Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 361

 

                                                          Г.З.Г-д холбогдох эрүүгийн

                                                                    хэргийн тухай

Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 330 дугаар магадлалтай, Г.З.Г-д холбогдох 1908012471112 дугаартай хэргийг хохирогч С.Сийлэгмаа, шүүгдэгч Г.Залимхан, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Оросын холбооны улсын иргэн, 1970 онд төрсөн, 50 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй Г.З.Г-ч нь байнга буюу 2018 оны 10 дугаар сарын 16, 2019 оны 02 дугаар сарын 21, 09 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 50а-12 тоот гэртээ эхнэр С.С зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт,

2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэртээ эхнэр С.С “картнаас мөнгө авлаа” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Г.З гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгчид зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З цагдан хоригдсон 47 хоногийг 705,000 төгрөгөөр тооцож торгох ялаас хасч шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.З-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч С.С гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хүндрүүлж шийдвэрлэхээр болсныг хохирогчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дээрх эрүүгийн хэрэгт хохирогч миний буруутай үйлдэл нөлөөлснийг хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Г.З нь засварын газарт засварчнаар өглөөнөөс шөнө дөл болтол ажилладаг, их завгүй байдаг байсан. Би хүүхдүүдээ харж асрахын хажуугаар заримдаа найзуудтайгаа ганц нэг юм уудаг байсан. Үүнд нөхөр маань их дургүйцдэг. Бид хоёр хоёулаа биеэ барьж чадахгүй, түргэн зантай. Үүнээс болж хэрэг маргаан гарсан. Миний ааш зангаас болж эрүүгийн хэрэг үүсгэгдэн, мөрдөгчийн санаачлагаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж, дандаа миний талын гэрч нарыг байцааж, Г.З эсрэг, түүнийг яллах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Залимханы талаас, түүнийг цагаатгах нэг ч нотлох баримт бүрдүүлээгүй, тийм баримт бүрдүүлэхийг мөрдөгч огтхон ч хүсээгүй, зөвшөөрөөгүй. Залимханыг урьдчилан хорих төвд нилээд хугацаагаар цагдан хорьсон. Намайг түүнтэй уулзахыг зөвшөөрдөггүй байсан. Ер нь миний хувьд хүүхдүүдээ тэжээхэд хүнд байсан. Одоо ч хүнд байна. Энэ өвчин гараад байдал улам хүндэрлээ. Одоо бид хоёр хэцүү бэрхийг туулж, бие биенээ уучилж ойлгосон. Хүүхдүүдээ асарч, хүмүүжүүлж, эвтэй найртай сайхан амьдарч байна. Миний болчимгүй байдал нөлөөлснийг анхааран, нөхрийг минь нэг удаа уучилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.З гаргасан гомдолдоо: “... миний бие дээрх хэрэгт холбогдон шалгагдахдаа хорих 461 дүгээр ангид нилээд хугацаагаар цагдан хоригдсоны гадна өөрийн гаргасан алдаандаа дүгнэлт хийж, гэм буруугаа ухамсарлан ойлгож, эхнэр, үр хүүхдүүдээ, амьдарлаа бодож, ажил хөдөлмөр эрхлэн эвтэй сайхан амьдарч, дахин ийм маргаан зөрчил гаргахгүй гэж андгайлж байна. Анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэхийн өмнө болон хэрэг шийдвэрлэсний дараа эхнэр С.Сийлэгмаатай эвлэрч, өөрсдийн буруугаа харилцан ярилцаж ойлголцлоо. Би одоо засварын газар засварчнаар ажиллаж, эхнэр хүүхдүүдээ тэжээн тэтгэж, ахуй амьдралаа авч явж байна. Энэ байдлыг харгалзан надад холбогдох хэргийн талаар гарсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүхээс Г.З-д холбогдох эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлээр хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэснийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаас үзвэл, энэ зүйлд заасан шалгуурыг хангасан хүнийг 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан боловч хэрэглэх журмыг тусгайлан зохицуулаагүй болно. Харин тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн долдугаар бүлэгт хорих ял оногдуулахгүй тэнсэхээр тодорхой хуульчилсан байх тул энэ бүлэгт заасан журам Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дагуу тэнсэхэд нэгэн адил үйлчлэхээр байна. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.З-д хорих ял оногдуулснаа тэнсэж, Эрүүгийн хуульд байхгүй журмыг хэрэглэснээр зогсохгүй санаатай хоёр гэмт хэрэг үйлдсэн хүнийг тэнсэхийг хориглосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргажээ” гэжээ. Давж заалдах шатны шүүхээс Г.Залимханд холбогдох хэргийн талаар “... санаатай хоёр гэмт хэрэг үйлдсэн хүнийг тэнсэхийг хориглосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж”, гэсэн дүгнэлт нь үндэслэл муутай болжээ. Энэ тухай тодруулбал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Г.ЗЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж дүгнэжээ. Дээрхээс үзэхэд, Г.З холбогдсон эрүүгийн хэргийн нэг нь санаатай, нөгөө нь болгоомжгүйгээр үйлдэгдсэн байхаар анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаарт хэвлэгдэж 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон байх бөгөөд дээрх хууль Улсын Их Хурлаар хэлэлцэгдээгүй байхад буюу 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Г.З-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэжээ. “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн гарчигийн “хохирол” гэсний дараа “санаатай”, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан нь Г.З-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсний дараа байна. Иймд Г.З“санаатай хоёр гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх боломжгүй, харин эрүүгийн хэргийн нэгийг санаатай, нөгөөг болгоомжгүйгээр үйлдсэн байх боломжтой, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Г.З нь эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөрийн холбогдож байгаа хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлсэн. Энд нэг зүйлийг хэлэхэд, эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд нь нэг талын буюу хохирогч гэх эхнэр С.С-ийн мэдүүлэг, түүний талын ойр дотны, таньдаг хүмүүсийн мэдүүлгүүдээр, зөвхөн шүүгдэгчийг яллах зорилгоор бүрдсэн. Өөрөөр хэлбэл Г.З өмгөөлсөн буюу хэргийн үнэн зөвийг олох зорилготой түүний талын ойр дотны, таньдаг хүмүүсийн нэг ч мэдүүлэг эрүүгийн хэргийн материалд байхгүй. Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.5, 1.6-д заасан “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг нотолно гэжээ. Эдгээрийг бүрэн гүйцэд нотлоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” шаардлагыг хангаагүй гэж үздэг.

Анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэхийн өмнө болон хэрэг шийдвэрлэсний дараа шүүгдэгч нөхөр Г.З болон хохирогч эхнэр С.С нар өөр өөрсдийн гаргасан алдаандаа дүгнэлт хийж, гэм буруугаа ухамсарлан ойлгож, үр хүүхдүүдээ, амьдарлаа бодож, ажил хөдөлмөр эрхлэн эвтэй сайхан амьдарч, дахин ийм маргаан зөрчил гаргахгүй гэж байна.

Иймд “давж заалдах шатны шүүхээс санаатай хоёр гэмт хэрэг үйлдсэн хүнийг тэнсэхийг хориглосон хуулийн заалтыг зөрчсөн” гэсэн нь үндэслэл муутай байх тул давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 330 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Г.З нь 2019 оны 02 дугаар сарын 21, 2019 оны 07 дугаар сарын 27, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрүүдэд 3 удаагийн үйлдлээр гэр бүлийн харилцаатай эхнэр С.С-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг бүхэлд нь буруу хэрэглэсэн. Харин давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэв.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

ОХУ-ын иргэн Г.З нь өөрийн эхнэр С.С-г 2018 оны 10 дугаар сарын 16, 2019 оны 02 дугаар сарын 21, 09 дүгээр сарын 30-ны өдөр тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн,

2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр С.С-г зодохдоо биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд прокурор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 болон мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг прокурорын шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэсэн хоригийг зөрчиж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж шийдвэрлэсэн нь хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн хууль хэрэглээний алдаа гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Хууль тогтоогч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлээр зохицуулсан бөгөөд тухайн зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гурван жил хүртэлх хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ мөн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээг хэрэглэх асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан 7 дугаар бүлэгт заасан журмыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд хууль хэрэглээний алдаатай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх тухай давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 330 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч С.С, шүүгдэгч Г.З түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                          ДАРГАЛАГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Б.ЦОГТ

                          ШҮҮГЧИД                                                               Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН