| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхболдын Энхтуяа |
| Хэргийн индекс | 311/2026/00215/И |
| Дугаар | 311/ШШ2026/00298 |
| Огноо | 2026-04-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 311/ШШ2026/00298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай сум, ..... баг, ...... хэсгийн ....... тоот хаягт оршин суух ....... овогт Р.....ийн А...... /РД:........../
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Р.А.......
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Р.А....... ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1987 онд 10-р анги төгсөөд Завхан аймгийн Ардын боловсролын яамны шийдвэрээр Завхан аймаг дахь ...... ТМС-д 1987 оны 09 сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл суралцаж худалдагч мэргэжлээр төгсөөд Улиастай хотын ........ийн трестийн даргын тушаалаар 1992 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байгаад орон тооны цомхотголоор ажлаасаа чөлөөлөгдсөн. Би өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажлаас чөлөөлсөн тушаал архивд байхгүй тул шүүхэд хандаж байна.
Иймд намайг 1988 оны 07 сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Улиастай сумын Х....... трестэд худалдагчаар, 1991 оны 12 сарын 23-ны өдрөөс 1992 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Улиастай сумын ...... ХК-д худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ
2.Нэхэмжлэгчээс: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн лавлагаа, 1987 оны 09 сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Нийгмийн даатгал болон Завхан аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Завхан аймгийн Улиастай хотын ........ийн трестийн даргын 1988 оны 08 сарын 17-ны өдрийн 73 тоот тушаал, Улиастай хотын худалдаа ..... хоолны ...... компанийн захирлын тушаал 1992 оны 04 сарын 17-ны өдрийн 28 тоот тушаал, хавсралт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
3.Шүүхийн журмаар: Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Р.А..........ийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, хаягийн хуудас №7, ХААТР-1(А), ХААТР-15(Б), ХААТР-21(А), төрөгсдийг бүртгэх анкет, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгч Р.А........ийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулахдаа бүрдүүлсэн баримт, Завхан аймгийн архивын тасгаас нэхэмжлэгч Р.А.......гийн 1988-1992 онд ажиллаж байсан талаарх архивын тодорхойлолт, холбогдох тушаалууд зэрэг баримтуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч Р.А.........нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба зорилго нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой гэж тайлбарлажээ.
3.Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.6-д тус тус зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах бөгөөд мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Р.....ийн А...... нь 1988 оны 07 сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Улиастай сумын ....ийн трестэд худалдагчаар ажиллаж байсан болох нь 1987 оны 09 сарын 01-ний өдөр нээсэн Р.А......йн хөдөлмөрийн дэвтэр, Завхан Улиастай хотын Х....ийн трестийн даргын 1988 оны 08 сарын 17-ны өдрийн 73 дугаартай Сургууль төгсөгчдийг ажилд томилох тэтгэмж олгох тухай тушаалын 1 дэх заалтад ...худалдагчийн анги төгссөн А.....г 7-р сарын 9-ний өдрөөс худалдагчаар гэх бичилт, Завхан Улиастай хотын Х......ийн трестийн даргын 1989 оны 02 сарын 03-ны өдрийн 3 дугаартай Улиастай хотын ........йн худалдаа нийтий хоолны цэг салбарын ажилчдад үнэлгээгээр цалин олгох тухай тушаалын 2-р хавсралтад Хүнсний төв дэлгүүр... А......Р, 3, 310 гэх бичилт, Завхан Улиастай хотын ......ийн трестийн даргын 1990 оны 02 сарын 21-ний өдрийн 25 дугаартай Улиастай хотын .......ийн худалдаа нийтийн хоолны цэг салбарын ажилчид инженер техникийн ажилтан албан хаагчдын цалингийн үнэлгээг тогтоох тухай тушаалын 2-р хавсралтад Автомухлаг хүнсний төв... Р.А......, 3, 310 гэх бичилт, Завхан Улиастай хотын ......ийн трестийн даргын 1991 оны 12 сарын 12-ны өдрийн 173 дугаартай Шагнах тухай тушаалын 1 дэх заалтад ...ажиллаж байгаа хүн бүрийг 250 төгрөгөөр шагнасугай гэж, уг тушаалын хавсралтад ...А.......а... гэх бичилт, Завхан аймгийн Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын 14-д Ажилладаг байгууллага, ажилд орсон он, эрхэлдэг ажил гэх хэсэгт Худалдаа бэлтгэлийн трест, 1988 он, худалдагч гэх бүртгэлийг 1988 оны 10 сарын 23-ны өдөр хийсэн бичилт, Завхан аймгийн Архивын тасгийн 2026 оны 03 сарын 31-ний өдрийн албан бичиг зэрэг баримтаар,
4.2.Мөн Р.А...... нь 1991 оны 12 сарын 23-ны өдрөөс 1992 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Улиастай сумын ..... ХК-д худалдагчаар ажиллаж байсан болох нь 1987 оны 09 сарын 01-ний өдөр нээсэн Р.А......гийн хөдөлмөрийн дэвтэр, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 08 сарын 01-ний өдрийн ...... ХК нь ...... регистрийн дугаартайгаар 1991 оны 12 сарын 23-ны өдөр бүртгэгдэж, 1996 оны 12 сарын 30-ны өдөр татан буугдсан байна гэх хуулийн этгээдийн лавлагаа, Завхан аймгийн Улиастай хотын ......ны Ж....... компани (УҮГ)-ийн захирлын 64 дугаартай Зарим хүмүүсийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хавсралтад Р.......ийн А....., ажлаас чөлөөлөгдөх он сар өдөр, 1992-08-01 гэх бичилт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.
4.3.Дээрх үйл баримтуудыг нэгтгэн нэхэмжлэгч Б...... овогт Р........ийн А......аг 1988 оны 07 сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Улиастай сумын .......ийн трестэд худалдагчаар, 1991 оны 12 сарын 23-ны өдрөөс 1992 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Улиастай сумын ...... ХК-д худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар .......н овогт Р........ийн А..... /РД:......./-г 1988 оны 07 сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Улиастай сумын .........ийн трестэд худалдагчаар,
1991 оны 12 сарын 23-ны өдрөөс 1992 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ........й сумын......т ХК-д худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНХТУЯА