Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 00115

 

    Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Аймгийн прокурорын газрын хууль цаазын ахлах зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Чт холбогдох эрүүгийн 1815000000095 дугаартай, 163/2018/0094/Э индекстэй хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Д.Ч

Холбогдсон хэргийн талаар:

Д.Ч нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.О эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ч өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

1815000000095 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч Б.О өгсөн: Өчигдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 03-ны орой 22 цагийн үед манай нөхөр Д.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг зодсон учир цагдаагийн байгууллагад хандсан. Д.Ч гаднаас гэрт орж ирээд учир зүггүй шууд толгой руу цохиод, цамц болон гараараа хоолой боосон. Хөлөөрөө толгой тархи болон нуруу цээж рүү өшиглөөд байсан. Гэрийн ширээн дээр байсан бүхий л эд зүйлийг над руу шидээд байсан. Шүүгээнээс хутга аваад өөрлүүгээ нэг хатгаж үзээд над руу шидсэн гэх мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,

Гэрч Б.Өлзийбаярын өгсөн: Б.О , Д.Ч хоёр нар гэр бүл болоод 12 жил болж байна. Д.Ч архи ууж согтохоороо ар гэртээ агсам тавьж, эхнэр хүүхдээ зоддог байсан. Эхнэрээ элдвээр хэлж доромжилно. Бид нараас айдаггүй. Хажууд зодож нүддэг байсан. 2009 онд охины хоолойнд хутга тулгаж байсан. Ер нь тийм овилоггүй зантай. Ширүүн догшин. Заримдаа цагаан цайлган ч юм шиг гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ч.Энх-Эрдэнийн өгсөн: Тэр өдөр аав гаднаас бөөн уур орж ирсэн. Мотоцикльтойгоо ирэхдээ хаазлаад л бөөн уур ирсэн. Тэгээд удалгүй араас нь ээж машинтайгаа ирсэн. Тэгээд аав ээжийг машинаасаа буунгуут ээжийг газар унагаагаад гараараа хоолойг нь боосон. Дүү бид 2 гэрт орж цагдаад дуудлага өгсөн. Тэгээд ээж гаднаас орж ирээд араас нь аав орж ирсэн. Тэгээд дахиж ээжийг газар унагааж байгаад толгой руу нь цохиод байхаар нь аавыг татаж салгасан. Ээж босож ирсэн. Ээж дүү бид хоёрыг гадаа байж бай гээд дүү бид 2 гадаа гарсан. Тэгээд ээж цагдаа дуудаарай гээд хэлээд байсан ба дотор юм унаад байх шиг дуу гараад байсан. Тэгээд аав гарч ирээд дүү бид хоёрыг ор гээд байсан ба би орохгүй гээд зугтаагаад ороогүй. Тэгээд дүү орчихоод гарч ирээд зогсож байхад аав миний араас хөөхөөр нь зугатаагаад ороогүй. Тэгээд дүүгээ дуудаж ирэхээр нь өвөөгийнх рүү явсан. Аав гэртээ ирүүл байж байгаад ганцаараа мотоцикльтойгоо унасан ба араас нь удаагүй ээж ирсэн. Ээж эрүүл байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,      

            Булган аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 115 дугаартай дүгнэлтэнд: 1. Магадлуулагч Б.О биед баруун дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн бугалга, шуу, баруун шуу, шилбэнд цус хуралт, баруун хөмсөг, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-ийн 17-18 худас/,

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 хуудас/,

            Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 37-41 хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5 дах хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ч нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.О эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.О ийн...Д.Ч гаднаас гэрт орж ирээд учир зүггүй шууд толгой руу цохиод, цамц болон гараараа хоолой боосон..., хөлөөрөө толгой тархи болон нуруу цээж рүү өшиглөөд байсан...гэрийн ширээн дээр байсан бүхий л эд зүйлийг над руу шидээд байсан. Шүүгээнээс хутга аваад өөрлүүгээ нэг хатгаж үзээд над руу шидсэн гэх, гэрч Б.Өлзийбаярын...Д.Ч архи ууж согтохоороо ар гэртээ агсам тавьж, эхнэр хүүхдээ зоддог байсан...гэх, насанд хүрээгүй гэрч Ч.Энх-Эрдэнийн...тэр өдөр аав гаднаас бөөн уур орж ирсэн...аав ээжийг машинаасаа буунгуут ээжийг газар унагаагаад гараараа хоолойг нь боосон.... дахиж ээжийг газар унагааж байгаад толгой руу нь цохиод байхаар нь аавыг татаж салгасан... дотор юм унаад байх шиг дуу гараад байсан. Тэгээд аав гарч ирээд дүү бид хоёрыг ор гээд байсан ба би орохгүй гээд зугтаагаад ороогүй гэх мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 тоот дүгнэлтээр...Б.О биед баруун дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн бугалга, шуу, баруун шуу, шилбэнд цус хуралт, баруун хөмсөг, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Д.Ч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Чын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.О биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна

Прокуророос шүүгдэгч Д.Чт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Булган сумын хот тохижилт үйлчилгээний ангид хот тохижилт үйлчилгээний ажил хийлгэх саналтай шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн нь миний үйлчлүүлэгч Д.Ч нь Прокурорын санал болгосон 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хийх боломжгүй байдал үүсч байна. Учир нь Д.Ч нь 115 тооны малтай бөгөөд дүүтэйгээ хамт маллаа малладаг. Дүүгийнх нь эрүүл мэндийн байдал муу, дүүдээ туслах болон өвөлжилтийн бэлтгэл хангах ажилтай. Мөн шүүгдэгч нь ар гэрээ малынхаа ашиг шимийг хүрттэж тэжээдэг. Нийтэд тустай ажил хийх бол 2 сар буюу 60 гаруй хоног Аймгийн төвд өдрийн 4 цагаар ажиллах болно. Энэ хооронд малчин хүний арын ажил орхигдох болоод байгаа учир торгуулийн ялын бага буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ.  

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж шийдвэрлэв.  

Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Чыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чыг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай. 

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН