| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0195/Э |
| Дугаар | 00209 |
| Огноо | 2018-06-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 00209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба
Улсын яллагч Л.Оюунтуяа
Хохирогч А.Г Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн 1825002010184 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Л.Б-, Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 2 ээжийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 16-04 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ***
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян- Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Тайгер” баарны гадна А.Г-г хавсарч унаган гарыг нь хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч А.Г-н “...Би 2018 оны 03 сарын 10-ны өдөр найз Б-ын хамт Орхон аймгийн Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Казино” бааранд орж суусан. Бааранд нэг шил 0,75 граммын Хар Чингис архи аваад тавуулаа хувааж уусан юм. Бааранд ороход нэг байранд байдаг зүс таньдаг хоёр ахын хамт суусан. Ингээд шөнө баарнаас 01 цаг болж байхад найз Б-ын хамт гарсан хоёр ах бааранд үлдсэн. Тэгсэн яг баарны үүдэнд хэсэг хүмүүс хоорондоо зодоон хийгээд эхэлсэн бөгөөд би харсан чинь манай үеэл дүү Б-ыг нэг махлаг бор өндөр залуу газар унагаасан өшиглөөд зодож байсан. Тэгэхээр нь би хөөе боль гээд өндөр залууг араас татсан чинь шууд эргэж хараад миний баруун мөрнөөс барьж аваад хавсарч газар унагаасан. Ингээд би газар унахдаа зүүн гараараа эвгүй унасан бөгөөд миний зүүн гар их өвдөж гараа даахаа больсон. Тэгсэн хүмүүс маргалдаад барьцалдаад хэрэлдээд байсан. Би гараа даахгүй гар өвдөөд шууд цаашаа явсан бөгөөд бааранд явсан таньдаг дүү Д намайг авч яваад Богд гол гэж баарны үүднээс такси бариад эмнэлэг хүргэж өгсөн. Гарынхаа зургийг авахуулсан чинь зүүн гар хугарсан байна гэж хэлсэн”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 5-6-р хуудас/
2. Гэрч А.Б-ын “...Махлаг бор залуу намайг цохиж эхэлсэн бөгөөд араас нь баахан хүмүүс гарч ирээд намайг цохиод газар унагаагаад тал талаас өшиглөөд байсан. Энэ үед манай хамаатны ах Г найз Б-ын хамт гараад ирсэн. Намайг салгах гээд дундуур орж ирээд ноцолдож байгаа харагдсан. Хамгаалагч ирээд бид нарыг салгасан. Тэгээд би Г ахыг хайсан чинь Цацал гэж баарны хашааны хажууд гараа бариад Д гэж манай найзын хамт зогсож байсан. Яасан гэсэн чинь гар мултарчих шиг боллоо махлаг бор залуу намайг хавсарч унагаасан гэж хэлж байсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-р хуудас/
3.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 13 -ны өдрийн 244 дугаартай дүгнэлтийн ... “А.Г-н биед зүүн атгаал ясны 1/3-ээр далд зөрүүтэй ташуу хугарал үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих цохигдох хүчний үйчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”... гэсэн дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/ болон Л.Б-гийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бмэдүүлэхдээ “Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид 610 000 төгрөгийн хохирол төлсөн” гэв.
Хохирогч А.Г мэдүүлэхдээ “2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр баарны үүдэнд Л.Бнамайг хавсарч унагасан. Унахдаа гараа гэмтээсэн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Энэ зардлаа нэхэмжлэнэ” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч Л.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч А.Гандуулгын мэдүүлэг, гэрч А.Б-ын мэдүүлэг, шүүх эмнэлэгийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр Л.Бнь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Тайгер” баарны гадна А.Г-г хавсарч унаган зүүн гарын атгаал ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч А.Гд учирсан гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах тухай шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт үндэстэй, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шижнийг хангаж байх тул шүүгдэгч Л.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг зохих хэмжээгээр төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг түүнд оногдуулах ял шийтгэлийн талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгчид торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Хохирогч А.Г нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн нь үндэстэй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Л.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч А.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС