| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2026/01531/И |
| Дугаар | 192/ШШ2026/04472 |
| Огноо | 2026-04-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2026/04472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Ч,
Нэхэмжлэгч: А.Н нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э******* ХХК-д холбогдох,
Орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч С.Ч*******, А.Н*******,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******,
хариуцагчийн төлөөлөгч Б.У*******,
нарийн бичгийн дарга М.Энхцэцэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Ч*******, А.Н******* нар хариуцагч Э******* ХХК-д холбогдуулан Орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийхийг хариуцагчид даалгуулахаар шаардсан.
1.1 Нэхэмжлэгч С.Ч*******, А.Н******* нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ч*******, А.Н******* бид хариуцагч Э******* ХХК-ийн 142.12 мкв хэмжээтэй орон сууцыг 426 360 000 төгрөгөөр авахаар 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 22/85 дугаартай “Орон сууц захилгаар барих гэрээ", уг барилгын "С23" тоот 18 м.кв хэмжээтэй дулаан зогсоолыг 45 000 000 төгрөгөөр авахаар 2024 оны 10 дугаар сарын 21- ний өдөр “Дулаан зогсоол захиалгаар барих гэрээ”-г тус тус бичгээр байгуулсан билээ. Бидний зүгээс гэрээнд заасны дагуу орон сууц болон дулаан зогсоолын үнэ болох 426 360 000+45 000 000=471 360 000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан билээ. Талуудын байгуулсан гэрээний 2.2-т зааснаар гүйцэтгэгч Э******* ХХК нь орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан, дулаан зогсоолыг 2025 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл орон сууц, дулаан зогсоолыг ашиглалтад оруулаагүй байна. Хариуцагч Э******* ХХК нь гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг дуусгаагүй тул нэхэмжлэгч бид орон сууц, дулаан зогсоолыг барьж ашиглалтад оруулахыг удаа дараа шаардсан боловч ямар нэгэн шалтаг шалтгаан хэлж хойшлуулсаар өнөөдрийг хүрч байна. Нэхэмжлэгч бид арга буюу өөрсдийн хууль ёсны эрх ашгаа шүүхээр хамгаалуулж, өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэж баталгаажуулах шаардлагатай гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэгч С.Ч*******, А.Н******* нарыг 142,12 мкв хэмжээтэй орон сууц болон С23 тоот 18 м.кв хэмжээтэй дулаан зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоож, ийнхүү өмчлөгчөөр тогтоосонтой холбогдуулан эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2, 1.3-т зааснаар гэрээгээ дүгнээд, гэрээний 1.4-т зааснаар өөрчлөгдөөд, орон сууц дүгнэгдээд 1.5-т зааснаар нэмэлт төлбөр хийсэн. 2024 оны 11 дүгээр сард дулаан зогсоол байгуулах гэрээ байгуулж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Гэрээгээр тохирсон хугацаандаа үүргээ биелүүлээгүй тул өмчлөгчөөр тогтоож, урьдчилсан тэмдэглэл хийх замаар өмчлөх эрхээ хамгаалахаар нэхэмжлэл гаргасан гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч Б.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд хариу тайлбар гаргах боломжгүй байгаа бөгөөд компанийн захирал эзгүй байгаа. Хариу тайлбар өгөөгүй гэдгээрээ шүүхэд нөлөөлөх байдал үүсгэж, хэлж байгааг зөвшөөрөхгүй. Өнөөдрийн хувьд тийм боломж байхгүй байгаа. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх агуулгаар тайлбар гаргахаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байгаа. Учир нь Э******* ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд ажилласан 2 компанийн хооронд асуудал үүсэж, улмаар барилга байгууламж зогссон. Хот байгуулалтын яамнаас зөрчлөө арилгаад үргэлжлүүлж барь гэсэн. Газрын эзэн талаас ямар ч бичиг баримт гаргаж өгөөгүй. 2026 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд газрын эзэнтэй холбоотой маргаан үүсгэж, тус шүүхэд хандсан байгаа. И******* ХХК нь манай компанитай хамтарч байснаа газрын эзэнтэй нийлсэн нөхцөл байдал үүссэн. В блок бүрэн дууссан гэж байгаа боловч энэ нь эхлээд ашиглалтад орно гэж байхгүй. Мөнгийг төлсөн нь үнэн. Бид захиалагч нарынхаа эрхийг хамгаалаад явна. Гэхдээ шаардлагын хүрээнд бид хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд энэ нь биелэгдэх боломжгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №22/85 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ, хавсралт, Э******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №24/324 тоот Дулаан зогсоол захиалгаар барих гэрээ, Э******* ХХК-ийн 2024.06.05-ны өдрийн 24/70 тоот албан бичиг, 2024.10.21-ний өдрийн 24/136 тоот албан бичиг, дансны хуулга, шилжүүлгийн баримт, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлсэн. /хх-ийн 3-49/
4. Хариуцагчаас хэрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэргийг ирүүлсэн. /хх-ийн 56-57/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Э******* ХХК-тай гэрээ байгуулж, *** гудамжинд хэрэгжүүлж буй Твин даймонд үйлчилгээтэй, орон сууцны төслийн Б блокийн 19 дүгээр давхрын В тоот 142.12 мкв хэмжээтэй орон сууцыг 426 360 000 төгрөг, уг барилгын "С23" тоот 18 м.кв хэмжээтэй дулаан зогсоолыг 45 000 000 төгрөгөөр авахаар тохиролцож, бичгээр гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрт 471 360 000 төгрөгийг бүрэн төлсөн боловч барилгыг барьж ашиглалтад оруулахгүй байгаа тул орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх агуулгаар тайлбар гаргахаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байгаа. Учир нь Э******* ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд ажилласан 2 компанийн хооронд асуудал үүсэж, улмаар барилга байгууламж зогссон. Хот байгуулалтын яамнаас зөрчлөө арилгаад үргэлжлүүлж барь гэсэн. Газрын эзэн талаас ямар ч бичиг баримт гаргаж өгөөгүй. 2026 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд газрын эзэнтэй холбоотой маргаан үүсгэж, тус шүүхэд хандсан байгаа. И******* ХХК нь манай компанитай хамтарч байснаа газрын эзэнтэй нийлсэн нөхцөл байдал үүссэн. В блок бүрэн дууссан гэж байгаа боловч энэ нь эхлээд ашиглалтад орно гэж байхгүй. Мөнгийг төлсөн нь үнэн. Бид захиалагч нарынхаа эрхийг хамгаалаад явна. Гэхдээ шаардлагын хүрээнд бид хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд энэ нь биелэгдэх боломжгүй.” гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч С.Ч*******, А.Н******* хариуцагч Э******* ХХК нар нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №22/85 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, уг гэрээгээр В тоот 142,12 мкв хэмжээтэй орон сууцыг 432 360 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна.
Үүний дараа 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №24/324 тоот Дулаан зогсоол захиалгаар барих гэрээ байгуулж, С23 тоот 18 м.кв хэмжээтэй дулаан зогсоолыг 45 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна.
4.2 Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч С.Ч*******, А.Н******* нар нь 471 360 000 төгрөгийг Э******* ХХК-д бүрэн төлж барагдуулсан байна. /хх-ийн 26-47/
5. Талууд дээрх гэрээ байгуулсан, төлбөр бүрэн төлөгдсөн талаар маргаагүй хэдий ч хариуцагч Э******* ХХК нь барилгыг гэрээнд заасан хугацаанд барьж ашиглалтад оруулж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөөгүйгээс маргаан үүссэн байна.
6.Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Хариуцагч нь гэрээний зүйл болох эд хөрөнгө ашиглалтад бүрэн ороогүй, улсын комисс хүлээж аваагүй тул шүүхийн шийдвэр гарсан ч биелэгдэх боломжгүй гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлж, В тоот 142,12 мкв хэмжээтэй орон сууц болон уг барилгын С23 тоот 18 м.кв хэмжээтэй дулаан зогсоолыг өмчлөх эрхтэй этгээд болжээ.
Тодруулбал, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд хэн аль нь маргаагүй тул өмчлөх эрхийг баталгаажуулах зорилгоор нэхэмжлэгч нар гүйцэтгэсэн ажлын үр дүнг шаардах эрхтэй байна.
Дээрхийг нэгтгээд С.Ч*******, А.Н******* нарыг Б блокийн 19 дүгээр давхрын В тоот 142,12 мкв хэмжээтэй орон сууц болон тус барилгын С23 тоот 18 м.кв хэмжээтэй дулаан зогсоолыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхийг Э******* ХХК-д даалгахаар шийдвэрлэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Ч*******, А.Н******* нарыг В тоот 142,12 мкв хэмжээтэй орон сууц болон тус барилгын С23 тоот 18 м.кв хэмжээтэй дулаан зогсоолыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхийг Э******* ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ч*******, А.Н******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 742 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 742 900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Ч*******, А.Н******* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ