Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01305

 

Т-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/01998 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т-ХХК-ийн хариуцагч З.Т-, Б.Т- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг болон бусад зардалд нийт 61,197,602.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чнар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч З.Т-, Б.Т- нар нь Т-ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 45,000,000 төгрөгийн орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийг, жилийн 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүрэг, 14-р хороо 14 хороолол/13333/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 81-р байр 30 тоот 43,69 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалуулсан. Банк зээлийн гэрээний дагуу 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зээлдэгч З.Т-ын зээлийн дансанд 45,000,000 төгрөгийн зээлийн олголт хийж, зээлийн гэрээний 2.1.3-д заасны дагуу Т-ХХК дахь 102300283778 тоот З.Т-, Б.Т- нарын хамтран эзэмшидэг харилцах дансанд 45,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. 105400349635 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч нар нь зээл, хүүгийн төлбөрийг cap бүр бүрэн төлөх үүрэгтэй боловч 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн тул банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөх тухай мэдэгдлийг зээлдэгчид өгч, мөн удаа дараа биечлэн уулзалт хийж, зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Т-ХХК-д хохирол учруулж байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш нийт 8,805,366.98 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрснээр үндсэн зээлийн төлбөр 42,151,750.18 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 18,430,513.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 600,839.16 төгрөг, нийт 61,183,102.57 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд зээлийн төлбөрт нийт 61,197,602.57 төгрөгийг зээлдэгч нараас нэхэмжилж байна. Зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Зээлийн үндсэн төлбөрийн үнийн дүнд маргахгүй. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй. Учир нь улс орны эдийн засгийн байдал ковид 19 гарсантай холбоотойгоор бидний эрхэлж байсан бизнес зогссон. Ингээд зээлээ төлөх боломжгүй болсон. Банктай эвлэрье гэхэд 2 сарын хугацаа л өгнө гэсэн. Яагаад ийм шударга бус байгаа юм бэ, орлогогүй байгаа хүмүүсээс яаж 2 сарын дотор 60,000,000 төгрөг гаргуулах юм бэ. Бизнес эрхэлж байгаа хүмүүсээ банк нь, төр засаг нь дэмжих ёстой байтал ковидын үеийн зээлийн хүүг зогсоох ёстой. Манай нөхрийг яагаад хамтран зээлдэгчээр оруулсан юм бэ. Тухайн үед заавал нөхрөөрөө гэрээ дээр гарын үсэг зуруулах ёстой гэхээр нь би очоод зуруулсан. Түүнээс манай нөхөр хамтран зээлдэгчээр орохгүй байсан. Хамтран зээлдэгчээс нөхрөө хасуулах хүсэлт гаргахад хүлээж аваагүй. Би өмнөх шүүх хуралдаанаар өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан. Ингээд хурлаас тараад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрэх талаар ярилцахад та өмгөөлөгч аваад хэрэггүй, өмгөөлөгчдөө төлөх хөлсөө зээлэндээ төлж байсан нь дээр танд бид хугацаа олгоно гэж хэлсэн болохоор нь би өнөөдөр өмгөөлөгчгүй шүүх хуралд ирсэн. Гэтэл надад олгоно гэж байсан хугацаагаа олгосонгүй, би гомдолтой байна. Би 1 дүгээр курсээсээ хойш нөхөртэйгөө энэ дүүрэгт компани байгуулж, бизнес эрхэлж, татвар төлсөөр ирсэн гэдгийг үе үеийн Баянзүрх дүүргийн засаг дарга нар мэднэ. Гэхдээ бид ковидын үеийн хөнгөлөлт байх болов уу гэж ойлгож байна. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад огт байхгүй гэж хэлсэн. Үндсэн төлбөрт маргахгүй, үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч надад хугацаа олгох юм бол бүх төлбөрийг зөвшөөрье гэж бодсон боловч О.Тилеген өнөөдрийн хурлаас 1 цагийн өмнө надад боломжгүй гэсэн шийдвэр гарсан гэж хэллээ. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг ковидын нөхцөл байдлаас болж төлөх боломжгүй байна. Барьцааны байрыг аав, ээж маань анх авч өгч, хадаг уяж өгч байсан тул манай нөхөр бид хоёр байрыг барьцаанд өгөх боломжгүй байна. Би Т-ХХК-ийн захирлыг төсөл хэрэгжих гэж байгаа газраа хүртэл дагуулж яваад бодит байдлаа үзүүлээд хэлсэн. Манай төсөл эхлэхээс 7 хоногийн өмнө хил хаагаад хөрөнгө оруулагч маань ирэх, бид очих боломжгүй болсон. Дэлхий даяар хямрал болж байхад яагаад Т-ХХК хүүг зогсоох юм уу, хөнгөлөх хугацаа олгож болохгүй юм уу гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч З.Т-, Б.Т- нараас 61,183,102.57 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т-ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 14,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Т-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 81 дүгээр байр, 30 тоотод байрлах, 43,69 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 534,065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 534,065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн зээлийн нийт дүнгээс ковид 19 цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоол, шийдвэрүүдээр тогтоосон бүх нийтийн хөл хорионы хугацаанд бодогдсон хүү болох 7,000,000 төгрөг, мөн нэмэгдүүлсэн хүү 600,840 төгрөгийг эс зөвшөөрч байна. Учир нь энэхүү зээлийн гэрээний 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан. Энэ өдрөөс хойш 6 сарын дараа цар тахлын сөрөг үр нөлөө гарч эхэлсэн. Үүний улмаас зээлийн эргэн төлөлт 2019 оны 12 дугаар сараас эхлэн зөрчигдөж эхэлсэн. Зээл олгох үед цар тахал, хөл хорионы асуудлыг гэрээний талууд урьдчилан тааж мэдэх боломжгүй байсан. Цар тахал тархсан явдалд зээлдэгч бид буруугүй тул зээлийн хүүний зарим хэсгийг төлөхөөс татгалзаж байна. Үүрэг зөрчигдсөн буюу хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй талаар Иргэний хуульд зохицуулсан байна. Цар тахлын улмаас хөл хорио тавьсан явдалд зээлдэгч гэм буруугүй. Хөл хорионы нөхцөлд бүхий л төрлийн зээлийн эргэн төлөлтийг хийх боломжгүй нь мэдээжийн буюу илэрхий асуудал юм. Ийм байхад хөл хориотой байх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсоор байсан. Нэхэмжлэгч банкинд хөл хорионы хугацаанд хүү тооцохгүй байх, гэрээний нөхцөлдөө өөрчлөлт оруулах талаар удаа дараагийн санал, шаардлага, хүсэлтийг тавьж ирсэн. Гэвч тодорхой, тоймтой хариу өгөөгүй хэрнээ шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргасан. Банкны хувьд хүү тооцох давуу эрхтэй боловч бүх нийтийн хөл хориотой байх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, нэхэмжилсэн байгаа нь давуу эрхээ хууль бусаар ашиглаж буйн нэг илрэл юм. Бүх нийтийн хөл хорионы хугацаанд ямар ч санхүү, эдийн засгийн эргэлтгүй, хувийн бизнес зогссон байдлыг мэдсэн хэр нь хүү тооцсон байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Банкны нийт салбар үйл ажиллагаагаа зогсоосон байсныг бүгд мэднэ. Ажиллаж байсан салбар, тооцооны төв байхгүй байсныг бүгд мэдэж байгаа. Гэтэл бүх бизнес, санхүү, үйл ажиллагаа зогссон байхад банкны хүүний тоолуур гүйж байсан. Энэ нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Анхан шатны шүүхээс бүх нийтийн хатуу хөл хорионы буюу давагдашгүй нөхцөл байдалтай хугацааг ялган зааглаагүй, хүү тооцож нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн байгаа нь буруу байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангасан үнийн дүнгээс 7,600,840 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Хариуцагч нар короно вирусын цар тахлын үед зээлийн хүүг зогсоогоогүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Тухайн үед Засгийн газар болон Монгол банкнаас зээлийн хүүг зогсоох талаар шийдвэр гараагүй. Хариуцагч тал гэрээний үүргээ 2019 оны 12 дугаар сараас эхэлж биелүүлээгүй бөгөөд цар тахлын үе болоогүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Т-ХХК нь хариуцагч З.Т-, Б.Т- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон бусад зардалд нийт 61,197,602.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Зохигчид 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Т-ХХК нь 45,000,000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч З.Т-, Б.Т- нар нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 45,000,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогджээ. /хх-ийн 12-14, 17-р тал/

4.а.Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, Б.Т-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 81 дүгээр байр, 30 тоотод байрлах, 43,69 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-ийн 15-16-р тал/

4.б.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.4, 2.1.5-д хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар нарийвчлан тохиролцсон байх тул зээлдэгч нар нь уг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

4.в.Хариуцагч З.Т-, Б.Т- нар нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд зээл, хүүгийн төлбөрт нийт 8,805,336 төгрөгийг төлж, 2019 оны 12 дугаар сараас эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 17-18, 82-83-р тал/.

4.г.Хариуцагч буюу зээлдэгч нар гэрээний дагуу эргэн төлөлтийн сөн, мөн банкнаас нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гараагүй байх Т-225 225.1 , үүргийг .

4.д.Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл, хүү нэмэгдүүлсэн хүүд нийт 61,183,102,57 төгрөгийг төлөх үүрэг хариуцагч нарт үүссэн байх тул хариуцагч З.Т-, Б.Т- нараас 61,183,102.57 төгрөг гаргуулж, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

4.е.Нотариатын зардалд 14,500 төгрөг гаргуулах шаардлагаа нэхэмжлэгч нь баримтаар нотлоогүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр мөн үндэслэлтэй.

5.Хариуцагч нар нь ковид-19 цар тахал гарч, эдийн засгийн байдал муудсантай холбоотойгоор хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзаж байна гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг, хариуцагч нарын хувьд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг нэхэмжлэгч Т-ХХК-ийн өмнө гэрээгэр хүлээсэн.

5.а.Нөгөө талаар, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, зээлийн гэрээний үүргийн зөрчил ковид 19 цар тахал гарч Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээс өмнөх хугацаанд гарсан байх тул энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/01998 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Г.ДАВААДОРЖ