Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2026/ДШМ/250

 

2026           03              04                                                                         2026/ДШМ/250

  М.Э-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Ууганбаяр /томилолтоор/,

шүүгдэгч М.Э- /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Адалбек,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2502007080491 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн М-ы Э-, /РД:УМ-/, 2004 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......./ , урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч М.Э- нь 2025 оны 07 дугаар сард Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын ll жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 468.3 /468.3136/ грамм ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, улмаар дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг 2025 оны 07 дугаар сараас 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн биедээ болон Баянгол дүүргийн 28 дугаар хороо, М- дүгээр байрны “М-” гэх үсчний газарт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: М.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М.Э-г НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын ll жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabino/-н агууламжтай 468.3 /468.3136/ грамм ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э-д 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч М.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн гялгар ууттай 407.8 грамм жинтэй ургамал, улаан алаг өнгийн гялгар ууттай 35.6501 грамм жинтэй ургамал, цэнхэр алаг өнгийн гялгар ууттай 24.8635 грамм жинтэй ургамлыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгаж, устгасан баримтын жагсаалтыг шүүхэд ирүүлэхийг, АТ6272928 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол Банканд хүргүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Э- давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч М.Э- би энэ гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд хамт ажилладаг ах нар болох Э-ын А- /8А-, 9А-/, Б- нарын хадгалсан өвсийг миний өвс гэж хэрэг хүлээлгэж, ял авсандаа харамсаж, энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... Тухайн өдөр би найз охин болох Г-тай маргалдчихсан байсан. Парк дээр уулзаж эвлэрье гэсэн боловч манай найз охин уурлаад, намайг орхиод явсан. Улмаар би 10 дугаар хороололд байдаг үсчний газартаа очиж, өөрийнхөө гарыг хайчаар зүссэн. Би гараа зүссэн талаар найз охиндоо хэлэх гэсэн боловч манай найз охин утсаа аваагүй. Улмаар би Г-ын найз болох Э- рүү инстаграм чатаар гарынхаа зургийг явуулаад, “...би гараа гэмтээчихлээ, чи Г-д хэлээд өгөөч гэхэд “....М.Э- асуудалд орчихсон юм шиг байна, чи өөрөө очихгүй юмаа гэхэд түргэн дуудаад өгөөч...” гэсэн байсан. Манай найз охин 10 дугаар хороололд байдаг үсчний хаягаар түргэн дуудахад эхэлж цагдаа нар ирсэн. Намайг үсчний газарт өвс байгаа гэдгийг мэдээгүй байхад нэгжлэг хийж, энэ тэндээс маш их өвс гарч ирсэн. ... 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-ны өдөр шилжих шөнө цагдаа нар надаас мэдүүлэг авсан. Би мэдүүлэхдээ “…тухайн үед ах нарыг Урьханы тэнд байдаг Баянчандмань гэх сумаас өмнө тухайн өвсийг түүж байсан, тэнд ургадаг гэдгийг сонссон, тухайн газраас өвсийг түүсэн...” талаар хамгийн анхны мэдүүлэгтээ хэлсэн. 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр н.А- гэх хүний бараагаа хураадаг агуулахад ах нар бүгдээрээ цуглаад, манай найз охин Г- бид хоёрыг дуудаж, үг зааж өгсөн. Олуулаа үйлдсэн гэж хэлбэл бүлэглэж үйлдсэн гэж үзэж, хэрэг чинь хүндэрнэ. Нэгэнт чи өөрөөсөө болж ийм асуудал орсон тул хэргээ өөрөө хүлээ гэж зарим нь эвээр, зарим нь уурлаж хэлсэн. ... Тэр ах нар “...энэ өвсийг бид нарын өвс гэдгийг ар гэртээ болон өмгөөлөгч, мөрдөгч нарт хэлж болохгүй. Чиний анхны хэрэг учир хорих ял авахгүй, зорчих эрх хязгаарлах ял авна...” гэж надад хэлсэн. Би тухайн үгнүүд нь итгэж, өмгөөлөгч болон ар гэртээ хэлэхгүй явсаар 1 жил 6 сарын хорих ял авсандаа маш их харамсаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Адалбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Хавтаст хэргийн 11-19 дүгээр хуудсанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд авагдсан. 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хойшлуулшгүй ажиллагаа хийхдээ эхэлсэн цаг тодорхойгүй, дууссан цагийг 11 цаг 07 минут гэж тэмдэглэсэн. Хөндлөнгийн гэрчээр Г-ыг 2 удаа бичиж, гарын үсэг зуруулсан байсан. Үүнийг анхан шатны шүүх шинжлэн судлахдаа нотлох баримтыг хүрээнд үнэлсэн. Хэргийн газрын үзлэгийн хойшлуулшгүй ажиллагаагаар хийж болно. Гэвч үзлэгээр юу ч хурааж аваагүй. Ямар нэгэн зүйл хурааж авсан тохиолдолд эд зүйл хурааж авсан тогтоол байх ёстой. Гэтэл 4 зүйл хурааж авсан талаар прокурор яриад байдаг. Энэ талаарх тогтоол хэрэгт байхгүй. Дуудлага өгсөн гэрч Г-ыг шөнөжингөө байлгаж мэдүүлэг авсан байсан. Мэдүүлэг авахдаа он сар, өдөр нь зөрүүтэй, 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 12 цаг 18 минутад эхлээд 12 цаг 43 минутад дууссан мэдүүлэг байсан. Г-аас чи яагаад шөнөжин цагдаа дээр байсан юм бэ гэж асуухад, “...намайг явуулахгүй байсан. Тухайн үед би сандарсандаа М.Э- хар тамхи хэрэглэдэг үү гэхээр нь хэрэглэдэг...” гэж хэлсэн гэдэг...” гэв.

Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр, хэвээр үлдээж өгнө үү гэх байр суурьтай оролцож байгаа. Анхан шатны шийтгэх тогтоолд Г-аас гаргасан гомдол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, М.Э-гийн биеэс биологийн дээж авсан, Г-ын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тухай тогтоол, шинжээчийн дүгнэлт, Шүүх сэтгэц судлалын дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн яриад буй Н.Г-ын мэдүүлэг, М.Э- гэрчээр авсан мэдүүлэг, хойшлуулшгүй ажиллагааны он сар, өдөр зөрүүтэй байдал зэргийг үндэслэж анхан шатны шүүх шийдвэрээ гаргаагүй гэж үзэж байна. Гэрч Г-ын шээснээс шинжилгээ авсан гэж байна. Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа хойшлуулшгүйгээр явуулж буй нэг ажиллагаа. Хууль зөрчсөн асуудал байхгүй. А-, Б- гэх этгээдүүдийн тухай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад яригдаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эдгээр этгээдүүдийн талаар дурдагдаагүй, хавтаст хэрэгт энэ тухай үйл баримт авагдаагүй. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хүчингүй болгож, анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч М.Э- нь 2025 оны 07 дугаар сард Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын ll жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 468.3 /468.3136/ грамм ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, улмаар дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг 2025 оны 07 дугаар сараас 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн биедээ болон Баянгол дүүргийн 28 дугаар хороо, М- дүгээр байрны “М-” гэх үсчний газарт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Иргэн Н. Г-аас 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Манай найз залуу өөрийгөө хутгалчихлаа” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл гаргасан тухай тэмдэглэл /хх-ийн 7/,

“....100 төгрөгийн 1 ширхэг дэвсгэрт... цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн өвс мэт зүйл... хар өнгийн гар цүнх байх ба дотор нь улаан өнгийн торон дотор бор өнгийн өвс мэт зүйл байв... ширээний доод талд цагаан өнгийн хайрцгийн дотор талд цэнхэр өнгийн гялгар ууттай бор өнгийн өвс мэт зүйл байна...” гэх мэдээлэлтэй хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-19/,

Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 48-49/,

Хүний /М.Э-/-н биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “....1 дүгээр багана буюу THC /Марихуан/ түвшинд “ИЛЭРСЭН” гэх тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 23-25/,

Гэрч Н.Г-ын “... Би 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ангийнхантайгаа парк орж тоглолт үзэх гэж парк орсон. 20 цагийн үед Э- парк дээр ирж надтай уулзсан 2-3 өдрийн өмнө гараа гэмтээгээд надаар гараа боолгох гээд ирсэн. Тэгээд гарын боож өгөх гэтэл “би чамтай гараа боолгох гэж ирээгүй, хоёулаа нийлье” гэхэд би уурлаад ангийнхантайгаа цуг явсан. Бид хоёр салчихсан байсан. Дотуур байр 22 цагаас хаах болохоор би 21 цаг гээд паркаас гарсан. Манлай над руу баахан чат бичсэн байсан. Би анзаараагүй, Э- гэх манай найз над руу залгаад “Э- асуудалд орчихсон юм шиг байна, чи ядаж түргэн дуудаад өгчих” гэсэн тэгэхээр нь би “за за” гэж хэлээд түргэн дуудсан. Тэгээд би дотуур байр руугаа явж байхад Баянгол дүүргийн цагдаагийн газраас дуудаад Э-н ажлын газар явж очсон. Э- хэрэглэдэг гэдгийг нь мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ЕГО325/6725 дугаар “... 1.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ... №1 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан улаан алаг өнгийн гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан цэнхэр алаг өнгийн гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан Монгол Улсын АТ6272925 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн ІІ жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай бор ногоон өнгийн чийгтэй ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 407.8 грамм, №2 гэж дугаарласан улаан алаг өнгийн гялгар ууттай бор ногоон өнгийн чийгтэй ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 35.6501 грамм, №3 гэж дугаарласан цэнхэр алаг өнгийн гялгар ууттай бор ногоон өнгийн чийгтэй ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 24.8635 грамм байна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-55/,

Яллагдагч М.Э-н өгсөн “...би өмнөх сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн тул дахин ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл зарчмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Э-гийн хэрэглэх зорилгоор мансууруулах үйлчилгээтэй бодисын агууламж бүхий зэрлэг байдлаар байгальд ургадаг “өвс” гэх хэрэглээний нэршилтэй ургамлыг түүж бэлтгэсэн, өөрийн биедээ болон ажлын байрандаа хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн “...хориглосон сэтгэцэд нөлөөт бодис... худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан...” шинжийг бүрэн хангах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялуудаас 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго төдийгүй шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болсон байна.

          Шүүгдэгч М.Э- нь “... гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд хамт ажилдаг ах нарын хадгалсан өвсийг миний өвс гэж хэрэг хүлээгээд ял авсандаа харамсаж гомдол гаргаж байна. ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан бөгөөд түүний өмгөөлөгч Б.Адалбек “....хэргийн газрын үзлэг болон мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол хууль зөрчсөн... гэрч Н.Г-аас мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчсөн...” гэсэн агуулгатай тайлбарыг гаргажээ.

          “...өөрийгөө хутгалчихлаа...” гэх 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цаг 00 минутын дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газрын үзлэг хийн мансууруулах үйлчилгээтэй бодис бүхий ургамал болон түүнийг хэрэглэхэд ашиглах мөнгөн дэвсгэрт, нэг удаагийн аяга зэрэг эд зүйлсийг илрүүлэн улмаар уг үйл ажиллагаандаа хөндлөнгийн гэрчээр Н.Г-ыг оролцуулсан бөгөөд энэ ажиллагааг прокурорын тогтоолоор хүчинтэйд тооцжээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.7-д “...хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, цуглуулж, бэхжүүлэх...хураан авах, битүүмжлэх, хадгалах...” арга хэмжээг хэргийн газрын үзлэг хийх үедээ мөрдөгч авахаар хуульчилсан.

          Үүнээс дүгнэхэд хэргийн газрын үзлэгийн явцад илэрсэн гэмт хэргийн ул мөр бүхий эд зүйлсийг мөрдөгч хураан авах эрхтэй бөгөөд ийнхүү илэрсэн эд зүйлийг хураан авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлах шаардлагагүй байна.

          Түүнчлэн, хэргийн газрын үзлэг хийхэд заавал хөндлөнгийн гэрч байлцуулах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд журамлаагүй бөгөөд үзлэгийн тэмдэглэлд хөндлөнгийн гэрчээр Н.Г-ыг оролцуулан, гарын үсэг зуруулсан нь энэ ажиллагааны хууль ёсны байдал, үр дүнд илэрсэн нотлох баримтуудын нотолгооны чанарт нөлөөлөхгүй юм.

          Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг уг ажиллагааг хэрэгжүүлэгч албан тушаалтнууд сахин биелүүлээгүй тохиолдол бүр зөрчилд тооцогдох боловч зөрчил бүр нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд тооцогдохгүй, гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан зөрчлүүд тогтоогдвол шүүхийн шийдвэрийн өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохыг тайлбарлах нь зүйтэй.

          Гэрч Н.Г-аас мөрдөгч 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг 18 минутаас эхлэн мэдүүлэг авч 12 цаг 43 минутад дуусгасан талаар тэмдэглэлд тусгасан бөгөөд уг ажиллагааны явцад түүний эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан мэдүүлэг авах журмыг зөрчсөн  гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Шүүгдэгч М.Э- нь 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “...Би хэрэглэх зорилгоор түүсэн. Өмнө сошиал орчин болон кино дээр харж байсан болохоор таниад түүсэн...Би тус өвсийг цаасан дээр ороож байгаад тамхи шиг хэлбэрт оруулаад асаагуураар асаагаад утааг нь сорж хэрэглэдэг...” /хх 94/ гэх мэдүүлгийг сэжигтнээр өгсөн бөгөөд уг мэдүүлгээ үнэн зөв талаар яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө мэдүүлжээ.

          Ийнхүү шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч зэрэг эрх зүйн байдалтайгаар оролцон мэдүүлэг өгөх бүртээ энэ хэргийг өөрт хамааралтай байдлаар мэдүүлж байсан бөгөөд үүнийг үгүйсгэх эсвэл шүүгдэгчээс өөр хүнд хамааралтай, шүүгдэгч бусадтай хамтран үйлдсэн байж болох нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдаагүй байна.

          Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцэлд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хянах боловч анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгох эрх хэмжээ олгогдоогүй болно.

          Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх “...энэ хэргийг би хийгээгүй, өөр хүмүүс үйлдсэн, хэргийг хэрэгсэхгүй болгох...” агуулгатай шүүгдэгч М.Э-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч М.Э-гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 51 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-гийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 51 /тавин нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       С.БОЛОРТУЯА

 

               ШҮҮГЧ                                                                                 Л.ДАРЬСҮРЭН

 

               ШҮҮГЧ                                                                                 Г.МӨНХТУЛГА