Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01338

 

 

Х- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/00666 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х- ХХК-ийн хариуцагч Б.М-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж, нийт 113,289,948.55 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагч Б.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б.М- нь Х--тай 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулан, 112,006,000 төгрөгийг орон сууцны зориулалтаар, жилийн 12 хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан болно. Банк зээлдэгч Б.М-д гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч үр дагавар гараагүй. Зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлөлт хийгээгүйгээс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 113,277,448.55 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардалд нийт 113,289,948.55 төгрөгийг хариуцагч Б.М-аас гаргуулж, Х- ХХК-д олгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би 2017 оны 11 дүгээр сард ажлын байрны цомхотголоос болж ажлаасаа гарсан. Үүнээс үүдэн төлөлт нь зөрчигдөж эхэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэх хүсэлттэй байна. Би 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өөрийн ах, дүү, хамаатнуудаасаа 10,000,000 төгрөг зээлж төлөлт хийсэн боловч 8 хувь руу шилжүүлж өгөөгүй. Би 10,000,000 төгрөгийг үндсэн хүүгээсээ хасуулъя гэсэн хүсэлт тавьсан боловч банкны зүгээс зөвшөөрөөгүй. 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар зээл сунгах хүсэлтийг хүлээж авч сунгаж өгсөн. Дахин сунгуулах хүсэлтээ 2021 оны 07 дугаар сард онлайнаар өсгөн ба 6 сараар сунгуулах хүсэлт гаргасан боловч хариу нь 2021 оны 12 дугаар сард ирсэн. Би энэ хугацаанд зээлийг сунгагдсан гэж бодсон. Би 2 хүүхэдтэй, нөхрөөсөө салсан өрх толгойлсон эмэгтэй бөгөөд зээлд 93,000,000 төгрөгийг төлсөн байгаа. Одоо үндсэн төлбөр 80,000,000 гаруй төгрөгийг нь төлнө. Хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.4.1, 225.4.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х- ХХК-ийн хариуцагч Б.М-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 113,289,948 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 794,599.8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар зээлийн зөрчлийг хуримтлуулах хүсэлтийг хүлээн авч, зээлийн зөрчлөө арилгах хугацаа олгосон. Дахин хугацаа сунгах хүсэлтээ 2021 оны 07 дугаар сард гаргасан боловч сунгах боломжгүй учир зээлийн хуримтлагдсан зөрчлийг арилгах талаар хариуцагч Б.М-д удаа дараа мэдэгдсэн талаар хариуцагч хариу тайлбартаа мэтгэлцээний шатанд хүлээн зөвшөөрсөн байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээнээс татгалзах, цуцлах боломжтой байна. Мөн хариуцагчид зээлийн зөрчлийг хуримтлуулж зөрчил арилгах зургаан сарын хугацааг олгосоор байхад зээлийн зөрчлийг бүрэн арилгаагүй нь зээл, хүүгийн тооцоолол, анхан шатны шүүхэд хариуцагчийн зүгээс хэлсэн тайлбарт тусгагдсан байна. Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т заасныг шүүх хэрэглээгүй байгаа нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийхдээ тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхэд миний зүгээс зээлийн бодит байдлыг тодорхой ярьсан. Шүүх хуралдаанд шүүгч уг зээлийг 6 хувьд шилжүүлэхгүй байгаа талаар асуухад банк тухайн үед тайлбар өгч чадаагүй. Шүүх хуралдааны дараа Х- ХХК-д 6 хувьд шилжүүлэх хүсэлт өгсөн боловч банкнаас хариу өгөөгүй тул давж заалдах гомдол гаргасан. Х- ХХК-аас 112,000,000 төгрөгийн зээл авснаас 96,000,000 төгрөгийг төлсөн. Зээлийн үлдэгдэл 114,000,000 төгрөгийг Х- ХХК-аас нэхэмжилсэн. Анх зээл авахдаа яаралтай зээлээ шийдвэрлүүлэхийн тулд 10 хувийн хүүтэй зээл авсан бөгөөд тухайн үед банкнаас дараа нь МИК-д зээлээ худалдаж, 8 хувьд шилжих бүрэн боломжтой талаар хэлсэн. Гэтэл банкнаас 8 хувьд зээлийг шилжүүлж өгөөгүй, тухайн үед миний зээл 8 хувийн зээлд шилжих бүрэн боломжтой байсан. Уг зээлийг 8 хувьд шилжүүлж өгөөгүй нь банк өндөр хүү авах зорилготой байсан. 2018 онд ажлын байрны цомтхотголоор ажлаасаа халагдаж, зээлийн эргэн төлөлтөд зөрчил үүссэн. Ажилгүйдлийн тэтгэмж авч, шууд банкинд өгдөг байсан боловч зарим тохиолдолд төлөх үнийн дүнд хүрэхгүй байсан. Уг хугацаанд миний зүгээс удаа дараа 8 хувийн хүүнд шилжүүлэх хүсэлтээ удаа дараа өгсөн боловч зөрчлөө арилгаж ирсэн тохиолдолд шилжүүлье гэж хэлсэн. Миний зүгээс бүх хамаатан садан, таньдаг хүмүүсээсээ 10,000,000 төгрөг цуглуулж өгсөн боловч уг мөнгийг банк хүүнд нь суутгаж авч, 8 хувьд шилжүүлэх арга хэмжээ авч өгөөгүй. Тухайн үед мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахад зөрчил үүсэж, зээлийн чанар муудсан тохиолдолд үндсэн зээлд төлөлт хийх арга хэмжээ аваагүй байна гэж хэлсэн. Мөн 2021 оны 06 дугаар сарын Засгийн газрын тогтоолын дагуу зээл хойшлуулсан. Дахин хойшлуулах хүсэлтээ цахимаар 2021 оны 07 дугаар сард гаргасан. Гэтэл Х- ХХК нь надад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт гэрээнд гарын үсэг зур гэх мэйл ирүүлсэн. Мөн шинэчилсэн графикийг харахад өмнө нь төлсөн дүнгээс зөрүүтэй байсан учраас 1,2 зүйл тодруулахад банкны ажилтан танд тодруулаад эргээд хариу өгье гээд алга болсон. Х- ХХК-аас буцаж зээлийн нэмэлт гэрээ юу болж байна гэж мэйл явуулсан талаарх баримтаа анхан шатны шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн. Гэтэл уг асуудлыг зөрчил гэж үзэж, 2022 оны 01 дүгээр сард зөрчлөө арилга гэж 9,000,000 төгрөг нэхэмжилсэн. 2022 оны 01 дүгээр сард миний зүгээс 2,000,000 төгрөг төлсөн. Мөн 2021 оны 07 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл зээл сунгах талаарх хариу өгөөгүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь үүрэг гүйцэтгүүлэгчийг буруутай гэж үзвэл зээлийн гэрээг цуцлах боломжгүй гэх үндэслэлээр шүүх шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Б.М-д холбогдуулан, зээлийн гэрээг цуцалж, нийт 113,289,948.55 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт тухайн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

3.а.Зохигчид 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Х- ХХК нь 112,006,000 төгрөгийг, жилийн 12 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Б.М- нь зээлийг төлбөрийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн болох нь талуудын тайлбар, орон сууцны зээлийн гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 11-12-р тал/

3.б.Мөн талууд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, Б.М-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Гэгээнтэн, Зайсан гудамж, 102 байр, 45 тоот хаягт байрлах, 62,31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх-ийн 16-17-р тал/

3.в.Анхан шатны шүүх талуудыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан талаар зөв дүгнэсэн байна.

4.Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Б.М-ыг төлбөрийн хуваарийг удаа дараа зөрчсөн, мөн түүний хүсэлтээр зээлийн төлөлтийг хойшлуулсан, мэдэгдэл хүргүүлсэн боловч үүргийн зөрчил үргэлжилсэн хэвээр байгаа гэх үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, төлбөрийг шаардана гэсэн боловч хариуцагч Б.М-ын хувьд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 93,965,301.54 төгрөгийг нэхэмжлэгч Х- ХХК-д төлсөн болох нь зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогджээ. /хх-ийн 26-27-р тал/

4.а.Дээрхээс дүгнэвэл хариуцагч Б.М- нь үүргийн дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн гэж үзэх боломжтой бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй юм. Иймд нэхэмжлэгч Х- ХХК-д гэрээнээс татгалзах эрх үүсээгүй талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

4.б.Түүнчлэн, дэлхий нийтэд тархсан ковид-19 буюу шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд удаа дараа улс орон даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд, аж ахуй нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан нь нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох юм.

4.в.Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй. Иймд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангуулах агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/00666 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.4.1, 225.4.3 дахь хэсэгт зааснаар ... гэснийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 724,399.74 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Г.ДАВААДОРЖ