Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/01309

 

 

 

 

 

 

Э.Ж-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/02073 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Ж-гийн хариуцагч В- ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Э.Ж- нь хариуцагч В- ХХК-ийн барьж буй Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Дүнжингарав-2 хотхонд 5 дугаар давхарт 13 тоот 89,98 м.кв орон сууцыг, авто зогсоолын хамт 161,968,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож 2012 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 2-13 тоот захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч Э.Ж- нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч В- ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны 1205026727 тоот данс руу 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Уг төлбөрөөс 2014 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 30,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Ж-д буцаан шилжүүлсэн. Хариуцагч тал нь дээрх гэрээнд заасан орон сууцыг нэхэмжлэгч талын өмчлөлд шилжүүлж өгөөгүй, өөр этгээдэд зарсан байдаг бөгөөд 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өмнө нь захиалсан Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Дүнжингарав-2 хотхонд 5 дугаар давхарт 13 тоот 89,98 м.кв орон сууцыг өөр компанийн өөр орон сууцаар солих тухай Орон сууц захиалсан түр гэрээ-г Монголиан энд Глобал Лоёорс ХХК, В- ХХК болон нэхэмжлэгч Э.Ж- нар гуравласан гэрээ байгуулж байсан боловч гэрээний үүрэг биелэгдээгүй болно. Мөн хариуцагч тал 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 19/105, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 19/128 тоот албан бичгүүдээр Монголиан энд глобал лоёорс ХХК руу 201 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан орон сууц захиалсан түр гэрээг цуцалж байгаагаа мэдэгдсэн байсан бөгөөд уг албан бичгүүдийн эх хувь нь нэхэмжлэгчид байхгүй, нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд өгөх боломжгүй байна. Энэхүү нэхэмжлэлийг өмнө нь гаргасан боловч танай шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16628 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-т зохигчийн маргаж байгаа зүйл түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэсэн үндэслэлээр Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг ба Ти си би ХХК-ийн нэхэмжлэлтэй В- ХХК, Оймон ХХК-уудад холбогдох иргэний хэрэг Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01386 дугаар тогтоолоор эцэслэгдэж шийдвэрлэгдэж дууссан. Өөрөөр хэлбэл танай шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16628 тоот захирамжид дурдсан нөхцөл байдал бүрэн арилсан тул ийнхүү дахин нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд гэрээ цуцлагдсантай холбогдуулан В- ХХК-аас 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Э.Ж-гийн В- ХХК-д холбогдуулан гаргасан 50,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Э.Ж- нь Т- ХХК-ийн захирал бөгөөд тухайн компанитай В- ХХК 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр халаалтын зуух, хэрэгцээний халуун усны ялтсан бойлер, хүйтэн усны зангилааны угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээг байгуулах үед төлбөрийн зарим хэсгийг Э.Ж-гийн байр захиалсан 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн захиалгын гэрээний төлбөрт тооцохоор тохиролцсон. Уг ажлыг Т- ХХК гүйцэтгэсэн боловч гэрээгээр гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй, чанаргүй уурын зуухнаас болж жил хүрэхгүй хугацаанд баталгаат хугацаанаас өмнө ажиллаагүй эвдэрч, оршин суугчдыг хүйтний улиралд хүнд байдалд оруулсан. Дээрх байдлаар чанарын шаардлага хангахгүй уурын зуухыг нийлүүлснээс түүнийг засварлахад зориулж их хэмжээний зардал гаргасан, дараа нь дахин эвдэрч засварлагдах боломжгүй болсон тул хотхоны оршин суугчдын эрх ашгийн үүднээс айл тус бүрд нь компанийн зүгээс бойлуур тавьж өгч дахин хохирсон. Байрны төлбөрийн үлдэх хэсэг болох 100,000,000 төгрөгийг Э.Ж- төлсөн байсан. Байрыг авахааргүй болсон гэсэн тул 50,000,000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд хоёр удаагийн гүйлгээгээр буцаан шилжүүлсэн. Харин үлдэх 50,000,000 төгрөгийг манай компанид учруулсан хохирлын төлбөрт суутгахаар тохиролцсон. 2014 оноос хойш 2021 оныг хүртэл 7 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар нэхэмжилж байгаагүй нь тухайн үеийн тохиролцоог нотолж байна. Талууд захиалгын гэрээг байгуулсан. Байгуулахдаа төлбөрийн нөхцөлийг бартераар хийхээр тохиролцсон. Арилжаа буюу ажил үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлөгдөнө гэсэн тохиролцоотой байсан байна. Гэтэл энэ гэрээ хийгдсэнээс хойш буюу 1 жил 3 сарын дараа 100,000,000 төгрөг төлсөн тухай баримт гарч ирдэг. Энэ мөнгийг В- ХХК-ийн данс руу шилжүүлсэн шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр Э.Ж-гаас байрны төлбөр гэж хийсэн боловч орон сууцны байрлах дүүрэг, тоот хаягийн мэдээлэл нь зөрүүтэй болоод явчихсан. Нэхэмжлэгч талаас гэрээний үнийн дагуу 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж байгаа боловч гэрээний үнийг бартераар төлөхөөр тохиролцсон байсан. 100,000,000 төгрөг төлөгдсөнөөс хойш 4 хоногийн дараа буцаагаад 20,000,000 төгрөг, 14 хоногийн дараа 30,000,000 төгрөгийг буцаагаад шилжүүлчихсэн байгаа юм. Энэ үйл баримт дээр маргахгүй байгаа. Гуравласан гэрээ байгуулагдсан байгаа энэхүү гэрээг нэг гэрээний үргэлжлэл гэж үзэх ямар ч боломжгүй. Учир нь хаягийн мэдээлэл, талууд нь бас өөр болоод явчихсан байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иш татаж байгаа хоёр баримт байгаад байгаа. Монголиан энд Глобал Лоёорс ХХК руу В- ХХК-аас явуулсан албан бичиг дээр 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн иргэн Э.Ж- болон Монголиан Энд Глобал Лоёорс ХХК, В- ХХК нарын хооронд байгуулагдсан гурван талт гэрээг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан өөр гэрээ гараад ирчихсэн, захиалгын түр гэрээг дараах шалтгааны улмаас цуцалж байна гэж мэдэгдсэн байгаа юм. Гэтэл нэхэмжлэгчийн яриад байгаа цуцалсан гэсэн гэрээ байхгүй. Хоорондоо ямар ч холбоогүй зүйлийг хооронд нь холбон тайлбарлаж ярьж байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ хангалттай нотолж чадахгүй байна. Гэрээний дагуу шаардах эрхийг бусдад шилжүүлсэн байгаа. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч В- ХХК-аас 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Ж-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Э.Ж-, Т.Мөнхбаяр нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр эсэх, мөн нэхэмжлэгч Э.Ж- болон хариуцагч В- ХХК-уудын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн захиалгын гэрээнд шаардах эрхээ шилжүүлэхийг хориглосон зохицуулалт байсан эсэхийг шалгахгүй, хууль зүйн дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Э.Ж- болон хариуцагч В- ХХК-уудын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн захиалгын гэрээний 4.2-т захиалагч тал төлбөрөө 100 хувь төлөхөөс өмнө тухайн байрыг худалдах, барьцаалах, бусдад бэлэглэх эрхгүй гэсэн зохицуулалт байдаг бөгөөд энэ нь гуравдагч этгээдэд шилжүүлэхээр бол Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэг Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дэзр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно. гэж заасны дагуу В- ХХК-аас зөвшөөрөл авч байж шаардах эрхээ шилжүүлэх ёстой юм. Гэтэл хэргийн бодит нөхцөл байдалд Э.Ж- нь Т.Мөнхбаярт эрхээ шилжүүлэхдээ хариуцагч талаас зөвшөөрөл аваагүй, эрх шилжүүлж байгаагаа хариуцагч талд огт мэдэгдээгүй байдаг. Нэхэмжлэгч Э.Ж- нь ийнхүү мэдэгдээгүй, хариуцагч талаас зөвшөөрөл аваагүй учраас шаардах эрх хуульд заасны дагуу Т.Мөнхбаяр шилжээгүй гэж үзсэн учраас 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч тал руу Э.Ж- өөрөө шилжүүлсэн 100,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгийг хариуцагч талаас Э.Ж- өөрөө нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхэд гэрч Т.Мөнхбаяр мэдүүлэхдээ би мөнгийг В- ХХК руу шилжүүлээгүй, мөнгийг Э.Ж-д өгсөн учраас Э.Ж-гаас мөнгөө буцааж авна гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Т.Мөнхбаяр болон хариуцагч В- ХХК-уудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, Э.Ж-, Т.Мөнхбаяр нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан Эрх шилжүүлэх гэрээ хуульд заасан шаардлага хангахгүй тул Т.Мөнхбаяр нь В- ХХК-аас шаардах эрхгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн. Э.Ж- болон Т.Мөнхбаяр нарын хооронд байгуулагдсан эрх шилжүүлэх гэрээний хүчин төгөлдөр эсэхийг шүүх шалгаагүй гэж гомдолдоо дурдсан байна. Гэтэл Э.Ж- нь В- ХХК-аас мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Э.Ж- болон Т.Мөнхбаяр нарын хооронд байгуулагдсан гэрээ энэхүү хэрэг маргаанд хамааралгүй. Шаардлагатай гэж үзвэл Э.Ж- болон Т.Мөнхбаяр нар нь өөрсдөө тусдаа тус гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудлын талаар маргаан үүсгэх боломжтой. Т.Мөнхбаяр нь гэрчээр асуугдахдаа Би эрх шилжүүлэх гэрээгээ буцаагаад Э.Ж- руу шилжүүлээгүй. В- ХХК орон сууцаа авах талаар эхлээд хүүдээ итгэмжлэл өгч нэхэмжлэл гаргасан. Одоо би өөрөө нэхэмжилнэ гэж мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүх Э.Ж-г нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Э.Ж- нь хариуцагч В- ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 50,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

3.а.Зохигчид 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2-13 тоот захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч В- ХХК нь Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Дүнжингарав 2 хотхон, 5-р давхар, 13 тоот, 89,98 м.кв талбай бүхий, 3 өрөө, орон сууцыг гараашийн хамт 161,968,000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч Э.Ж- нь орон сууцны үнийг төлж, хүлээн авахаар тохиролцон, нэхэмжлэгч нь 100,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь талуудын тайлбар, захиалгын гэрээ, Голомт банк-ны орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 6-7-р тал/

 

3.б.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Талууд дээрх байдлаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч тус гэрээ хэрэгжээгүй үйл баримт тогтоогджээ. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор талууд гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Э.Ж- нь хариуцагч В- ХХК орон сууцыг бусдад худалдсан, өмчлөх эрхийг надад шилжүүлээгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, улмаар гэрээний дагуу шилжүүлсэн 100,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг буцаан авч, үлдсэн 50,000,000 төгрөгийг нэхэмжилсэн.

 

3.в.Тодруулбал, хариуцагч В- ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Ж-д буцаан шилжүүлсэн болох нь талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон байна.

 

3.г.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үлдэх 50,000,000 төгрөгийг хохиролд тооцохоор талууд тохиролцсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх агуулгатай тайлбар гаргасан бөгөөд шүүх талуудын маргаж буй асуудлын хүрээнд дүгнэлт хийх учиртай. /хх-ийн 46, 91-92-р тал/

 

3.д.Нэхэмжлэгч Э.Ж- нь Т.Мөнхбаяртай 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулж, 2-13 тоот захиалгын гэрээний дагуу захиалагчийн эрх, үүргийг Т.Мөнхбаярт шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд анхан шатны шүүх дээрх гэрээг үндэслэн, захиалгын гэрээний эрх, үүрэг Т.Мөнхбаярт шилжсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу байна. /хх-ийн 76-р тал/

Өөрөөр хэлбэл, хариуцагч В- ХХК нь 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Ж-д буцаан төлсөн байгаагаас үзвэл эрх шилжүүлэх гэрээ байгуулах үндэслэл болсон захиалгын гэрээнээс талууд татгалзсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Ж- нь үлдэгдэл 50,000,000 төгрөгийг хариуцагч В- ХХК-аас шаардах эрхтэй. Тодруулбал, хариуцагч В- ХХК нь захиалгын гэрээнээс татгалзсан нөхцөл байдлыг зөвшөөрч, төлбөрийг нэхэмжлэгч Э.Ж-д өөрт нь буцааж төлсөн, энэ тохиолдолд нэхэмжлэгч Э.Ж-, Т.Мөнхбаяр нарын байгуулсан эрх шилжүүлэх гэрээ хариуцагч В- ХХК-ийн хувьд ач холбогдолгүй гэж үзнэ.

 

3.еТүүнчлэн, хариуцагч В- ХХК нь захиалгын гэрээний үүргийг Т.Мөнхбаярын өмнө гүйцэтгэсэн гэх байдал болон 50,000,000 төгрөгийг хохиролд тооцохоор тохиролцсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт татгалзал, тайлбараа нотлоогүй байна.

 

4.Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч В- ХХК-аас 50,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Ж-д олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/02073 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч В- ХХК-аас 50,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Ж-д олгосугай. гэж,

2 дах заалтын ... үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч В- ХХК-аас 407,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ж-д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Г.ДАВААДОРЖ