Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01328

 

 

Д.Л-, Б.Т- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2022/00758 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Л-, Б.Т- нарын хариуцагч А.Б-, Б.Д- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 33,104,361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч А.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчд нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч нар нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Д.Л-, Б.Т- нараас зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээ байгуулснаас хойш хариуцагч нар нь зээлийн гэрээний үлдэгдэл болох 8,050,000 төгрөгийг төлөөгүй тул 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үндсэн зээлийн төлбөр, хүүгийн төлбөр, учирсан эдийн бус хохирол, эрх зүйн туслалцаа үйлчилгээний төлбөр нийт 27,778,640 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Зээл олгох зорилгоор нэхэмжлэгч Б.Т- нь Хаан банкнаас зээл авсан, хариуцагч нар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас банкнаас авсан зээлийн хүүг нэхэмжлэгч нар төлсөөр ирсэн, иймд энэхүү зээлийн хүүг учирсан хохирол гэж үзэн шаардана. Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал болон татгалзал, хариуцагчийн өмгөөлөгчийн хурал давхацсан зэрэг шалтгаануудын улмаас тус хэргийн шүүх хурал олон дахин хойшилсоор бүтэн жил буюу өнөөдрийг хүрээд байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд хохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа сарын 8 хувийн хүүтэй зээлийн гэрээний хүүгийн төлбөрт нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш буюу 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 346 хоногийн хүүгийн төлбөрт 7,325,721 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн гэрээний үүрэгт 33,104,361 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2,000,000 төгрөг нийт 35,104,361 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д-д холбогдох шаардлага, мөн сэтгэл санааны хохирол гаргуулах шаардлагаасаа татгалзсан, хариуцагч А.Б- зээлийн гэрээ байгуулсан, мөнгийг дансаараа шилжүүлэн авсан тул түүнээс 33,104,361 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч А.Б-гийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Д.Л-, Б.Д-гийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авах төсөл бичүүлж өгөө ч гэж надаар зуучлуулан 10,000,000 төгрөг бэлнээр гарган авч бэлнээр хүлээлгэн өгч нотариатаар баталгаажуулсан. Б.Д- төслийг 80 гаруй хуудас бичиж өгсөн. Тэрнээс биш зээл гаргаж өгнө гэж хэлээгүй миний хувьд төсөл бичиж өгөхийг зуучилсан. Төсөл бичиж өгөх зээлийн ханш 20,000,000-25,000,000 төгрөг байдаг. Түүнээс хойш сарын дараа Д.Л- нь ирж хэл амаар доромжилж 10,000,000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл 2 сарын дараа Д.Л-ын нөхөр Б.Т- нь 10,000,000 төгрөгийг залилсан гэж Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж, прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нь хэл амаар доромжлоод цагдаад өгөөд байхаар нь 2,500,000 төгрөгийг нь буцааж төлсөн. Одоо 7,500,000 төгрөгийг Б.Д- эгч төлнө. Зээлийн гэрээг байгуулахдаа Б.Д- эгчид хэлсэн. Б.Д- 10,000,000 төгрөгийг 1 сарын хүүгийн хамт төлөхөөр зөвшөөрсөн тул би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Б-гээс 8,850,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Л-, Б.Т- нарт олгож, нэхэмжлэлээс 24,254,361 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429,006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 156,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч А.Б-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Б.Д- нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр иргэн Б.Т-, Д.Л- нараас төсөл бичиж өгөх мөн жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авч өгнө гэж 10,000,000 төгрөг авахаар тохиролцсон байсан. Уг мөнгийг Б.Д-д Хаан банкны дансаар дамжуулан өгсөн. Тухайн үед Б.Д-гийн данс битүүмжлэгдсэн байсан учир би мөнгийг дансаараа дамжуулан авсан. Гэтэл Б.Д- нь 10,000,000 төгрөгийг нь авчихад төслийг нь ч бичээгүй, жижиг дунд үйлдвэрлэлээс зээлийг нь гаргаж өгөөгүй байсан болно. Б.Д- нь энэ хугацаанд Д.Л-, Б.Т- нартай байнга уулзаж 10,000,000 төгрөгийг нь 40,000,000 төгрөг болгож өгнө гэж амлалт баталгаа гаргаж өгсөн байсан. Нэхэмжлэгч нар нь миний дансаар 10,000,000 төгрөг өгснөө баталгаажуулахын тулд надтай 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулах санал тавьсан ба тухайн зээлийн гэрээний талаар Б.Д-д мэдэгдэхэд Б.Д- нь сарын найман хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулахыг зөвшөөрсөн. Миний бие хууль дүрэм мэдэхгүйгээс хүний өмнөөс өрөнд орсон. Миний бие хариуцагч биш, шүүх хариуцагчийг буруу тогтоосон. Мөн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: А.Баатарсүрэн, Д.Л- нар нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээг 1 сарын хугацаатай бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, гэрээний зүйл болох 10,000,000 төгрөгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид Хаан банк-ны дансаар нь дамжуулан бүрэн шилжүүлэн өгсөн. Гэтэл зээлдэгч нь зээлдүүлэгчээс зээлсэн 10,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. 4 жилийн хугацаанд зээлүүлсэн мөнгөө хариуцагчаас буцаан аваагүйн улмаас зээлдэгч Д.Л-д эдийн болон эдийн бус /сэтгэл санааны/ хохирол их хэмжээнд учирсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн зээлдэгч А.Б- нь уг хэргийн хариуцагч мөн юм. Зээлийн гэрээ байгуулахдаа талууд өөрсдийн хүсэл зориг, тэгш эрхийн үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсныг нотариатч гэрчилж, гэрээ нь үнэн зөв гэдгийг талууд хамтран гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Д.Л-, Б.Т- нар нь хариуцагч А.Б-, Б.Д- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 35,104,361 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д-д холбогдох шаардлага болон сэтгэл, санааны хохирол 2,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа тус тус татгалзсан бөгөөд хариуцагч А.Б- нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч Д.Л- нь хариуцагч А.Б-тэй 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Д.Л- нь 10,000,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагч А.Б- нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч А.Б- нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 10,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 7, 12-р тал/

 

3.а.Анхан шатны шүүх талуудыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурсан, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Л- нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч А.Б-д хүлээлгэн өгсөн байх тул гэрээ хүчин төгөлдөр байна.

 

3.б.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

3.в.Анхан шатны шүүх гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээдийг зөв тодорхойлолгүйгээр нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч А.Б-тэй байгуулсан зээлийн гэрээнд нэхэмжлэгч Б.Т- гарын үсэг зураагүй, мөн зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Д.Л-аас хариуцагч А.Б-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч Б.Т- нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзнэ. Иймд хариуцагч А.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

3.г.Хариуцагч А.Б- нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,950,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч Д.Л- нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар зээлийн үлдэгдэл төлбөр 8,050,000 төгрөг, хүү 800,000 төгрөг, нийт 8,850,000 төгрөгийг хариуцагч А.Б-гээс шаардах эрхтэй.

 

3.д.Хариуцагч татгалзалдаа зээлийн мөнгөн хөрөнгө болох 10,000,000 төгрөгийг Б.Д- авсан, би нэг ч төгрөг аваагүй учир зээлийн төлбөрийг хариуцахгүй гэх боловч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсэх ба хариуцагч А.Б-гийн хувьд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг нэхэмжлэгч Д.Л-ын өмнө гэрээгээр хүлээсэн байх тул дээрх хуульд зааснаар гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй. Иймд шүүх хариуцагчийг буруу тодорхойлсон, зээлийг хариуцах этгээд нь Б.Д- гэх агуулгаар гаргасан хариуцагч А.Б-гийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 8,850,000 төгрөгийн хэмжээнд хангаж, нэхэмжлэлээс хохирол гэх 24,254,361 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгахгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

4.а.Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ, шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалт болон Б.Д-д холбогдох хэсгийг орхигдуулсан байгааг залруулан өөрчлөв.

 

5.Хариуцагч А.Б-гийн хувьд хохирсон гэж үзвэл буруутай этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2022/00758 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 ... гэсний дараа 282 дугаар зүйлийн 282.1 гэж нэмж, ... Д.Л-, Б.Т- нарт ... гэснийг Д.Л-д гэж, ... нэхэмжлэлээс ... гэсний дараа Б.Т-ын нэхэмжлэл болон гэж нэмж,

2 дах заалт нэмж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Д-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дах заалтыг 3 дах заалт болгон ... хариуцагчаас 156,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэснийг хариуцагч А.Б-гээс 156,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Л-д олгосугай. гэж,

3 дах заалтыг 4, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Б-гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Г.ДАВААДОРЖ