Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01329

 

 

Т.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2022/01254 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Э-ын хариуцагч М.Т-т холбогдуулан гаргасан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч М.Т-, түүний өмгөөлөгч Б.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие М.Т-тэй 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр харилцан тохиролцож, zugaalga.mn гэсэн домэйн эрхийг нийт 4,000,000 төгрөгөөр худалдан авахаар аман хэлцлээр тохиролцсон. Анхны төлбөр болох 2,000,000 төгрөгийг төлөх үед 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тохирсон ёсоор домэйн эрхийн нэвтрэх эрхийг өгсөн. Дараагийн 2,000,000 төгрөгийн төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсний дараа домэйн нэрийн бүртгэлийг албан ёсоор шилжүүлж өгөх ёстой байсан боловч өгөөгүй. Улмаар 2021 оны сард иргэн М.Т-ийн зүгээс манай нэвтрэх эрхийг хаасан. Удаа дараа М.Т-т хүсэлт гаргасан боловч бүртгэлийг шилжүүлж өгөхгүй байгаа тул 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Т.Э- нь 2020 оны 09 дүгээр сард zugaalga.mn сайтын эрхийг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэрээний загвараа мэйлээр явуулсан. Гэтэл Т.Э- нь гэрээн дээр гарын үсэг зураад тамга дараад эргээд явуулъя гээд явуулаагүй. Т.Э- нь 20,000,000 төгрөгөө 10 сар хувааж төлөх санал тавьж уг саналыг хүлээн зөвшөөрсөн. Эхний сарын 2,000,000 төгрөгөө шилжүүлсний дараа сайтын эрхээ шилжүүлсэн. Т.Э- нь домэйнд нэвтрэх эрхээ авсныхаа дараа 2 дахь сарынхаа төлбөр болох 2,000,000 төгрөг шилжүүлчихээд түүнээс хойш холбоогүй, таг чиг болсон. Дараа дараагийн төлбөрийг хийгээгүй тул домэйн эрхийг хаасан. Т.Э- нь сайтын эрхийг 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сар хүртэл ашиглаж байх хугацаандаа сайтын баннер буюу зурагт сурталчилгааг сольж, хайлтын системийн оновчлол зэргийг устгаж, хандалтын зэргийг 2-3 дахин илүү багасгасан, мөн хугацаанд ашиглаж ашиг орлого олж байсан тул 4,000,000 төгрөгийг буцаан төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч М.Т-өөс 4,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Э-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Э-т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар 3 Монгол Улсын Дээд Шүүхийн зөвлөмжид Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт юм. Тийм учраас гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус, эсвэл гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон бол өгсөн, авснаа буцаах үр дагавар талуудын хувьд үүснэ. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцахыг гэрээнээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ. Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойших үр дагаврыг талууд шийдвэрлэдэг ялгаа байдаг гэжээ. Хариуцагч нь 2 удаагийн үйлдлээр нийт 4,000,000 төгрөг хүлээн авснаа хүлээн зөвшөөрдөг ба энэ нь анх гэрээний дагуу тохиролцсон төлбөр бөгөөд үүнээс хойш 8 сарын турш төлөх естой үлдэгдэл 16,000,000 сая төгрөгийг худалдан авагч тал төлөөгүй тул гэрээг цуцалж гэрээний дагуу торгуулийг 10,000,000 төгрөгийн төлбөрт суутгаж авсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаж оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Т.Э- нь хариуцагч М.Т-т холбогдуулан гэрээнээс татгалзаж, 4,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Зохигчид 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдах авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч М.Т- нь zugaalga.mn вэб сайтыг 20,000,000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч Т.Э- нь хөрөнгийг хүлээн авч, төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, цахим хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэргээр тогтоогджээ. /хх-ийн 36-45-р тал/

4.а.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

4.б.Гэрээний зүйл болох веб сайтыг худалдах үнийн талаар нэхэмжлэгч Т.Э- нь 4,000,000 төгрөг гэж, хариуцагч М.Т- нь 20,000,000 төгрөг гэж тус тус зөрүүтэй тайлбар гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн талууд веб сайтыг 20,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон гэх дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

4.в.Нэхэмжлэгч Т.Э- нь хариуцагч М.Т-т нийт 4,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, Голомт банк ХХК болон Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 3-4-р тал/. Улмаар нэхэмжлэгч Т.Э- нь гэрээний төлбөрийг бүрэн төлөөгүйтэй холбоотойгоор хариуцагч М.Т- нь веб сайтын нэвтрэх эрхийг хааж, талууд гэрээнээс татгалзсан үйл баримтын талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогдоогдсонгүй.

4.г.Дээрх байдлаар талууд гэрээнээс татгалзсан байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Т.Э- нь гэрээний дагуу шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.д.Хариуцагч татгалзал болон давж заалах гомдолдоо гэрээний дагуу нэхэмжлэгч Т.Э-ын төлсөн 4,000,000 төгрөгийг торгуульд тооцно гэжээ. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар торгууль нь анзын нэг төрөл бөгөөд мөн зүйлийн 232.3 дах хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр байгуулснаар шаардах эрх үүсдэг.

4.е.Хэрэгт цахим хаягаар явуулсан худалдах, худалдан авах гэрээ авагдсан боловч нэхэмжлэгч Т.Э- нь тус гэрээний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэх байдал тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, талууд анзын гэрээг бичгээр байгуулаагүй тул хариуцагч М.Т-т гэрээний дагуу торгууль нэхэмжлэх эрх үүсээгүй гэж үзнэ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

5.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч М.Т-өөс 4,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-т олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2022/01254 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Г.ДАВААДОРЖ