| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/00112/Э |
| Дугаар | 00116 |
| Огноо | 2018-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 00116
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч, хохирогч Д.Н , Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Аймгийн прокурорын газрын хууль цаазын дэд зөвлөх Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэлэгийн Д.Н , Лувсаншаравын Л.Б нарт холбогдох эрүүгийн 18150018400113 дугаартай, 163/2018/00112/Э индекстэй хэргийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Д.Н
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Мовогт Л.Б
Холбогдсон хэргийн талаар:
Д.Н , Л.Б нар нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Д.Н өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Л.Б өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.
1815001840113 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Л.Б өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн үед Эрүүл мэндийн газрын үүдэнд Урангаваа, Бат-Өлзий, Д.Н нар байсан. Тэгээд би очсон. Эхнэрийгээ чи яагаад худлаа яриад байгаа юм бэ, гэртээ хоноогүй, “Анаг тур” амралтан дээр хоносон байна ш дээ гэж хэлэхэд Бат-Өлзий, Д.Н нар Урангавааг өмөөрөд надруу дайраад Д.Н над руу өрвөлзөөд босоод ирэхээр нь би нэг удаа гараараа нүүр лүү нь цохисон. Бат-Өлзийг нэг удаа алгадсан. Тэгээд намайг учраа олье гээд бөөнөөрөө Эрүүл мэндийн газар луу орсон. Түрүүлээд Д.Н орчихсон байсан. Д.Н намайг сандалаар цохиод унагаачихсан. Тэгээд намайг орхиод тэр 3 зугтаачихсан..., толгой хэсэг рүү нэг удаа, элэг рүү хөлөөрөө өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,
Хохирогч Д.Н ийн өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн орчим Булган аймгийн Эрүүл мэндийн газрын гадна Эрүүл миэндийн газрын мэргэжилтэн Урангаваа, Бат-Өлзий нартай юм яриад зогсож байх үед Л.Б гэх залуу над дээр хүрч ирээд Урангаваа руу жижигхэн чулуу шидээд байхаар нь Урангаваагийн таньдаг хүн нь тоглоод шидэж байна гэж бодсон. Тэгж байснаа гэнэт надруу газраас том чулуу аваад ална гэж хэлсэн. Би гайхаад зогсож байтал миний хамар луу гараараа нэг удаа цохиж хамарнаас цус гаргасан. Би хамарнаас гарсан цусаа угаах гээд Эрүүл мэндийн газар луу орох үед Л.Б нь миний араас дахин орж ирж ална гээд дайрахаар нь хажуу талд байсан хуванцар доод хэсгээрээ төмөр сандал аваад Батсүрэнгийн толгой руу нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр харилцан зодолдсон. Энэ үед Л.Б нь хажуудаа байсан сандал аваад шидэх гээд байхаар нь би ЭМГ-аас зугтааж гарсан. Миний араас барьсан сандлаа шидэх гээд намайг оноогүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,
Гэрч С.Нарантуяагийн өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн газрын гадаа 2 хүн зодолдоод байна гэхээр нь цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,
Гэрч Б.Урангаваагийн өгсөн:...юу юуны духанд хүрэлгүй Л.Б Д.Н ийг цохиод авсан. Хамар луу нь гараараа хальтхан цохиод авсан. Д.Н ийн хамраас гарсан цусаа цэвэрлэх гээд Эрүүл мэндийн газар руу орсон. Л.Б надруу чулуу шидээд хэл амаар доромжлоод загнаад байсан юм...., Л.Б гарч ирэхдээ цус толгойноос нь гарчихсан намайг сандлаар цохичихлоо гэж ярьж байсан.
Гэрч Д.Бат-Өлзийгийн өгсөн:...Д.Н лүү та нар урд шөнө сайхан байсан уу, тэгээд одоо болтол хагацаж салж чадахгүй байна уу гээд л эхнэрээ Д.Н тэй хардаад байгаа бололтой юм яриад л түүний хамарлуу гараараа нэг удаа цохиод авсан чинь хамараас нь цус гарчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,
Гэрч Г.Оюунцэцэгийн өгсөн:...дотогшоо ортол Д.Н байсан цус нь гоожсон гал тогоонд байсан..., Л.Б нилээн цус болсон байж байгаад араас нь гараад явсан тэр хавиар нилээн цус болсон байсныг би цэвэрлэх гэж байхдаа Туяагаас юу болсныг асуухад Батсүрэн, Д.Н нар нь хоорондоо зодолдсон гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,
Булган аймгийн шүүх шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 141 тоот дүгнэлтэнд: Магадлуулагч Д.Н ийн биед хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /хх-ийн 25 хуудас/,
Булган аймгийн шүүх шинжилгээний албаны 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 147 тоот дүгнэлтэнд: Магадлуулагч Л.Б биед духанд шарх, хэвлий, зүүн булгалга, баруун гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх /хх-ийн 31 хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28-29,33-36 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 53, 57 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Б, Д.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5 дах хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Б, Д.Н нар нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б, Д.Н нарын холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэгүүд зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Л.Б, Д.Н нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Н ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Д.Н ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Бэрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Шүүгдэгч Л.Б, Д.Н нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Н , Л.Б нар гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д.Н , М овогт Л.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н ийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Л.Б 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н , Л.Б нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг тус бүр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч Д.Н , Л.Б нар ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулсугай.
5. Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Н , Л.Б нар гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н , Л.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН