал хашиж байсан иргэн М.Амаржаргалаас цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэхээр худалдан авсан ба ийнхүү 2 иргэний хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах хэлцэл хийгдсэний дараа Д.С- нь худалдан авсан талбайдаа хэмжилт хийлгэхэд 9,69 м.кв дутуу байсан учир зөрүү төлбөрийг төл гэж шаардахад М.Амаргаргал нь Б- ХХК-ийн өмчлөлийн Ү-3 тоот талбайг Ү-2 тоот талбайн зөрүүг оролцуулан худалдан авах санал болгоход Д.С- хүлээн зөвшөөрсөн байдаг. Б- ХХК-ийн удирдлагын зүгээс дээрх хэлцлийг хүлээн зөвшөөрөөгүй, гэрээ байгуулаагүй байхад Д.С- нь дур мэдэн Ү-3 тоот талбайн хийцэд өөрчлөлт оруулан, өөрийн цэцэрлэгтэй нэгтгэж Б- ХХК-ийн өмчид хууль бусаар халдсан үйлдэл гаргасан. Д.С-г талбайг суллахыг бид утсаар болон бичгээр удаа дараа шаардаж байсан боловч манай компанийн эрх ашгийг хохироож, талбайг суллаж өгөлгүй 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл суллаагүй. Тус талбайн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэхэд 1 сарын түрээс 1 м.кв түрээсийн дундаж үнэ 17,276 төгрөг буюу сард 1,399,356 төгрөг болох юм. Энэ нь Д.С- Ү-3 талбайг суллаж өгөлгүй 11 сар 23 хоногийн хугацаа өнгөрч, манай компани тус талбайг түрээслэн олж болох байсан нийт 16,431,136 төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа учир энэ мөнгийг хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн 250,000 төгрөгийн хамт шаардаж байна. Мөн Д.С- нь манай өмчлөлийн Ү-3 талбайг хууль бусаар эзэмших хугацаандаа өөрийн өмчлөлийн Ү-2 байрны залгаа ханыг нурааж хаалга гаргасан. Тус хаалгыг авч ханыг битүүлэхэд шаардлагатай материал, ажлын зардлын төсвийг мэргэжлийн төсөвчнөөр хийлгүүлэхэд 828,836 төгрөг болж байх тул Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасны дагуу шаардаж, нийт 17,509,972 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, өөрийн өмчлөлийн Ү-3 тоот үл хөдлөх эд хөрөнгийг Д.С-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч компанийн барьсан Цоглог хотхон-ы Ү-2 тоот байрыг Д.Ариунболд захирлын эхнэр, Б- ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Амаржаргалаас худалдан авсан ба тухайн байрны талбай нь гэрчилгээн дээр бичсэн хэмжээнээс 9,69 м.кв-аар дутуу болох нь Брайн пойнт ХХК-ийн албан ёсны хэмжилтээр батлагдсан. Иймд М.Амаржаргалаас байрны зөрүү талбайд төлсөн 14,947,000 төгрөгийг би буцаан авах хүсэлтээ хэлэхэд тухайн үед Б- ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Амаржаргал нь талбайн зөрүү мөнгийг буцааж өгөх боломжгүй тул дараагийн байрнаас 9,69 м.кв талбайг надад зарсанд тооцуулан, залгаа байрлалтай Ү-3 тоот байрыг авахыг хүсэж, тухайн байрны урьдчилгаанд 14,947,000 төгрөгөө тооцож, үлдсэн мөнгөө 2 жилийн хугацаанд хуваан хүүгүйгээр төлөхийг санал болгосон. Би зээлтэй бөгөөд нэмж авсан байранд засвар хийх мөнгөгүй тул боломжгүй байгаагаа хэлсэн. Мөн тухайн маргаан бүий байр өөрийн гэсэн тогны монтаж, дулааны шугам сүлжээ гэх юу ч байхгүй, шал нь цөмөрч, доод давхрын гаражийн машинууд харагддаг ийм аймар зүйлийг би авч чадахгүй, засвар нь дийлдэхгүй гэхэд М.Амаржаргал би танд байрны засварын мөнгө өгье, та өөрөө засаад авчих гэхэд нь зөвшөөрч, миний Худалдаа хөгжлийн банк дахь дансанд 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1,470,000 төгрөгийг шилжүүлсэн. Би энэ мөнгөний зарцуулалтыг инженер Гансүхэд өгсөн. Тус байранд склад маягаар хураалттай байсан барилгын элдэв материал, хог зэргийг Б- ХХК-ийн ажилчид цэвэрлэн, инженер Энхтуяа хана даацын аль хана дүүргэлтийн болохыг хэлж, хоёр байрыг нийлүүлэх ханаа хаана цоолохыг зөвлөсний дагуу цоолж, орц гарцыг зохицуулахын тулд өөрийн хуучин байраа эвдэж засвар хийсэн. Амаржаргал захирлын өгсөн мөнгө засварт хаанаа ч хүрэхгүй байсан тул өөрийн боломж, ах дүү найз нөхдийн дэмжлэгээр цэцэрлэг ажиллах стандартад нийцтэл тохижуулж, тавилга хогшил, хивс, хүүхдийн хөнжил гудас тоглоомуудыг хангалттай хэмжээгээр шинээр худалдан авч, сантехникийн цахилгаан холбооны шугам сэргээн засаж иж бүрэн камержуулсан. Засварын ажлыг хийж байх явцдаа би худалдах, худалдан авах бичгийн гэрээгээ хийхийг дахин дахин шаардахад Амаржаргал захирал намайг Энхтуяа инженертэй уулзаж гэрээгээ хийгээрэй гэсний дагуу би Энхтуяа инженертэй хэд хэдэн удаа утусаар ярьсан ба тэрээр хөдөө томилолтоор ажиллаж байна, очмогцоо таны гэрээг хийж өгнө гэснийх нь дагуу хүлээсээр өдийг хүрсэн. Б- ХХК-а ас гэрээ хийхээр ирсэн болон утсаар ярьсан нэг ч хүн байхгүй. Хэдэн төгрөг, ямар данс руу шилжүүлэх талаар гэрээ байхгүй тул би мөнгө шилжүүлэх боломжгүй. Гэтэл гэнэт нэхэмжлэгч компанийн захирлын хүү Жигүүр 2021 оны 02 дугаар сард уулзаж, манай ээж танд хямд зарсан байна. Аав бид хоёр тэр үед ээжид зөвшөөрөөгүй байхад тантай тохирсон байна. Иймд бид байрны үнээ нэмэн гэрээ хийх, эсвэл байраа буцаан авна гэсэн. Би гэрээг үнэ нэмэлгүй Амаржаргал захиралтай тохирсон хэвээр хийхийг хүссэн боловч Жигүүр зөвшөөрөөгүй. Биднийг засвар хийж дуусах 10 сарын үеэр Монгол улсад цар тахлын онцгой байдал зарлагдан улс даяараа бүх үйл ажиллагаа хаагдсан тул гэрээ хийснээс хойш 2 жил гээд ярилцаж тохиролцсон зүйл байгаа. Тухайн үед улс даяар бүх банкууд төлөлтөө зогсоож, байгууллагуудыг түрээсээс чөлөөлж, эх оронч санаачлагууд өрнөж бард иргэддээ дэмжлэг үзүүлж, хүнд үед байсан болохоор цэцэрлэгээ өргөжүүлсэн ч хүүхдийн тоо нэмүүлж чадаагүй бөгөөд 2 сард өргөжүүлэх хүсэлтээ холбогдох байгууллагад өгөхөөр бэлдэж байх үед маргаан үүссэн тул бид хүүхдийн тоо нэмүүлэх зөвшөөрлөө аваагүй хойшлуулсан. Мөн бид энэ Ү-3 байранд ажиллаагүй бөгөөд авсан Ү-2 байранд ч хөл хорионоос болж ажиллаагүй тул бидэнд төлөлт хийх орлого ороогүй байсан. Энэ тухай нэхэмжлэгчээс ирсэн мэдэгдэлд 2021 оны 03 дугаар сарын 21-ний хариу бичигт маш дэлгэрэнгүй бичсэн ба тус компани манайд учруулсан хохирлоо эртхэн төлөөд энэ байраа авч худалдан борлуулах, түрээслэх бүрэн боломжтой байсан. Би аман хэлэлцээр хийгээд бичгэн хэлбэрээр гэрээ байгуулахыг хүлээж байсан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43.1 дэх хэсэгт заасны дагуу би аман хэлэлцээр хийгээд байраа худалдан авсан. Үлдсэн мөнгөө би 2 жилийн хугацаанд хувааж төлөхөөр гэрээгээ хүлээж байхад гэнэт үнээ нэмсэн. Урьдчилгаа төлөөд засвар хийгээд, эдний ажилчидтай хамтраад тохижуулсан байрандаа байгаа. Ү-2,-оос Ү-3 байрны дулаан цахилгааныг салгаад ав гэхээр эдний зарснаа батлаад нэг тоолууртай болгоод холбочихсон. Тооцоо бүх зүйл нь хамт бодогддог. Би урьдчилгаагаа өгсөн, аман хэлэлцээр хийсэн, эдний компанийн хүмүүс надтай хамтарч ажилласан. Мессеж бусад баримтаар нотлогдож байдаг. Цаашид үлдсэн мөнгөө хэзээ яаж төлөх, гэрээгээ байгуулах хэрэгтэй байгаа. Б- ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б- ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайвны өргөн чөлөө гудамж 203 байр, 1 давхрын Ү-3 тоот хаягт байршилтай 81 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205073919 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.С-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Д.С-гаас 17,509,972 төгрөг гаргуулах тухай Б- ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 336,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а.Нэхэмжлэгч компани нь надад зарсан орон сууцаа бүх зүйлийг нь шинээр хийж, сайжруулан үнэ хүрэхүйц болгож засаж, сэргээж янзалсны дараа гэнэт компаний удирдлага нь биш өөр хүн зарсан гэж намайг хохироож байгаа бөгөөд Б- ХХК-ийн захирал Амаржаргал болон ажилчин, инженерүүд нь хэлж өөрсдөө ирж хана нурааж хаалга барих зааварчилгаа өгч байсан болохоор тухайн үед Ариунболд нь захирал юмуу Амаржаргал нь захирал юмуу мэдэх боломжгүй байсан. Ажилчдыг яагаад Амаржаргал томилон манайд туслуулан бидэнтэй хамтран ажиллуулдаг мөнгөний тайланг авч шалгадаг байсныг шалган тодруулах хүсэлттэй байна. Эхнэр, нөхөр хоёр ээлжлэн захирал болоод энгийн хэн нэгэнээр тоглоом тохуу хийгээд явж болдог гэж би бодоогүй. Эхнээсээ авах гээгүй байрыг аваа ч бид тусална гэж гуйна засахад туслая гээд мөнгө өгөөд байсан тэр үед захирал Ариунболд зөвшөөрөхгүй байсан юм бол яагаад зогсоож, шаардлага тавиагүй юм бэ. Энэ талаар шүүх дүгнээгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.б.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг алдаатай явуулсан талаар хариуцагч миний бие болсон үйл явдлыг бодитоор үнэн зөвөөр шийдвэрлүүлэх зорилгоор орон сууц зарсан М.Амаржаргалыг гэрчээр оролцуулах хүсэлт гарсан ч шүүх гэрчээр оролцуулаагүй учир нь гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж дурдсан. Гэтэл Ариунболд Амаржаргал нар нь салж гэр бүлээ цуцлуулсан байхад хэргийн үйл баримтыг хөдөлгөөнгүй болгох гэрчийг оролцуулаагүй. Гэр бүлээ цуцалсан хугацааг харгалзан шалгаагүй. Гэр бүлийн тухай хуульд гэр бүл гэж эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн хамтын амьдрал бүхий эхнэр, нөхрийг гэр бүл гэсэн байна, тэгвэл эрх бүхий байгууллагад гэр бүл биш гэж өөрсдөө бүртгүүлсэн байхад гэр бүл гэж үзэх үндэслэлгүй ба салсан нөхөр эсвэл салсан нөхрийн компанийг гэр бүлд тооцох заалт байхгүй байна. Үнэхээр хана, шал нь онгорхой хүн амьдрах боломжгүй, тийм үнэ ханшаар тоож худалдан авахааргүй барилгыг хамаг хүч хөдөлмөр, мөнгө санхүүгээрээ засч сайжруулан үнэ бүхий болгосон, урьдчилгаа төлбөр төлснөөр хэлэлцэн тохирч мөнгө шилжин тооцогдсон байхад намайг хохироож байгаа шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа тул хэргийг анхан шатны шүүхэд буцаан намайг эрх ашгаа хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Амаржаргал болон бусад инженер ажилтан нарыг гэрчээр оролцуулж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх боломж олгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлээгүй гэж гомдолдоо дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан баримтыг шүүх хэрхэн үнэлж, дүгнэсэн талаараа шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой дурдсан. Д.Ариунболд нь Б- ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигч буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлын ажлыг хийж гүйцэтгэдэг. Энэ нь хэрэгт авагдсан компанийн гэрчилгээ, дүрмээр нотлогддог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд гэр бүлийн гишүүд, үр хүүхэд, төрөл садангийн хүний эсрэг гэрчээр мэдүүлэг өгөх бол өөрийнх нь зөвшөөрлийг харгалзаж үзэх ёстой гэж заасан. Гэрч н.Амаржаргал татгалзсан учир шүүх тус журмын дагуу гэрчийн мэдүүлэг аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Б- нь хариуцагч Д.С-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлого болон бусад зардалд нийт 17,509,972 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.а.Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайвны өргөн чөлөө гудамж 203-р байр, 1 давхрын Ү-3 тоот хаягт байршилтай 81 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч Б- ХХК болох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх-ийн 46-р тал/. Нэхэмжлэгчийн өмчлөх эрх Иргэний хуулийн 182 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан, уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж үзнэ.

3.б.Хариуцагч Д.С- нь маргаан бүхий орон сууцыг бодитоор эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон хэдий ч хууль ёсоор буюу гэрээгээр эсхүл хуульд заасны дагуу эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3.в.Хариуцагч татгалзалдаа Б- ХХК-ийн захирал М.Амаржаргалтай гэрээ байгуулан Y-2 тоот орон сууцыг худалдаж авсан бөгөөд худалдан авсан орон сууцны талбайн хэмжээ дутуу байсан тул зөрүү 14,947,000 төгрөг дээр мөнгө нэмж, үлдэгдэл төлбөрийг 2 жилийн хугацаанд хүүгүй төлөхөөр тохиролцон, Y-3 тоот орон сууцыг авсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч Б- ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал нь Д.Ариунболд болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. Иймд Д.С-, М.Амаржаргал нарын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Нөгөөр талаар, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан, хариуцагч Д.С- нь дээрх хуульд зааснаар маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

3.г.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б- ХХК нь хариуцагч Д.С-гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй тул Ү-3 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

3.д.Анхан шатны шүүх нэхэмжлэлээс олох байсан орлого болон бусад зардалд нийт 17,509,972 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй байна. Иймд иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

4.Хариуцагч давж заалдах гомдолдоо гэрээ байгуулсан этгээд болох М.Амаржаргалыг гэрчээр оролцуулж хэргийн үйл баримтыг тодруулаагүй гэх боловч М.Амаржаргалаас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хариуцагчийн хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн, М.Амаржаргал нь нэхэмжлэгч Б- ХХК-ийн захирал Д.Ариунболдын гэр бүлийн хүн гэх үндэслэлээр мэдүүлэг өгөхөөс татгалзсан байна. Энэ тохиолдолд шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. /хх-ийн 102-104, 144-р тал/

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дах хэсэгт Зохигчийн эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхдийг зөвхөн өөрсдийнх нь зөвшөөрснөөр гэрчээр мэдүүлгийг авч болно ... гэж заасан буюу нэгэнт гэрч мэдүүлэг өгөхөөс татгалзсан байх тул хэрэгт авагдсан бусад баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/01236 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Г.ДАВААДОРЖ