| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2510003900638 |
| Дугаар | 2026/ДШМ/321 |
| Огноо | 2026-03-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2026/ДШМ/321
2026 03 19 2026/ДШМ/321
С.У-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Урангоо,
яллагдагч С.У-,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2026/ШЗ/900 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Урангоогийн бичсэн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаартай эсэргүүцлээр С.У-од холбогдох эрүүгийн 2510003900638 дугаар хэргийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
У- овгийн С-ийн У-, 1999 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...... оршин суух хаягтай, /РД:УС-/;
-урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2025/ШЦТ/877 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
Яллагдагч С.У- нь Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С-” хотхоны 101 дүгээр байрны С- тоотод байх хохирогч С.А-гийн гэрт гал тогооны тавилга хийнэ гэж хохирогчид итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хууран мэхлэн хохирогчийн 2024 оны 06 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд гэртээ байхдаа шилжүүлсэн 4,250,000 төгрөгийг Хаан банкны А-8 тоот дансаар шилжүүлэн авсан,
Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Ханын материал /А-/ А- тоотод байх “А-” ХХК-д гал тогооны өрөөний тавилга хийлгэх урьдчилгаа төлбөрт 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн 6,233,941 төгрөгийг “А-р” ХХК-ийн Хаан банкны А-98 дугаартай дансанд шилжүүлэн авч бусдад хохирол учруулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан,
Фейсбүүк цахим орчинд “А-” нэртэй пэйж хуудсанд “тавилга хийнэ” гэх зарыг байршуулж, зарын дагуу холбогдсон Г.Х-т “гал тогооны тавилга хийж өгнө” гэж хуУ-, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Г.Х-ын Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 97/1 дүгээр байрны Х- тоот гэртээ байхдаа тавилгын урьдчилгаа гэж шилжүүлсэн 5,670,000 төгрөгийг Хаан банкны А-98 дугаартай дансанд хүлээн авсан,
Цахим орчинд “тавилга захиалгаар хийнэ” гэх хуурамч зар оруулж зарын дагуу холбогдсон хохирогч А.А-д захиалгаар тавилга хийж өгнө гэж хуУ-, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хохирогчийн 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх ажлын байран дээрээсээ шилжүүлсэн 8,000,000 төгрөгийг Хаан банкны А-98 дугаартай дансаар хүлээн авсан буюу 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарт нийт 24,153,941 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Яллагдагч С.У- нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 241Х-983 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 241102770 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, мөн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг нэгтгэх тухай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болох нь нотлогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно”, 4 дэх хэсэгт “Хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэнэ”, 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээ, ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ”, 7 дахь хэсэгт “Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, ... тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэж тус тус заажээ. Яллагдагч С.У-од холбогдох хэргүүдэд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 241Х-983 дугаартай, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 241102770 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, мөн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг нэгтгэх тухай тогтоолууд тус тус гарч байжээ. Харин шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2510003900638 хэрэгт 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж байсан байна. Эдгээр хэргүүд нь ойролцоо цаг хугацаанд дүүргүүдийн прокурорын газарт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байхдаа хоёр үйлдэлд 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 42 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг нэгтгэх тогтоол гаргаж байсан боловч 2510003900638 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээчхээд дээрх хоёр хэрэгт нэгтгээгүй байна. Дээрх хэргүүд нь бүгд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэгт хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйл “Шударга ёсны зарчим”-ын 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зарчмын шинжтэй заалтууд зөрчигдөх нөхцөл байдал бий болсон байна гэж үзэв. Иймд яллагдагч С.У-од холбогдох эрүүгийн 2510003900638 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд байгаа бусад хэрэгт нь нэгтгэж шалгах нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэв. Шүүх яллагдагч С.У-од холбогдох “Залилах” гэмт хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж хэргийг нэг яллах дүгнэлтээр шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, прокурорын хэлэлцүүлэгт гаргасан тайлбар нь С.У-од холбогдсон нэг төрлийн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргүүдийг нэгтгэхгүй байх үндэслэл болохгүй юм. Иймд яллагдагч С.У-од холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэж, яллагдагч С.У-од холбогдох эрүүгийн 2510003900638 дугаартай хэргийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч С.У-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Урангоо бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч хэдийгээр хуульд зааснаар гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй боловч холбогдсон хэргүүдээ нэг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлүүлэн эрх зүйн байдлаа дээрдүүлэх хууль зүйн боломж нь гагцхүү шүүгдэгчийн үйлдсэн хэргүүдээ илчлэн, эрх бүхий албан тушаалтанд мэдээлэх хүсэл зоригоос хамаардаг ба С.У-од холбогдох эрүүгийн 2510003900638 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад бусад цагдаагийн газарт түүнд холбогдуулан шалгагдаж байгаа хэрэг байгаа эсэх лавлагааг гаргуулан авч, Эрүүгийн хэрэг үүсгэж, ялагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулан яллагчдаас мэдүүлэг авах, яллах дүгнэлт үйлдэх үед түүнээс удаа дараа түүнд холбогдох өөр хэрэг байгаа эсэхийг асуухад дээрх Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа хэргийн талаар огт дурдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Нэг үйлдэлд хэд хэдэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол хэргийг нэгтгэж хэрэг бүртгэлт явуулна" гэж заасан байх бөгөөд харин мөрдөн байцаалтын хэрэгт тус тусдаа үйлдэл, тусдаа хохирогчтой хэрэг бүртгэлтийн хэргийг нэгтгэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулалт тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтад байгаа 241Х-983, 241102770 дугаартай хэргүүдэд С.У- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь нотлогдоогүй, прокуророос нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан бөгөөд шүүхээс эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй хэрэг бүртгэлтийн хэргийг яллагдагчид холбогдох яллах дүгнэлт үйлдсэн мөрдөн байцаалтын хэрэгт нэгтгүүлэн шалгуулах хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагч С.У- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Чингэлтэй дүүрэгт шалгагдаж байгаа 2 хэрэг байгаа. Өөр хэрэг байхгүй. Мөрдөгч “энэ хэргийг шийдвэрлэсний дараа шийдвэрлэх юм уу, яах юм” гэж хэлсэн. Би тусад нь шийдвэрлэдэг юм болов уу гэж бодсон. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны С.У-од холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан бөгөөд хэргийн бодит байдлыг болон яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох нь мөрдөгч, прокурорын хэрэгжүүлэх ёстой үүрэг юм.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, С.У-од холбогдох эрүүгийн 2510003900638 дугаартай хэрэг шүүхэд шилжиж ирээд анхан шатны шүүх хэргийг хянах явцад, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас С.У-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 2 хэрэг нээсэн болон уг хэргүүдийг нэгтгэсэн прокурорын тогтоолууд авагдсан байна.
Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд яллагдагч С.У-ын өөр нутаг дэвсгэрт үйлдсэн байж болзошгүй үйлдлүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа нөхцөл байдал байх тул тэдгээр үйлдлүүдийг нэгтгэн шалгах нь түүний эрх зүйн байдалд эерэг нөлөө үзүүлэх, эрх зүйн байдлыг дордуулахгүй байх нөхцөлийг бий болгох учраас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан гэж үзсэн болно.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь яллагдагчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх, дээрдүүлэх ач холбогдолтой бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэх үед ижил төрлийн эрүүгийн хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрвэл эсхүл нэг ижил зүйл, хэсгээр зүйлчлэгдэх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн талаараа мөрдөн шалгах, хяналт тавих эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн, энэ талаарх мэдээлэл, баримтыг гарган өгсөн тохиолдолд прокурор тэдгээр үйлдлүүдийг нэгтгэж, нэг яллах дүгнэлтээр хэргийг шийдвэрлүүлэх үүрэгтэй ба энэ хүрээнд ял оногдуулах нь гагцхүү гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шударгаар ял оногдуулах зорилгод суурилж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байхад чиглэнэ.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.
Яллагдагч С.У-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ