| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2403008050675 |
| Дугаар | 2026/ДШМ/362 |
| Огноо | 2026-03-27 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | А.Марал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2026/ДШМ/362
2026 03 27 2026/ДШМ/362
О.С-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Марал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа,
шүүгдэгч О.С-, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2403 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.С-д холбогдох эрүүгийн 2403008050675 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ө- овгийн О-гийн С- /РД: РО-/, 1955 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 70 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ......., ял шийтгэлгүй,
Мөн осол гаргасан даруйдаа эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй хэргийн газраас хөдөлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах; г/тухайн ослын талаар цагдаагийн /ажилтан/-д яаралтай мэдэгдэх” үүргийг биелүүлээгүй хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокуророос: О.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч О.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6/зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3/гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч О.С-ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3/гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1/нэг/ жил 3/гурав/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх” зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С- зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1/нэг/ хоногийг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-оос 6,306,607/зургаан сая гурван зуун зургаан мянга зургаан зуун долоо/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б- овогт Н-ын Э-д олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-оос хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 5,940,000 /таван сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-д олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.С-оос 13,289,760/арван гурван сая хоёр зуун наян есөн мянга долоон зуун жар/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/Төрийн сан банк дахь 090090100900020080 дугаартай данс/-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн тээврийн хэрэгслийн гэрлийн /бүрхүүл/ хагархай бүхий 5 хэсэг өнгөгүй, хуванцар зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD /СиДи/, хавсарган ирүүлсэн 1 ширхэг CD /СиДи/, нийт 2 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч О.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э- давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр стандартын шаардлага хангаагүй гэрэлтүүлэг муутай автомашиныг Замын хөдөлгөөний дүрэм зөрчин жолоодон явахдаа давхар хурд хэтрүүлж, зам хөндлөн гарч явсан хүнийг үзэлгүйгээр, урдуур нь явган зорчигч зам хөндлөн гарч явж дуусаж байх мөчид нь баруун талаараа мөргөж осол гаргасны улмаас хүнд гэмтэл учирч, 80 хоног эмчлүүлэн амь нас хохирсон. Түүнчлэн осол гаргамагцаа хэргийн газраас зугтаж, эмнэлгийн болон цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Эмнэлгийн тусламжийг хугацаа хоцорч авсны улмаас биеийн байдал хүндэрч, ухаан орж чадаагүй, бидэнтэй ярилцаж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзсэн харамсаж баршгүй гарз тохиосон. Миний аав хүйтэнд цочимтгой, бээрэг хүн атал 2024 оны 09 дүгээр сарын 26-ны шөнийн 22 цагаас 00:00 цаг орчимд хөрсөн дээр цочир хүйтэрсэн, өвлийн урь орсон намрын хүйтэн салхинд, хээр газар, эмнэлгийн тусламжгүй, хүйтэн зам дээр ганцаараа 2 цаг орчим хэвтэхэд ямар их шаналал мэдэрснийг төсөөлөхөд бэрх юм. Улмаар Анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоолын 1 дэх хэсэгт гэм буруугийн талаар үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт шүүгдэгчид “зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч нь мөргөсөн хүнийхээ царай төрхийг нэг ч удаа хараагүй, эмнэлэгт байхад нь эргэж ирээгүй, оршоох үйл ажиллагаанд тус дэм үзүүлээгүй, хүн чанаргүй, хүний мөсгүй, тоомжиргүй хандсаар ирсэн. Мөн шүүгдэгчийн учруулсан хохирол арилах боломжгүй, хүний амь нас эргэж сэргэхгүй, мөнгөн дүнгээр учирсан хохирлыг ч мөн бүрэн барагдуулаагүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч нь 2 удаагийн гэмт үйлдэлтэй тул “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх шаардлагыг хангаагүй. Хэрэв ослын дараа эмнэлгийн тусламж дуудаж, зохих арга хэмжээ авч, хүн чанартай хандсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой юм. Гэтэл осолд орсон хүнийг эмнэлгийн тусламж дуудалгүйгээр, хэргийн газраас зугтсан нь бие даасан гэмт хэргийн шинжтэй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болж чадахгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан тул шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохироогүй, шударга ёсны зарчимд нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 8 дахь хэсэгт “Иргэний хуулийн 497.1, 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 5,940,000 төгрөгийг гаргуулах”-аар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 511.5 дахь хэсэгт нийцээгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заасан тул сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 511.5-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх дүнгээр тогтоож өгнө үү. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2403 дугаар шийтгэх тогтоолын гэм буруугийн талаар шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээж, оногдуулсан ял, хохирлын талаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-гийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлага хангахгүй байна. Тэгэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөх нь зүйтэй. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд иргэний хариуцагчийг үндэслэлтэй тогтоогоогүй. Шүүгдэгч О.С-ын унаж явсан Б- УБГ гэх улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэрэгт биетээр болон хуулбар хэлбэрээр авагдаагүй. Банк бус санхүүгийн байгууллагатай Д-, Б- нар гэрээ байгуулж уг тээврийн хэрэгслийг худалдаж авсан боловч уг тээврийн хэрэгсэл хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй юу, эсхүл гэрээ байгуулсан хүний нэр дээр бүртгэлтэй эсэх талаарх нотлох баримт тогтоогдоогүй тул иргэний хариуцагчийн асуудлыг тогтоосон хууль зүйн үндэслэлгүй байна. Мөрдөгч иргэний хариуцагчаар Б.Д- гэх хүнийг тогтоож мэдүүлэг авсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирол хор уршиг барагдуулахтай холбоотой асуудлаар иргэний хариуцагчаас гаргуулах талаар дүгнэлт хийгээгүй. Нөгөөтэйгөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд зааснаар талуудад шүүх хуралдааны товыг 3 хоногийн дотор мэдэгдэнэ гэж заасны дагуу хэргийн оролцогчид хамаарах ёстой. Анхан шатны шүүх хуралдааны товыг иргэний хариуцагчид мэдэгдээгүй, иргэний хариуцагчийг шүүх хуралдаан оролцуулахгүйгээр шийдвэрлэснээр иргэний хариуцагчтай холбоотой гарах шүүхийн дүгнэлтийг орхигдуулснаар хохирогчийн хууль ёсны эрх сэргэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолд дурдагдсан сэтгэцэд учирсан эдийн бус хохирлыг барагдуулах, хэргэвэл зохих хуулийг хэрэглэхгүй шийдвэрлэсэн хууль хэрэглээний зөрчил болсон. Хохирогч нас барсан тохиолдолд сэтгэцэд хохирол учирсан эсэх талаар дүгнэлт гаргаж улмаар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтад зааснаар шийдвэрлэх талаар хууль хэрэглээний тогтсон жишгийг Монгол Улсын Дээд шүүхээс тогтоосон. Анхан шатны шүүхээс гэм бурууг тогтоож хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байна гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримталсан. Дээрх хуулийг баримтлах хууль зүйн үндэс бүрдээгүй. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.С-ын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ: “...Хохирогчийн талаас хоёр үндэслэлээр гомдол гаргасан байна. Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасныг мөн хохирогчийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай байдлыг харгалзан үзсэн. Шүүх иргэний хариуцагчаас гаргах шаардлага байхгүй хохирогчоос гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж заасан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтад “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан. Энэ талаар асуудлыг шүүх нэг мөр шийдвэрлэж чадахгүй байна. Монгол Улсын Дээд шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийг дээрх хуулийн зүйл заалтад зааснаар шийдвэрлэх нь зөв талаарх тогтоолыг 2025 оны 12 дугаар сард гаргасан. Уг тогтоолын үндэслэж байгаа гэж ойлгосон. Гэтэл иргэний хэрэг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг дээр учирсан хор уршгийн зэрэглэлийг иргэний журмаар нэхэмжлэхээр заасан. Гэтэл иргэний журмаар нэхэмжлээд явахад 3 шатны шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр шийдвэрлэсэн. Гэтэл иргэний хэрэг болон эрүүгийн хэрэг нэг хуулийг хэрэглэж байгаа. Гэтэл дээрх хуулийн заалтыг нэг мөр хэрэглэж хэвшээгүй байна. ...” гэв.
Прокурор А.Марал тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан. 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хэрэг гарснаас хойш нэг сарын дараа хэргийг шүүхээр хянан хэлэлцүүлсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар хохирол нэхэмжлээгүй. Харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд баримт гаргаж өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол нь 2 дугаар зэрэглэлээр тогтоосон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлснээр нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээс 9 дахин нэмэгдүүлснээр шийдвэрлэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэсэн. Хууль зүйн дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 3.8-д зааснаар тухайн гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсан эсэхэд дүгнэлт хийсэн. Зам тээврийн осол гаргах шалтгаан, жолоочийн буруутай үйлдэл хэр хэмжээ, хохирогчийн буруутай үйлдэл ажиллагаа байсан эсэх талаар үндэслэлтэй дүгнэлт хийж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргуулснаар шийдвэрлэснийг прокуророос үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хариуцагчийг буруу тогтоосон талаар тайлбартаа дурдаж байна. Гэтэл Монгол улсын замын хөдөлгөөнд оролцож байгаа. Тээврийн хэрэгслийг ихээхэн хувь нь Банк бус санхүүгийн байгууллын нэр дээр бүртгэлтэй, зөвхөн унж явах талаар гэрээ байгуулсан байдаг. Гэрээнд заасны дагуу иргэний нэхэмжлэлээр татаж оруулсан байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол дээр маргахгүй байна. Харин сэтгэцэд учирсан хохирол дээр гомдолтой байгаа гэдгийг илэрхийлсэн. Сэтгэцэд учирсан хохирлыг буруутай этгээд төлдөг учраас шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.С-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч О.С- нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 23 цагийн орчимд, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эмээлтийн замд, Мон-Суль ШТС-ын зүүн хойд замд “Тоёота приус” маркийн Б- УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг ар талын оврын гэрэл асахгүй болсон хориглоно”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч болох 58 настай, эрэгтэй Д.Н-ыг мөргөж, амь насыг нь хохироосон, уг хэргийн газрыг санаатайгаар орхин явсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э- “...ял шийтгэл хөнгөдсөн... сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлөх төлбөрийн хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх дүнгээр тогтоож өгнө үү... шийтгэх тогтоолын гэм буруугийн талаар шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээж, оногдуулсан ял, хохирлын талаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны шаардлагыг шүүхээс оногдуулсан ял хэрхэн хангаж байгаа болохыг дүгнэх нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд нийцэж гарсан болохыг илэрхийлэхийн зэрэгцээ хуульд заасан ялын төрлүүдээс тухайлан сонгосон үндэслэл, тусгай ангид заасан интервалаас ямар хэмжээг сонгон авсан шалтгаанаа заавал тайлбарлахыг шаарддаг.
Ийнхүү гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүх ялыг оногдуулахдаа тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага болон хохирол, хор уршиг арилсан эсэхийг харгалзана.
Анхан шатны шүүх шүүгдэгч О.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа хамгийн бага хугацаа болох 1/нэг/ жилийн хугацааг сонгосон үндэслэлээ дээрх зарчмуудад тулгуурлан нотлох баримтуудад үндэслэн тайлбарлаагүй байна.
Өөрөөр хэлбэл, зам тээврийн осол болсон тохиолдолд тухайн осолд буруутай эсэхээс үл хамааран жолооч нь осол нэрвэгдсэн хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, төрийн зохих байгууллагад шуурхай мэдэгдэх үүргийг замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн атлаа энэ үүргээ санаатайгаар эс биелүүлэн хохирогчийг амь тэнссэн байдалтайгаар хэргийн газарт үлдээн явсан хэргийн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр тухайн зүйл хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг хамгийн бага хугацаагаар оногдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй шийдвэр болжээ.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан... бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заажээ.
“Тоёота приус” маркийн О- УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн хууль ёсны өмчлөлд хамаарахгүй, Б.Д-ийн нэрээр “Easy Car” лизинг ХХК-аас зээлээр худалдан авч, шүүгдэгчийн хүргэн болох Д.Б- эзэмшиж, ашигладаг болох нь “Easy Car” лизинг ХХК-ний албан бичиг/1хх-ийн 69/, Д.Б-гийн “...аавтайгаа хамтран ББСБ-аас зээлээр авсан. Би авсан цагаасаа хойш унаж хэрэглэдэг...эхнэрийн ажлыг жигдэртэл манай бага хүүг эмээ, өвөө нь хараад өгье гэсэн... хүүхдүүдийг сургуульд нь зөөж байг гээд машинаа аавд өгсөн...” гэх мэдүүлгээр/1хх-ийн 85/ тогтоогдсон.
Гэтэл мөрдөн байцаалтын болон анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хариуцагчийг тогтоон оролцуулаагүйгээс шалтгаалан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хамтран хариуцвал зохих асуудлыг шийдвэрлэх боломжгүй, Иргэний хуулийн дээрх зохицуулалтын хэрэглээгүй нөхцөл байдал бий болсон байна.
Мөн, Иргэний хуулийн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэх, эсхүл хүн амын дундаж наслалт болон нас барсан хүний насны зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлэхийн аль ашигтайгаар нь тогтоохоор хуульчилсан.
Үүнийг гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тохиолдолд гэмт хэргийн төрөл, ангилал, гэм буруугийн хэлбэр зэргээс үл шалтгаалан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг харгалзахгүй, урьдач нөхцөлгүйгээр гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг дээрх байдлаар мөнгөн хэлбэрээр тооцон түүний гэр бүлийн гишүүдэд нэг удаа тооцон олгохоор хууль тогтоогч хоёрдмол утгагүйгээр тодорхойлсон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, хохирогч, шүүгдэгчийн хувийн байдал, нас, хүйс, боловсрол, ажил мэргэжил, эрүүл мэндийн байдал, нэр төр, амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл харгалзахгүйгээр нөхөн төлбөрийг дээрх 2 аргачлалын хохирогч талд аль ашигтай хувилбараар тооцон мөнгөн дүнгээр гаргуулах нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтад нийцэхээр байна.
Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор тайлбарласан.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амь хохирогчийн гэр бүлийн гишүүн биш төрсөн хүү Н.Э-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилон оролцуулж улмаар түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн 2025 оны 06-р сарын 04-ны өдрийн 1201 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2 дугаар зэрэглэлд хамаарахаар тогтоон /1хх-ийн 243/ анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 9 дахин нэмэгдүүлж 5,940,000 төгрөгөөр тооцон түүнд олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсгийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй байдлаар тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Хэдийгээр төрөл, садангийн болон төрсөн үрчлэн авсан үр хүүхдийг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зөвшөөрсөн боловч гэр бүлийн гишүүн гэсэн ойлголтод хамаарахгүй бол өөрт учирсан сэтгэцийн хор уршгийг нэхэмжлэн авах эрх үүсэхгүй юм.
Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, шүүгдэгч О.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-гийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2403 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Шүүгдэгч О.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА