| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0027/Э |
| Дугаар | 00114 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 00114
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн Н.Эрдэнэбулган,
улсын яллагч П.Шижиртуяа,
Иргэний хариуцагч Ч.Ганбаатар,
Түүний өмгөөлөгч Я.Энхжаргал,
шүүгдэгч Ж.Б , түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2018/0027/Э индекстэй, 1703000010113 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ж.Б
Холбогдсон хэргийн талаар:
Ж.Б нь /яллах дүгнэлтэнд бичснээр/ 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчим Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг Тээг толгой гэх газарт ****УБЕ улсын дугаартай Nissan Civilian маркийн автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас П.Аззаяагийн жолоодож явсан 89-79 УНБ улсын дугаартай Toyota pruis маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч П.Аззаяа, зорчигч Р.Гантуяа, Э.Энхжин, С.Галт нарын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч С.Ундармаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн өөрийн жолоодож явсан автобусанд зорчиж явсан зорчигч АНУ-ын иргэн А.Петерийн эрүүл мэндэд хүндэвтэр, С.Мариане, Маrian downs, K.Ceнтяа, П.Цэнгэл нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Toyota pruis-30 маркийн тээврийн хэрэгсэлд шууд 11195400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б ы өгсөн: Тухайн өдөр АНУ-ын 6 жуулчин, орчуулагчийн хамт Улаанбаатар хотоос гараад Өвөрхангай аймгийн элсэн тасархай дах Хоёр загал жуулчны бааз руу явсан. Булган аймгийн Рашаант сум орох гээд явж байхдаа замын донсолгоо гаргах гээд эсрэг урсгал руу ороод буцаад эгнээндээ орох гэтэл урдаас приус маркийн машин ирж мөргөлдсөн. Тэр үед эмийн хайрцаг байсан. Хохирогч нарт өгсөн. Миний буруутай үйлдлээс болж энэ осол гарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ч.Ганбаатарын өгсөн: Манай компаний зүгээс Ж.Б тай эвлэрлэлийн гэрээ байгуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Осол гаргасан тээврийн хэрэгсэл болох Nissan civilian маркийн автобусны тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан авах хүсэлтэй байна. Учир нь засварт оруулахад тээврийн хэрэгслийн гэрчилгээ шаардлагатай байгаа гэв.
1703000010113 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч П.Аззаяагийн өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 01-ний өглөө эхнэрийн нэр дээр байдаг 89-79 УНБ улсын дугаартай Приус маркийн автомашинтай Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Хархорин сум руу явсан. Надтай хамт манай эхнэр Гантуяа явсан. Миний машинд Ундармаа, Энхжин, Галт, Гантуяа нар явсан. Булган аймгийн Рашаант сум өнгөрөөд 60-70 орчим км цагийн хурдтай явж байхад эсрэг урсгалд урдаас нэг автобус уруудаад ирж байгаа харагдаад байсан. Тэгтэл нөгөө урдаас ирж явсан автобус гэнэт урсгал сөрөөд ороод ирсэн. Миний бодлоор 30-40 метрийн зайтай байх шиг байсан. Нөгөө автобус өөрийнхөө урсгалд орохгүй урдаас урсгал сөрөөд яваад байхаар нь би хурдаа хасаад дуут дохиогоо өгсөн боловч шууд урдаас ирээд мөргөсөн. Нэг мэдсэн 2 сандлын хооронд хавчуулагдсан байсан. Манай эхнэр харагдахаар нь намайг авраарай гэж хэлсэн. Миний ой ухаан орж гараад байсан. Эмчилгээнд хэдэн төгрөг гарсныг мэдэхгүй байна. 40 хоног хэвтсэн. Нийт 7 удаа хагалгаанд орсон. Цаашид эмчилгээ хийх шаардлагатай байна. Ар гэрийн амьдрал хэцүү байна. Одоо гарах болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-63 хуудас/,
Хохирогч Р.Гантуяагийн өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хар-
хорин сумаас Улаанбаатар хот орохоор манай нөхөр Аззаяа, хамт ажилладаг
Энхжин, Ундармаа, Галт нарын хамтаар 15 цагийн орчим Булган аймгийн Рашаант
сумыг өнгөрөөд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ явж байсан. Машиныг
манай нөхөр Аззаяа жолоодоод би жолоочийн хажуу талын урд сандалд суугаад
Энхжин, Галт, Ундармаа гурав арын сандалд сууж явсан. Манай машин дунд
зэргийн хурдтай явсан. Эсрэг урсгалд урдаас Ниссан маркийн дунд оврын
автобус уруудаж явахдаа эсрэг урсгалд ороод өөдөөс ирж байхаар нь би урдаас машин урсгал сөрөөд яваад байна гэхэд манай нөхөр дуут дохиогоо өгсөн боловч
тэр машин урсгал сөрсөн чигээрээ явсаар байгаад урдаас мөргөөд манай машин
нилээд хойшоогоо түрэгдэж байгаад зогссон. Уг машин их хурдтай орж ирсэн. Миний нүд харанхуйлаад дотор дайвалзсан. Нэг ухаан ороход манай нөхөр намайг авраачээ, намайг татаач ээ гэж байсан гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 73-76 хуудас/,
Хохирогч С.Галтын өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай ажлын
газрынхан Өвөрхангай явсан. Маргааш нь Улаанбаатар хот орохоор хөдөлж
явахаар болсон. Ингээд Аззаяа эмчийн 89-79УНБ улсын дугаартай Т.Приус
маркийн хар өнгийн машинд Гантуяа, Энхжин, Ундармаа бид нар сууцгаасан. Хархорин сумаас хөдлөөд Элсэн тасархай дээр нэг зогсоод хөдөлсөн. Машинд би
унтаж явсан. Тэр оройдоо жижүүртэй байсан болохоор нойр авч явсан юм. Нэг
ухаан ороход гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Эмнэлэгт хэвтээд 10 хонож байна
гэж манай эхнэр хэлсэн гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 109-111 хуудас/,
Хохирогч Э.Энхжингийн өгсөн: Хархорин сум дээр хоноод маргааш нь
Улаанбаатар хот орохоор буцаад хөдөлсөн. Бид нар хамтдаа л машинтайгаа
явсан. Ингээд Элсэн тасархай дээр нэг зогсоод хөдлөөд явсан. Машиныг Аззаяа
эмч жолоодож явсан. Жолоочийн хажуу талын урд суудалд Гантуяа эмч суугаад
арын сандалд Ундармаа, Галт эмч бид гурав сууж явсан. Ингээд бид нар
ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ явж байсан. Би элсэн тасархайгаас
хөдлөөд явах үедээ унтсан. Нэг сэрэхэд хамт явж байсан байгууллагын ажилчдын
автомашинд хэвтэж явсан. Замдаа түргэний машинд шилжих суугаад гэмтлийн
эмнэлэг явсан...гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 142-143 хуудас/,
Хохирогч С.Ундармаагийн өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Элсэн тасархайгаас хөдлөөд хэсэг явсаны дараа би унтсан.
Унтаж байхад гэнэт Гантуяа эмч Азаа гэж орилохоор нь сэрээд харахад урдаас
дунд оврын автобус тулж ирээд мөргөсөн гэсэн гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 163-164 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Батжаргалын өгсөн: Гэмтэл Согог судлалын үндэсний төвөөс хохирогч нарыг яаралтай эмчилгээ үйлчилгээг хийх шаардлагатай байсан тул өөрийн эмнэлэгтээ үйлчилгээг хийсэн. Байгууллагаас зарцуулсан нийт 41.341.012 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 186 хуудас/
Иргэний хариуцагч Ч.Ганбаатарын өгсөн: Манайх мандал даатагалд жолоочийн хариуцлагын даатгалыг 10 сая төгрөгөөр хийлгэсэн байгаа, шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол даатгалаас болон шүүхийн зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 200 хуудас/,
Гэрч У.Уранчимэгийн өгсөн: ...Аззаяа эмчийн машины араас бид нар явж байсан бид нар урд явсан машинаас нилээд зайтай явсан. Ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явсан. Бид нар хоорондоо юм ярьж байгаад эргээд машин зам руу харахад машин зам дээр хар цагаан өнгийн хоёр машин зогсож байсан. Бид нар дөхөөд очиход Аззаяа эмчийн жолоодож явсан машин дунд оврын цагаан өнгийн автобустай мөргөлдсөн байдалтай зогсож байсан. Ингээд бид нар зогсоод машинаас буугаад машин дээр явж очоод эхлээд Аззаяа эмчийг Гантуяа эмчтэй хамт гаргалцаад дараа нь хамт явсан Ундармаа, Энхжин нарыг гаргасан. Хамгийн сүүлд Галт эмчийг машинаас татаж гаргасан. Машинаас хүн татаж гаргах хэцүү байсан. Нөгөө машины жолооч болон хүмүүс туслалцаа үзүүлээгүй гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 204-205 хуудас/,
Гэрч Б.Мөнхжаргалын өгсөн: Булган аймгийн цагдаагийн газрын жижүүрээс залгаад танай сумын хариуцсан төв замын хэсэг дээр 2 автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарсан байна гэж мэдэгдсэний дагуу миний бие жолооч цагдаа Ж.Алтаншагайгийн хамт хэргийн газарт очсон. Өдрийн 15 цагаас 16 цагийн хооронд л хэргийн газарт очсон. Хэргийн газарт ирэхэд жуулчны дунд оврын автобус ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт явах чиглэлд явсан бөгөөд замын урд талын урсгал буюу эсрэг урсгалдаа баруунаас зүүн тийш явах чиглэлд явсан бөгөөд замын урд талын урсгал буюу эсрэг урсгалдаа баруунаас зүүн тийш явсан чиглэлийн Т.Приус маркийн автомашинтай мөргөлдсөн байдалтай байсан бөгөөд бид нарыг очиход замын баруун талд 4-5 суудлын автомашин зогссон. Замын хажууд Т.Приус маркийн автомашинд сууж явсан маш хүнд гэмтсэн хүмүүст эмнэлэгийн тусламжийг үзүүлж байсан зөндөө хүн байсан..., жуулчны автобусны жолооч эрэгтэй явж байгаад осол гарсан талаар тодруулахад тэрээр замын донсолгоо гаргах гэж байгаад эсрэг дарсан чинь амжсангүй гэж хэлж байсан өөр тайлбар хэлээгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 230 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №10852 дугаартай..."Аззаяагийн биед суурь ясны баруун зүүн жигүүр сэртэнгүүдийн хугарал, баруун гайморын хөндийн урд хана, дотор хана, арын хана, зүүн гайморын хөндийн урд болон арын хананд хугарал, баруун зүүн ухархайн дотор хана, доод хана, хамар яс, хамрын таславчийн хугарал, тархи доргилт, цээжний хөндийд хий шингэн хуралдалт, зүүн 2, 3, 4, 5, 6, 7 хавирга, баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, өвчүү баруун эгэм ясанд хугарал, баруун сүүжний тогооны арын баганы сэлтэрсэн хугарал, дунд чөмөг ясны толгойны мултрал, баруун шаант ясны дотор гадна булуу, булуу хоорондын төвгөр, баруун дунд чөмөг ясны дотор булууны хэсгийн ил хугарал баруун арын чагтан холбоосын суналт, дотор хажуу холбоосын хэсэгчилсэн урагдал, дотор менискийн их биеийн урагдал, зүүн гар нүүрний зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.10, 3.1.12, 3.6.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна"...гэх дүгнэлт, / хх-236-237 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №10850 дугаартай “...Гантуяагийн биед элэгний эдийн няцрал, хэвлийн хөндийд цус хуралдалт, 4-р хавирганы хугарал, тархи доргилт, баруун сарвуунд шарх, хэвлийд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт / хх-/2/-54 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №11014 дугаартай С.Галтын биед тархины эдийн дунд зэргийн няцрал, цээжний баруун талын 2-6, зүүн 5-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун уушигны няцрал, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, зүүн бугалга ясны далд хугарал, баруун далд ясны хугарал, хүзүүний 3-р нугаламын баруун сэртэнгийн хугарал, биеийн зулгаралт, шарх гэмтэл тогтоогдлоо...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт, /хх-/2/ 79-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №10851 дугаартай Энхжингийн биед баруун уушгинд няцрал, плеврийн хөндийд хий хуралт, баруун шуу богтос ясны ил хугарал, хүзүүний 7-р нугалмын сэртэнд хугарал, өвчүү ясанд хугарал. Баруун ууц сүүжний үеийн хугарал, баруун сүүжний тогооны урд баганы хугарал. Баруун, зүүн суудал ясны хугарал, зүүн умдаг ясны хугарал, дух нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, баруун хацар, баруун шуунд шарх, зүүн өвдөг, шагайн үе, цээжинд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо…шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт / хх-/2/ 114-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №10853 дугаартай “...Ундармаагийн биед тархины 2 тал бөмбөлөгийн таславч хоорондын аалзан бүрхүүлд цус харвалт, нүүр, духанд зулгарсан, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-/2/ 138-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №8688 дугаартай Петерийн биед тархи доргилт, хүзүүний 4 дүгээр нугалмын сэртэнгийн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, дух зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун шилбэний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдэнэ шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-/2/ 150 хуудас/,
Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн техникийн хяналт хариуцсан шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №443 дугаар дүгнэлтэнд: 1. Хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, зорчих хэсэгт үлдсэн, асгарсан эд зүйл, шингэний ул мөр, тээврийн хэрэгслүүдийн ослын дараах байрлал, тэдгээрийн эвдрэлүүд, зам, орчны байдал, жолооч, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэхэд Н.Сивилиан маркийн 84-24УБЕ улсын дугаартай автомашины жолооч Ж.Б нь 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. 2. Т.Приус-30 маркийн 89-79 УНБ улсын дугаартай автомашины жолооч П.Аззаяа нь МУ-ын ЗХД-ийн ямар нэг зүйл, заалтыг зөрчсөн шууд үйлдлээс уг зам тээврийн осол гарсан гэх үндэслэлгүй байна. Өмгөөлөгчийн асуултын хариулт: 3. Хэргийн газрын үзлэгээр илэрсэн нөхцөл байдлаас үзэхэд Т.Приус-30 маркийн 89-79 УНБ улсын дугаартай автомашины жолооч нь МУ-ын ЗХД-ийн 8.2 дахь заалтыг шууд зөрчсөн үйлдэл харагдахгүй байна. Энэ нь зорчих хэсэгт байх үерийн ус зайлуулах сувагт худаг, түүний хучилтын байдал. Н.Сивилиан маркийн автомашины жолоочийн “...замд нэг ус зайлуулах суваг байсан ба би хурдаа сааруулаад донсолгоог ташуулдаад гарч байтал”, “...овон товонтой газар байсан”, “...тухайн үед урсгал сөрсөн байсан яагаад гэхээр миний машин цогиж бөгсөө шиддэг юм. Тийм болохоор донслуулахгүйн тулд ташуулдаж гарах гээд урсгал сөрсөн юм” гэх мэдүүлгээр нотлогдож, эсрэг чиглэлтэй, урд урдаасаа чиглэн явж буй тээврийн хэрэгслүүд зөрөх агшин /уг ослын хувьд мөргөлдсөн/-д мөргөлдөлт үүссэн байх магадлалтай байна. /Үүнийг алхаж яваа 2 хүн зөрж гарахдаа хийдэг үйлдлээр тайлбарлаж болох юм./ Мөн зам тээврийн осол хэрэг харилцан хөдөлгөөнтэй биетийн хувьд агшин зуурт болж, масс багатай биетийн хувьд түрэгдэх, хөндлөн шидэгдэж шилжилт үүсэх физикийн хөдөлгөөний хууль үйлчилдэг тул мөргөлтийн дараах байрлал /Т.Приус-30 маркийн 89-79 УНБ улсын дугаартай автомашины байрлалыг хэмжсэн 2,80 м, 2,10 м хэмжээс/-аас эсрэг урсгал сөрсөн гэж шууд дүгнэх боломжгүй байна. 4. МУ-ын ЗХД-ийн 1.4 дэх хэсэгт “Давуу эрх” гэдгийг бусад хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх болон “Зам тавьж өгөх” гэдгийг замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл гэж тус тус тодорхойлсон байна. Энэ 2 тодорхойлолтыг уялдуулан үзвэл, хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч нарын хувьд эрх, үүргийн хуваарилалт харагдаж байхаас гадна давуу эрх бүхий тээврийн хэрэгслийн, жолооч заавал зогсоох арга хэмжээ авах, зогсоох арга хэмжээ аваагүйтэй холбоотой үүрэг хүлээхгүй болох нь харагдаж байна. Т.Приус-30 маркийн 89-79 УНБ улсын дугаартай автомашины жолооч нь саадыг хараад зогсоох арга хэмжээ авсан байдал хэргийн газрын үзлэгээр тогтоогдоогүй байна. Тогтоогдохгүй байна гэдэг нь зогсоох арга хэмжээ аваагүй /тоормослоогүй/ байна гэсэн үг биш бөгөөд АВЗ тоормос /дугуйнд тоормослолт үүсэх үед шарвалт, онходолт үүсгэхгүй/-ны системээр тоноглогдсон тээврийн хэрэгслийн хувьд зорчих хэсэгт тоормозны мөр үүсдэггүй, жолооч жолооны хүрдийг чиг өөрчлөн залах үеийн дугуйн даралт, тоормосны дөрөөн дээр дарах /тоормослох/ үед дугуйн хээний мөр үүсдэг. 5. Давуу эрх бүхий тээврийн хэрэгсэл өөрийн буюу зорчиж явсан эгнээ, урсгалд өөр тээврийн хэрэгсэл орж ирвэл тухайн тээврийн хэрэгслийн баруун гар талаар зөрж өнгөрөх үйлдлийг хийх талаар МУ-ын ЗХД-ээр тодорхойлж өгөөгүй байна гэх дүгнэлт /хх-/2/-209-211 хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / 1-р хавтас 31 хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтас 32-37 хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-38-41 хуудас/,
Өвчтний түүх / 1-р хавтас 238-250, 2-р хавтас 1-45, 55-74, 82-109, 115-126, 139-148 хуудас/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 2-р хавтас 233 хуудас/
Лэндс ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02462 дугаартай тээврийн хэрэглийн үнэлгээ /2-р хавтас 175-184 хуудас/,
Ашид Билгүүн ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1139 дугаартай тээврийн хэрэглийн үнэлгээ /2-р хавтас 190-196 хуудас/,
Хохирол төлсөн баримт /хх-ийн 3-р хавтас 177-179 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчим Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг Тээг толгой гэх газарт ****УБЕ улсын дугаартай Nissan Civilian маркийн автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас П.Аззаяагийн жолоодож явсан 89-79 УНБ улсын дугаартай Toyota pruis маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч П.Аззаяа, зорчигч Р.Гантуяа, Э.Энхжин, С.Галт нарын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч С.Ундармаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн өөрийн жолоодож явсан автобусанд зорчиж явсан зорчигч АНУ-ын иргэн А.Петерийн эрүүл мэндэд хүндэвтэр, С.Мариане, Маrian downs, K.Ceнтяа, П.Цэнгэл нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, toyota pruis-30 маркийн тээврийн хэрэгсэлд шууд 11195400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ж.Б ы хэргээ хүлээн мэдүүлсэн болон хохирогч П.Аззаяа, Р.Гантуяа, С.Галт, Э.Энхжин, С.Удармаа нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн гэрч Б.Мөнхжаргал, У.Уранчимэг нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №10852 дугаартай дүгэнлтээр…Аззаяагийн биед суурь ясны баруун зүүн жигүүр сэртэнгүүдийн хугарал, баруун гайморын хөндийн урд хана, дотор хана, арын хана, зүүн гайморын хөндийн урд болон арын хананд хугарал, баруун зүүн ухархайн дотор хана, доод хана, хамар яс, хамрын таславчийн хугарал, тархи доргилт, цээжний хөндийд хий шингэн хуралдалт, зүүн 2, 3, 4, 5, 6, 7 хавирга, баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, өвчүү баруун эгэм ясанд хугарал, баруун сүүжний тогооны арын баганы сэлтэрсэн хугарал, дунд чөмөг ясны толгойны мултрал, баруун шаант ясны дотор гадна булуу, булуу хоорондын төвгөр, баруун дунд чөмөг ясны дотор булууны хэсгийн ил хугарал баруун арын чагтан холбоосын суналт, дотор хажуу холбоосын хэсэгчилсэн урагдал, дотор менискийн их биеийн урагдал, зүүн гар нүүрний зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэх, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №10850 дугаартай дүгнэлтээр...Гантуяагийн биед элэгний эдийн няцрал, хэвлийн хөндийд цус хуралдалт, 4-р хавирганы хугарал, тархи доргилт, баруун сарвуунд шарх, хэвлийд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо..., амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…гэх, №11014 дугаартай дүгнэлтээр...С.Галтын биед тархины эдийн дунд зэргийн няцрал, цээжний баруун талын 2-6, зүүн 5-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун уушигны няцрал, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, зүүн бугалга ясны далд хугарал, баруун далд ясны хугарал, хүзүүний 3-р нугаламын баруун сэртэнгийн хугарал, биеийн зулгаралт, шарх гэмтэл тогтоогдлоо..., учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх, №10851 дугаартай дүгнэлтээр...Энхжингийн биед баруун уушгинд няцрал, плеврийн хөндийд хий хуралт, баруун шуу богтос ясны ил хугарал, хүзүүний 7-р нугалмын сэртэнд хугарал, өвчүү ясанд хугарал. Баруун ууц сүүжний үеийн хугарал, баруун сүүжний тогооны урд баганы хугарал. Баруун, зүүн суудал ясны хугарал, зүүн умдаг ясны хугарал, дух нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, баруун хацар, баруун шуунд шарх, зүүн өвдөг, шагайн үе, цээжинд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо…, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх, №10853 дугаартай дүгнэлтээр... Ундармаагийн биед тархины 2 тал бөмбөлөгийн таславч хоорондын аалзан бүрхүүлд цус харвалт, нүүр, духанд зулгарсан, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...,гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлтүүд, №443 дугаар дүгнэлтээр...хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, зорчих хэсэгт үлдсэн, асгарсан эд зүйл, шингэний ул мөр, тээврийн хэрэгслүүдийн ослын дараах байрлал, тэдгээрийн эвдрэлүүд, зам, орчны байдал, жолооч, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэхэд Н.Сивилиан маркийн 84-24УБЕ улсын дугаартай автомашины жолооч Ж.Б нь 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна гэх дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалтай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Б ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Б д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хариуцагч “Нью Жуулчин Турс” ХХК-наас хохирогч Р.Гантуяад 19.903.013 төгрөг, хохирогч С.Ундармаад 1.504.000 төгрөг, хохирогч Э.Энхжинд 1.102.644 төгрөг, хохирогч С.Галтад 4.643.634 төгрөг, хохирогч П.Аззаяад Бүгд Найрамдах Солонгос улсаас эмч авчирч хагалгаа хийлгэсэн зардал болох 4.500.000 мянган вон төлсөн баримт хэрэгт авагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хариуцагч “Нью Жуулчин Турс” ХХК-ыг төлөөлж иргэний хариуцагчаар тогтоогдсон Ч.Ганбаатар, нөгөө талаас Жадамба овогтой Ж.Б нар нь 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр эвлэрлэлийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан байх ба иргэний хариуцагч Ч.Ганбаатар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгтээ 160 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт ирсэн №0227320 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг эзэмшигч “Оюу Бодь” ХХК-д олгох, №135027 дугаартай тээврийн хэрэгслийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Бовогт Ж.Б ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Ж.Б д оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Шүүгдэгч Ж.Б нь 160 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №0227320 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг эзэмшигч “Оюу Бодь” ХХК-д буцаан олгох, №135027 дугаартай тээврийн хэрэгслийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН