Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01359

 

Б.Г-, Т.Б-, Б.Г-

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/02205 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Г-, Т.Б-, Б.Г- нарын хариуцагч М.Э-т холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд нийт 125,790,199 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч Ш.О, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч М.Э- нь 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хангамжийн 183 тоотод архидан согтуурсан үедээ Б.Б-ын нүүрэн тус газарт цохиж унагаан амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Улмаар М.Э-т холбогдох эрүүгийн хэрэг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 140 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Шүүгдэгч М.Э- нь 12 жилийн хорих ял шийтгэгдэж, 409 дүгээр хорих ангид хоригдож байгаа. Хэрэг гарсан өдрөөс хойш 2 хүүхэд нь эцэггүй хоцорч, эхнэр нь ханиа алдаж, ар гэрийнхэнд нь сэтгэл санааны нөхөж баршгүй хохирол учирснаас гадна санхүүгийн хувьд багагүй хохирсон. Цаашид ч хохирсоор байна. Бага хүү Б.Г- тухайн хэрэг гарах үед 8 настай байсан бөгөөд бага насандаа өнчирч хоцорсон. Нэхэмжлэгч тус бүрд үлэмж хэмжээний сэтгэл санааны хохирол учирсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн 4.1, 4.2-т зааснаар нэхэмжлэгч тус бүрд 16,666,667 төгрөгийг хариуцагч М.Э-оос нэхэмжилж байгаа болно. М.Э-оос гаргуулж буй сэтгэл санааны хохирол нийт 50,000,000 төгрөг болох бөгөөд Эрүүгийн хуулийн 4.1-т заасан их хэмжээний хохирлын доод хэмжээгээр тогтоон тооцож үзсэн. Ийнхүү хууль ёсны өв залгамжлагч болох Б.Г-т гэм хор учруулсан этгээд болох М.Э- гэм хор учруулсны төлбөрийг төлөх үүрэгтэй. Талийгаач Б.Б- нь 2012 оны 11 сараас барах хүртлээ Ийглфэйе Секьюрити ХХК, Еврофё Азис ХХК-нд тус тус хамгаалагчаар ажиллаж байсан. Ажиллаж байсан саруудын авсан цалингийн хэмжээний дундаж болох 500,000 төгрөгөөр тооцсон болно. Гэм хор учруулсны төлбөрийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1-т зааснаар бага насны буюу насанд хүрээгүй иргэнд 16 нас хүртэл, харин суралцаж байгаа бол 18 нас хүртэл хугацаагаар нөхөн төлөх бөгөөд Б.Г- нь өнөөдрийн байдлаар сургуульд суралцаж байгаа ба 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 18 нас хүрнэ. Мөн талийгаач амьд сэрүүн байсан бол хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөх байсан. Б.Г-ын сургалтын төлбөр 18,350,000 төгрөгийг М.Э- төлөх үүрэгтэй гэж үзээд нэхэмжилсэн. Иймд Б.Г-, Т.Б-, Б.Г- нарын сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, гэм хор учруулсан төлбөр 57,440,000 төгрөг, сургалтын төлбөр 18,350,000 төгрөг, нийт 125,790,199 төгрөгийг хариуцагч М.Э-оос гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч талын зүгээс эрүүгийн хэргийн талаар маргах зүйл байхгүй. Маргаан үүсгэж байгаа нь талийгаачийн олох байсан орлого, нэхэмжлэлийн шаардлагыг үнийн дүн дээр маргаж байгаа, Эрүүл мэндийн яамны сайд, Хөдөлмөр хамгааллын яамны сайдын хамтарсан тушаалаар баталсан ажилгүй байсан хугацааны цалинг хөлсийг тодорхойлох журам байдаг. Журмаар талийгаачийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо сүүлийн 3 сарын авсан цалингийн дунджаар тодорхойлох ёстой гэж хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс тооцсон. Тооцохдоо 2013 оны 02 сард 522,661,67 төгрөг, 2013 оны 03 сард 422,000 төгрөг, 2013 оны 4 сард 372,000 төгрөгийн цалин авсан талаарх бичгийн баримт хэрэгт авагдсан. Дээр дурдсан 3 сарын цалингаар дундаж цалинг тооцвол 1,384,666.67 төгрөг болж байна. Дунджлаад хувааж үзвэл нэг сарын дундаж нь 461,555.557 төгрөг болж байна. Хариуцагчийн зүгээс талийгаачийн дундаж цалин хөлс байна гэж тооцоод Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дах хэсэгт зааснаар дундаж цалин хөлс олдог байсан орлогоос өөрт оногдох хэсэг болоод тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасаж тооцох талаар хуульчилсан. Нэхэмжлэгч нар 2013 оны 7 сараас эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг улсаас авдаг болсон байна. 2013 оны 07 сараас 2013 оны 12 сарыг дуусах хүртэл хугацаанд 180,300 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нэхэмжлэгч нар авч байсан байна. 461,555.557 төгрөгөөс 180,300 төгрөгийг хасаж тооцвол нэг сардаа зөрүү нь 281,255.557 төгрөг гэсэн тооцоо гарч байна. 6 сарын хугацааг тооцож бодвол 1,687,543.42 төгрөгийг зөрүү үүсэж байгаа. 2014 оны 01 сараас 2015 оны 4 сарыг дуусах хүртэл 207,300 төгрөгийг тэжээгчээ алдсаны тэтгэмжид авч байсан. Мөн үүнийг хасаж тооцвол 224,255.557 төгрөг, 16 сарт тооцоход 4,680,088.90 төгрөг гарч ирж байна. Мөн энийг тооцоход 2015 оны 05 сараас 2016 оны 06 сар хүртэлх хугацаанд 230,000 төгрөг авч байсан. Хасаж тооцвол 231,555.557 төгрөг болж байна. 14 сардаа тооцвол 3,241,777.008 төгрөгийн тооцоо гарч байна. 2016 оны 7 сараас 2018 оны 01 сар хүртэл 251,000 төгрөг авч байсан. Мөн хугацааг бодож хасаж тооцвол сард 210,555.557 төгрөг, нийт 7 сарын хугацаанд 1,473,888.9 төгрөг болж байна. 2018 оны 02 сараас 2019 оны 01 сар хүртэл 282,000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авч байсан бол хасаж тооцвол 181,555.557 төгрөгийн зөрүү мөнгөний тооцоо гарч ирж байна. 12 сардаа үржүүлж тооцвол 2,178,666.68 төгрөгийн тооцоо гарч байна. 2019 оны 02 сараас 2020 оны 01 сар хүртэл 310,000 төгрөгийн тэтгэмжийг авсан. Хасаж тооцвол сардаа 151,555.557 төгрөгийг зөрүү гарч ирнэ. 12 сардаа тооцвол 1,818,666.68 төгрөгийн тооцоо гарч байна. 2020 оны 02 сараас 2022 оны 01 сар хүртэл 350,000 төгрөгийн тэтгэмж авч байсан. Хасаж тооцвол 111,555.557 төгрөг, үүнийг 24 сардаа үржихэд 2,667,343.47 төгрөгийн тооцоо гарч байна. 2022 оны 02 сараас хойш нэхэмжлэгч нар тэжээгчээ алдсаны тэтгэмжид 500,000 төгрөгийг авдаг болсон. Энэ авч байгаа мөнгө нь талийгаачийн дундаж авдаг цалин хөлснөөс илүү давсан хэмжээний тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байгаа учраас 2022 оны 02 сараас хойших хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгийг шаардах боломжгүй гэж харж байна. Дээр дурдсан хугацаануудыг нийлүүлж тооцвол 17,135,955.8 төгрөгийг зөрүү гарч байна. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг аваад олох ёстой байсан орлогоос зөрүү тооцвол энэ хэмжээний мөнгө гарна. Энэ мөнгөнөөс талийгаачид оногдох хэсгийг хуульд зааснаар хасаж тооцох ёстой. 17,135,955.8 төгрөгийг 4-т хуваагаад нэг хүнд ноогдох хэсгийг тооцвол 3,238,988.8 төгрөг болж байгаа учраас нийт 12,851,966.4 төгрөгийг нэхэмжлэгч нар тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгө буюу олох ёстой байсан орлого гэж нэхэмжлэх эрхтэй байна гэж үзэж энэ мөнгийг хариуцагчийн зүгээс төлөхөд татгалзах зүйл байхгүй гэж үзэж байна. Сэтгэл санааны хохирол тус бүр 16,666,667 төгрөгийг шаардаж байгаа нь Иргэний хууль болон Эрүүгийн хуульд сэтгэл санааны хохирлыг хэмжсэн хэмжүүр байхгүй. Энэ агуулгаараа шаардаж буй төлбөр үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйл гэж хэлж байгаа нь аль хуулийн заалтыг барьж байгаа нь тодорхойгүй байна. Сэтгэл санааны хохирол шаардаж байгаа нь тусгайлан хуульд заасан хэмжүүр байхгүй учраас энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сургалтын төлбөрийн асуудал дээр Монгол улсын үндсэн хууль болон Боловсролын тухай хуульд зааснаар Монгол улсын иргэн бүр 18 нас хүртлээ ерөнхий боловсролын сургалтыг үнэ төлбөргүйгээр авах эрх нь нээлттэй байгаа учраас сурах боломж өөрт нь байгаа. Хувийн сургууль болон төлбөртэй сургуульд сургах гэж байгаа нь энэ хүмүүсийн өөрсдийнх нь сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлж байгаа үйлдэл, энэ хэрэгт хамааралгүй зүйлийг шаардаж байна. Иргэний хуулийн 497, 508-д зааснаар хохиролд тооцогдохгүй байгаа учраас хариуцагч талын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 12,851,966.4 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөх боломжтой гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Э-оос 12,851,966.4 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б-, Б.Г-, Б.Г- нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 112,938,232.96 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.Э-оос 220,581 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.а.Гэм хор учрүулсаны төлбөр 57,440,199 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.3 дах хэсэгт заасан хуулийн заалтыг хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримт болох Нийгмийн даатгалын байгууллагаас ирсэн тодорхойлолтод зааснаар Б.Б-ын дундаж цалинг 551,933 төгрөг, өндөр насны тэтгэвэр 285,039 төгрөг гэж тогтоосоноос үзэхэд талийгчийн цалин 836,972 төгрөг, түүнийг гэр бүлийн гишүүнд хуваахад нэг гишүүнд 209,243 төгрөг ногдож байна. Үүнээс нэхэмжлэгч Б.Г-, БГанболор нарт ногдох нь 418,486 төгрөг юм. 2022 оны 2 сарыг хүртэл хугацаанд Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 350,000 төгрөгийг авч байсан ба 2022 оны 2 сараас 500,000 төгрөг болж, зөрүү тооцогдохгүй болсон. Иймд 2022 оны 2 сар хүртэл хугацаанд гэм хор учруулсны төлбөрийг тооцон авах эрхтэй. Анхан шатны шүүхээс 2019 оны 04 дүгээр сараас хойш хугацаанд гэм хор учруулсны төлбөрийг олгохгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч М.Э-оос сар бүр гаргуулах төлбөрөөс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасч, 2022 оны 02 сар хүртэл хугацаанд тооцож үзвэл нийт 15,174,358 төгрөгийг гаргуулахаар байна. Анхан шатны шүүх нь дээр тусгасан гэм хорын төлбөрийн дүнг Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.3 дахь заалтыг үндэслэн, 2013 оны 07 дугаар сараас хойш 2022 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацаанд тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ 2.77 дахин, амжиргааны доод түвшин 1.85 дахин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2.18 дахин нэмэгдсэнийг харгалзан гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэн тооцох ёстой гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа болно.

4.б.Сэтгэл санааны хохирлын хувьд хэрэг гарсан өдрөөс хойш 2 хүүхэд нь эцэггүй хоцорч, эхнэр нь ханиа алдаж, үүнээс илүү хохирол гэж байхгүй, өөр илүү нотлох зүйл байхгүй энэхүү үйл хэрэг нь өөрөө үнэн бөгөөд нотолгоо билээ. Нотолгооны үүргийн хувьд Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. Иргэний хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулийг төсөөтэй хэрэглэж болдог бөгөөд сэтгэл санааны гэм хор, хохирлын хэмжээг тодорхойлсон зохицуулалт байхгүй ч Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.2 дах хэсэгт заасныг үндэслэж, хохирлын хэмжээг тодорхойлон нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт сэтгэл санааны гэм хорын хохирлын хэмжээг тодорхой хэмжээгээр тооцоолон шийдвэрлэсэн байдаг. Жишээлбэл: Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 27-ны 238 дугаар тогтоолоор ... хохиролын хэмжээг тогтоохдоо хохирлыг гаргах аргачлалгүй, тооцох техник байхгүй гэсэн шалтгаанаар уг хохирлыг гаргуулахаас татгалзаж шийдвэрлэх нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцэхгүй гэж үзэн сэтгэл санааны болон бусад хохирлын нөхөн төлбөрт гаргуулан олгож шийдвэрлэж байсан шүүхийн шийдвэр хохирлын доод хэмжээ болгон хуульчилсан зэрэг жишиг болох нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч нараас 50,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, мөн 2021 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 001 /ХТ2021 /00179 дугаар Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны тогтоолоор сэтгэл санаанд учирсан хохирлыг шаардсаныг тус тус үндэслэн шийдвэрлэсэн шийдвэрүүд нь Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 9.4.5-д заасантай нийцэж байна. Амь нас хохирсны улмаас талийгаачийн гэр бүлийн гишүүд, хохирогч нарт учирсан сэтгэл санааны хохирол гаргуулахаар нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх нь сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирлыг холбогдох тооцооллоо гаргах, нотлох баримтаа бүрдүүлэн дахин шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээгээгүй нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг ноцтой зөрчсөн байна хэмээн үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, М.Э-оос сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч тус бүрт тэнцүү хэмжээгээр хуваан олгох, гэм хор учруулсаны төлбөрт 57,440,199 төгрөгийг Б.Г-т олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үнийн ханшийн зөрүүний талаарх бичгийн нотлох баримт авагдаагүй. Мөн бусад бичгийн нотлох баримтын эх сурвалжаар тогтоосон зүйл байхгүй. Төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтнаас тухайн үнийн өсөлт хэдэн хувиар, ямар хэмжээгээр хэрхэн өсөж байсан талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх тооцоог хийхдээ шүүхийн шийдвэрт заасан дүнгээс бага тооцоо гарсан. Шүүх 12,000,000 төгрөгийг хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээ буюу өөрийнх гаргасан тооцооны дагуу нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироохгүйн үүднээс шийдвэр гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага илүү хэмжээгээр хангагдсан. Шүүхийн шийдвэр нэхэмжлэгчид хохиролтой байдлаар гараагүй мөн 2 өөр салбар эрх зүйг зохицуулж байгаа хуулийг төсөөтэй хэрэглэх боломжгүй. Монгол улс шүүхийн практикийг жишиг болгон хэрэглэдэг улс биш юм. Анхан шатны шүүхийн тооцсон тооцоололд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул нэхэжмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Б.Г-, Т.Б-, Б.Г- нар нь хариуцагч М.Э-т холбогдуулан гэм хорын хохиролд нийт 125,790,199 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Хариуцагч М.Э- нь 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хангамжийн 183 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-ын нүүрэн тус газарт цохиж гавал тархины гэмтэл учруулан, улмаар Б.Б- нь зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.а.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/1381 дугаар тогтоолоор М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 140 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна. /хх-ийн 5-35-р тал/

4.б.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан тул хариуцагч М.Э- нь бусдын амь насыг хохироосонтой холбоотой хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5.Гэм хор учруулсны төлбөр буюу олох байсан орлого 57,440,199 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дах хэсэгт Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж, мөн хуулийн 509 дүгээр зүйлийн 509.3 дах хэсэгт Шүүх төлбөр авагчийн хүсэлтээр мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан төлбөрийн үнийн дүнг өөрчилж болно гэж тус тус заасан.

5.а.Анхан шатны шүүх нас барагчийн нэг сард олох байсан орлогыг тооцохдоо хэрэгт авагдсан тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгогдсон байдал, нас барагч Б.Б-ын цалин, хөлсний тодорхойлолт, өндөр насны тэтгэвэр олгогдсон баримт зэргийг харьцуулан дүгнэж, гэм хор учруулсны төлбөрийг 6,972,906 төгрөгийн хэмжээнд тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ. Иймд гэм хор учруулсны төлбөрийг тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй уялдуулан зөв тооцоогүй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгч нарын итэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

5.б.Хэрэгт авагдсан баримтын хүрээнд 6,972,906 төгрөгийн тооцоолол гарч байх боловч хариуцагч М.Э- нь гэм хор учруулсны төлбөрийг 12,851,966.4 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүх хариуцагч М.Э-оос 12,851,966.4 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г-, Т.Б-, Б.Г- нарт олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

6.Сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалтад зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдийн үүргийг тусгажээ. Харин Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2 дах хэсэгт зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тухайлсан зохицуулалт байхгүй нөхцөлд шүүх энэ талаарх шаардлагыг хангах боломжгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах боломжгүй, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

7.Сургалтын төлбөр гэх 18,350,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй байна. Иймд иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

8.Анхан шатны шүүх зохигчийн хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дах хэсэгт заасанд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/02205 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч нар нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Г.ДАВААДОРЖ