Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2026/ДШМ/376

 

2026           03           31                                                                              2026/ДШМ/376

 

 

Б.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бичинхүү,

шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/163 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Э-д холбогдох 2508 05126 2460 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х- овгийн Б-ын Э-, 2003 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, өвөг эцэг, эмэг эх, дүү нарын хамт ......., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:ЛБ-).

Шүүгдэгч Б.Э- нь 2025 оны 10 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хохирогч Э.Б-ыг “таксины 30.000 төгрөг өгсөнгүй” хэмээн өшиглөж, түүний өмсөж явсан хүрэм, бугуйн цаг зэргийг хүч хэрэглэж, илээр, хууль бусаар авч, 1,470,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х- овогт Б-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогч Э.Б-ыг зодож, цохиж биед нь халдаж хүч хэрэглээгүй юм. Хохирогчийн мэдүүлэгт “намайг өшиглөсөн үү, цохисон уу мэдэхгүй байна, би тээврийн хэрэгслээс нь чирэгдэж байхдаа миний нүүрэнд гэмтэл учирсан” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Мөн өөрийн эхнэр болох П.А- “хоёр залуу намайг зодсон” гэж хэлсэн байдаг. Эдгээрийн аль нь ч бодит байдал дээр болоогүй тул миний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий бөгөөд бодит байх шаардлагад нийцээгүй. Б.Э-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэл нь тогтоогдоогүй байхад шүүх түүнийг энэхүү зүйл хэсэгт заасан хэргийг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хохирогч анхны мэдүүлэгтээ “...намайг чирсэн үү, өшиглөсөн үү алин болохыг би санахгүй байна” гэж мэдүүлсэн байдаг. Харин хохирогч нь эхнэр А-д “...ханиа би таксины 2 залууд зодуулсан, мөн би машиных нь араас чирэгдэх гэж үзээд алдчихлаа” гэж хоёр өөр утга бүхий зүйл ярьсан байдаг. Түүнчлэн хохирогч нь өөрт ямар нэг гэмтэл, өөр бусад учирсан зүйлгүй гэсэн шалтгаанаар шүүх эмнэлэгт биедээ үзлэг хийлгэх, дүгнэлт гаргуулахаас татгалзсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт орохгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Мөн түүнчлэн хохирогчийн биед учирсан ямар нэг шарх, сорви, түүнд шүүгдэгч Э- хүч хэрэглэсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй юм.

Анхан шатны шүүх прокуророос Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирснийг анхны шүүх хуралдааны гэм буруугийн хэлэлцүүлгээр шүүгдэгчийн өөрийнхөө эсрэг өгсөн мэдүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.3-т зааснаар “шүүгдэгчийн өөрийн эсрэг өгсөн мэдүүлэг түүний гэм бурууг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэснийг зөрчиж, түүнд хөтлөгдөн хэргийг прокурорт буцааж, прокурорын зүгээс ямар нэг нэмэлт ажиллагаа хийхгүйгээр 7 хоногт багтаан шууд зүйл хэсгийг хүндрүүлэн зүйлчилж ирснийг үндэслэн шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Б.Э-д холбогдох хэргийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт шүүх мөн шүүгдэгчийн өөрийн эсрэг өмнө өгсөн мэдүүлэгт дээрх байдлаар давтан дүгнэлт хийснээс гадна хохирогчийн эхнэр А- нь хөндлөнгийн гэрч, хөндлөнгийн гэрч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7-д зааснаар хэрэгт хувийн сонирхолгүй этгээд байхаар хуульчилсан байтал түүний мэдүүлгийг шүүгдэгчийн гэм бурууг нотлох баримт болгон дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 16.2-т зааснаар шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хэзээ, хаана, хэн, яаж уг гэмт хэргийг үйлдсэн, үйлдэх болсон шалтгаан нөхцөл, ямар хохирол учруулсан талаар нотлогдоогүй байхад Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Түүнчлэн шүүх хэлэлцүүлгийн үед шүүгдэгчийн үйлдэл, гэм буруутай эсэх нь эргэлзээ бүхий тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д зааснаар түүнд ашигтайгаар хэргийг шийдвэрлэх талаарх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсхүл Б.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйл хэсгийг хөнгөрүүлэн зүйлчилж, тохирох ялыг оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүгдэгч Б.Э-ас шүүгч өмгөөлөгчид гомдол гаргахыг зөвшөөрсөн эсэх талаар асууж байна. Шүүгдэгч тусдаа хүсэлт гаргаж хорих ангиас явуулсан байгаа.” гэв.

Прокурор С.Бичинхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч “хохирогчийг хүрмээ тайлж барьсан байхад нь булааж авсан, хохирогч өөрөө өгсөн” гэх байдлаар тайлбар өгч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр асуудал яригддаг. Өмгөөлөгчөөс гаргасан гомдлын тухайд, илтгэгч шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өмгөөлөгч давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулна” гэж заасныг асуусан. Шүүгдэгчийн өмгөөлөгч үндэслэл бүхий бус тайлбар хийж байгаа учраас давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч, гэрч, сэжигтэн нарын мэдүүлэг бүгд тодорхой байдаг. Хохирогчийн хүрмийг хүчээр авсан. Хохирогч хүрмээ авахаар шүүгдэгчийн тээврийн хэрэгслээс чирэгдсэн асуудал байдаг. Энэ хэрэгт хүч хэрэглэсэн үйлдэл яригдаж байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 247 дугаар тогтоолд энэ талаар тайлбарласан. Энэ хэргийн тухайд хохирогчид хүч хэрэглэж тайлж авсан. Хохирогч хүрмээ өгөхгүй араас нь зууралдаад байхад шүүгдэгч тээврийн хэрэгслээрээ чирээд зугтсан. Хохирогч “эд хөрөнгөө алдахгүйн тулд тээврийн хэрэгслээс 200 метр орчим чирэгдээд хоцорлоо” гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг  нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

1. Шүүгдэгч Б.Э- нь 2025 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хохирогч Э.Б-ыг А- УБН улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээний журмаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүргэж өгөөд, “таксины төлбөр 30,000 төгрөгөө төлсөнгүй” гэх шалтгаанаар түүний биед халдаж өшиглөж, өмсөж явсан хүрмийг нь хүчээр тайлж авч, хүрэм, түүний халаасанд нь байсан бэлэн 200,000 төгрөг, бугуйн цаг, автомашины түлхүүр зэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч, 1,470,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Б-ын “...Би 2025 оны 10 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Санзай зусланд найз Г.Х-ын байрны найранд ороод тэднийхээс гарч яваад такси барьж яваад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөхий” дэлгүүрийн урд гудамжаар дээшээ өгсөөд найз Өндөрөөгийн гэрт орсон байсан. Тэгэхдээ 2 хүн дагуулж орсон гэж манай найз надад хэлсэн. Би тэднийхээс гарч яваад тэдний гудамжинд бие засаад зогсож байхад сууж явсан таксины жолооч миний өмсөж явсан савхинаас зуураад чирээд миний өмсөж байсан савхин куртикийг аваад явсан байсан. Би “СU” сүлжээ дэлгүүр ороод цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Миний сууж явсан тээврийн хэрэгсэлд хоёр эрэгтэй хүн байсан, ...манай найз Өндөрөө надад хэлэхдээ улаан хүрэн өнгийн Toyota prius 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй, 2 казах эрэгтэй хүн байсан гэж хэлсэн. ...Өмсөж байсан савхин хүрмээ би 2025 оны 04 дүгээр сард Хард рок дэлгүүрээс 550,000 төгрөгөөр худалдаж авсан. Nissan Edvan загварын тээврийн хэрэгслийн түлхүүр, савхин хүрмийн халаасанд бэлэн 200,000 төгрөг, савхин хүрэм тайлж авахдаа миний хоёр сарын өмнө 500,000 төгрөгөөр худалдаж авсан бугуйн цагийг бас давхар авсан байсан. ...Би тээврийн хэрэгслээс нь чирэгдэж байхдаа миний нүүрэнд гэмтэл учирсан байна. ...” /хх 7-8, 10/,

гэрч П.А-ын “...Үүрээр 06 цаг 26 минутад “ханиа хаалга онгойлго” гэхээр нь би гараад хаалгаа онгойлгосон чинь гэртээ орж ирэхдээ нэлээд даарсан байдалтай орж ирсэн. Тэгээд орж ирэнгүүтээ “ханиа би сая Өндөрөөгийн гэрт нь очиход Өндөрөөгийн аав нь бурхан болсон байсан тул би гэрээс нь гараад явсан. Тэгсэн хоёр залуу намайг зодоод миний нүүр рүү өшиглөчихлөө, азаар миний хөөрөг газар унаад би хөөргөө авсан, машинаас нь нэлээд чирэгдэж байгаад би тавиад явуулчихлаа” гэж хэлж байгаад унтаад өгсөн. Нөхрийн өмсөж явсан хувцасны зүүн тал нь шороо болсон байдалтай орж ирсэн. Манай нөхөр цэнхэр өнгийн малгайтай, хар өнгийн савхин хүрэмтэй, дотуураа хар өнгийн цамцтай, хар саарал өнгийн өмдтэй, улаан өнгийн пүүзтэй явсан. Бугуйндаа цагаа зүүсэн, гар утсаа аваад гараад явсан. ...” /хх 13/,

гэрч Д.У-гийн “...Би 2025 оны 10 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад үүрээр 04 цагийн үед манай найз Б- нь хоёр залуугийн хамт орж ирсэн. Тэгээд би “юу болсон бэ” гэж асуухад “энэ залуу өдөөд байна” гэж хэлсэн. Тэгээд өөр зүйл хэлэхгүйгээр гараад явсан. Би араас нь хувцсаа өмсөөд гарахад улаан өнгийн машинтай хөдлөөд яваад өгсөн. Нэг залуу нь туранхай шар царайтай, нөгөө залуу нь дунд зэргийн нуруутай бор царайтай байсан. ...” /хх 15/,

гэрч Ж.Ө-ын “...А- УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2025 оны 10 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө манай нутгийн дүү Б- ашиглаж байсан. ...” /хх 17/,

гэрч Г.О-н “...Би тухайн шөнө найз Э-ын хамтаар таньдаг ахынхаа А- улсын дугаартай улаан өнгийн “Toyota prius 20” маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байсан. Дэнжийн мянга өгсөөд “Нарантуул-2” захын хажууд зам дээр согтуу эрэгтэй хүн гар өргөөд зогсож байсан тул бид хоёр машиндаа суулгаад хаашаа явах талаар асуухад “Зүүн салаа орно” гэж хэлэхээр нь бид хоёр Зүүн салаа руу хүргэж өгсөн. Тухайн хүнд таксины мөнгө “30,000 төгрөг өг” гэж хэлэхэд өгөхгүй айл руу яваад орохоор нь араас нь таксины мөнгөө авах зорилгоор дагаад орсон. Тэгтэл гэртээ оронгуутаа тухайн эрэгтэй хүн миний нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Тухайн айлд байсан хүн нь бид нарыг гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгээд буцаад тухайн айлаас гарч яваад тухайн эрэгтэй хүнийг тээврийн хэрэгсэлдээ суулгаад гудамж уруудаад арын гудамжинд орж зогсоод Э- тухайн эрэгтэй хүнийг дагуулж машинаас буугаад өмсөж байсан савхин хүрмийг нь тайлаад аваад ирсэн байсан. ...” /хх 19-20/ гэсэн мэдүүлгүүд,

”Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл таних хоёр залууд дээрэмдүүлчихлээ” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагаанд иргэн Э.Б- нь 2025 оны 10 дугаар сарын 14-ний 04:3:18 цагт... “таксины жолооч намайг зодоод савхи дээрэмдээд аваад явчихсан ...” гэх мэдээлэл өгсөн хуудас /хх 1-2, 4/,

“Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №25/014 дугаартай “...савхин хүрэм 550,000 төгрөг, бугуйг цаг 500,000 төгрөг, автомашины түлхүүр 220,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний магадалгаа /хх 27-28/,

2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөрдөгч нь Б.Э-ас хар өнгийн  савхин хүрэм, “Nissan” гэсэн бичиглэлтэй тээврийн хэрэгслийн түлхүүр 2 ширхэг, цаг 1 ширхэг /нэг талын оосор нь тасарсан/ зэрэг эд зүйлийг хураан авч, эдгээр эд зүйлийг хохирогч Э.Б-т хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 59-60/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн, хэрхэн яаж үйлдсэн болон сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг эргэлзээгүйгээр хангалттай нотлон тогтоосон байна.

Шүүх хэрэгт авагдсан, судлагдсан нотлох баримтыг шалгах, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Э-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж  дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Э-ын “таксины мөнгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хохирогч Э.Б-ыг өшиглөж, түүний өмсөж явсан хүрэм ба халаасанд нь байсан бэлэн 200,000 төгрөг, бугуйн цаг, түлхүүр зэргийг хүч хэрэглэж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

4. Шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нараас “...хохирогч Э.Б-ыг зодож, цохиж биед нь халдаж хүч хэрэглэсэн зүйл байхгүй. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, тохирох ялыг оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэх, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж довтлох үйлдлээр илэрдэг.

Тодруулбал, дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолдог шинжид бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа өмчлөгч, эзэмшигчийн эсэргүүцлийг дарах, няцаах зорилготой бие махбодын, сэтгэл зүйн хүчирхийлэл болон хохирол учруулсан үйлдэл хамаардаг.

Хүч хэрэглэсэн довтолгоон нь хохирогчийн амь, нас эрүүл мэндэд халдсан идэвхтэй үйлдэл байдаг бол хүч хэрэглэхээр заналхийлэх нь үгээр болон үйлдлээр сэтгэл зүйн хүчирхийлэл үзүүлж, эрхшээлдээ оруулан эд хөрөнгийг нь авах зорилгыг агуулдаг.

Харин бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах үйлдэл нь хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч, тэр даруй хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй байдаг онцлогтой.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.Б-ын “тэдний гудамжинд бие засаад зогсож байхад миний сууж явсан таксины жолооч миний өмсөж явсан савхинаас зуураад чирээд миний өмсөж байсан савхин куртикийг аваад явсан. ...Савхин хүрэм тайлж авахдаа миний 2 сарын өмнө 500,000 төгрөгөөр худалдаж авсан бугуйн цагийг бас давхар авсан байсан. ...Би тээврийн хэрэгслээс нь чирэгдэж байхдаа миний нүүрэнд гэмтэл учирсан байна. ...” гэх, гэрч П.А-ын “...орж ирэнгүүтээ “ханиа би сая Өндөрөөгийн гэрт нь очиход Өндөрөөгийн аав нь бурхан болсон байсан тул би гэрээс нь гараад явсан. Тэгсэн хоёр залуу намайг зодоод миний нүүр рүү өшиглөчихлөө, ...машинаас нь нэлээд чирэгдэж байгаад би тавиад явуулчихлаа” гэж хэлж байгаад унтаад өгсөн. ...” гэх, гэрч Г.О-н “...гудамжинд орж зогсоод Э- тухайн эрэгтэй хүнийг дагуулж машинаас буугаад өмсөж байсан савхин хүрмийг нь тайлаад аваад ирсэн байсан. ...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Б.Э- нь хохирогч Э.Б-ын өмсөж явсан савхин хүрэм (түүний халаасанд байсан бугуйн цаг, түлхүүр, бэлэн мөнгө)-ийг хүчээр тайлан авсан, улмаар хохирогч эсэргүүцэл үзүүлэн машинаас чирэгдэн үлдсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Тодруулбал, шүүгдэгч Б.Э- нь хохирогчийн такси үйлчилгээний хөлсөө өгөхгүй байсны хариуд, автомашинаас буулган өшиглөж, савхин хүрмийг нь хүч хэрэглэж тайлж авсан, савхин хүрэм, халаасанд нь байсан бусад эд хөрөнгийг хүчээр авсан байх ба хохирогч савхин хүрмээ сайн дураараа тайлж өгөөгүй, эд зүйлээ өгөхгүй гэж машинаас нь чирэгдсэн зэргээр түүний эсэргүүцлийг няцаасан, хүч хэрэглэсэн үйлдэл тогтоогджээ.

Мөн хохирогчийн эд зүйлээ өгөхгүй гэж “шүүгдэгчийн жолоодон явсан машинаас чирэгдсэн” болох нь гэрч П.А-ын “...Нөхрийн өмсөж явсан хувцасны зүүн тал нь шороо болсон байдалтай орж ирсэн.” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогчийн биед учирсан шарх сорви байхгүй. ...” гэх боловч дээрэмдэх гэмт хэрэгт гэмтэл учирсан байхыг шаардахгүй, довтолгоо эхэлснээр төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг юм.

Дээрхээс гадна, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэрч П.А- хохирогчийн нөхөр тул хувийн сонирхолгүй этгээдэд хамаарахгүй гэх агуулга бүхий үндэслэл давж заалдах гомдолдоо тусгасан ба, мөрдөн шалгах ажиллагаанд П.А-д гэрчийн эрх, үүрэг болон худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг танилцуулж мэдүүлэг авах ажиллагаа явагдсан байх бөгөөд энэ нь хууль зөрчөөгүй тул анхан шатны шүүхээс дээрх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтад тооцсоныг зөрчил гэж үзэхгүй, өмгөөлөгчийн санал үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.”, 8 дахь хэсэгт “Дараах мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй:”, 8.3 дахь заалтад “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...хохирогч ахыг найзынх нь гэрээс доош 2 метр яваад мөнгөө авах гээд жоохон юм ярьж байгаад ахыг мөнгөө өгөхгүй болохоор нь куртикээ өгчих гэсэн. Тэгээд куртикээ тайлж өгөхгүй байхаар нь хүчээр тайлж авсан. ...нэг удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлгийг дангаар нь нотлох баримтад тооцоогүй, уг мэдүүлэг нь хохирогч болон гэрч П.А-ын мэдүүлэг, бусад нотлох баримтаар нотлогдсон үндэслэлээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь, нотлох баримтаар үнэлснийг хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Хүний гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүссэн, уг үүссэн эргэлзээтэй асуудлыг шүүх няцаан үгүйсгээгүй, няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим үйлчлэх бөгөөд тус эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд, шүүгдэгч Б.Э-ын үйлдэлд хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй гэж үзэв.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.

Хохирогч Э.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад “...савхин хүрмийн халаасанд бэлэн 200,000 төгрөг байсан. ...” /хх 7-8, 10/ гэж мэдүүлдэг бөгөөд “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 25/014 дугаартай “...савхин хүрэм 550,000 төгрөг, бугуйн цаг 500,000 төгрөг, автомашины түлхүүр 220,000 төгрөг, бэлэн мөнгө 200,000 төгрөг, нийт 1,470,000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээгээр хохирлын хэмжээг тогтоосон ба шүүгдэгч Б.Э- нь хохирогч Э.Б-т савхин хүрэм, бугуйн цаг, автомашины түлхүүр зэргийг биет байдлаар буцаан өгсөн байна. /хх 59-60/

Харин үлдэх бэлэн 200,000 төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байх тул гэмт буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

6. Тус гэмт хэрэг нь 2025 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх ба 2022 оны Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/-д ...” заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Хохирогч Э.Б- нь мөрдөн шалгах ажиллагаанд “энэ гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал, сэтгэцийн түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.” гэж мэдүүлсэн байна. /хх 10/ Иймд хохирогч Э.Б-аас сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж, энэхүү магадлалд тусгах нь зүйтэй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч Б.Э- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 31-ний энэ өдрийг хүртэл 77 (далан долоо) хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/163 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э-ас хохиролд 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Э.Б-т олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 (далан долоо) хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                                                 С.БОЛОРТУЯА

           

ШҮҮГЧ                                                                       Т.АЛТАНТУЯА