Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 00205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай

Улсын яллагч Л.Оюунтуяа 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав  

Хохирогч Э.Б, А.Б, Л.Р, Д.Л

Иргэний нэхэмжлэгч З.У

Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т-д холбогдох эрүүгийн 1825001780114 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт. 

1. Н.Т-,  Монгол Улсын иргэн, 1995 оны 11 сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ам бүл 5 эцэг, эх дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг ** тоотод оршин суудаг, урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 03-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар **. 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

1.Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг баг ** тоотод оршин суух хаягтай Ж.О-ийн байшингийн цонхоор нэвтэрч Haier маркийн 32 инчийн зурагт хулгайлан 260 000 төгрөгийн хохирол учруулсан, 

2. 2018 оны 03 дугаар сарын 03 ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг” төвийн бааранд үйлчлүүлж байсан иргэн Э.Бг согтуу унтаж байхад нь түүний Самсунг- Жи-7 маркийн гар утсыг нь хулгайлан авч 760 000 төгрөгийн хохирол учруулсан,  

3.2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жи” паб бааранд үйлчлүүлж байхдаа иргэн А.Бийн Самсунг Нөт-3 маркийн гар утсыг утсаар яриад өгье гэж хууран авч 150 000 төгрөгийн хохирол учруулсан, 

4.2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэс” караоке бааранд үйлчлүүлж байсан иргэн Л.Рийн iphone-5 маркийн гар утсыг утсаар яриад өгье гэж хууран  авч 180 000 төгрөгийн хохирол учруулсан,

 5.2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казино” бааранд үйлчлүүлж байхдаа иргэн Д.Л-нын LG G4 styles-2 маркийн гар утсыг утсаар яриад өгье гэж хууран авч  266 880 төгрөгийн хохирол учруулсан, 

6.2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн Эко хорооллын 166 тоотод  оршин суух Ц.Э-ийн гэрт аав, ээжийн хамт зочлон очихдоо тухайн айлд мөн зочлон ирсэн байсан Н.О-ийн Samsung J-7 маркийн гар утсыг түүний бага насны хүүхдээс “ах нь тоглож байгаад өгье” гэж хууран авч 765 000 төгрөгийн хохирол учруулсан, 

7.2018 оны 3 сарын 15-16-нд шилжих шөнө Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 7-р хороо “Пилимон” зочид буудалд Л.Б-гийн Самсунг Эс-4 маркийн гар утсыг залилан авч 108 000 төгрөгийн хохирол учруулсан,  

8.2018 оны 3 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт С.Ж-ын итгэмжлэн хариуцуулж өгсөн виза картнаас 400 000 төгрөг завшсан гэмт хэргүүдийг үйлдэж бусдад нийт 2 889 880 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

     ТОДОРХОЙЛОХ нь: 

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ж.О-ийн ...“2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 08 цагийн үед Гок орж хүнтэй уулзахаар гарсан. Манай эхнэр хүүхэд манай хадамынд хоносон. Би гэртээ нэг танихгүй залуутай хоноод гарсан юм. Тэгээд 12 цагийн үед гэртээ ирээд зурагтаа асаах гэсэн чинь зурагт байхгүй болчихсон байхаар нь цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирсэн. Манай байшингийн баруун талын модон цонхныхоо поорчигийг дотроос нь уячихсан байсан. Тэр уяаг нь тастаад орхичихсон байна. ЛСД маркийн 32 инчийн зурагтыг 3 жилийн өмнө Номин дэлгүүрээс 800 000 төгрөгөөр лизингээр авч байсан. Би өчигдөр Төгөл дэлгүүрийн тэнд таксинд суух гэж байсан чинь нэг танихгүй залуу ахаа дүү нь очих айл байхгүй та аваад явчихаач гэхээр нь би дагуулаад гэртээ  авч хоноод бид хоёр өглөө сайхан хонолоо гээд тэр залуу бид 2 цуг гараад хашааныхаа гаднаас салсан. Манай зурагт зүгээр бүрэн бүтэн байсан, зурагтаа аваад асаагаад үзсэн чинь дэлгэц нь талаараа олон олон өнгийн судал гараад байхаар авахгүй гэж байгаа юм”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-11-р хуудас/ 

 2. Гэрч Б.Оийн ...“Би 2018 оны 03 дугаар 05-ны өдөр би 16 цаг өнгөрч байхад гэрээсээ хүүхдүүдийнхээ хувцасыг авах гээд ирсэн чинь манай гэрийн зурагт байхгүй, гэрийн буйдан болон зурагтын тавиур шороо болсон байхаар нь хулгай орсон байна гэдгийг мэдсэн. Манай байшингийн цонхны салхивч онгойсон байсан. Би нөхөр лүүгээ утсаар яриад зурагтаа яасан юм бэ гэсэн чинь харин тиймээ манайд хулгай ороод зурагтыг минь аваад явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр Ж.О- удаагүй ирсэн. Тэгээд нөхөртэйгөө ярилцсан чинь урд шөнө гудамжинд нэг танихгүй залуу хонох газар байхгүй гээд байхаар нь дагуулж ирээд хоносон юм. Тэр залуу л авсан байх гээд байсан. Тэр залуу нь ямар хүн байсныг нь хараагүй болохоор мэдэхгүй байна. Манай зурагт ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/, 

   3. Гэрч З.У-ын ...“2018 оны 3 сарын 9-ний өдөр 9 цагийн үед **ОРО улсын дугаартай өөрийн эзэмшлийн машинаар хотын төв рүү явж байхад Наран баг Булаг багийн хооронд байдаг хоёр ТҮЦ-ний хажууд зам дээр зурван хүн зогсож байсан. Нэг хүн зурагт тэврээд зогсож байсан.Тэр гурван хүнийг аваад явсан. Үйлчилгээний төвийн хойд талд нөгөө гурван хүний хоёр нь буугаад зурагт тэвэрсэн хүн нь үйлчилгээний төвийн ломбард руу орсон. Тэгээд хаалттай байна гээд Мэнд-Амар дэлгүүрийн ломбард явсан. Тэгээд Мэнд-Амар дэлгүүрээс гарч ирээд манай зурагтны дэлгэц нь хагарчихсан байна ломбард авахгүй байна та хямд үнээр авчих гээд гуйгаад байхаар нь тэр залууг дагуулж Баянбулаг багт байдаг ахынхаа гэрт очиж зурагтыг нь асааж үзсэн чинь тэр залуугийн авч явсан зурагт нь баруун зах хэсэгтээ дэлгэц нь дотор талдаа хагарсан байсан. Зурагтны эзэн би эхнэртэйгээ муудалцсан юм. Архи уух гээд мөнгө хэрэг болоод байна гэж ярьж байсан бөгөөд зурагтаа 60 000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Тэгэхээр нь дэлгэц нь хагарсан юм байна шүү дээ гэсэн чинь тэгвэл таксины мөнгөө хасаад 12 000 төгрөгөөр ав гэхээр нь би хяналтын камерт ашиглаж болох юм байна гэж бодоод тэр зурагтыг нь 17 000 төгрөгөөр авсан. Одоо надад тэр зурагт байгаа”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-р хуудас/  

4. “Бан Хас” ХХК-ийн 2018 оны 3 сарын 5-ны өдрийн 2018/Э-0106 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 19-22-р хуудас/ 

5.Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 51-53-р хуудас/ 

6. Хохирогч Э.Бгийн ...“Би 2018 оны 03 сарын 03-ны өдөр 12 цагийн үед найз Ш-гийн хамт Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Баялаг төвд 1 шил архи хувааж уугаад сууж байгаад үүдний хэсэгт нь гараад тамхи татаад зогсож байтал саарал цамцтай махлаг залуу надаас гал асуугаад яриа өдөж эхлэн өөрийнхөө талаар эхнэртэйгээ муудаад архи ууж яваа талаараа ярьсан бид 2 хэсэг гадаа зогсож байгаад манай сууж байсан ширээн дээр очиж танилцаад цуг суугаад нэг шил архи хувааж ууж эхэлсэн хэсэг хугацааны дараа би архиндаа согтоод ухаан санаа хяналтаас гарах үед манай ширээнд ирж суусан тэр залуу миний гар утсыг хулгайлан авч гарсан байгааг мэдсэн. Тэр залуу нэрээ М гэж танилцуулж байсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 61-р хуудас/  

7. Гэрч Ц.Агийн ...”Ш-гийн хажуу талын сандал дээр миний нөхрийн гадуур хувцас байхаар нь халаасыг нь үзсэн чинь миний нөхрийн хэтэвч бичиг баримт, мөнгө нь байсан. Тэгээд би нөхрийнхөө унтаж байгаа гэх өрөө рүү орсон чинь миний нөхөр Б нэлээд согтуу унтаж байсан. Тэгэхээр нь сэрээгээд явъя гээд гар утас чинь хаана байна гээд асуусан чинь миний гар утас миний өмдний халаасанд байсан гээд өмднийхөө халаасыг ухаад гар утсаа олоогүй. Тэгэхээр нь нөхрийгөө дагуулаад найз Ш- дээр нь очоод Бгийн гар утас нь байхгүй байна харсан уу гэж асуусан. Тэгтэл Ш- гар утас нь өөрт нь байх ёстойдоо, бид нартай энэ бааранд танилцсан залуу Бг тусгай өрөөнд оруулж унтуулсан юм даа. Тэр залуугаас асууя тамхи татах гээд гарсан, гадуур хувцас нь энд байна гээд хөх, шар алаг өнгийн куртик заасан. Тэгэхээр нь нөгөө куртикний эзэн залууг орж ирэхийг хүлээсэн боловч орж ирээгүй. Тэгэхээр нь курткийг нь үлдээгээд нөхрийгөө аваад явсан. Миний нөхрийн утсыг миний нөхөртэй бааранд танилцсан залуу л авсан байх гэж бодож байна”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 64-р хуудас/  

8.Гэрч Д.Г-ын ...“Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баялаг-Ундрага ХХК-ийн Лакшери зоогийн газарт менежер ажилтай. 2018 оын 3 сарын 3-ны өдөр манай зоогийн газар үйлчлүүлж байсан нэг залуу хамт нэг ширээнд суусан залуугийнхаа утсыг хулгай хийгээд аваад явсан. Гар утас аваад явах үедээ өөрийнхээ гадуур хувцасыг үлдээгээд явьсан байсныг сүүлд нь ээж нь С гэж хүн ирээд аваад явсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 65-р хуудас/  

9. “Бан Хас” ХХК-ийн 2018 оны 3 сарын 7-ны өдрийн 2018/Э-0107 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 67-70-р хуудас/  

   10. Хохирогч А.Бийн ...“Би эхнэрийн ажил болох  “Жи”  паб дээр 2018  оны 03 сарын 04-ний өдөр байж байсан чинь үл таних хүн гар утсаар чинь ярьчихаад өгье гэж хэлээд Samsung note 3 загварын гар утас аваад явсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 84-р хуудас/  

11.Гэрч Д.Э-ы ...“2018 оны 3 сарын 4-ний өдөр 18 цагийн үед манай нөхөр надруу яриад манай пабад нэг залуу үйлчлүүлж байгаад миний утсыг гуйгаад хүнтэй яриад өгье гэхээр нь өгчихсөн чинь миний гар утсыг аваад алга болчихлоо гэж хэлсэн”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 86-р хуудас/  

12.“Бан Хас” ХХК-ий 2018 оны 3 сарын 9-ний өдрийн 2018/Э-0112 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 89-р хуудас/  

 13. Хохирогч Л.Рийн ...“Би 2018 оны 03 сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян Өндөр сумын Уурхайчин багт байрлах Эрхэс караокед сууж байсан чинь үл таних залуу гар утсаар чинь нэг ярьчихаад өгье гэж хэлээд миний  I Phone 5 Gold  гар утсыг аваад гарсан. Тухай үед би утсаар ярьчихаад буцаагаад өгөх юм болов уу гэж бодоод гар утсаа өгсөн чинь миний гар утсыг авчирч өгөөгүй шууд явсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 104-р хуудас/

14. Гэрч Б.Ө-ийн ...“Т бид нартай сууж байгаад гар утсаа өгөөч энд нэг хүн ирэх ёстой юм. Гар утсаар нь асуухаас гэж хэлсэн. Тухайн үед Л бид хоёрын гар утас цэнэггүй болсон байсан үед Р түүнд гар утсаа өгсөн. Т-, Рийн гар утсыг аваад баарнаас гарсан. Би түүнийг гадаа гарч ярих гэж байгаа юм байна даа. Бааранд дуу чимээ их байна даа гэж бодсон. Тэгээд бид нарыг сууж байхад Т эргэж орж ирэхгүй удаад байхаар нь Р араас нь гарсан. Р эргэж орж ирээд нөгөө залуу чинь алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд бид нар Т-г хайгаад олоогүй. Гэрт нь очсон чинь ээж нь гэх хүн Т гадуур хэрэг хийгээд яваад байгаа. Та нар өөрсдөө цагдаад гомдол гарга гэж хэлсэн”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 107-р хуудас/  

15.“Бан Хас” ХХК-ий 2018 оны 3 сарын 7-ны өдрийн 2018/Э-0109 дугаартай шинжээчийн дүгнэлт./ хх-ийн 111-114-р хуудас/ 

16. Хохирогч Д.Л-нын ...“Би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казино” бааранд найзууд болох О, Б нартай хамт үйлчлүүлж байсан чинь 2017 онд ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр хамт ажиллаж байсан Т гэж махлаг, өндөр нуруутай залуу тэр бааранд таарсан. Т надтай таараад та гар утсаа өгч байгаач би хүнтэй яриад өгье гэхээр нь өөрийнхөө гар утсыг өгсөн чинь Т миний гар утсыг аваад эргэж ирэлгүй алга болсон. Маргааш өдөр нь өөрийнхөө гар утас руу мессэж бичээд гар утсыг минь авч ирээд өгөөч гэж гуйсан. Тэгээд Т-н гэрт очиж ээжтэй нь уулзсан чинь Т-ас гар утсыг чинь аваад өгье. Цагдаад битгий гомдол гаргаач гээд байхаар нь өдий хүртэл харж байна”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 127-р хуудас/  

17. Гэрч У.С-н ...“Би тухайн үед Л-нт яагаад гар утсаа өгч байгаа юм бэ гэсэн чинь Л танидаг дүү байна. Утсаар яриад өгье гэж байна гэж хэлсэн. Л-нын гар утсыг авсан залуу баарнаас гараад явсан. Би бодохдоо бааранд дуу чимээ ихтэй байсан болохоор гадаа гарч утсаар ярих гэж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд бид гурав үргэлжлүүлэн сууж байгаад 02 цагийн орчим гарах болсон. Тэгээд Л-нын гар утсыг авсан залууг хайсан боловч олдоогүй. Тэгэхээр нь гар утас руу нь залгахаар салгаад байсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 128-р хуудас/  

18. “Лендс” ХХК-ийн 2018 оны 3 сарын 20-ны өдрийн 18/83 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 134-р хуудас/  

19. Хохирогч Н.О-ийн ...”Манай найз Н эхнэр хоёр хүүхдийн хамт ирсэн тэгээд Н, С, би манай нөхөр, Э- эхнэрийн хамт бид зургаа ойрд уулзаагүй удсан байсан тул хоорондоо юм яриад сууж байж байсан. Тэгэхэд манай охин Н миний утсаар тоглоно гээд аваад надаас авсан юмаа. Тэгээд хэсэг хугацааны дараа манай охин Н бид нар ирээд Т ах ээжийн утсыг аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд Т-н ээж С-с асуухад Т өнөөдөр мөрдөнгөөс гарсан цагдаа дээр асуудалтай байгаа гэж хэлсэн. Би өөрийн ***дугаарлуу нөхөр Е-н утсаар залгахад холбогдохгүй байсан. Тэгээд байж байхад манай дунд охин Х бид нарыг авах гэж ирлээ гээд орж ирсэн. Тэгэхэд Х, Т сая надаар Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төгөл их дэлгүүр дээр хүргүүлсэн 3-17-р байранд хүргүүлэх гэж байгаад болиод тэнд буусан гэж хэлж байсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 153-р хуудас/  

20. Гэрч Е.Х-н ...”Би Э- ахын гэрийн гадаа очиход Н ахын хүүхэд Т намайг 3-17-р байранд хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гэж хэлээд Төгөл их дэлгүүрийн хажууд явж байхад намайг энд буулгачих гэж хэлсэн. Төгөлийн баруун талд зогсоод буулгасан. Буухдаа надаас 5000 төгрөг өгчих гэж хэлсэн тэгэхэд би байхгүй гэж хэлэхэд тамхины 1000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь өгчихөөд Э- ахын гэрлүү явсан. Тэгээд Э- ахын гэрлүү ороход дүү Н ээжийн утсыг Т ах аваад явсан гэж хэлэхээр нь би ээж дээрээ очоод асуухад миний утсыг аваад явсан байна залгасан чинь холбогдохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би сая Төгөл дээр хүргэж өгчихөөд ирсэн надаа таны утсыг авсан талаар юм яриагүй гэж хэлсэн”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 162-р хуудас/  

21.Насанд хүрээгүй гэрч Е.Н-н ...”Би хоёр давхарт А, Х нартай тоглож байсан чинь Т-а ах ирээд ээжийнхээ утсыг өгч байгаач гэсэн. Ах нь ээжийнх нь утсаар нэг удаа тоглоод өгье гээд гуйгаад байхаар нь өгсөн. Т-а ах эвлүүлдэг тоглоом тоглоод байсан. Тэгэж байгаад Т-а ах нуугдаж тоглох уу гээд бид нарыг нуугд гэсэн. А, Х бид нар нуугдсан чинь Т-а ах бид нарыг олсон. Тэгээд Т-а ах би гараад эргээд ороод ирье гэж хэлээд гарсан. Тэгээд Т-а ахыг орж ирэхгүй болохоор нь С эгчид Т-а ах ээжийн утсыг аваад явчихлаа гэж хэлсэн”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 163-р хуудас/  

22. Хохирогч С.Ж-ын ...“2018 оны 03 сарын 10-ны өдөр Уртцагаанд байрлах Гоё хуушуурын газар хоол идээд сууж байсан чинь өндөр махлаг залуу орж ирээд хамт хоол идсэн. Тэгээд би гарах гэтэл хамт цуг гарч ирсэн. Гарч ирээд зогсож байхаар нь би тамхи байна уу гэж асуусан чинь тамхи байхгүй гэсэн. Тэгээд бид хоёр жаахан юм ярьж зогсож байгаад нэг шил архи авч уугаад намайг дагуулаад Уурхайчин багт байрлах 3-23 дугаар байрны буудалд ороод бид хоёр өрөө аваад дахиад нэг шил архи уусан. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн орчимд нөгөө залууд нэг шил архи  аваад ир гэж хэлээд өөрийн Худалдаа хөгжлийн банкны цалингийн виза картаа өгөөд явуулсан чинь буцаж ирээгүй. 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 09 цаг 41 минутанд 400 000 төгрөг авсан байсан”... гэсэн мэдүүлэг. /2-р х/х-ийн 3-4-р хуудас/  

23. Гэрч Ж.С-н ...”Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-23-р байранд Аян нэртэй дэн буудлыг түрээслэн ажиллуулж байсан. 2018 оны 3 сарын 10-ны өглөө үүрээр 25 орчим насны махлаг залуу, намхан нуруутай 45-50 орчим насны намхан нуруутай ахтай орж ирсэн. Тэр хоёр орж ирэхдээ нэг шил архитай явж байсан бөгөөд архиа уусан байх. Тэгээд 9-10 цагийн хооронд нөгөө өндөр махлаг залуу гарч байсан. Тэгэхээр нь яах гэж байгаа юм бэ гэсэн чинь дэлгүүр ороод ирнэ гээд гарсан. Тэгсэн нөгөө буудалд үлдсэн ах надтай хамт явж байсан залуу миний виза картыг авч яваад алга болчихлоо гэж хэлсэн”... гэсэн мэдүүлэг. /2- р х/х-ийн 6-р хуудас/  

24. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. / 2-р х/х-ийн 12-р хуудас/  

25. Хохирогч С.Ж-ын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /2-р х/х-ийн 15- 16-р хуудас/  

26. Хохирогч Л.Б-гийн ...“2018 оны 3 сарын 15-ны өдөр Нисэх онгоцны буудал орж хамт ажиллаж байсан цэргүүдээ гаргаж өгөөд 24 цагийн үед Сансарын тунелийн дээр ганцаараа ирээд замын садан дотор 200 граммын Хараа нэртэй архи аваад уугаад сууж байтал 25-30 орчим насны 170 орчим см өндөртэй махлаг биетэй шар залуу ганцаараа ирээд надаас тамхи асуусан юм. Тэр залууд жаахан архи хийж өгөөд бид 2 нэг караоке орж 0,5 литрийн 2 шил пиво авч уугаад би тэр залууд хандаж би буудалд орж унтаж амарлаа гэж хэлээд орхиод явсан юм. Тэгтэл тэр залуу миний араас дагаж гарч ирээд ахаа та буудал орох гэж байгаа бол хамт хонъё манай найз нөхөд намайг хаяад явчихсан гэсэн. Тэгээд би тэр залуутай хонохоор болж Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Пилимон нэртэй зочид буудалд орж өөртөө байсан 40 000 төгрөгийг ресепшинд өгч хадгалуулаад өөрийн Самсунг С-4 маркийн гар утсаа цэнэглүүлэх гэж мөн өгсөн. Тэгээд тэр залуутай танилцахад өөрийгөө Т гэж танилцуулж байсан. Тэр залуу ахаа нэг шил архи авчихъя та хадгалуулсан мөнгөнөөсөө 20 000 төгрөг авчих гэхээр нь үгүй ах нь ажил хөөцөлдөж яваа хүн гэж хэлээд унтчихсан юм. Өглөө нь сэрэхэд нөгөө залуу байгаагүй юм доошоо буугаад ресепшин эмэгтэйгээс гар утасаа авах гэтэл шөнө надтай хамт орсон Т гэх залуу гэх залууд миний утсыг өгөөд явуулчихсан байсан”... гэсэн мэдүүлэг. /2-р х/х-ийн 35-38-р хуудас/ 

27.Гэрч А.О-н ...“Тэр залуу миний гар утсыг цэнэглээд өг гээд Самсунг маркийн хар өнгийн гар утас өгөөд миний цэнэглэгчээр миний өрөөнд цэнэглүүлсэн юм. Тэгээд тэр 2 өрөөрүүгээ орсон ба өрөөндөө 5-10 орчим минут болж байгаад төд удалгүй арай залуу 25 орчим насны залуу гарч ирээд эгчээ ах утсаар ярина гэнэ та цэнэглэгчтэйгээ хамт ахын утсыг өгчих гэхээр нь би утсыг нь өгөөд цэнэглэгчээ аваад үлдсэн. Дахиад 5-10 минут болж байгаад нөгөө залуу гарч ирээд эгчээ ахын хадгалуулсан мөнгийг авъя гэхээр нь би юу гэж хүний хадгалуулсан мөнгийг өгдөг юм гээд өгөөгүй. Тэр залуу за за надад 5000-6000 төгрөг байна энэ мөнгөөрөө л 2 пиво авч ирэхээс гээд гарч яваад буцаж ирээгүй”... гэсэн мэдүүлэг. /2-р х/х-н 39- 41-р хуудас/  

28. “ДАМО” ХХК-ий 2018 оны 4 сарын 5-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /2-р х/х-ийн 45-49-р хуудас/ болон Н.Т-н мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.  

Н.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ж.О-, Л.Р, Н.О-, С.Ж-о нарт учирсан хохирлыг төлсөн тухай баримт ирүүлсэн байна. 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Учруулсан хохирлоо нөхөн төлнө” гэв. 

Хохирогч Э.Б, А.Б, Л.Р, Д.Л нар мэдүүлэхдээ “Шинжээчийн тогтоосон үнэлгээний дагуу хохирлоо төлүүлж авбал өөр санал хүсэлтгүй” гэв. 

Иргэний нэхэмжлэгч З.У- мэдүүлэхдээ “ 17 000 төгрөг нэхэмжилсэн боловч одоо нэхэмжлэхгүй татгалзаж байна” гэв. 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Тулгын бусдын эд хөрөнгийг хулгайлсан, залилан мэхэлж авсан, завшсан нийт 8 удаагийн үйлдэл нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Шүүгдэгч дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч мэдүүлгээ өгсөн. Иймд түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах  саналтай” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав санал дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Т-н хувьд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлуудыг зөвшөөрч мэдүүлгээ өгсөн, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрдөг. Хохирлыг бүрэн төлж барагдуулахаа удаа дараа илэрхийлдэг учир түүнд оногдуулах ялыг тухайн зүйл хэсгийн доод хэмжээгээр тогтоож Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн тохирох хэсгийг хэрэглэж багасгаж өгнө үү” гэв. 

Шүүх хавтаст хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Т нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян- Өндөр сумын Булаг баг ** тоотод оршин суух хаягтай Ж.О-ийн байшингийн цонхоор нэвтэрч Haier маркийн 32 инчийн зурагт хулгайлан 260 000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 03 дугаар сарын 03 ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг” төвийн бааранд үйлчлүүлж байсан иргэн Э.Бг согтуу унтаж байхад нь түүний Самсунг- Жи-7 маркийн гар утсыг нь хулгайлан авч 760 000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жи” паб бааранд үйлчлүүлж байхдаа иргэн А.Бийн Самсунг Нөт-3 маркийн гар утсыг утсаар яриад өгье гэж хууран авч 150 000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэс” караоке бааранд үйлчлүүлж байсан иргэн Л.Р-ийн iphone-5 маркийн гар утсыг утсаар яриад өгье гэж хууран  авч 180 000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казино” бааранд үйлчлүүлж байхдаа иргэн Д.Л-нын LG G4 styles-2 маркийн гар утсыг утсаар яриад өгье гэж хууран авч  266 880 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн Эко хорооллын 166 тоотод  оршин суух Ц.Э-ийн гэрт аав, ээжийн хамт зочлон очихдоо тухайн айлд мөн зочлон ирсэн байсан Н.О-ийн Samsung J-7 маркийн гар утсыг түүний бага насны хүүхдээс “ах нь тоглож байгаад өгье” гэж хууран авч 765 000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 3 сарын 15-16-нд шилжих шөнө Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 7-р хороо “Пилимон” зочид буудалд Л.Б-гийн Самсунг Эс-4 маркийн гар утсыг залилан авч 108 000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 3 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт С.Ж-ын итгэмжлэн хариуцуулж өгсөн виза картнаас 400 000 төгрөг завшсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ.  

Шүүгдэгч Н.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон, гэм буруугийн талаар талууд мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Т-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.  

Шүүгдэгч Н.Т-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй. 

Шүүгдэгч Н.Тулгын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.О-өд 260 000 төгрөгийн, хохирогч Э.Бд 760 000 төгрөгийн, хохирогч А.Бид 150 000 төгрөгийн, хохирогч Л.Рид 180 000 төгрөгийн, хохирогч Д.Л-нт 266 880 төгрөгийн, хохирогч Н.О-д 765 000 төгрөгийн, хохирогч Л.Б-д 108 000 төгрөгийн, хохирогч С.Ж-од 400 000 төгрөгийн, нийт 2 889 880 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Н.Т нь хохирогч Ж.О-, Л.Р, Н.О-, С.Ж-о нарт учирсан хохирлыг төлсөн тухай баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т мэдүүлэхдээ “шүүх хуралдаан завсарлахад хугацаанд хохирогч Д.Л-нт учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч өөрийн биеэр шүүх хуралдаанд ирж хохирол хүлээн авсан тухайгаа мэдүүлнэ гэсэн боловч ирээгүй байна. Хохирогч өөрөө ирнэ гэсэн тул баримт бичүүлж аваагүй” гэж байх тул хохирогч Д.Л-нт учирсан хохирлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэлэлцэлгүй орхин, хохирогч өөрт учирсан хохирлоо нөхөн төлөгдөөгүй гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.  

Иргэний нэхэмжлэгч З.У- нь иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул түүний нэхэмжилсэн 17 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Н.Т-ас нийт 1 018 000 төгрөг гаргуулж хохирогч Э.Бд 760000 /долоон зуун жаран мянга/ төгрөг, хохирогч А.Бид 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Л.Б-д 108 000 /нэг зуун найман мянга/ төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэв.

 Шүүгдэгч Н.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 53 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ял оруулан тооцож, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үйлдсэн 270 000 төгрөгийн торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож 18 хоногийг хуульд заасны дагуу нэмж нэгтгэх нь зүйтэй. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Тошиба маркийн 1 ширхэг зурагтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Магнай овогт Нацагдоржийн Тулгыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Шүүгдэгч Н.Тулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, /ажлын 8 цагийг 1 хоногоор тооцон 30 хоногийн хорих ял/ 2018 оны 01 сарын 03-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 270000 төгрөгийн торгох ял /15 нэгжийг 1 хоногоор тооцон 18 хоногийн хорих ял/ -ыг тус тус нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 7 сар 18 хоногийн хугацаагаар тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Т-д оногдуулсан 2 жил 7 сар 27 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугааар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч Н.Тулгын цагдан хоригдсон 53 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Т-ас 1 018 000 /нэг сая арван найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 3-16-65 тоотод оршин суух Энхбаярын Б /РД:ФМ87032211, Утас:99907173/-д 760 000 /долоон зуун жаран мянга/ төгрөг, хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-13-10 тоотод оршин суух Адъяажавын Б /РД:ИГ84101916/-д 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 6-13 тоотод оршин суух Лувсангийн Б- /РД:ТЯ79092515, Утас: 80790925/-д 108 000 /нэг зуун найман мянга/ төгрөгийг тус тус олгож, 17000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Тошиба маркийн 1 ширхэг зурагтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

   9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС