Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2026/ДШМ/251

 

2026          03            04                                                                         2026/ДШМ/251

 

Б.А-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир /цахимаар/,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг /цахимаар/,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2824 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2503007131098 дугаар хэргийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Х- овгийн Б-ы А-, /РД: СБ-/, 1995 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “Б-” ХХК-д инженерийн ажилтай, ам бүл 1, ......, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б.А- нь Сонгинохайрхан дүүргийн 08 дугаар хороо Жанцан дэлгүүрийн баруун уулзвар замд 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 21 цаг 11 минутын үед “Subaru Impreza” маркийн Б- УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4, 1.3-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Toyota Prius-30 маркийн Б- УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С. Г-, Б.Н- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Х-, Э.Э- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.А-ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ хугацаагаар хасаж, зааснаар 240 /хоёр зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар биелүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “CD” 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 1, 511.3 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А-аас 7,920,000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Г-д 7,980,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Н-д, 5,395,500 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.Х-д, 160,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.Х-д тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар иргэний нэхэмжлэгч,, хохирогч нарын энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.А-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний өмгөөлүүлэгч Б.А-ад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэжээ. Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эрх зүйн байдлыг дээрдүүлэн хуулийг хэрэглэх нь хуулиар зөвшөөрөгдсөн хэм хэмжээ юм. Иймд миний өмгөөлүүлэгч Б.А-ын эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн мөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал бусад байдал зэргийг харгалзан үзэж Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2824 дугаартай тогтоолд хөнгөрүүлэн өөрчлөлт оруулахаар өмгөөлөгчийн гомдол гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Б.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би одоогоор санхүүгийн боломж тааруу байгаа тул төлж чадаагүй байгаа. Сэтгэл санааны хохирлыг бууруулж өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.А-ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хуульд заасан хамгийн доод хэмжээгээр ялыг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.А- нь 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 21 цаг 11 минутын үед “Subaru Impreza” маркийн Б- УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Сонгинохайрхан дүүргийн 08 дугаар хороо Жанцан дэлгүүрийн баруун талын замын гэрэл дохиогоор зохицуулдаг уулзвар хэсэг дээр зүүн гар тийш эргэх үйлдэл хийж “Toyota Prius-30” маркийн Б- УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.Г-, Б.Н- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Х-, Э.Э- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, тээврийн хэрэгсэлд 7,922,500 төгрөгийн эвдрэл тус тус учруулсан болох нь:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 7-14/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...дүрс бичлэгийн 01-25 дэх секундэд Сонгинохайрхан дүүрэг Жанцангийн уулзварыг харуулсан зорчих хэсгийн баруун, зүүн зүгт зүгт зөвшөөрсөн ногоон гэрлээр тээврийн хэрэгслүүд зорчиж байгаа нь дүрс бичлэгт харагдана... дүрс бичлэгийн 26 дах секундэд Subaru Impreza маркийн Б- УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь зүүнээс баруун зүгт зорчих хэсгийн 2 дугаар эгнээнээс зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр урд зүг эргэх үйлдэл хийх бөгөөд Toyota Prius-30 маркийн Б- УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруунаас зүүн зүгт зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр зорчиж байгаа нь дүрс бичлэгт харагдана...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 22-24/,

Хохирогч С.Г-гийн “... Би 2025 оны 06 дугаар сарын 15-ны орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр баруун салаанд айл очоод буцаад гэр лүүгээ явж байсан. Тухайн үед би Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн хойд талын сандал дээр зорчин явж байсан. Тэгээд явж байхад нэг машин миний зорчин явж байсан тээврийн хэрэгслийг ирж мөргөж зам тээврийн осолд орсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8397 дугаартай “...С.Г-гийн биед бүсэлхийн 2,3 дугаар нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн ташаа, баруун бугалга, шуу, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 68-69/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2807 дугаартай “....С-ын Г-гийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт/ 1-р хх-ийн 74-75/,

Хохирогч Б.Н-гийн “...Би 2025 оны 06 дугаар сарын 15-ны орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр баруун салаанд айл очоод буцаад гэр лүүгээ явж байсан. Тухайн үед би Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын сандал дээр зорчин явж байсан. Тэгээд явж байхад нэг машин миний зорчин явж байсан тээврийн хэрэгслийг ирж мөргөж зам тээврийн осолд орсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-гийн “... 2025 оны 06 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед манай эхнэр Г.Х- миний гар утас руу залгаад эмээгийн гэр лүү явсан хүмүүс замдаа машинтай мөргөлдсөн байна гэж хэлсэн. Тэгээд би зам тээврийн осол болсон талаар мэдсэн. Өөр юм мэдэхгүй байна би тухайн үед Өмнөговь аймагт ажилтай явж байсан...манай хүү Эрхэсийн биеийн байдал гайгүй байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 8152 дугаартай “... Б.Н-гийн биед зүүн хацар ясны хугарал, зүүн хацар шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний булчингийн шөрмөсний урагдал, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 85-86/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2806 дугаартай “...Б-ийн Н-гийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 92-93/,

Иргэний нэхэмжлэгч Г.Х-гийн “...Би 2025 оны 06 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед хүргэн дүү Э- залгаад зам тээврийн осол орчихлоо. Ta ирэх үү гээд гар утсаа тасалсан. Тэгээд би зам тээврийн осол болсон талаар мэдсэн... Ашид билгүүн ХХК-ны “Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-гаар 7,922,500/долоон сая есөн зуун хорин хоёр мянга таван зуу” төгрөгийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр гарсан мөнгийг нь нэхэмжлэн авмаар байна. Бас тээврийн хэрэгсэл журмын хашаанаас авах үед төлсөн 185,000 нэг зуун наян таван мянган төгрөгийг авмаар байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 37/,

Иргэний нэхэмжлэгч Г.Х-гийн “...Би 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд байдаг манай ээжийн эгчийн гэрт очоод орой 21 цагийн үед тэдний гэрээс гараад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байсан. Би тухайн үед тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын сандал дээр хүү Э.Э-г тэврээд явж байсан. Тухайн үед манай нөхөр Э.Э- тээврийн хэрэгсэл жолоодож явж байсан. Тэгээд гэрэл дохио дээр зогсоод хөдлөөд явж байсан чинь нэг машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 43/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 8154 дугаартай “...Г.Х-гийн биед зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамар, ооч зүүн чихний дэлбээ, баруун тохойд зулгаралт, цээж, хоёр өвдөгт цус хуралт, зүүн сарвуунд цус хуралт, адам дунд хуруунд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 102-103/,

Иргэний нэхэмжлэгч Э.Э-ын “...20 цаг 30 минутын үед би “Toyota Prius-30” маркийн Б- УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ертөнцийн баруун зүгээс зүүн зүг чиглэлтэй явсан байна. Тэгээд би Баянхошууны доод талын давхрын уулзварыг баруун талаас ногоон гэрэл дохиогоор ороод явж байхад ертөнцийн зүгээр зүүн талаас баруун зүг чиглэлтэй явж байсан “Subaru Impreza” маркийн Б- УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч уулзвар дээр шууд зүүн гар эргээд ороод ирсэн. Тэр үед би тээврийн хэрэгслийг зогсоох гэж 2-3 удаа тоормос гишгээд нөгөө машин яг урдуур тулаад ороод ирсэн байсан болохоор би тухайн тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 8154 дугаартай "...Э.Э-ын биед баруун өвдөгт шарх, баруун эгэмний түвшинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 108-109/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 8163 дугаартай “...Э. Э-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт,/1хх-ийн 114-115/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Г-гийн “...Subaru Impreza маркийн Б- УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг найз А-ад зарсан, нэр дээр нь шилжүүлж амжаагүй,  гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 58-60/,

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн “...Subaru Impreza маркийн Б- УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл их хэмжээний эвдрэл гэмтэлтэй тул тоног төхөөрөмж дээр хэмжилт хийх боломжгүй байна...” гэх шинжээчийн тодорхойлолт /1-р хх-ийн 132-133/,

Ашид билгүүн ХХК-ны 2025 07 дугаар сарын 08-ны өдрийн 668 дугаартай “...Тоёота приус 30 маркийн Б- УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 7,922,500 төгрөгийн хохирол учирсан...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн143-151/,

Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1342 “...Subaru Impreza маркийн Б- УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан жолооч Б.А- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.4 дүгээр зүйлд заасан “жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө... заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон...” гэх магадалгаа/1хх-ийн 156-157/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч Б.А-ын 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 21 цаг 11 минутын үед “Subaru Impreza маркийн Б- УНО” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 08 дугаар хороо “Жанцан” дэлгүүрийн баруун талын замын гэрэл дохиогоор зохицуулдаг уулзвар хэсэг дээр зүүн гар тийшээ эргэхдээ чигээрээ яваа болон баруун эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өөдөөс чигээрээ явж байсан “Toyota Prius-30” маркийн Б- УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.Г-, Б.Н- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Х-, Э.Э- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, тээврийн хэрэгсэлд 7,922,500 төгрөгөөр үнэлэгдэх эвдрэл, гэмтэл тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” шинжийг бүрэн хангасан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “...Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн мөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал бусад байдал зэргийг харгалзан үзэж шийтгэх тогтоолд хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилээс 3 /гурав/ жил хүртэл хугацаагаар хасаж 2700/хоёр мянга долоон зуу/ нэгжээс 14000 /арван дөрөв/ мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 /хоёр зуун дөч/ цагаас 720 /долоон зуун хорь/ цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6/зургаа/ сараас 3/гурав/ жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж хуульчилжээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулах үүрэгтэй.

Шүүгдэгч Б.А-ад шүүх ял оногдуулахдаа дээрх зарчмуудад тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялын төрлийг сонгон, 240 цагийн хугацаагаар оногдуулсныг буруутгах эсвэл өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж байгаа ял шийтгэл нь төрийн зүгээс тухайн хууль бус үйлдэлд оногдуулж байгаа цээрлэл болохын хувьд түүний Үндсэн хуулиар олгогдсон зарим төрлийн эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах агуулгатай, заавал биелэгдэх шинжтэй байх бөгөөд ийнхүү оногдуулсан ял шийтгэл нь тухайн гэмт хэргийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирсон байх шаардлагыг Эрүүгийн хуулиар тодорхойлон шүүхэд үүрэг болгожээ.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн чөлөөтэй зорчих, нийгмийн харилцаанд хэвийн оролцох, ажил хөдөлмөр эрхлэх болон нийгэм, эдийн засгийн зарим эрхүүдийг хязгаарлах замаар дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хууль бус үйлдлийг нь ухамсарлуулах, цээрлүүлэх зорилгыг агуулж байх учиртай.

Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2824 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БОЛОРТУЯА

                      ШҮҮГЧ                                              Л.ДАРЬСҮРЭН

                                        ШҮҮГЧ                               Г.МӨНХТУЛГА