| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2503007690953 |
| Дугаар | 2026/ДШМ/360 |
| Огноо | 2026-03-27 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2026/ДШМ/360
2026 03 27 2026/ДШМ/360
Б.Э-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А-ийн өмгөөлөгч Я.Батханд,
шүүгдэгч Б.Э- /цахимаар/, түүний өмгөөлөгч Ц.Долгорсүрэн, З.Хүрэлсүх,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэн, З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2503007690953 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
О- овгийн Б-ын Э- /РД: ПБ-/, 1991 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Сансар цэргийн хотхоны 1 гудамжны 6 тоот хашааны хойд замд 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 20 минутын үед “Toyota prius” маркийн Б- УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах... Мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; Мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас насанд хүрээгүй явган зорчигч Б.А-ыг мөргөж насыг нь хохироон улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокуророос: Б.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг “согтуурсан үедээ” үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 12 жилийн хугацаагаар хасаж, 07 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 07 жил 06 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч Б.Э-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э- нь оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 12 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс 256,416,337 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Э-гийн хувьд өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар огт маргаагүй харин түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага болон хохирогчид учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг шүүх буруу дүгнэсэн гэж үзэж байгаа тул шүүхийн шийтгэх тогтоолын энэ хэсэгт гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг, хор уршгийг гэм буруутай этгээд урьдчилан таамаглах боломжгүй боловч өөрийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлын улмаас хор уршиг бий болдог. Үүнд шүүгдэгч болон өмгөөлөгчийн миний хувьд үнэхээрийн харамсалтай байгаа. Шүүх эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан үзэх хууль зүйн зохицуулалттай байдаг. Мөн зүйлийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус... шинжгүй байхаар хуульчилсан. Шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон, шүүхийн тогтоосон хэмжээгээр хохирол, хор уршгийг бүрэн арилгахаа илэрхийлсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгаас шүүхийн шийдвэр гарах үед нийт 10,500,000 төгрөгийг төлж барагдуулсан, ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой. 34 настай, ганц бие, эцэг эхийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, үйлдсэн хэргийн үр дагаврыг бүрэн ухамсарласан. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл байгаа эсэх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болохоор заасан байдаг. Б.Э-гийн хувьд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, түүний ид амьдрал ахуйгаа зохиох насан дээрээ явж байгаа байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөөс тодорхой хэсгийг төлсөн, цаашид үлдсэн төлбөрийг бүрэн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөлүүдийг харгалзаж түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой байна. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлохдоо: “Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэжээ. Шүүхээс эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа дээрх зорилгоос зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх зорилгыг удирдлага болгосон тухайгаа шийтгэх тогтоолын агуулгыг тайлбарлахдаа дурдаж, ийнхүү 7 жил 6 сар хорих ял оногдуулсан нь хохирогчийн уй гашууг бага ч гэсэн тайтгаруулахад нэмэр болно гэсэн агуулгыг хэлж байсан. Гэтэл шийтгэх тогтоолын хууль зүйн дүгнэлт хэсэгтээ шийтгэх тогтоолын агуулгыг тайлбарласнаасаа өөрөөр буюу дээрх 5.1 дүгээр зүйлд заасан тайлбарыг бүхэлд нь үндэслэлээ болгосон гэж бичсэн байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчид хүндэдсэн, шүүгч шийдвэрийн үндэслэлээ тайлбарласнаасаа өөрөөр дүгнэн бичсэн гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагыг тодорхойлох нь шүүгчийн дотоод итгэл үнэмшлийн асуудал боловч шүүгч хуульд заасан үндэслэл, шалгуурыг шийдвэрийнхээ үндэслэл болгох учиртай байдаг. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн санкцыг хууль тогтоогч тодорхойлохдоо тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хэмжээг 8-12 жил хүртэл, хорих ялын хэмжээ хязгаарыг 2-8 жил байхаар тогтоосон. Шүүгдэгчийн хувьд жолоодох эрхийг 12 жилийн хугацаагаар хассаныг хүлээн зөвшөөрч, энэ агуулга дээрх маргахгүй. Мөн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах хариуцлагыг зөвшөөрч байгаа тул шийтгэх тогтоолын энэ агуулга дээр мөн маргахгүй. Харин 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын хэмжээг 7 жилийн хугацаагаар тодорхойлсон нь эрүүгийн хариуцлагыг оногдуулах үндэслэл, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна, хүнлэг бус байна гэж үзэж байна. Мөн хохирогчийн сэтгэл санааг тайтгаруулах үүднээс хорих ялын аль хэмжээг тодорхойлно гэдэг бол хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг. Гэтэл анхан шатны шүүх 7 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээг тодорхойлж байгаа нь зарим төрлийн санаатай гэмт хэрэгт оногдуулдаг ялаас ч өндөр хэмжээгээр тодорхойлсон бөгөөд миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрийн тодорхой хэсгийг төлж, үлдсэн хэсгийг төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэрэг зайлшгүй харгалзан үзэх нөхцөлүүдийг огт харгалзан үзээгүй шийдвэрлэсэн болохыг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Иймд миний үйлчлүүлэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгөхийг хүсэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрт учирсан сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжлэх эрхтэй. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс өөрт учирсан сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн Хэмжээгээр тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх ёстой байтал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж нас барсан хүний нас болон хүн амын дундаж наслалтын зөрүүгээр тооцсон нь буруу гэж үзэж байна. Мөн хүн амын дундаж наслалтын хэмжээг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй байтал 67 нас байна гэж хийсвэрээр тооцоолсон нь мөн буруу болсон гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хэмжээгээр нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлгийн явцад илэрхийлж, хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн шийтгэх тогтоолд энэ тухай дурдаагүй, энэ тухай дүгнэлт хийгээгүй байна. Иймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хэмжээгээр түүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 118,800,000 төгрөг болгон багасгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 01 дүгээр сарын 27-нд авсан. Хуульд заасан хугацаанд гомдол гаргах шаардлагатай байсан учраас 02 дугаар сарын 05-ны өдөр давж заалдах гомдол гаргасан. 01 дүгээр сарын 28-ны өдөр хэргийн материалтай танилцсан. Прокурор мөрдөгч хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоож чадсан уу, хэрэгт авагдсан бүх нотлох баримтад шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж гэм буруу болон эрүүгийн хариуцлагын асуудлыг зөв шийдвэрлэж чадсан уу, гэдэгт миний хэлэх гэж байгаа зүйл чиглэх учиртай. Монгол улсын нэгдэн орсон замын хөдөлгөөний дүрмийн венийн конвенцад нэгдэн орсон. Жолооч замын хөдөлгөөний эмзэг оролцогч болох явганаар зөрчсөн дугуйгаар зөрчсөн ялангуяа хүүхэд, өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй хүнд илүү их сонор сэрэмжтэй анхаарал халамж тавих ёстой талаарх зарчмыг тогтоосон. Энэ конвенцын үзэл санаа бол Монголын замын хөдөлгөөний дүрэмд тусдан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдааны шатанд байгаагүй боловч сүүлд хөндлөнгийн байдлаар хэрэгтэй танилцахад гэмт хэргийн улмаас учирсан үр дагаварт ял оногдуулах ажиллагааг эрүүгийн эрх зүйн онол болгоод Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчмаар хохирголдог. Гэтэл Эрүүгийн хуулийн гэмт хэргийн объектив, субьектив шинж хангагдаагүй нөхцөлд гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагад тооцдоггүй. Харин гэмт хэргийг эргэлзээгүй тогтоох үүргийг хэрэг мөрдсөн Тээврийн цагдаагийн байгууллагад байсан. Шүүх хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй тогтоогоогүй, шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүй нотлох хангалтай хүрэлцээтэй баримт бүрдээгүй байхад шүүх шийтгэх тогтоолдоо үйл баримтын дүгнэлтийг хийсэн. Шүүгдэгчийг зам тээврийн осол гаргаж хүний амыг хохироосон гэдэг. Энэ талаар шүүхийн шинжээчийн дүгнэлтийг дурдсан. Зам тээврийн осолд холбогдсон даруйдаа Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгсэл хөдөлгөхгүй байх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, анхан шатны тусламжийг хохирогчид үзүүлэх үүрэгтэй байсан. Энэ үүргээ биелүүлээгүй нь согтуурал шалгасан баримтаар нотлогдсон талаарх үйл баримтын талаар дүгнэлт хийсэн байна. 06 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн үед гарсан асуудлын талаар тухайн өдрөө 21 цаг өнгөрч байхад гэрчүүдийг асуусан. Насанд хүрээгүй гэрч Н-, Б- нарыг 20 цагаас дараалаад нийгмийн ажилтан болон өмгөөлөгчийг оролцуулж хуульд заасан хэлбэрийн шаардлагыг танилцуулж дээрх 13 настай хоёр хүүхдээс мэдүүлэг авсан. Гэр ойролцоо учраас ямар асуудал болсон талаар насанд хүрсэн хүмүүсийн яриаг бүрэн сонсон. Гэрч тусгаарлагдсан байдалтай байгаагүй. “Тухайн машин дүүг минь дайраад маш хурдтай цааш явсан. Гэрийнхээ үүдэнд очоод эргээд зогсон, жолооч гарч ирээд машиныг тойрч үзээд байсан” гэх мэдүүлгийг гэрч Н- мэдүүлэг. Б- “машин хурдтай явж хүн дайрсан. Буцаж ирээд гэрийнхээ үүдэнд бууж жолооч гэрт орсон” гэдэг. Жолоочийн нас хэлэхгүй, өмсөн хувцсыг хэлэхгүй. Дээрх хоёр гэрч зөрүүтэй мэдүүлдэг. Э- мэдүүлэгтээ “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас санахгүй байна. Яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ машиндаа сэрсэн. Машин тойроод охин хүүхэд уйлаад байсан. Тэгээд сэрэхэд жолоочийн арын санал дээр байсан. Хамт архи уусан Б- буюу /баагий/ гэх хүнтэй хамт сэрсэн. Тэгээд манай дүүг дайрсан зүйлийг хэлэхээр машин тойрч үзсэн. Би хүн дайргүй хамт архи ууссан хүн гэх байдлаар янз бүрийн үйл баримтыг хэлдэг. Тухайн өдөр болсон үйл явдлыг хэлдэг. Б- маргааш гэрчийн мэдүүлэг өгдөг. Согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн учраас тодорхой зүйл санахгүй байгаагаа хэлсэн. Худгийн хажууд уулзаж Б- гэх хүнийг гэр лүү очиж тухайн газар архи уусан. Буцаж худаг дээр ирсэн. Нэг мэдэхэд Э-гийн гэрийн үүдэнд машин дотор сэрсэн гэх зүйлийг хэлдэг. Яллагдагчийн өөрийн явсан зам, тээврийн хэрэгсэл ашиглаж явсан зам маршрутыг тодруулах, гэрчээс дахин тодруулах, гэрчээр 16 минут асуугдсан камер шалгах ач холбогдолтой ажиллагааг явуулаагүй. Тээврийн хэрэгсэлд хийсэн хэргийн газрын үзлэгээр гарын хээний арчдасын шинжилгээ авч урьд авсан гарын хээтэй таарсан талаар дүгнэлт гарсан. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 09/09 дүгнэлтээр тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч тогтоогдсон учраас хүсэлтийг хангахаас татгалзав гэсэн. Тодорхой дүгнэлт хийж хүсэлтийг хангахаас татгалзсан. Давж заалдах шатны шүүхийн онцлог яллагдагчийн хувийн байдалтай холбоотой. “Хонгорзул” гэх хүнсний дэлгүүрт болон Э-гийн гэр нэг гудамд байдаг тухайн дэлгүүр ордог. Хүнсний 8 болон 6 нэрийн дэлгүүрийн хувьд ажлын байрны дүгнэлтийг гаргуулахад гадна болон дотор камертай байх ёстой талаарх асуудал яригддаг учраас гадна камертай дэлгүүр, мөн 23-ны өдөр үйлчлүүлсэн Э-гийн “Хаан” банкны дансны хуулга 13 цаг 33 минутад 34,940 төгрөгийн тооцоо хийсэн. Энэ газар цагдаагийн камер байсан тухайн камер шалгасан талаар ажиллагаа хийгдээгүй. Хэрэг гарснаас 9 хоногийн дараа өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг 14 хоногийн дотор шийтгэгдсэн гарын хээний шинжилгээ гарсан учраас бид нар хөдөлбөргүй тогтоосон гэх агуулгаар мөрдөгч хэрэгт ач холбогдолтой ажиллагааг цааш явуулахыг хязгаарлаж урьд томилсон криминалистик шинжилгээнүүдийн хариуг 08 дугаар сард хүлээж байгаад авна, 09 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөгч магадалгаа бичдэг. 09 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол гардаг. Энэ байдлаар хэргийн материал танилцуулсан. Хамгийн гол асуудал жолооч хэн байсан бэ, гэх асуудалд нэг гарын мөр хангалтгүй байна. Гэрчүүдийн мэдүүлгээр янз бүрийн зөрүү байдаг. Э-г яллагдагчаар татсанаас хойш ямар ажиллагаа хийсэн бэ гэхлээр тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тодруулахаар тээврийн хэрэгслийн лавлагаа авсан. Тухайн лавлагаанд Банк бус санхүүгийн байгууллагад бүртгэлтэй талаарх лавлагаа байдаг. Мөрдөгч банк бус санхүүгийн байгууллагад хандаж Иргэний нэхэмжлэгч хариуцагчаар томилох этгээд явуулна гэхэд, гэтэл гэрээ хийсэн Навчаа гэх хүний тухай мэдүүлэг өгөөд, Навчаагаас мэдүүлэгтээ “Өөрийнхөө машин хараагүй байна. үнэлгээ тогтоолгох уу, гэх асуултад өөрийнхөө машин хараагүй байгаа учраас одоо ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй байна. Мөрдөгч шүүх хуралдаанд оролцох эсэх талаар асуугаагүй. Гэм хорын төлбөр мөнгө гарсан нөхцөлд та хариуцах уу гэхэд, иргэний хууль ёсны төлөөлөгчөөс хариуцахгүй гэж хариулснаар тухайн ажиллагаа дуусан. Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Навчаад 12 дугаар сарын 15-ны өдөр “шүүхийн мэдэгдэх хуудас” гэсэн баримт хэрэгт авагдсан. Хэрэгтэй сарын дараа танилцахад дээрх баримт байгаагүй. Анх шүүх хуралдаан 12 дугаар сарын 17-ны өдөр болсон. Хуульд заасан журам зөрчигдсөн. 12 дугаар сарын 05-ны өдөр хойшилсон хуралдааны товыг Навчаа мэдээгүй. Сүүлд шүүгчийн туслах утсаар мэдэгдсэн боловч авсангүй гэх зүйлийг нэмж бичсэн байна. Иргэний нэхэмжлэгч хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжид дээр хуралдааны оролцогчийг нэр зааж оролцуулахаар шүүгч захирамжаар тогтоосон. Шүүх хуралдаан оролцох талаар асуугаагүй, боломж нөхцөлөөр хангаагүй. Шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийн аж холбогдол хохирол, нөхөн төлүүлэх нотлох баримтыг шалгуулах, шударгаар шүүлгэх, шүүх ажиллагаанд биечлэн оролцох зэрэг хүний эрхийг баталгаатай эдлүүлэх боломж байгаа учраас дээрх эрхийг ганц шүүгдэгчид эдлүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хамаагүй гэх асуудлаар шийдвэрлэсэн. Иргэний хариуцагчаар Навчааг тогтоосон буруу байна. Эзэмшигчийн лавлагаагаар Банк бус санхүүгийн байгууллага байсаар атал өөр этгээдийг тогтоосон. 1 дүгээр хавтаст хэргийн 214 дүгээр талд техникийн шинжтэйгээр тээврийн хэрэгсэлд шинээр эвдрэл гарсан нь тогтоогдсон. Энэ асуудлыг мөн орхигдуулсан. Эрүүгийн хариуцлагын талаар анхан шатны шүүх дахин хийсэн дүгнэлтийг эргэж харж хэлэлцэж өгнө үү, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг дан ганц цээрлүүлэх биш, хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрх сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд хариуцлагын зорилго давхар оршдог. Согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн шинжээр гэм буруутайд тооцож тухайн зүйл хэсгийн хамгийн өндөр ялыг оногдуулсан. Хэргийн газар орхиж зутаасан гэх үйлдэлд ялын дээд хэмжээ оногдуулсан. Хорих ялын хувьд 2-8 жилийн ялтай байхад 7 жилийн ял оногдуулсан. Эрх хасах нэмэгдэл ялыг хуульд заасан 12 жилийн хэмжээгээр оногдуулсан. Хуулийн ямар үндэслэлийг заасан талаар шүүхийн шийтгэх тогтоолд оруулаагүй. Монгол хүний дундаж нас 67 учраас амь хохирогчийн насыг хасаж түүнийгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шийдвэрлэсэн талаар хэлсэн. Нотлох баримтад тулгуурлах эсэх асуудал шийтгэх тогтоолд хэрэгжээгүй. Гэхдээ хохирогч талаас гаргаж байгаа нэхэмжлэлийн хүрээнд тогтоож шийдвэрлэхийг эсэргүүцэхгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А-ийн өмгөөлөгч Я.Батханд давж заалдах гомдолтой холбоотой тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны шат болон анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа маргахгүй оролцдог. Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсээр байхад гэх агуулгаар тайлбарлаж байна. Эрүүгийн хуульд зааснаа 2-8 жилийн хорих ялтай зүйл ангитай хэрэгт хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгчийн согтолтын тухайд 4.79 хувийн өндөр согтолттой байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг сонсоход шүүгдэгчийг өндөр согтолттой байсан. Өөрийнхөө хийсэн үйлдлийг санахгүй байсан гэж шүүгдэгчид ашигтай байдлаар тайлбарлаж байна. Сэтгэцэд учирсан хохирлыг хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс 118,000,000 төгрөгөөр нэхэмжилсэн байхад шүүх нэмэгдүүлж шийдвэрлэсэн үндэслэлгүй талаар дурдаж байна. Шүүхийн зүгээс хохирогчийг хоёр настай биш, 1 нас 10 сартай хүүхэд байсан. шүүх эрх хэмжээний хүрээнд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасны дагуу, Монголын статикийн тоон баримтыг үндэслэж 67,9 хувь гэх баримтыг үндэслэж хохирогчийг 65 наслах байсан гэж дүгнэж сэтгэцэд учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэсэн. Шүүхийн эрх хэмжээний асуудал, Хүрэлсүх өмгөөлөгчийн тайлбарт гэрчийн мэдүүлэг зөрүүтэй гэх асуудлыг ярьдаг. Энэ хэрэгт камерын бичлэг байхгүй хэдий боловч гэрч Н-, гэрч Б-, гэрч Б- нар мэдүүлдэг. Насанд хүрээгүй гэрч Н- “30-40 настай ах байсан” гэж мэдүүлдэг. Сая Хүрэлсүх өмгөөлөгч Б-ий насыг хэлдэггүй гэж байна. Гэтэл Б-ий мэдүүлэгт нас зааж хэлдэг, мөн өмссөн хувцасны хэлдэг. Жолооч ах машинаасаа буугаад эргэж, тойрсон гэх зүйлсийг мэдүүлдэг. Б- очиж харахад нөгөө машин барьж явсан ахыг цагдаа авч явсан гэж мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж мэдүүлсэн. Гэрч Б- “дэлгүүрээс архи авсан худгийн хажууд уусан. Э- машин барчихсан явж байсан. Б-ыг гэрт нь хүргэж өгсөн” гэх байдлаар мэдүүлдэг. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй. Машины маршрутыг тогтоогоогүй талаар тайлбартаа дурдаж байна. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэж байх шиг байна. Хэрэг буцсан гэсэн камерын бичлэг байхгүй. Хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд Э-, Б-, насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгээр тээврийн хэрэгсэл явсан маршрут тогтоогдсон учраас ач холбогдолгүй. Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн гарын хээ жолооны хүрд дээр гарсан. Банк бус санхүүгийн байгууллага болон иргэний нэхэмжлэгчтэй холбоотой асуудлыг ярьж байна. Иргэний нэхэмжлэгчийн тухайд гомдол гаргаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн талаарх баримт хавтаст хэрэгт байгаа. Оногдуулсан ялын тухайд хүнд талаар танилцуулж байна. Шинжээчийн дүгнэлт танилцсан хохирогчийн 1 жил 10 сартай хүүхдийн хөлийн тавхайнаас эхлээд толгойн орой хүртэл байхгүй. Дээгүүр нь тээврийн хэрэгсэлтэй гараад явчихсан. Э- өнөөдрийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа өөр хүн тухайн тээврийн хэрэгслийг барьсан мэт зүйлийг ярьж байна. Хэрэгт авагдсан үйл баримтаар нотолбол зохих нөхцөл байдал нотлогдсон. Оногдуулсан ялыг тухайд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн асуудал шүүх харгалзаж үзэж үйлдэл бүр дээр нь ял оногдуулсан, нэмж нэгтгэсэн.Шүүгдэгчийн өмгөөлөгч нэмэгдэл ялын тухайд ярьж байна. Нэг айлын хохирол учруулсан, цаашид ямар үр дагавар гарыг таашгүй, шүүх үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын хүрээнд шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн ял хүндсэн талаар ярьж байна. 2015 онд Эрүүгийн тухай хуулийг баталж, 2017 онд дагаж мөрдөхдөө 2-8 жилийн хорих ялтай гэж заасан. Хуульд байхгүй ял оногдуулаагүй учраас өмгөөлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 23 дугаартай анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А- давж заалдах гомдолтой холбоотой тайлбартаа: “...Манайх 3 хүүхэдтэй байсан хамгийн бага хүү маань талийгаач байсан. Сэтгэл санаа тогтворгүй байна. Манай гэр бүлд их хохирол учруулсанд гомдолтой байна...” гэв.
Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Хэргийн нөхцөл байдалд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Хэргийн нотлох баримтын хувьд хангалттай нотлогдон тогтоогдсон. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр 4,75 хувийн согтолттой байсан. Насанд хүрээгүй гэрч Н-, гэрч Б- нарын мэдүүлгээр тухайн жолооч ах гэж ярьдаг. Хаанаас ямар хүн бууж ирснийг харсан учраас жолооч ах гэж ярьдаг. “Тухайн жолооч ах 30 орчим насны доогуураа улаан шорт өмссөн, дээгүүрээ даавуун фудволктой, хар богино үстэй, гардаа шивээстэй ах байсан” гэж мэдүүлдэг. Хамт архи уусан хүн машины ард тасарсан байсан. Нэг хүн буугаад яваад байсан үйл баримт байдаг. Шинжээч тээврийн хэрэгслийн хүрдэн дээрээс Б- болон Э- нарын гарын хээ шинжлэн судлахад Э-гийн гарын хээ илэрсэн. Бусад хүмүүсийн мэдүүлгээс харахад Э- тээврийн хэрэгсэл барьж явсан тогтоогддог. Хүний амь нас хохирсон хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үдээ үйлдсэн учраас хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн байдаг. Анхан шатны шүүхээс тохирсон ял оногдуулсан...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Э- нь 4.579 хувийн согтолттой үедээ “Toyota prius” маркийн Б- УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Сансар цэргийн хотхоны 1 гудамжны 6 тоот хашааны хойд замд 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 20 минутын үед бага насны буюу 1 нас 10 сартай Б.А-ыг мөргөж амь насыг нь хохироосон, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:
2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нөхөн үзлэгээр хийсэн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 07-17/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 19-23/,
“...Б-ын Э-... драйгер багаж ашиглан шалгахад 4,579% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн мэдээлэлтэй жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хяналтын камерт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд /1 хх-ийн 24-27/,
Мөрдөгчийн нас тоолсон “... 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр амь хохирогч Б.А- нь 1 нас 10 сар 19 хоногтой байсан байна...” гэх магадалгаа /1 хх-ийн 35/,
Хууль ёсны төлөөлөгч Т.Б-ын “...энэ осол болсны дараа манай хүү Н- над руу 15 цаг 20 минутын үед залгаад “...ааваа дүү машинд дайруулчихлаа та хурдан ирээрэй...” гэсэн би Нарантуул захаас шууд гэр рүүгээ очсон намайг очиход миний бага хүү А-ыг гэрт оруулсан орон дээр нас барсан байсан. Түргэний эмч надад “...бид нар бүх арга хэмжээг авлаа яаж ч чадсангүй...” гэж хэлсэн... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байна, маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 31/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А-ийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “... 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо Сансар цэргийн хотхоны Н- тоот гэртээ би юм оёод байж байгаад “...бага хүүхдээ хаана байна...” гэж эгчээс нь асуугаад гэрээсээ гарахад манай хашааны урдуур нэг саарал өнгийн машин аймар хурдтай давхиад явсан тухайн үед манай охин надаас түрүүлээд хашаанаас гарсан тэгээд “...ээжээ дүүг дайрчихлаа...” гээд орилсон би араас нь гараад хартал манай охин Н- дүүгээ тэвэрчихсэн хашааныхаа үүдэнд сууж байсан тэгээд би хүүгээ аваад гэррүүгээ орсон тухайн үед манай том хүү дэлгүүрээс ирж таарсан тэгээд тэр хавиар “...хүмүүсээ туслаарай...” гээд орилоод байсныг санаж байна, тэр үед би хүүгээ гэррүүгээ аваад ороход миний хүү амьсгал хураасан байсан... Намайг гэрээсээ гарч байхад манай охин Н- надаас түрүүлж гарсан би гэрээсээ гараад хашаагaa тойроод гудамж руу хартал мөнгөлөг саарал өнгийн машин маш их хурдтай дээшээ өгсөж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 42 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Н-ы “...Би өдөр гэртээ аяга угааж байхад ах Н- дэлгүүр рүү гарсан манай ээж А- цонхноос буруу тийш хараад юм индүүдээд сууж байсан тэр үед ээж над руу “...дүү чинь хаана байна...” гэж хэлсэн. Хашаанаасаа гараад хартал манай дүү хашааны зүүн талд газар унасан ямар ч ухаангүй байсан тэр үед нэг саарал өнгийн “Toyota prius-30” маркийн Б- УНИ дугаартай машин аймар хурдтай дээшээ өгсөж байсан. Би дүүгээ тэврээд ээж рүүгээ орилж хэлсэн, ээж гэрээс гүйж гарч ирээд манай дүүг аваад гэр рүү орсон тэр үед манай ах дэлгүүр орчхоод ирж байсан, би ахдаа дүүг машин мөргөсөн талаар хэлсэн, манай ах шууд гэр рүү гүйгээд орсон, манай дүүг мөргөсөн машин дээр гудамжны буланд буцаж эргээд гэрийнхээ үүдэнд очоод зогсоод дотроос жолооч 35 орчим насны доогуураа улаан шорт өмссөн, дээгүүрээ цагаан фудволктой богино хар үстэй эрэгтэй хүн машинаа тойрч хараад байсан. Би тэр хүн дээр очоод “...та яагаад манай дүүг дайрчихваа, та хүүхэд дайрчихлаа шүү дээ” гэж хэлэхэд жолооч ах согтуу “...юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд гэр рүүгээ орчихсон тэгээд удалгүй цагдаа нар ирсний дараа жолооч ахын гэрээс нэг эмэгтэй хүн асуухаар нь би тэр жолооч ахыг зааж өгсөн. Тэр үед манай ах Н- нөгөө жолооч ах дээр очоод “...та манай дүүг дайрчихлаа шүү дээ” гээд уурлахад тэр жолооч ах “...би дайраагүй, энэ дайрсан гээд машин дотроо байсан хүнийг заагаад байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 82/,
Насанд хүрээгүй гэрч А.Б-ий “... би өдөр Нарантуул зах руу явж унадаг дугуйгаа янзлуулаад цагийг нь сайн санахгүй байна БЗД-ийн 5-р хороо Сансар цэргийн хотхоны Н- тоот гэрлүүгээ орох гээд гудамжруугаа ороод ертөнцийн зүгээрээ баруунаас зүүн чиглэлтэй явж байхад миний зүүн талаар саарал өнгийн “Toyota prius” маркийн машин маш хурдтай зөрсөн би яг хашааруугаа орох гэж байхад манай хажуу талын хашааны жоохон хүүхдийг мөргөсөн тэгээд тэр машин зогсохгүй чигээрээ дээшээ гудамж руу өгсөөд гудамжны дээд талд буцаж эргээд гэрийнхээ үүдэнд зогсоод жолооч нь буугаад гэрлүүгээ орсон тэгэхэд нөгөө мөргүүлсэн хүүхдийн эгч нь гээд охин гараад ирсэн байсан хашааныхаа үүдэнд унасан байсан жоохон хүүхэд дээр очсон байсан би тэр газар унасан байсан жоохон хүүхдийг сайн хараагүй... Яг аль тараа мөргөсөн талаар нь мэдэхгүй байна шууд мөргөөд чигээрээ яваад өгсөн... Эрэгтэй 30-40 орчим насны ах жолоодож явсан тэр жолооч ахыг сүүлд нь цагдаа нар машиндаа суулгаж байсан 2 гаран дээрээ шивээстэй ах байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 89/,
Гэрч Б.Б-ын “... Би 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 805 дугаар цэргийн ангийн хойно байдаг худаг дээр Э-тэй таарсан тэр үед бас Б- гээд ах ирсэн тэгээд бид 3 худгийн хойд талд 0,75 гр савлагаатай архи Хайрхан-Уул хүнсний дэлгүүрээс Э- аваад 3-лаа хувааж уусан тэр үед Э- машинаа уначихсан явж байсан тэгээд архиа ууж дуусаад Б- ахыг гэрт нь одоо хаягийг нь сайн мэдэхгүй байна гэрт нь хүргэж өгөөд буцаад 805-ийн хойд талын худаг дээр ирсэн тэгээд машинаа тавь гэхэд Э- машинаа жолоодон гэрлүүгээ явсан би тэгээд юу болсон талаар нь санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа ирчихсэн сэрээж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн105/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 09/09 дугаартай шинжээчийн... Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гарын мөрийг дардаснуудтай харьцуулан шинжилж үзэхэд MN0Н-0, MN0Н-15113, MN00Н-16 гэсэн бүртгэлийн дугааруудаар бүртгэгдсэн Б-ын Э-ий /Б- овогтой Э-/ баруун гарын долоовор хурууны хээтэй тохирч байна... гэх дүгнэлт, /хх-ийн 129-131/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2125 дугаартай “...Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр баруун эгэм, баруун талын 1-р хавирганы хугарал, хугарал орчмын булчин зөөлөн эд дэх цус хуралт, хоёр талын уушгины доод дэлбэнгийн гялтанд цус хуралт, голтын цус хуралт, өрцний урагдал, цус хуралт, элэгний эдийн задрал, урагдал, элэгний холбоос дагуух цус хуралт, баруун бөөрний өөхөн эд дэх цус хуралт, цээжний хөндийн сул цус 430 мл, Баруун зулай, чамархай, дух, зүүн шанаа, нүүр, цээж, зүүн мөр, бугалга, бугуй, баруун бугалга, нуруу, баруун цавь, баруун гуя, баруун шилбэ, тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр авто ослын улмаас үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас цочмогоор цус алдаж, шокод орж нас баржээ 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 21:40 цагт амь хохирогчийн цогцост үзлэг хийхэд нас бараад ойролцоогоор 6-8 цаг болсон байх боломжтой байжээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 155-168/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2522 дугаартай “...Хууль ёсны төлөөлөгч Ч-ы А- /РД: Ч-/- ийн сэтгэцэд 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр уйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүнд түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 190-192/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 869 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-30 маркийн Б- УНИ улсын дугаартай, ZVW30-Ч- арлын дугаартай тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Зүүн хойд дугуйн хээ элэгдлийн хязгаар хүртэл элэгдсэн, уг автомашины төрөл, цаг агаарын нөхцөлд тохирохгүй, стандарт шаардлага хангахгүй дугуйтай байна “Toyota Prius-30” маркийн Б- УНИ улсын дугаартай суудлын автомашины хол, ойрын гэрэлтүүлэх хэрэгсэл стандарт шаардлага хангахгүй байна...” гэх дүгнэлт /1 хх-214-220/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Н-гийн “... Би энэ машиныг банк бустай нь Э-д урьдчилгаанд 5,000,000 сая төгрөг авсан тэгээд Э- өөрөө сар бүр зээлээ төлөөд явдаг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 98, 101/,
Мөрдөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1211 дугаар магадалгаа /1 хх-ийн 242-244/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Э-ий согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас бага насны хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон болон зам тээврийн осолд холбогдсон жолоочийн үүргээ санаатайгаар биелүүлэлгүй ослын газрыг орхиж явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн...” шинжийг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэн “...Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хэмжээгээр түүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 118,800,000 төгрөг болгон багасгаж өгнө үү...” гэсэн, өмгөөлөгч З.Хүрэлсүх “...Яллагдагчийн өөрийн явсан зам, тээврийн хэрэгсэл ашиглаж явсан зам маршрутыг тодруулах, гэрчээс дахин тодруулах, гэрчээр 16 минут асуугдсан камер шалгах ач холбогдолтой ажиллагааг явуулаагүй... Хамгийн гол асуудал жолооч хэн байсан бэ, гэх асуудалд нэг гарын мөр хангалтгүй байна. Гэрчүүдийн мэдүүлгээр янз бүрийн зөрүү байдаг... Иргэний хариуцагчаар Н-г тогтоосон буруу байна. Эзэмшигчийн лавлагаагаар Банк бус санхүүгийн байгууллага байсаар атал өөр этгээдийг тогтоосон... Согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн шинжээр гэм буруутайд тооцож тухайн зүйл хэсгийн хамгийн өндөр ялыг оногдуулсан. Хэргийн газар орхиж зугтаасан гэх үйлдэлд ялын дээд хэмжээ оногдуулсан. Хорих ялын хувьд 2-8 жилийн ялтай байхад 7 жилийн ял оногдуулсан. Эрх хасах нэмэгдэл ялыг хуульд заасан 12 жилийн хэмжээгээр оногдуулсан. Хуулийн ямар үндэслэлийг заасан талаар шүүхийн шийтгэх тогтоолд оруулаагүй... шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Гэрч Б.Н-, А.Б- нарын мэдүүлгээр тээврийн хэрэгслийн жолооч нь шүүгдэгч Б.Э- болох нь тогтоогдсон тул үүнийг дахин тодруулах зорилгоор гэрчийн мэдүүлэг, камерын бичлэг шалгах шаардлага үүсэхгүй тул энэ талаарх өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Эдгээр гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, мэдүүлгийн агуулгад ноцтой зөрүү гаргаагүй учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болох хууль зүйн боломжтой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” хэмээн шударга ёсны зарчмыг хуульчилж өгсөн. Шүүгдэгчид оногдуулж буй эрүүгийн хариуцлага нь түүний үйлдэлд нь тохирсон, оновчтой байснаар энэ зарчмын бодит хэрэгжилтийн илэрхийлэл болно.
Өөрөөр хэлбэл, шүүх гэмт хэргийн нийгмийн хор аюул, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тохирсон ял оногдуулснаар шударга ёсны зарчмын хэрэгжилтийг хангана.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулдаг бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээнд хамаарна.
Ийнхүү гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүх ялыг оногдуулахдаа тухайн хэргийн хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага болон хохирол, хор уршиг арилсан эсэхийг харгалзана.
Анхан шатны шүүхийн дүгнэлтэд тусгагдсанаас өөр ямар нөхцөл байдал нь шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэл болох талаар баримт хэрэгт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд 5,500,000 төгрөг, шүүх хурал завсарлага авсан хугацаанд 5,000,000 төгрөг төлснөөс өөрөөр хохирол, хор уршигтай холбоотой төлбөр хийгдээгүй, шүүгдэгч нь их хэмжээний буюу 4.579 хувийн согтолттой, хэвийн ухамсарт байдлаар биеэ авч явах байдал нь бүрэн алдагдсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас осол гаргаж хүний амь нас хохироосон/бага насны хүүхэд/, энэ хэргийн газрыг жолоочийн хувьд хүлээх үүргээ биелүүлэлгүйгээр санаатайгаар орхин зугтаасан буюу 2 төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэг болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүчин зүйлс, нийтлэг зарчмуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 12 жилийн хугацаагаар хасаж, 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ял тус тус оногдуулсныг буруутгах эсвэл өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна. Эдгээр ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмын дагуу нэмж нийт эдлэх ялыг тогтоожээ.
Түүнчлэн, шүүгдэгч Б.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгсэл ашиглалтын журам зөрчихтэй холбоотой гэмт хэргээс 2 төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 12 жилийн хугацаагаар тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэх, эсхүл хүн амын дундаж наслалт болон нас барсан хүний насны зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлэхийн аль ашигтайгаар нь тогтоохоор хуульчилсан.
Үүнийг гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тохиолдолд гэмт хэргийн төрөл, ангилал, гэм буруугийн хэлбэр зэргээс үл шалтгаалан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг харгалзахгүй, урьдач нөхцөлгүйгээр гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг дээрх байдлаар мөнгөн хэлбэрээр тооцон түүний гэр бүлийн гишүүдэд нэг удаа тооцон олгохоор хууль тогтоогч хоёрдмол утгагүйгээр тодорхойлсон гэж үзнэ.
Анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахдаа Үндэсний статистикийн хорооноос тооцоолон гаргасан тухайн оны хүн амын дундаж наслалтыг суурь болгон амь хохирогчийн наслах боломжтой насыг тогтоон зөрүү болох 65-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр үржүүлэн 257,400,000 /3,960,000*65/ төгрөгөөр тогтоожээ.
Аливаа шүүхийн шийдвэр нь таамаглалд тулгуурласан, хийсвэр шинжтэй нотолгоонд үндэслэх боломжгүй бөгөөд ийм шийдвэр нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, аливаа алагчлалгүй, шударгаар шүүлгэх эрхэд харшлахаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй юм.
Иргэний хуульд тусгагдсан дээрх 2 аргачлалаас нотлох баримтад үндэслэсэн, хэрэгжих, тооцоолох шалгуур нь тодорхой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, хууль хэрэглээнд тогтсон жишигт нийцэх нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцох аргачлал нь гэж үзэхээр байна.
Энэ аргачлалаар тооцон үзэхэд шүүгдэгчээс гаргуулах сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нь гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 118,800,000 төгрөг болох бөгөөд үүн дээр оршуулгын зан үйлд зарцуулсан 9,516,337 төгрөгийг нэмж, нөхөн төлсөн 10,500,000 төгрөгийн хасаж, нийт гаргах хохирлын хэмжээг 117,816,337 төгрөгөөр тогтоолоо.
Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын: “...256,416,337 төгрөгийг гаргуулж...” гэснийг “...511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар 117,816,337 төгрөгийг гаргуулж...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Б.Э-гийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэн, З.Хүрэлсүх нарын давж заалдах гомдлоос “...сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг багасгаж өгнө үү...” хэсгийг хангаж, бусад хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Э-гийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш нийт 93 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолын:
6 дахь заалтын “...256,416,337 төгрөгийг гаргуулж...” гэснийг “...511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс 117,816,337 төгрөгийг гаргуулж...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэн, З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Э- нь 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 93 /ерэн гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА