Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2026/ДШМ/318

 

2026         03           19                                                                           2026/ДШМ/318

 

А.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2748 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Чойжилсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор А.Т-д холбогдох эрүүгийн 2403009740131 дугаар хэргийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т- овгийн А-ын Т-, 2001 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хүнд механизмын оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ....., ял шийтгэлгүй, /РД:УА-/;

Шүүгдэгч А.Т- нь 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 19 цаг 49 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарантуул захаас Чулуун-Овоо явах замд, “Lexus RX-450” загварын А-УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна,” 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох хохирогч Д.Ө-ыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: А.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч А.Т-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Т-гээс нийт 22,976,106 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т- нь оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Чойжилсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-д Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний шинжээч нарын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2601 дугаартай дүгнэлтээр “түүний сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэжээ. Хэрэг нь 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гарсан байх тул улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх буюу 660,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын гуравдугаар зэрэглэл Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэсэн байна. Шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг түүнд учирсан хохирол, хор уршиг, хэргийн үйл баримт зэргээс 11,880,000 /660.000*18/ төгрөгөөр тогтоосон. Энэхүү хор уршгийн хохирлыг шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр Ц.Д-гийн сэтгэцэд учирсан хор уршгийг 3-р зэрэглэлээр тогтоосон. Энэхүү дүгнэлт нь Ц.Д-гийн сэтгэцэд хохирол учирсан болохыг тогтоож байгаа дүгнэлт юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-гийн сэтгэцэд хор уршиг учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон тул Иргэний хуулийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” хэмээн заасны дагуу шүүхээс хохирлыг хэмжээг хуульд зааснаар зөв тогтоох ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-гийн сэтгэцэд учирсан хохирлыг хэмжээг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын гуравдугаар зэрэглэлээр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 511.5 “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-т “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “хохирогч нас барсан бол иргэний хуулийн 511.5-д заасны дагуу шүүхээс тогтооно.” хэмээн хүний амь нас хохирсон хэрэг дээр шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэглэлийг баримтлах шаардлагагүй болохыг хууль журмаар тодорхой зохицуулсан байхад Ц.Д-гийн сэтгэцэд учирсан хохирлыг хэмжээг “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын гуравдугаар зэрэглэлээр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-д сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын хэмжээг Иргэний хуулийн 511.5-д заасан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлснээр тогтоож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2748 дугаартай шийтгэх тогтоолын 4-т заасан хохирлын дүнд өөрчлөлт оруулан гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д- тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 3 дугаар зэрэглэл гэж тогтоосон. Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох, нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоосон. Анхан шатны шүүх “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хохирол, хор уршигт 11,880,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч А.Т- нь 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 19 цаг 49 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарантуул захаас Чулуун-Овоо явах замд, “Lexus RX-450” загварын А-УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна,” 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох хохирогч Д.Ө-ыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-гийн “...Тухайн өдрийн өглөө нь би гэрээсээ 09 цаг өнгөрөөгөөд ажилдаа явахаар гарсан, талийгаач ээж маань намайг ажилдаа явахаар манайд ирж хүүхдүүдийг минь хардаг байсан юм, тухайн өдөр ч гэсэн манайд ирж хүүхдүүдтэй гэрт үлдсэн. Би өдөр нь ярихад хүүхдүүдээ усанд оруулаад байж байна гээд надтай утсаар ярьсан. Тэгээд би орой нь 17 цаг өнгөрч байхад ээжийнхээ утас руу нь залгахад утсаа авахгүй байхаар нь гайхаад дүү рүүгээ залгаад "ээж утсаа авахгүй байна" гэж хэлэхэд "би яриагүй" гэсэн, тэгээд хэсэг байж байгаад дүү над руу залгаад "эмээгийн утсыг танихгүй хүн авч байна, машинд мөргүүлчихсэн байна гэнээ" гэж надад хэлсэн. Ингээд би ослын талаар мэдээд осол болсон гэх газар луу таксидаад яваад очиход цагдаа болон эмнэлгийн машин ирчихсэн, талийгаач ээж маань зам дээр хэвтэж байсан тэр үед нь би ээжийгээ өнгөрчихсөн байна гэдгийг мэдсэн. Манай хүүхэд надад хэлэхдээ "эмээ Нарантуул зах орно гээд гарсан" гэж хэлсэн тэгээд л харих гэж яваад автомашинд мөргүүлсэн байсан. Осол болсон газраас гэр нь ойрхон байдаг... маш их гомдолтой байна, талийгаач ээж маань намайг ажилтай үед хүүхдүүдийг минь харж би ажил хийдэг байсан, ээжид минь ямар нэгэн архаг хууч өвчин байдаггүй, хөнгөн шингэн хүн байсан, жолооч маш болгоомжгүй явсан гэж бодож байна. Буяны ажил зардалтай холбоотой гарч байгаа зардал болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ...” /1хх 41/,

            иргэний нэхэмжлэгч, хариуцагч Л.Г-ийн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болсон ослын талаар сүүлд хүү Сонинбаяраас сонссон. Би Lexus RX 450 маркийн А-УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 онд хувь хүнээс 54,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд 2022 оны 11 дүгээр :арын 18-ны өдөр “Улз Финанс” ББСБ-д 15,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж “Улз финанс” ББСБ-н нэр дээр түр хугацаагаар шилжүүлсэн. Тухайн зээл нь автомашинаа унаж авдаг зээл бөгөөд тээврийн хэрэгслийг өөрөө унаж байгаад хүү С-т 2024 оны 09 дүгээр сараас хойш өгчихсөн юм. Осол болсноос 3 хоногийн дараа хүү С- нь надад хэлэхдээ хамт ажилладаг Т-д машинаа засуулах гээд өгч явуулсан чинь хүн мөргөсөн, осол гаргасан байна гэж хэлснээр би мэдсэн... Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд эвдрэл хохирлын үнэлгээгээр нийт 3,425,000 төгрөгийн хохирол учирсан... буруутай этгээдээс нэхэмжилнэ... жолоодож явсан Т- хариуцна...” /1хх 243, 246/,

            гэрч Ц.С-ын “...Би 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болсон зам тээврийн ослын талаар мэдэхгүй осол болсны дараа мэдсэн. Би 2019 онд “Улз Финанс” ББСБ-с ээж болон С.Г-ийн нэр дээр Lexus RX 450 маркийн улаан өнгийн А- УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч байсан. Тухайн тээврийн хэрэгслийг манай ээж ерөнхий унаж хэрэглэдэг бөгөөд 2022 оноос эхлэн голдуу би өөрөө унаж байгаа. 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би ажилтай байсан болохоор надтай хамт ажилладаг хуурай дүү болох Т-гээр Lexus RX 450 маркийн А-УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг янзлуулахаар өгч явуулсан. Тэр өдрийнхөө орой 18 цагийн үед намайг хотын төвд ажилтай явж байхад Т- над руу утсаар залгаад хүн мөргөсөн талаараа хэлснээр би мэдсэн... Т-тэй 2 жилийн өмнө танилцаж байсан бөгөөд Т- нь Эксаваторын операторын ажлыг над дээр ирж хийдэг хуурай дүүгийн харилцаатай... Lexus RX 450 маркийн улаан өнгийн А- УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг Т- бид хоёр ажлын шаардлагаар унаж хэрэглэдэг асуудаг байгаа...” /1хх 61/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 29 дүгээр: “...1. Амь хохирогчийн цогцост зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал доод ирмэг суурийн их далавч, турк эмээл хүрсэн, дээд ирмэг суман заадлыг дайрч баруун чамархай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, толгойн бүх хэсгийн хуйх, 2 талын чамархайн булчинд тархмал цус хуралт, нүүр, хуйх, мөчдөд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайлбал автомашинд мөргөгдөх, дайрагдах, цохигдох үед үүсэх боломжтой, хэрэг учрал болох тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 3. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэг тогтоогдоно. 4. Амь хохирогч нь авто ослын улмаас учирсан гавал тархины битүү гэмтлийн улмаас гэмтлийн шокт орж нас баржээ. 5. Амь хохирогч нь 2024.11.23-ны 22.24 цагийн цогцсын  гадна үзлэгээр нас бараад 3-4 цаг орчим болсон байжээ. 6. Амь хохирогч нь зүрхний булчингийн сорвижил, элэгний өөхлөлт, судас хатуурал архаг өвчтэй байна. Дээрх өвчин нь үхэлд нөлөөлөөгүй. 7. Амь хохирогч нь АВО системээр В /III/ бүлгийн цустай байна. 8. Амь хохирогчийн цус, шээсэнд спиртийн агууламж илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэсэн дүгнэлт /1хх 74-81/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 320 дугаар: “...1. Шинжилгээнд Lexus RX-450 маркийн улаан өнгийн А- УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ослоос өмнө "76-86 км/ц" хурдтай явсан байна. 2. Тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь ослын өмнөх 0.6 секундэд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээг авч эхэлсэн байна. 3. Тоормосны систем ажилласан байна” гэх дүгнэлт /1хх 122-123/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр: “...1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн “А- Т-” гэж хаягласан СО7824037, С07823897” гэсэн хуруу шилний дугаартай цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй. Жич: Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээнд 10 мл-ээс дээш хэмжээтэй шингэн цусны дээж, эсвэл 40 мл-ээс дээш хэмжээтэй шээсний дээж ирүүлэх шаардлагатай. Ирүүлсэн дээжийг шинжилгээнд бүрэн зарцуулж дууссан болно” гэх дүгнэлт /1хх 133-134/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1141079097 дугаар: “Уг автотээврийн хэрэгсэл нь ...Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 8100 cd, хол дээрээ 6800cd. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ Ocd, хол дээрээ 0 cd (стандарт 10000-225000cd) байгаа нь гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байна... Уг тээврийн хэрэгсэл нь зүүн гар талын гэрлийн тусгалын хүч стандартад заасан хэмжээнд хүрэхгүй, баруун гар талын гэрлийн ламп асахгүй байгаа зэрэг нь тулайн осолд нөлөөлж болох хэдий ч тухайн замын хэсэгт гэрэлтүүлэг хэвийн ажиллаж байсан эсэх байгаль цаг агаарын нөхцөл зэргээс цас бороо орж байсан гэх мэт/ хамаарч жолоочид үзэгдэлт муу харагдах байдлаар нөлөөлж болох юм. Жич: Баруун их гэрлийн ламп ослоос өмнө асахгүй байсан эсвэл асаж байгаад ослын үед доргиж асахаа больсон эсэхийг тогтоох боломжгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр үзэх үед баруун их гэрлийн ламп асахгүй байсан... Lexus RX450H маркийн А- УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2023-10-24-нд техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна. 2024 онд техникийн хяналтын үзлэгт ороогүй байна” гэх дүгнэлт /1хх 153-159,

102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээлэл /1хх 7/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 9-18/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 19/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 20-24/,

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх 33/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 34-37/,

Lexus RX-450 маркийн А-УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /1хх 44/,

Lexus RX-450 маркийн А-УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын нийт 3.440.000 төгрөгөөр үнэлсэн “Сүлд үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 172-173/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-гаас хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд /1хх 189-218/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн цагдаагийн ахлах дэслэгч М.Өнөрсайханы 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 106 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /1хх 220-221/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн цагдаагийн ахлах дэслэгч М.Өнөрсайханы 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хохирлын тооцоог гаргасан “Мөрдөгчийн магадалгаа” /2хх 23/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос А.Т-гийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч А.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Чойжилсүрэнгээс “... хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-гийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын хэмжээг Иргэний хуулийн 511.5-д заасан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлснээр тогтоож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Гуравдугаар зэрэглэл Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 11,880,000 /660,000*18/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэжээ.

Гэтэл Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж,

 Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” гэж,

 Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “хохирогч нас барсан бол иргэний хуулийн 511.5-д заасны дагуу шүүхээс тогтооно.” гэж тус тус зохицуулсан.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0825/2601 дүгээр шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-гийн сэтгэцэд хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч, хор уршгийг гуравдугаар зэрэглэлд хамааруулж дүгнэсэн хэдий ч гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол Иргэний хууль болон дээрх журам, аргачлалд зааснаар нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтоох эрхийг шүүхэд олгосон тул хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогчийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэхээр хуулийн дээрх зохицуулалтыг тайлбарлан хэрэглэв.

Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-гийн сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг гарсан үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /660,000 төгрөг/ 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, хохирогчид олгохоор шийдвэрлэх нь хохирогчийн эрх ашгийг хамгаалах, аль ашигтайгаар шийдвэрлэх болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2748 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Чойжилсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч А.Т-гийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 107 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2748 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

4 дэх заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Т-гээс нийт 22,976,106 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Т-гээс нийт 110,096,106 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-д олгосугай.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-гийн цагдан хоригдсон 107 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.АЛДАР

 

                       ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ