Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2026/ДШМ/361

 

2026           03              27                                                                         2026/ДШМ/361

  О.Н-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ундармаа /томилолтоор/,

хохирогч С.Ч-, түүний өмгөөлөгч С.Чинбат,

шүүгдэгч О.Н- /цахимаар/, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/281 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Н-, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор О.Н-д холбогдох эрүүгийн 2510000001400 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн О-ы Н- /РД: ХО-/, 1985 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “О-” ХХК-д захирал ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт ......./, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч О.Н- нь хохирогч С.Ч-той Франц улсаас бараа худалдан авч Монгол руу хүргэж өгөхөөр тохиролцон улмаар 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрүүдэд Франц улсаас видео калл хийж хямдарсан бараа үзүүлж итгүүлэн, тухайн бараануудыг худалдан авах санал гарган тус бараануудыг олимпын тамирчдаар дамжуулан Монголд хүргүүлнэ гэж хуурч Хан-Уул дүүргийн 17-р хороо О- плазагийн 3 давхарт байрлах “О-” дэлгүүрт байхдаа 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 47,400,000 төгрөгийг өөрийн “ХААН” банк дахь дансаар авч 47,400,000 төгрөгийн хохирол учруулсан “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокуророос: О.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч О.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-ыг 1/нэг/ жилийн хугацаагаар  хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Н- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-аас 47,400,000 төгрөг гаргуулж, хохирогч С.Ч-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Н-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Б.А-, С.Н-, С.А-, С.Ч- нартай 2023 онд Франц улсад өөрийн ажиллуулдаг “Н-” танилцаж байсан бөгөөд үүнээс хойш дахин 2024 оны 03 дугаар сард  Б.А-, С.Н- нар ирсэн. Энэ үеэр эдгээр хүмүүс нь Улаанбаатар хувцас зардаг дэлгүүр ажиллуулдаг талаар яриа өрнөж Франц улсаас брэндийн бэлэн хувцас бараа хямдралтай үеэр нь худалдан авч эдгээр хүмүүсийн дэлгүүрээр дамжуулан зарж борлуулсан ашгийн 10 хувийг надад өгч байх санал тавьж ажил хэрэг болсон. Тодруулбал худалдан авалт бүрийн 10 хувийг надад өгч байх талаар бид тохирсон болно. Ийнхүү худалдан авалт хийж эхэлснээс хойш бидний хамтын ажил үргэлжилж С.Ч-, С.Н- нараас дараах мөнгө шилжүүлсэн. 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 27-ны 10,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 8,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 12,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 23-ны 7,400,000 төгрөг. Нийт 47,400,000 төгрөгийг миний бие дараах байдлаар зарцуулж, бараа худалдан авсан болно. Үүнд:  2024 оны 06 дугаар сарын 29-ны өдөр 600 еврогоор Gucci “гуччи” брэндийн 4 ширхэг гутал /хх 50/, 2024 оны  07 дугаар сарын 06-ны өдөр 1,101.30 еврогоор “Валдевроп” бренд Uniqlo “Юникло” даашинз болох бусад бараа /хх 49/, 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1.280 еврогоор “гуччи” брэндийн гутал, малгай /хх 48/, 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 3,778.70 еврогоор Lacoste “Лакосто” брэндийн пүүз, эр, эм биеийн тамирын хослол болон фудволк /хх 23/, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нийт 1820 еврогийн бараа 305 еврогоор, 30 евро, 20 евро, 28 евро, 300 еврогоор 9 удаагийн гүйлгээ /хх 24/, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000 еврогоор мөн бараа /хх 24/, Жич: Дээрх орлого, зарлага гарах тоолонд банк шимтгэл авдаг болно. Шимтгэлүүд тооцоонд ороогүй болно. Дээрх барааг хувь хүнээр дамжуулан тээш бүрийг 23 кг-аар жинлэж нийт 11 тээшийг баглаж, боож болон ачааны үнэнд нийт 1.708 евро төлсөн болно. Тээш бүрийг 80-150 еврогоор явуулдаг бөгөөд эдгээр тээшийг баглаж бооход 55 еврогоор скоч худалдан авсан.  Анх ярьсны дагуу эдгээр барааг Монгол руу явуулахад ашиг хувиа аваагүй дээр бензин тос унааны зардал, зарцуулсан цаг заваа огт үнэлээгүй болно. Монголоос шилжүүлсэн мөнгийг миний бие өөрийн Хаан банкны харилцах дансаар авч байсан бөгөөд худалдан авалт хийхдээ өөрийн нөхөр Д.Т-н эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны харилцах дансанд шилжүүлж уг данснаас еврод хөрвүүлэн гүйлгээ хийж байсан нь баримтаар нотлогддог. /хх 23-26/,  Б.А-, С.Н- нар нь өөрсдөө худалдан авалт хийж нийт 4 тээш /чемодан/ ачаа машинд үлдээсэн байсан ба эдгээр тээшийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр н.Т-аар миний явуулсныг дээрх хүмүүс авсан байсан. Ачаа болон баглаа боодлын зардал болох 600 евро, 55 еврог нийт 47,400,000 төгрөгөөс төлсөн задаргаа дээр дурдсан болно./хх 47/,  9Т-, Т-3 дугаартай иргэнээр 2024 оны 07 дугаар сарын 08-нд 2 тээш явуулсныг/хх 41-44/ талд байгаа групп чат харуулдаг. /хх 51/,  Я.Э-аар 2024 оны 09 дүгээр сарын 26-нд 2 тээш явуулсныг/ хх 38/ талд байгаа чат батална. /хх 39/, /хх 36 тал/, Я.Э- нь эдгээр тээшийг 8Э-0 гэсэн дугаартай Б.А-д өгснөө мэдэгдсэн./хх 35/,  н.Ц-гаар 2024 оны 10 дугаар сарын 07-нд 2 тээш/хх46/ явуулсан. Уг тээшийг С.А- авсан болохыг фейсбүүк чат/хх 46 тал/ нотолдог.  Н.Т-аар 2024 оны 10 дугаар сарын 07-ны нислэгээр 1 тээш явуулсныг С.А- хүлээж авсан. Дээрх тээшнүүдээс гадна С.А- нь манай гэрээс буюу Франц улсын Парис хотын миний ажиллуулж байсан “Ц-”-аас 5 ширхэг “гуччи” брэндийн пүүз авч явсан болно. Ийнхүү барсенуудыг хүлээлгэж өгсөн болно. Дээрх тээшнүүд БНХАУ-ын Франкфурт Улаанбаатар чиглэлийн нислэгээр МИАТ авиа компаниар ирсэн. Иргэний нисэхийн ерөнхий газраас эсхүл МИАТ компаниас тухайн хүмүүсийг хэчнээн ачаа тээштэй ирсэн болохыг тодруулж болох байсан бөгөөд хэрэв мөрдөн байцаагч ийм ажиллагаа явуулсан бол мэдэгдэх байсан. Ачаа, тээш явуулсан хүмүүстэй холбогдох дугаар албан тушаалыг мөрдөн байцаагчид өгч байсан болно. Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга н.Э- /9Ц-2/, “Ц-”-ын 16 давхарт албан контор нь байрлах н.Ц- /9Ц-8/, “Түмэн” кашмерийн захирал н.Т-/9Ц-1/ дугаартай иргэнээс тус тус мөрдөн байцаалт мэдүүлэг аваагүй. Хэрэв миний өгч явуулсан бараа дээрх нэр бүхий хүмүүсээр дамжин эзэндээ очоогүй байсан бол миний бие тухайн хүмүүсийн шилжүүлсэн мөнгийг буцааж төлсөн, хохирол төлбөргүй болгоно. Мөрдөгчийн зүгээс надад гэрч, хохирогчид нөлөөлж болохгүй талаар сануулсан байсан тул н.Э-, н.Ц-, н.Т-, 9Т- дугаартай иргэдтэй хэрэгт холбогдсоноос хойш холбогдоогүй. Хэрэв би гэрчүүдтэй уулзах, нүүрэлдэх боломжтой тохиолдолд тухайн хүнээс миний явуулсан ачаа, бараа бүрэн ирсэн эсэх, мөн С.Н-, Б.А-, С.А- нарт очсон эсэхийг тодруулсаар байна. Анхан шатны шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр даалгаснаас хойш удаа дараа мөрдөгч прокурортой очиж уулзахад хэрэг ирээгүй, захирамж гараагүй гадуур ажилтай завгүй байна гэсээр 20 гаруй хоног өнгөрсөн. Мөрдөгчөөс асуухаар тухайн хүмүүсийг дуудаж мэдүүлэг авна гэж байсан боловч хэнийг нь ч дуудаж мэдүүлэг аваагүй, цагийг нь тулгаж ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүйд гомдолтой байна. Миний бие гэр бүлээрээ буюу нөхөр, хоёр хүү, охины хамтаар Франц улсад 2007 оноос хойш амьдран сууж байгаа бөгөөд өөрийн эцэг, эх, дүү нараа татан авч аж төрөн амьдардаг болно. 2025 оны 08 дугаар сард бага охин Т.Н-гийн хамтаар эх орондоо ирсэн. Бага охин Т.Н- нь Франц улсад төрсөн учир Монгол ахуйг огт мэдэхгүй мөн монгол хэлээрэй чөлөөтэй ярьж ойлголцож чадахгүй өсөж байсан тул монгол ахуйд амьдарч хэлийг нь сайжруулах зорилгоор хоёулхнаа ирсэн. Өөрөөр хэлбэл, охиндоо хичээлд нь хүргэж өгөөд, орой нь тарахад нь авч үнсээд хичээлд нь оруулсан бөгөөд анхан шатны шүүхээс хорих ял авснаар охин маань асран хамгаалах хүнгүй, өдгөө найзын асрамжид байгаа болно. Миний охин монгол хэлээр бүрэн дүүрэн ярьж ойлголцож чадахгүй, ээж нь байхгүй байхад сэтгэл санааны гүн хямралд орсон байна. Миний бие 10 гаран жил эх орондоо ирээгүй байж байгаад өөр зорилгоор ирэнгүүтээ ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж гэмшиж байна. Иймд миний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дээр дурдсан нэр бүхий хүмүүсийг гэрчээр асуух ажиллагааг хийж өгнө үү. Хэрэв давж заалдах шатны шүүхээс анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгох боломжгүй тохиолдолд миний хувийн байдлыг харгалзан үзэж анх удаа гэмт хэрэгт холбогдсон бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг үнэлэн хэргийг гомдлоор хязгаарлахгүй хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэж өгөхийг хүсье... Миний баруун талын хөх өвдөж байна. Миний охин Монголоор ярьж чадахгүй, 1 дүгээр ангид оруулсан. Иймд хэрэгт холбогдсондоо харамсаж байна...” гэв.

Шүүгдэгч О.Н-ын өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан байдаг. Гэвч прокурор болон мөрдөгчийн зүгээс цагаатгах талын баримтыг шалгаж үзэлгүй, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийж гүйцэтгэсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 2025/Ш3/6716 дугаар “Шүүх хуралдааныг хойшлуулж, зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах тухай” шүүгчийн захирамжийн “захирамжлах нь” хэсгийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд иргэн С.Н-, н.А-, Франц улсаас ачаа тээвэрлэж ирэн, хүлээлгэн өгсөн гэх иргэн н.Э- /9Ц-2/, Н.Ц- /9Ц-8/, н.Т- /9Ц-1/, мөн 9Т-, Т-3 дугаартай иргэнийг тус тус олж тогтоон, гэрчээр мэдүүлэг авах, шүүгдэгч О.Н-аас гаргаж өгсөн гэх хавтаст хэргийн /34-51/ дэх талд авагдсан фейсбүүкийн гэх О.Н-, Б.А-, С.Н- нарын хоорондох групп чаатанд хуулийн дагуу үзлэг хийж бэхжүүлэх, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд зохих нэмэлт эсхүл өөрчлөлт оруулж, улмаар мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гардуулах ажиллагааг явуулахыг прокурорт даалгасугай” гэж шийдвэрлэн хэргийг прокурорт буцаасан. /хх-162-164-р тал/  Анхан шатны шүүхээс “... Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримтаар болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар дараах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14-т заасныг явуулах зайлшгүй нөхцөл байдал бүрдсэн” гэж дүгнэсэн. Гэтэл хэргийг прокурорт буцаасны дараа мөрдөгч болон прокурорын зүгээс шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй байна. Монгол Улсын Үндсэн Хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр заавал биелэгдэх учиртай.

1.Анхан шатны шүүхээс н.Э-ыг олж тогтоон, мэдүүлэг авах ажиллагаа хийхийг даалгасан. Уг ажиллагааг хийхдээ мөрдөгч 2025 оны 12 дугаар сарын 19-ны өдөр /анхан шатны шүүх хуралдаанаас хойш нэг сарын дараа, шүүх хуралдаанаас 5 хоногийн өмнө/ 9Ц-2 дугаар луу залгаж “... Э- гэж хүнийг огт танихгүй намайг Б- гэдэг 2 жилийн өмнө тухайн дугаарыг Д- гэх хүнээс худалдаж авч байсан гэсэн болохыг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив...” гэжээ. /хх-219-р тал/ О.Н- нь н.Э- нь Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга албан тушаалтай, мөн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн нислэгээр өгч түүнд 2 чемодан бараа өгч явуулсан талаар мэдүүлдэг. Мөрдөгчийн зүгээс Э-ыг олж тогтоох ажиллагаа утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэнээс өөрөөр тогтоох ажиллагаа огт хийгээгүй. Тухайн иргэний ажил албан тушаал болон нислэгээр ирсэн өдөр тодорхой байхад Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас тухайн чиглэлд Я.Э- гэх хүн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ирсэн эсэх, хэдэн чемодан ачаатай ирсэн эсэх талаар лавлагаа авахад тухайн иргэнийг олж тогтоон мэдүүлэг авах бүрэн боломжтой байсан. Мөн ажлын газраас холбогдох утас, хаягийг авч тухайн иргэнээс мэдүүлэг авах бүрэн боломжтой байхад шүүгчийн захирамж гарснаас бүтэн сар энэ ажиллагааг хийлгүй шүүх хуралдаан болохын өмнөхөн утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэнийг шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

2.Анхан шатны шүүхээс Ц- /9Ц-8/-г олж тогтоон, мэдүүлэг авах ажиллагаа хийхийг даалгасан. Гэтэл мөрдөгчийн зүгээс 2025 оны 12 дугаар сарын 19-ны өдөр /анхан шатны шүүх хуралдаанаас хойш нэг сарын дараа, шүүх хуралдаанаас 5 хоногийн өмнө/ 9Ц-8 дугаар луу залгаж мөрдөгчийн тэмдэглэл үйлджээ. /хх-173-р тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2-т “... Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.”, мөн зүйлийн 8-д “... Шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө.” гэж, мөн хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2-т “...Мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авна. Шаардлагатай бол мэдүүлгийг тухайн хүний байгаа газарт очиж авч болно.” гэж тус тус заасан байдаг. Мөрдөгч гэрчийг дуудан ирүүлж, түүнд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй талаар хууль сануулж, зориулалтын өрөөнд эсхүл байгаа газар нь очиж мэдүүлэг аван, мэдүүлгийг гэрчид танилцуулан гарын үсэг зуруулж хэргийн материалд хавсаргах учиртай. Мөрдөгч утсаар ярьж мэдүүлэг авах талаар хуульд заасан зохицуулалт байхгүй. Гэрчид түүний эрх үүргийг тайлбарлаж, хууль сануулж мэдүүлэг авах нь гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхэд онцгой ач холбогдолтой. Анхан шатны шүүхээс гэрчээс мэдүүлэг авахыг даалгасаар байхад санаатай, санаандгүй байдлаар гэрчээс утсаар мэдүүлэг авч тэрийгээ хэргийн материалд хавсаргасан, түүнийг нь анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

3. Анхан шатны шүүхээс 9Т- дугаартай иргэнийг олж тогтоон, мэдүүлэг авахыг даалгасан. Хавтаст хэрэгт 2025 оны 12 дугаар сарын 19-ны мөрдөгчийн тэмдэглэл хэрэгт авагджээ. Уг тэмдэглэлд “...Т-3 дугаар луу залгахад холбогдох боломжгүй орох ярианы эрх хаагдсан байна гэсэн болохыг мөрдөгч тэмдэглэн үлдээв.” /хх- 218-р тал/ гэжээ. Ингээд уг тэмдэглэлдээ 9Т- дугаар луу залгасан гэх зураг хавсаргажээ. Өөр дугаар луу залгаж үзэн холбогдох боломжгүй, орох ярианы эрх хаагдсан гэж тэмдэглэл үйлдсэнийг 9Т- дугаартай иргэний олж тогтоох ажиллагаа хийсэн гэж үзэх үндэслэлгүй. Дугаарын эзэмшигч иргэнийг “Мобиком” корпорацируу лавлагаа авахаар албан бичиг хүргүүлж тухайн дугаарын эзэмшигчийн мэдээллийг авч, уг мэдээллийн дагуу дуудан ирүүлж, мэдүүлэг авах бүрэн боломжтой байхад тухайн дугаарын эзэмшигч тодруулах ажиллагааг огт хийгээгүй байна.

4. Анхан шатны шүүхээс Т-3 дугаартай иргэнийг олж тогтоон мэдүүлэг авахыг даалгасан байдаг. Хэрэгт 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл авагджээ. /хх-217-р тал/ Уг тэмдэглэлд тухайн дугаар нь холбогдох боломжгүй, орох ярианы эрх хаагдсан гэх тайлбарыг бичсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс уг дугаар луу залгаж үзэхэд орох ярианы эрх хаагдаагүй бөгөөд холбогдох боломжтой байсан болохыг дурдъя. Дугаарын эзэмшигч иргэнийг “Мобиком” корпорацируу лавлагаа авахаар албан бичиг хүргүүлж тухайн дугаарын эзэмшигчийн мэдээллийг авч, уг мэдээллийн дагуу дуудан ирүүлж, мэдүүлэг авах бүрэн боломжтой байхад тухайн дугаарын эзэмшигч тодруулах ажиллагааг огт хийгээгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Н-аас гаргаж өгсөн гэх хавтаст хэргийн 34-51 дэх талд авагдсан фейсбүүкийн гэх О.Н-, Б.А-, С.Н- нарын хоорондох групп чатанд хуулийн дагуу үзлэг хийж бэхжүүлэхийг даалгасан. Хавтаст хэрэгт 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл” авагджээ. /хх-220-р тал/ Уг тэмдэглэл, түүнд хавсаргасан фото зургуудаас харахад мөрдөгчийн зүгээс О.Н-, Б.А- хоёрын хоорондох чат, О.Н-, С.Н- нарын хоорондох чатад үзлэг хийсэн болохоос шүүгчийн даалгасан хавтаст хэргийн 34-51 дэх талд авагдсан О.Н-, Б.А-, Н.Н- нарын групп чатад үзлэг хийгээгүй байна. Уг групп чатад 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Н- нь “...Сайн уу бараагаа авсан бид 2 нь З- дүүгээ ккк ийм чемодан авахаар эвдэрч ирэх юм байна.” /хх-41-р тал/ гэж бичсэн нь авагдсан байдаг. Энэ нь цагаатгах талын хамгийн чухал нотлох баримт бөгөөд хохирогч нарын зүгээс ямар нэгэн байдлаар бараа авч байсан болох нь тодорхой харагддаг. 2025 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “...Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н- 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “...сайн уу бараагаа авсан бид хоёр...” гэсэн зурвас үлдээсэн байна. Энэ ямар учиртай юм бэ? гэхэд хохирогч “...Алтанцэцэг, Н- хоёр хамт сууж байгаад бичсэн юм байна лээ, би эхнэрээсээ би бараа авсан зүйл байгаа юу гэхэд аваагүй гэсэн. Яг бодит байдал дээр ямар нэгэн бараа аваагүй...” гэж мэдүүлсэн байдаг. /хх- 153-р тал, тэмдэглэлийн 7-р тал/ Анхан шатны шүүхээс уг групп чатад үзлэг хийхийг даалгасаар байхад групп чатад биш тус тусдаа харилцсан чатад үзлэг хийсэн байдаг. Хуулиар тогтоосон үндэслэл, журмыг хэлбэрэлтгүйгээр биелүүлээгүй тохиолдол бүр нь зөрчилд тооцогдож, шүүхээс хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлдөг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүхээс хугацаа тогтоон хэргийг прокурорт буцаан тодорхой ажиллагаануудыг хийхийг даалгасан байхад тухайн ажиллагаануудыг хийгээгүй, хийсэн гэх баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн баримтууд байна. Хуульд шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоохоор хуульчилсан. Гэтэл шүүгдэгчийн мэдүүлэг, цагаатгах талын баримтуудын эргэлзээг бүрэн гаргаж чадаагүй гэж үзэж байна. Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэх учиртай. Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах талын нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоох ёстой. Гэтэл нэгдмэл сонирхолтой хамтран бизнес хийдэг, эхнэр нөхөр хүмүүсийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай байна. Уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг дутуу тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан О.Н-ын болон Ч-ийн дансны хуулгаас харахад: 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “А-, Н- барааны үнэ” гэх утгатайгаар 10,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Н- А- 2” гэх утгатайгаар 10,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 29-ны өдөр “Н- А- 3” гэх утгатайгаар 8,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдөр “А- Н- 5” гэх утгатайгаар 12,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 7,400,000 төгрөгийг “Нар А- 5” гэх утгатайгаар тус тус шилжүүлсэн байдаг. Дээрх баримтаас харахад 2024 оны 06 дугаар сарын 29-ны өдөр шилжүүлсэн 8,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдөр шилжүүлсэн 12,000,000 төгрөгүүд нь Н- болон А- нарын барааны мөнгө болох нь тодорхой харагдаж байна. /хх-52а тал, 53-р тал/ А-гийн нөхөр А- нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Н-аас 10,000,000 төгрөгийн бараа авсан талаар мэдүүлдэг. /хх-193-194-р тал/ Мөн А- нь миний тооцооллоор 10 орчим сая төгрөгийн бараа авсан гэж бодож байгаа гэж мэдүүлсэн байдаг. /хх-68-69-р тал/  А- нь уг хүлээн авсан 10,000,000 төгрөгийн барааны үнийг шилжүүлсэн талаар баримт хэрэгт байдаггүй. Гэтэл хохирол төлбөрийг А- гэх утгатайгаар шилжүүлсээр байтал уг дүнг Ч-ийн хохирол гэж тооцсон нь учир дутагдалтай байна. О.Н- нь Ч-, А- нарын үлдээсэн 4 чемодан ачааг ачаа нь багтахгүй байсан тул араас нь явуулсан байсан ба каргоны мөнгийг надад өгөөгүй, дээрх шилжүүлсэн мөнгөнд уг 4 чемоданы каргоны мөнгө орсон талаар мэдүүлдэг. Мөн хэрэгт авагдсан дансны хуулгаар тухайн каргоны мөнгийг О.Н- өөрийн данснаас шилжүүлсэн байдаг. А- нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө каргоны мөнгийг еврогоор төлсөн гэдэг боловч түүний энэ мэдүүлэг бусад баримтаар нотлогдон тогтоогддоггүй. Дээрх баримтуудаас харахад хохирогчийн шилжүүлсэн гэх 47,400,000 төгрөгөөс уг каргоны мөнгө хасагдах, хасагдахгүй талаар дүгнэлт хийлгүйгээр бүтэн шилжүүлсэн дүнгээр нь тооцсон нь учир дутагдалтай байна. Мөн О.Н-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих санкцтай. О.Н- нь өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хувийн байдлын тухайд бага насны 2 хүүхэдтэй бөгөөд 2025 оны 08 дугаар сард О.Н- нь 7 настай охин Т.Н-гийн хамт Монгол улсад ирэн ээжийн хамт амьдарч байсан. Охины аав болон эмээ, өвөө нар нь бүгд Франц улсад амьдардаг. 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шийтгэх тогтоол гарч, О.Н-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсанаар охин харгалзах хүнгүй ганцаараа үлдсэн ба одоо О.Н-ын найзынх нь асрамжид байна. Миний үйлчлүүлэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон хөнгөн гэмт хэрэг юм. Хэргийн нөхцөл байдал болон түүний хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэл сонгон хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй, яллах болон цагаатгах талын нотлох баримтыг аль алиныг цуглуулах үүргээ бүрэн гүйцэтгээгүй, анхан шатны шүүхээс даалгасан мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй байхад хэргийн эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... шүүх бүрэлдэхүүний зүгээс хэрвээ мөрдөн шалгах ажиллагаа нөхөж хийх боломжгүй хуулийн хүрээнд хязгаарлагдмал байдалтай байна гэж үзсэн нөхцөлд түүний хувийн байдал хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч С.Ч-ийн өмгөөлөгч С.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхэд хоёр агуулгатай гомдол гаргаж байна. Хэргийг прокурорт буцаах эсхүл хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү гэж гомдол гаргаж байна. Иймд хоёр агуулгаар санал хэлэхгүй, хэргийн байдлыг уншсан нөхцөлд нэг зүйлийг хэлэх ёстой. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгчид хэлж байсан “чи дандаа эзэн биегүй зүйл ярьж байна. Нэртэй эзэнтэй, утасны дугаартай зүйл ярьж” гэж хэлсэн. Гэтэл бараа авч явсан талаар эзэн гарсан. Шүүгдэгчээс “тухайн хүмүүс бараа авч яваагүй гэх юм бол дараа таны асуудал хүндрэнэ гэдгийг” хэлсэн. 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар дурдсан. Шүүгдэгч “миний бараа өгч явуулсан хүмүүс нэртэй устай, ажил төрөлтэй, нас тогтсон худал ярихгүй хүмүүс” гэж хэлсэн үүний дагуу анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан. Энэ асуудалд олимпын тамирчид, Жижиг дунд үйлдвэрийн албан хаагчид, пара олимпын хүмүүсийг оролцуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эдгээр хүмүүсээс асуусан боловч “бид тусгай хамгаалалтад явдаг учраас орж, гарч байгаа бүх үйлдэл хяналтад байдаг. Бид хүний бараа авах байтугай өөрсдийнхөө бараа авч ирж чаддаггүй” гэж мэдүүлсэн. Шүүгдэгчийн хэлсэн үгийг уншиж танилцуулъя “хохирогчийн өмгөөлөгчийн хэлсэнчлэн би бараа өгч явуулаагүй байж, өгч явуулсан гэж ярьсан бол ямар хариуцлага байна. Түүнийгээ хүлээхэд бэлэн байна. Үнэхээр тийм биш болохоор асуудлыг үнэн зөвшөөр шийдвэрлэхийг хүсэж байна” гээд хүсэлт өгсөн. Анхан шатны шүүх хурал дээр 5 хоногийн завсарлага авсан. Гэтэл шүүгдэгч “яг одоо итгэмжлэл Францаас явуулна. Хоёр цагийн дараа гэхэд хохирол төлбөр төлнө” гэж шүүх хурал дээр хэлсэн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Би шүүгдэгчид хэлсэн “хохирол төлбөр барагдуулсан нөхцөлд тодорхой хэмжээний зөөллөх байр сууринаас оролцох талаар” шүүх хуралдаанд дээр хэлсэн. Одоо шүүгдэгчийн ярьж байгаа зүйл өвчтэй талаар ярьж байна. Энэ асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэлэх ёстой. Энэ асуудлыг шалгуулах асуудал олон байна. Прокурорт буцсан боломж байсан. Манай талаас яагаад гомдол гаргаагүй вэ гэхлээр эмэгтэй хүн байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэх асуудлыг харгалзаж үзсэн. Бид ч бас гомдох эрхтэй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Хохирогч С.Ч- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдөр өглөө 2,000,000 төгрөг дансанд орсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс А-гийн 10,000,000 төгрөгийн талаар ярьдаг. Энэ 10,000,000 төгрөг миний 47,000,000 төгрөгөөс тусдаа мөнгө юм. Уг 10,000,000 төгрөгийн бараа, мөнгийг өгсөн талаар асуудлыг надад өгөх ёстой 47,000,000 төгрөгтэй хольж хэрэгт авагдсан баримтыг ярьдаг. Энэ асуудлыг ярьж буйдуулдаг. Хавтаст хэрэгт О.Н-ын гүйлгээг харсан. 10,000,000 төгрөг орсон гүйлгээ байгаа. Мөнгө аваад зугтгаснаас хойш Монголд 10 жил ирээгүй гэдэг нь худлаа, Монгол улсад ирж байсан. 2024 онд мөнгө авчхаад 2025 оны 01 дүгээр сард Монголд ирсэн. Ирээд надтай уулзахгүй явсан. Мөн 07 дугаар сард ирээд мөн уулзаагүй. Энэ талаар би хүнээс олж мэдсэн. Одоо хорих ангиас суллагдсан нөхцөлд сураггүй болоод олдохгүй. Францын цагаачийн паспорттой хүн учраас шууд явна. Би хохирогчоос бараа авсан нөхцөлд хасаж тооцуулах ёстой. Би хохирол төлбөр аваагүй, өнөөдөр надад 2,000,000 төгрөг өгч байна. Яагаад давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй вэ, гэхлээр энэ хугацаанд хохирол төлбөрийг өгчих байх, үүнийхээ дараа давж заалдах шатны шүүхэд ял хөнгөрүүлэх талаар гомдол гаргах байх гэж харж байсан. Гэтэл хохирол төлбөр төлөөгүй, үнэхээр гомдолтой байна. Би татвараа төлдөг шударгаар хөдөлмөрлөдөг дэлгүүр ажиллуулдаг хүн. Шүүгдэгч намайг хурдан мөнгө шилжүүлээрэй гээд яаруулсаар байгаад мөнгө авсан. Би сүүлийн хоёр гүйлгээгээ хийгээгүй, түрүүчийн бараа үзүүлчих гэхээр шүүгдэгч “үгүй гээд” байсан. Одоо хүртэл Францаас мөнгө залилуулсан гээд хүмүүс ярьж байсан. Мөн 2024 онд 13,000,000 төгрөгөө залилуулсан гэх хүн байсан. Чамд нэг жилийн хорих ял багадсан. ...” гэв.

Прокурор Д.Ундармаа тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Хэргийн болсон процессын талаар хохирогч тодорхой ярьсан. А- шилжүүлсэн 10,000,000 төгрөгтэй нийлүүлж 47,000,000 төгрөгийн баримтыг холих, солих байдлаар хохирогч мэдүүлсэн. Шүүгдэгч О.Н- “эзэн хохирогч гэрч асуулгах талаар тодорхой хэлсэн байхад энэ талаар тодорхой мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй” гэж байна. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хүмүүсийн утасны дугаар луу залгахад эдгээр хүмүүс байхгүй, мэдэхгүй гэх байдлаар хариу өгсөн. Дээрх хүмүүсийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хүчээр мэдүүлэг авах боломжгүй. Шүүгдэгчийн хэлж, ярьсан хүн биш болох нь тогтоогдсон. Тухайн гар утасны эзэмшигчийг тогтоосонгүй гэх агуулгаар ярьж байна. Шүүгдэгчтэй холбоогүй гэж байхад тухайн дугаар эзэмшигчийг тогтооход тодорхой хугацаа, оочир дарааллаар хойшлуулсан хугацаанд амжихгүй, ийм учраас энэ талаарх ажиллагаа явуулсан тэмдэглэл хавсаргасан. Уг баримтаас гадна хохирогч, гэрч нарын мэдүүлэг хүрэлцээтэй нотлох баримт хангалтай байгаа учраас шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч О.Н-, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч О.Н- нь хохирогч С.Ч-той Франц улсаас бараа худалдан авч Монгол улс руу хүргэж өгөхөөр тохиролцон улмаар 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрүүдэд Франц улсаас олон нийтийн цахим сүлжээгээр дүрст дуудлага болон зургаар хямдарсан бараа үзүүлж, тухайн бараануудыг худалдан авах санал гарган, авсан бараануудыг олимпын тамирчдаар дамжуулан Монгол улсад хүргүүлнэ гэж итгүүлэн Хан-Уул дүүргийн 17-р хороо “О-” плазагийн 3 давхарт байрлах “О-” дэлгүүрт байхдаа 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 47,400,000 төгрөгийг өөрийн “ХААН” банк дахь дансаар хүлээн авч 47,400,000 төгрөгийн хохирол учруулсан “залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч С.Ч-ийн “...О.Н- гэх эмэгтэйг Франц улсад буудал ажиллуулдаг талаар мэдээд очиж 2-3 хоног байрлаж байсан. Тэгээд би анх уулзаж танилцаад тэндээ амарсан. Н- өөрийгөө танилцуулахдаа “...Франц улсад олон жил амьдардаг Монголоос ирэх хүмүүсийг буудалдаа байрлуулж барааг нь зохицуулах ажил хийдэг, та нар хямдхан бараа авахаар бол хэлж байгаарай, би зохицуулж өгнө...” гэж хэлж байсан. Франц улс нь жилдээ 2 удаа буюу 6, 12 сардаа их хямдрал зохион байгуулдаг. Н- нь 2024 оны 06 дугаар сарын сүүлээр А-гийн утас руу фейсбүүкээр видео калл хийж яриад “...ийм бараанууд байна. Үнэ нь хямдарсан байна авах бол яаралтай мөнгөө хийгээрэй хямдралын хугацаа дуусах гээд байна...” гээд ярихаар нь эхнэр Н- нь өөрийн ХААН банкны 5Н-3 дугаартай данснаасаа 10,000,000 төгрөг, дараа нь би өөрийн ХААН банкны 5Н-0 дугаартай данснаасаа 10,000,000 төгрөгийг Н-ын ХААН банкны 5Н-1 дугаартай данс руу нийт 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд хоёр хоногийн дараа Н-, Н-, А- гурав дундын мессенжерийн групп чатаар Н- нь “...дахин бараанууд ирсэн авах уу...” гээд үзүүлж байгаад 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Н- нь өөрийн ХААН банкны 5Н-3 дугаартай данснаасаа 8,000,000 төгрөгийг Н-ын нөгөө данс руу нь шилжүүлсэн. Дараа нь дахин 2024 оны 07 сарын 01-ны өдөр Н- нь дахин хямдрал зарласан гэх дэлгүүрүүд дээрээсээ бараанууд үзүүлж “...хямдарсан байна шүү аваарай яаралтай мөнгөө шилжүүл...” гээд байхаар нь би өөрийн ХААН банкны нөгөө данснаасаа Н-ын өмнө нь өгсөн данс руу нь 12,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Ингээд 2024 оны 07 сарын 23-ны өдөр Н- нь бид нартай дахин фейсбүүкээр холбогдож “...манай дэн буудалд монголын олимпын чөлөөт бөхийн тамирчид байрлаж байгаа би энэ тамирчдаар бараануудыг чинь өгөөд явуулахаар болсон энд үлдсэн бараа байна шүү эд нарыг авах уу...” гэхээр нь эхнэр Н- нь надаас асууж байгаад дахин Н-ын нөгөө данс руу нь 7,400,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Ингээд нийт 47,400,000 төгрөгийг шилжүүлснээс хойш сарын дараа нөгөө олимп дуусаж нөгөө тамирчид нь Монголд ирсэн боловч бараанууд маань ирээгүй учир бид нар Н- руу залгаж юу болсон талаар асуухад “...нөгөө тамирчдад өгч явуулж чадаагүй маш их ажилтай байлаа одоо Параолимпын тамирчид манай дэн буудалд ирсэн байна эд Н-р бараагаа өгч явуулахаар болсон...” гэж надад хэлсэн. Би хэлсэн үгэнд нь итгээд хүлээсэн. Тэгээд түүнээс 20 гаруй хоногийн дараа “Пара олимп” нь дуусаад тамирчид нь Монголд ирэхэд бараанууд ирээгүй байсан учир дахин Н-аас 2024 оны 08 сарын үеэр асуухад “...ажил ихтэй байна чадсангүй өөрөө би удахгүй Монголд очихоор болсон учир би бараагаа аваад заавал та нар дээр очно...” гэж хэлсэн. Тэгээд ингэж хэлснээс хойш 2 сар өнгөрсөн ба 2024 оны 12 сард А-гийн дэлгүүр дээр Н- нь ирсэн байсан. “...эгчээ уучлаарай бараа чинь байхгүй одоо Ч- гэх хүний мөнгийг өгнө би өөрөө мөнгө хөөцөлдөх зорилгоор Монголд ирсэн...” гэж Б.А-д хэлсэн байхыг нь надад хэлсэн. Надад Монголд ирсэн талаар огт хэлээгүй Б.А-гаас мэдсэн...” гэх мэдүүлэг, /1хх-ийн 58-64/,

Гэрч Б.А-гийн “...2023 онд Парис хотын Н-ын ажиллуулдаг буудал дээр очиж байрласан энэ үеэр С.Ч-, О.Н- нар н.Н-тай анх танилцсан. Тэгээд хоорондоо ярилцаж байгаад С.Ч-, О.Н- бид гурав нийлж байгаад тухайн Парис хотын дэлгүүрүүдээс худалдаж авсан бараануудаа чемодон саванд бэлдэж тавиад Монгол руу явуулах гэтэл Н- би чадна асуудалгүй хүнээр явуулаад өгнө гэхээр нь бид нар 4 ширхэг цүнхтэй том овор ихтэй бараагаа Н-д итгээд үлдээсэн ба бид нар явах зардал онгоцны зардал гэх зэрэг зүйлсийг төлж үлдээсэн. Харин дараа нь удалгүй Н- нь бид нарын 4 ширхэг бараатай цүнхийг монгол руу асуудалгүй ирүүлсэн. Харин түүний дараа 2024 оны 06 сараас эхэлж Ч- Н- бид гурав Н-тай холбогдоод нийлж байгаад Францад улирлаас хамаарч зуны хямдрал зарласан байх үеэр брэндийн дэлгүүр, онлайн захиалгаар дамжуулан бараа захиалж худалдан авхуулж Монгол руу ирүүлэх талаар ярилцаж тохиролцсон бөгөөд Н- нь хэлэхдээ асуудал гарахгүй та нар бараагаа сонгоод мөнгөө шилжүүлчих би аваад Монгол руу өөрийн буудалдаа байрласан хүмүүст өгөөд онгоцны нислэгээр явуулчихна асуудалгүй гэж тохиролцсон. Тэгээд Н- нь Н- бид хоёртой фейсбүүкийн видео каллаар залгаад бараагаа сонгуулаад тэр доор нь бид нар мөнгийг нь шилжүүлж байсан, харин удалгүй Н- нь мөнгөө авсны дараа бараагаа худалдаад авчихлаа гэж хэлсэн ба худалдаж авсан баримтынх нь дүнгийнх нь зургийг нь нэг л удаа явуулж байсан харин би тухайн бүрд нь мөнгөө шилжүүлэх болгондоо бараа худалдаж авсан баримтынхаа зургийг явуулаарай гэж асуухад явуулна хэдэн бараа авсан гэж хэлээд огт баримтынхаа зургийг үзүүлдэггүй явуулж байгаагүй. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 27-ноос 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт Ч- ахтай харилцан ярилцаж тохиролцоод 47,400,000 төгрөг шилжүүлээд  Ч- ах бид хоёр бараа ирсний дараа бараагаа хувааж авахаар тохиролцсон. Харин тухайн шилжүүлж байгаа хүн нь Ч- байгаа юм. Мөн Н- руу 10,000,000 гаруй сая төгрөгийн бараа Н-ын данс руу нь 2024 оны зун шилжүүлсэн бөгөөд тухайн барааны дүнтэй дүйцхүйц барааг 2024 оны 09-10 сарын хооронд нэхэж байж авсан. Н- нь миний тусдаа шилжүүлсэн барааг өгсөн харин Ч- ах бид хоёрын явуулсан мөнгөнд дүйцхүйц бараа өгөөгүй 47,400,000 төгрөгөөр хохирсон байна. Н- нь 47,400,000 төгрөгийн барааг огт өгөөгүй байгаа ба тухайн бараатай холбоотой мэдээлэл баримт огт өгөөгүй алга болсон байгаа тул гомдолтой байна. Ч- бид хоёр огт тийм баримт сэлт гаргаж өгөөгүй алга болсон байгаа. 2025 оны 01 сард Франц улсын Парис хотын Н-ын ажиллуулдаг буудал Дээр нь очиж Н-тай уулзаад бараагаа аваагүй юм чинь мөнгөө эргүүлэн авъя гэхэд Н- бид хоёрт хандаж “би барааг чинь аваагүй мөнгийг чинь буцаана гэж хэлсэн ба тэр үед 47,400,000 төгрөгийн барааг худалдаж аваагүй өөр зүйлд зарцуулсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг/1хх-ийн 67-69/,

“...2024 оны 06 сарын 27-ны өдөр 10,000,000, 29-ний өдөр 8,000,000 07 сарын 23-ны өдөр 7,400,000 төгрөгийг 5Н-1 тоот данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдээлэлтэй С.Н-ийн ХААН банк дахь 5Н-3 тоот дансны хуулга/1хх-ийн 16-17/,

“...2024 оны 06 сарын 27-ны өдөр 10,000,000, 07 сарын 01-ний өдөр 12,000,000 төгрөгийг 5Н-1 тоот данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдээлэлтэй хохирогч С.Ч-ийн ХААН банк дахь 5Н-0 тоот дансны хуулга/1хх-ийн 18-19/,

“...хохирогч болон түүний эхнэрийн ХААН банк дахь данснаас шилжүүлсэн мөнгийг О.Н-ын ХААН банк дахь 5Н-1 тоот дансанд хүлээн авсан...” гэсэн мэдээлэлтэй ХААН банк дахь 5Н-1 хуулга/1хх-ийн 52-54/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд болон бусад баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хохирогч С.Ч-ийг түүний Франц улсад ажиллуулдаг буудалд байрлан танилцсан харилцаа болон үлдээсэн барааг илгээж өгөх үед үүссэн итгэл дээр нь тулгуурлан тухайн улсад болдог брендийн гэх бараа бүтээгдэхүүний хямдралын үеэр бараа худалдан авч, Монгол улсруу илгээхээр тохиролцон, уг тохиролцоо хэрэгжиж байгаа мэтээр ойлгуулан, цахим сүлжээгээр дүрст дуудлага хийх  болон  барааны зураг илгээн итгэлийг нь олж, мөнгө шилжүүлүүлэн авсан, хариу төлбөр буюу барааг илгээгээгүй шүүгдэгч О.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн “...хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авах...” шинжийг бүрэн хангах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч О.Н- “...анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгох боломжгүй тохиолдолд миний хувийн байдлыг харгалзан үзэж анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг үнэлэн хэргийг гомдлоор хязгаарлахгүй хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэж өгөхийг хүсье...”, шүүгдэгчийн өмгөөлөгч  Г.Ганцэцэг “...Хэргийн нөхцөл байдал болон түүний хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэл сонгон хэрэглэх боломжтой гэж үзэж байна.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй, яллах болон цагаатгах талын нотлох баримтыг аль алиныг цуглуулах үүргээ бүрэн гүйцэтгээгүй, анхан шатны шүүхээс даалгасан мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй байхад хэргийн эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

“Залилах” гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд нь бусдын эд хөрөнгийн итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ буцаан өгөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн харилцаанаас ялгагдана. Шүүгдэгч хохирогч нарын хооронд хийгдсэн тохиролцоо нь хэлбэр талаасаа иргэний эрх зүйн харилцаа мэт харагдах боловч шүүгдэгч нь гадаад улсад ажиллаж, амьдардаг байдлаараа тэдний итгэлийг олон, хямдралаас бараа олж өгөн, илгээх тохироо нь хэрэгжиж байгаа мэтээр ойлгуулаад мөнгө шилжүүлүүлэн авч байгаа нь уул гэмт хэргийн үндсэн шинжид хамаарна. Шүүгдэгч нь барааг бусад хүмүүсээр илгээсэн мэтээр хохирогч болон түүний эхнэрт нь ойлгуулан цаг хугацаа авах эсвэл “...миний бараагаа явуулсан хүмүүс нь барааг хүлээлгэн өгөөгүй байна тэднийг шалгаж, мэдүүлэг авч өгнө үү...” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилго бүхий үйлдлээс шалтгаалан түүний үйлдсэн “залилах” гэмт хэргийн шинж үгүйсгэгдэхгүй юм.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдолд дурдагдсан бараа илгээсэн гэх хүмүүсийг энэ хэрэгт гэрчээр оролцуулах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүй бөгөөд давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг иш татан шийдвэрийнхээ үндэслэл болгох, тогтоогдоогүй нөхцөл байдалд дүгнэлт хийх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” хэмээн шударга ёсны зарчмыг хуульчилж өгсөн. Шүүгдэгчид оногдуулж буй эрүүгийн хариуцлага нь түүний үйлдэлд нь тохирсон, оновчтой байснаар энэ зарчмын бодит хэрэгжилтийн илэрхийлэл болно.

Өөрөөр хэлбэл, шүүх гэмт хэргийн нийгмийн хор аюул, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тохирсон ял оногдуулснаар шударга ёсны зарчмын хэрэгжилтийг хангана.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулдаг бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээнд хамаарна.

Ийнхүү гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүх ялыг оногдуулахдаа тухайн хэргийн хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага болон хохирол, хор уршиг арилсан эсэхийг харгалзана.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн төрлийн ялаас хорих ялыг сонгож, шүүгдэгч О.Н-д 1/нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан нь дээр дурдсан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчим, ял оногдуулахдаа харгалзан үзэх хүчин зүйлсэд нийцсэн байна.

Шүүгдэгч О.Н-ын хүүхэд болох Т-н Н- нь 2018 оны 11-р сарын 18-ны өдөр төрсөн бөгөөд эцэг Д.Т-гаар овоглодог төдийгүй шүүгдэгч нь гэрлэлтээ цуцлуулсан, түүний асрамжид хүүхдийг үлдээсэн гэх баримт авагдаагүй тул “...бага насны хүүхэдтэй түүнийг асрах хүнгүй тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Н-, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч О.Н-ыг шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Шүүгдэгч О.Н- нь хохирогч С.Ч-т 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хохирлоос 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг төлсөн болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/281 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Н-, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Шүүгдэгч О.Н- нь хохирогч С.Ч-т хохирол төлбөрөөс 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-ын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 60 /жар/ хоног цагдан хоригдсоныг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ОДОНЧИМЭГ

                             ШҮҮГЧ                                                        П.ГАНДОЛГОР

                             ШҮҮГЧ                                                        Г.МӨНХТУЛГА