Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 212

 

“Т з п” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн

газрын даргад холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч                   Б.Мөнхтуяа,    

Шүүгчид:                                  М.Батсуурь,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                        Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:       Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын биржийн цахим системд тохируулга хийх тухай” А/121 дүгээр тушаалыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 221/ШШ2019/003 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баянтүмэн, Д.Энхтуяа нарыг оролцуулан, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 221/ШШ2019/003 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Т з п” ХХК-ийн гаргасан “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын биржийн цахим системд тохируулга хийх тухай” А/121 дүгээр тушаалыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдол:

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Газар зохион байгуулалт,  геодизи, зураг зүйн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Газрыг биржийн цахим системд тохируулга хийх тухай” А/121 дүгээр тушаал нь улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус бөгөөд нэгэнт хүчин төгөлдөр бус хэм хэмжээний акт нь эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй тул нэхэмжлэгч нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын хавсралт “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 9.9.6-т заасны дагуу өглөөний 9 цаг 00 минут 00 секундээс 17 цаг 00 минут 00 секунд хүртэлх хугацааны хэдийд ч үнийн саналаа өгөх эрх нь нээлттэй болно. Түүнчлэн хүчин төгөлдөр бус буюу захиргааны хэм хэмжээний эмхтгэлд хэвлэгдээгүй захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэхийг иргэн, хуулийн этгээдээс шаардаж  болохгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд ямар нэг хариуцлага хүлээлгэхгүй байхаар хуульчилж өгсөн нь “Хуульд үндэслэх”, “ил тод  нээлттэй байх” тусгай зарчимд нийцнэ. Гэтэл шүүгч нь шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...Засгийн газрын тогтоолоор баталсан хугацаанд дуудлага худалдааны үндсэн суурь зарчим болох үнэ хаялцах харилцааг илүү тодорхой журамласан шинжтэй зохицуулалт гэж үзнэ...” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийг хүчин төгөлдөр бус буюу захиргааны хэм хэмжээний эмхтгэлд хэвлэгдээгүй захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэхийг шаардсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

3. Газрын тухай хуулийн 33.1.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4-т зааснаас харахад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргад “Газрын биржийн цахим систем www.mle.mn хуудсаар явуулах цагийн тохиргоо”-т зохицуулсан тушаал гаргах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна. Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын хавсралт “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-аар тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан байтал агентлагийн дарга хуулиас давсан зохицуулалттай тушаал гаргасан нь хуульд нийцээгүй байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газраас 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2018-799 тоот дуудлага худалдааг зохион байгуулахдаа дуудлага худалдаанд оролцогчдод дээрх журмыг баримталж явуулах талаараа албан бичгээр мэдэгдсэн байдаг бөгөөд “Газрын биржийн цахим системд тохируулга хийх тухай”  А/121 дүгээр тушаалын талаар огт дурдагдаагүй, оролцогчид тус тушаалыг олж мэдэх ямар ч боломжгүй. Дэлгэцийн доод буланд цагийн тохиргоог байршуулсан гэж хариуцагч тайлбарладаг ч тус тушаалын агуулгыг нийтэд мэдэгдсэн гэж үзэх боломжгүй.

4. Манай компани Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын хавсралт “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ыг баримтална гэсэн зааврын дагуу 17 цаг 00 минут 00 цагт дуудлага худалдаа зогсоно хэмээн ойлгосон. Дэлгэцний доод буланд ямар учиртай цаг байршуулсан талаар дуудлага худалдаанд оролцогчдод мэдээлэл өгөөгүй учир нэхэмжлэгч нь түүнийг анзаараагүй мэдээгүй болно. Уг журмын 5.1-т дуудлага худалдааг танхимаар болон цахимаар явуулахаар тусгайлан журамлаж өгсөн бөгөөд шүүгч нь журмын 9.7-т заасан “танхим”-д явагдах дуудлага худалдааг мөн журмын 9.9-т заасан цахимаар явагдах дуудлага худалдаатай адил дарааллаар явагдах мэтээр буруу тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Шүүгч нь “оролцогчдоос үнийн санал гаргаагүй байгаа тохиолдолд 17 цаг хүртэл үргэлжлэх нь дээр дурдсан дуудлага худалдааны үндсэн зарчимтай зөрчилдөнө” хэмээн дүгнэсэн байх бөгөөд дуудлага худалдааны ямар зарчимтай зөрчилдөөд байгаа нь тодорхойгүйгээс шүүгчийн дүгнэлт нь үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. Тус журмын хоёрт “Дуудлага худалдаа явуулахад баримтлах зарчим”-ыг тусгаж өгсөн бөгөөд зарчмын 2.1.2-т нь үнийн саналаа ээлж дараалан тодорхой алхамтайгаар өсгөх” хэмээн заажээ. Дуудлага худалдаа явуулах “зарчим”-аас харахад “чи үнийн саналаа өг, өгөхгүй бол цагийг зогсоолоо” гэсэн агуулга харагдахгүй байгаа бөгөөд шүүгч нь ямар хуулийн зохицуулалтаар “цахим”-аар явагдах дуудлага худалдаанд “чи заавал үнийн санал өг өгөхгүй бол таны эрхийг хязгаарласан хугацаанаас хойш ч мөн үнийн санал өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй” гэсэн дүгнэлтийг хийгээд байгаа нь гайхшрал төрүүлж байна.

5. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт “дуудлага худалдааны оролцогчид нь үнийн санал өгөхгүй байж байгаад цаг дуусахтай уралдаад саналаа өгцгөөдөг” гэснээс харахад цахим дуудлага худалдааны оролцогч нь дээрх журмын 9.9.6-т заасны дагуу өглөө 9 цаг 00 минут 00 секундээс 17 цаг 00 минут 00 секунд хүртэл хугацааны хэдийд ч үнийн саналаа өгөх эрх нь нээлттэй болно. Хариуцагчийн буруутай шийдвэр болох маргаан бүхий хэм хэмжээний актыг мөрдөж, цахим дуудлага худалдааг явуулсан үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь хуульд заасан дээрх эрхээ эдэлж чадаагүй. Нэхэмжлэгч нь тус журмын 8-т заасан шаардлагыг ханган дуудлага худалдааны оролцогч болсон. Хариуцагч нь эрх хэмжээгээ хэтрүүлэн хүчин төгөлдөр бус хэм хэмжээний акт ашиглан “Газрын биржийн цахим систем”-д цагийн тохиргоо хийж, нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг хязгаарлан хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдана. Манай компанийн захирал О.Энх-Амгалан нь ...2018-799 тоот дуудлага худалдаанд оролцохдоо өглөө цахим систем нээгдэхэд 2 удаа үнийн санал өгсөн байдаг, үүнийгээ нотлох зорилгоор хариуцагчаас тухайн өдрийн цахим программд үнийн санал өгсөн байдлыг гаргуулахаар хандсан боловч “Цахим системд мэдээлэл нэг сар хадгалагдаад устдаг. Тиймээс гаргаж өгөх боломжгүй” гээд өгөөгүй. Гэтэл шүүгч нь хаанаас, ямар баримтаар “хэн хэдэн удаа, нийт хэдэн удаагийн санал өгсөн талаар тоо баримт”-ыг гаргаж тавиад байгаа нь үнэмшил муутай буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан тусгай зарчимд нийцэхгүй байна... 2018-799 тоот дуудлага худалдааны ялагч н.Мөнх-Эрдэнэ энэхүү хэрэг дээр гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг гаргасан боловч талуудын хооронд үүссэн маргаан нь н.Мөнх-Эрдэнийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй хэмээн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан байдаг. Гэтэл шүүгч нь “...2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс хойш явагдсан дуудлага худалдааны ялагчдад сөрөг үр дагавар үүсгэнэ” гэж дүгнээд байгаа нь өөрийнх нь өмнөх дүгнэлттэй зөрчилдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдах бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 003 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад  нийцээгүй хэмээн үзэж байна. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Урангуа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...шүүхийн шийдвэрийн 9 дэх талд “...Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэсэн зохицуулалттай нийцэхгүй... хэмээн маргаан бүхий тушаалын талаар дүгнэсэн атлаа ...маргаан бүхий А/121 дүгээр тушаалын 1 дэх заалтаар “Газрын биржийн цахим системд хийсэн тохируулга” ...нь харин ч цахим дуудлага худалдаа эхлэх, дуусах Засгийн газрын тогтоолоор баталсан хугацаанд дуудлага худалдааны үндсэн суурь зарчим болох “үнэ хаялцах” харилцааг илүү тодорхой журамласан шинжтэй зохицуулалт гэж үзнэ” гэж дүгнэсэн нь хоорондоо утга агуулгын зөрчилдөөнтэй байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг буюу хэм хэмжээний актыг тогтоох эрхийг хуулиар зөвхөн Засгийн газарт олгожээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” шийдвэр гаргадаг. Гэхдээ эрх зүйн зөрчилтэй, өөрөөр хэлбэл хуулийн зөрчил болгоны улмаас захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгодоггүй, харин а/хуулиар тусгайлан  эрх олгогдоогүй, б/хэлбэрийн алдааны хувьд хуулиас ишлэл аваагүй, в/агуулгын хувьд тусгайлан олгосон эрх, мөн дээд эрэмбийн эх сурвалжид нийцээгүй тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бусад тооцох шийдвэр гаргадаг. Гэтэл шүүх дүгнэхдээ маргаан бүхий хэм хэмжээний акт нь хэм хэмжээний акт мөн, гэхдээ Газрын тухай хуулиар эрх олгосон субъект буюу Засгийн газраас 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмыг илүү журамласан нь зөв” гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй...

7. Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 5.1-д “Дуудлага худалдааг дараах хэлбэрийн аль нэгээр явуулна: 5.1.1-т “танхим”-ын, 5.1.2-т “цахим” гээд 9.7 дугаар заалтаар Танхимын дуудлага худалдааг товлосон газарт дуудлага худалдаа эхлэх өдөр, цаг, минутад дараах дарааллаар явуулна гээд өсгөн хэлэх үнийн хэмжээ бүхий хүснэгтийг энэ зүйлд багтаасан. Мөн журмын 9.9-д цахим дуудлага худалдааг явуулах дарааллыг журамласан бөгөөд 9.9.6-д “цахим дуудлага худалдааг товлосон өдрийн 09 цаг 00 минут 00 секундэд эхлүүлж, мөн өдрийн 17 цаг 00 минут 00 секундэд зогсооно”, 9.9.5-д “дуудлага худалдаанд оролцогч өөрийн үнийн саналаа дуудлага худалдаа явуулах тусгай программ хангамжид байршуулах бөгөөд дуудлага худалдааг зогсоох хүртэл хугацаанд нэвтрэх, бусад оролцогчдоос ирүүлсэн үнийн саналтай танилцах, үнийн саналаа өөрчлөх эрхтэй”, 9.9.9-д “цахим дуудлага худалдааг энэ журмын 9.9.6-д заасан хугацаанд зогсоосноор оролцогчдоос ирүүлсэн үнийн санал тус бүрийн хугацааг цаг.минут.секундээр бүртгэн тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна хэмээн танхимын дуудлага худалдаанаас өөр дарааллаар цахим дуудлага худалдааг явуулах”-аар журамласан байтал шүүх дуудлага худалдааг танхимын дуудлага худалдаатай л адилхан журмаар явуулах ёстой гэснээс ялгаагүйгээр дүгнэлт гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүйд хүргэж байна.

8. Тус журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, “цахим дуудлага худалдааг танхимын дуудлага худалдаанаас өөр дарааллаар явуулж байгаа нь хууль бус” болохыг тогтоогоогүй, шүүх уг журмын талаарх аливаа нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй атлаа Засгийн газрын 10 дугаар тогтоолд заасан танхимын болон цахим дуудлага худалдаа явуулах дараалал хоорондоо зөрчилтэй, зарчмаа зөрчиж байгаа талаар дүгнэлт өгөх нь зохисгүй гэж үзэж байна. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-д ...захиргааны шүүх хууль хэрэглэх талаар зохицуулсан... энэ маргааны тухайд цахим дуудлага худалдааг эрх бүхий байгууллагаас журамлаж, дараалал тогтоохдоо “танхим”-ын дуудлага худалдаанаас ялгаатай хэмээн тухайлан өөр заалтаар зохицуулсан байгааг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

9. Шүүхээс нэхэмжлэгч “Т з п” ХХК-ийг ...уг дуудлага  худалдааны оролцогчдын нэг болсон нь тогтоогдох боловч дуудлага худалдаанд үнийн санал огт өгч байгаагүй учир ...тухайн дуудлага худалдааг 17:00 цагт хаана гэсэн ойлголттой байсан гэх, мөн хаах мөчид санал хэлэх боломжийг хязгаарласан гэх шалтгаанууд нь хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоохоос гадна нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлд үл хамаарна гэж дүгнэсэн боловч ийнхүү дүгнэх болсон үндэслэлийг шийдвэрийн үндэслэл хэсэгт дурдаагүй, нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн санал хэлэх боломжийг хязгаарласан” нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлд үл хамаарна гэж утга агуулгын  алдаатай дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь, дээр дурдсанчлан Засгийн газрын 10 дугаар тогтоолоор батлагдсан журмын 9.9, 9.9.6, 9.9.5-д ...зохицуулсан, маргаан бүхий хэм хэмжээний актаар дуудлага худалдаанд оролцогчийн эрхийг “журам гаргах эрх хэмжээгүй этгээд хүчин төгөлдөр бус болоогүй хэм хэмжээний актаар хязгаарласан, энэ хууль бус үйл ажиллагаанаас нь шалтгаалан 9.9.5-д заасан эрхээ хэрэгжүүлж чадаагүй буюу 17 цаг 00 минут хүртэл хугацаа /дуудлага худалдаа зогсоох хүртэл хугацаа/-нд үнийн санал өгч чадаагүйгээс дуудлага худалдааны журмаар олж авахыг хүссэн газраа алдсан байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна” гэж дүгнэсэн нь процесс хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхэд хүргэж байна.

10. Нэхэмжлэгчийн эрхийг маргаан бүхий хэм хэмжээний актаар хязгаарласан, үнийн санал өгөх эрхийг нь хариуцагч байгууллага цаг хугацаагаар хязгаарлахаас өмнөх хугацаанд “дуудлага худалдаанд үнийн санал өгөөгүй” хэмээн нэхэмжлэгчийг буруутгаж байгаад гомдолтой байна. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/121 дүгээр тушаалаар Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-д тохируулга хийхдээ 1 дэх заалтад: а/газрын цахим дуудлага худалдааг товлосон өдрийн 09 цаг 00 минут 00 секундээс эхлүүлэхээр; б/газрын цахим дуудлага худалдааны үнийн саналыг дуудлага худалдаа эхлүүлсэн цагаас эхлэн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл үргэлжлүүлэхээр; в/дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа нь 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжиж хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчийг тодруулахаар; г/17 цаг 00 минут 00 секундийн дотор хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, дуудлага худалдааг зогсоож энэ тухай оролцогч тус бүрт газрын биржийн цахим системээр мэдэгдэхээр зааж, 2 дахь заалтад: Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-д оруулсан тохируулга, өөрчлөлтийн дагуу газрын дуудлага худалдааг зохион байгуулахыг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл дүүргийн Газрын алба, сумын газрын даамалд тус тус үүрэг болгож, 3 дахь заалтаар тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг эрх бүхий холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.

12. Нэхэмжлэгч “Т з п” ХХК-аас 3 заалт бүхий  уг тушаалыг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...хуулиас давсан зохицуулалт тогтоосон, ...хууль бус” гэж маргасан байна.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “тусгай журмаар шийдвэрлэх маргаан”-ыг нэрлэн заасны дотор 112.1.1-д “улсын хэмжээний, эсхүл хоёр болон түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан”-ыг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хэлэлцэхээр заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэжээ.

14. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Т з п”ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2018 оны А/121 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

15. Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 18.1.4-т “газрын бирж байгуулах, ажиллах журмыг тогтоох”-оор, Монгол Улсын Засгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын биржийн  үйл ажиллагааны журам”-ын 1.2, 2.1, 2.1.1, 2.2-т зааснаар “газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах” үйл ажиллагааг газрын биржээр дамжуулан хэрэгжүүлж, цахим хэлбэрээр зохион байгуулах бөгөөд үүнийг зохион байгуулахдаа Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”  болон  “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг баримтлахыг тусгайлан заасан байна.

16. Мөн, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т тодорхойлсон, уг зүйлийн 23.2.7-д “газрын биржийн үйл ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулах” гэж зааснаас үзвэл, энэ талаарх чиг үүргийг “Газрын биржийн үйл ажиллагааны журам”-ын 4.1-д “газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага газрын биржийн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулан тусгай программ хангамж, мэргэжлийн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллах”-аар заасан хүрээнд хариуцагч  хэрэгжүүлнэ.

17. Дээрхээс үзвэл, газрын дуудлага худалдаа зохион байгуулахад тухайн асуудлаар хэм хэмжээний акт гаргах эрхийг хариуцагчид хуулиар олгоогүй байхад Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.7, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 9.9.6-д заасныг тус тус баримталж, “Газрын биржийн цахим системд тохируулга хийх тухай” 2018 оны А/121 дүгээр тушаалаар “...үнийн саналыг үргэлжлүүлэх хугацааг 15 цаг 00 минут 00 секунд хүртэл байх”-аар, мөн “үнийн санал авах хугацаа нь 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжиж хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчийг тодруулах байдал”-аар тус тус тохируулж, Газрын  биржийн цахим системд уг тохируулгыг хийснийг тухайн асуудлаар хэм хэмжээ тогтоосон гэж үзнэ.

18. Давж заалдах шатны шүүх, дээрх байдлаар тогтоосон “хэм хэмжээ”-г цахим дуудлага худалдаа эхлэх, дуусах Засгийн газрын тогтоолоор баталсан хугацаанд дуудлага худалдааны үндсэн суурь зарчим болох “үнэ хаялцах” харилцааг илүү тодорхой журамласан шинжтэй гэх дүгнэлтээр зөвтгөхдөө хуулиар “хэм хэмжээний акт” гаргах эрх олгогдоогүй захиргааны байгууллагаас гаргасан байхад энэ талаар огт дүгнэлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу.

19. Тодруулбал, хуулиар эрх хэмжээ олгогдоогүй хариуцагч нь “газрын биржийн цахим системд тохируулга” хийх замаар газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдааг эхлэх, дуусах цагийг тогтоосон, уг А/121 дүгээр тушаалын дагуух “цахим систем”-ийн тохируулгаар 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулж явуулсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн  нутаг дэвсгэрт 8 га газрыг эзэмшүүлэх дуудлага худалдаанд  оролцсон  нэхэмжлэгч “Т з п” ХХК-ийн “үнийн санал”-аа өгөх эрхийг уг тушаалаар хязгаарласан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

20. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж заасан, энэ тохиолдлын хувьд, хуулиар эрх хэмжээ олгогдоогүй этгээд хэм хэмжээний актыг гаргасан, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын биржийн цахим системд тохируулга хийх тухай” А/121 дүгээр тушаалыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэлтэй байна.

21. Дээрх үндэслэлээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Урангуа  нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.