| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0113/Э |
| Дугаар | 00117 |
| Огноо | 2018-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баяраа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 00117
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Г.Баяраа,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Аймгийн прокурорын газрын хууль цаазын ахлах зөвлөх Г.Баяраа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баттулгын Алзахгүйбаатарт холбогдох эрүүгийн 1815001670110 дугаартай, 163/2018/0113/Э индекстэй хэргийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, М овогт Б.А
Холбогдсон хэргийн талаар:
Б.А нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 06 дугаар сарын 04-ний орой 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн 14-01 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Г.С эхнэртэй хэрүүл хийлээ гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
1815001610110 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Г.С өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 04-ны орой хажуу талын хөрш болох Б.А гэрт орсон. Тэгээд “яагаад манай авгайтай утсаар хэрэлдээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн Б.А “чи юу гэж хуцаад байгаан” гээд миний нуруу хэсэг рүү сандалаар нэг удаа цохисон. Тэгээд би гараад гэртээ ороод цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/,
Гэрч Г.Э өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 04-ны өдөр 19 цагийн үед манай хөрш арын айлын Амаржаргал гэх эмэгтэй согтуу надруу залгасан. Таны өмгөөлөгч гэж юу байдаг юм балай авгай минь гэж хэл амаар доромжлоод эхлэхээр нь “чи яах гэж дандаа ингээд байдаг юм бэ” гэсэн. 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр миний нэрийг бариад дуудлага өгсөн гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр хэн утасдаад байгаан гэхээр нь А эхнэр А намайг хэл амаар доромжлоод байна гэж хэлсэн. Тэгээд гэрт нь орж хэлнэ гэхээр нь би яах юм бэ сая намайг дэлгүүрт орох гээд явж байхад баахан хүмүүс орилолдоод байна согтуу байгаа байх яахын гэж хэлсэн. Тэгээд хоолоо идчихээд бие засчихаад ирье гээд гараад явсан удаа байсан. Тэгсэн Б.А гэрт ороод зодуулчихаад дуугарч чадахгүй болчихоод ороод ирэхээр нь би цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,
Булган аймгийн шүүх шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 126 дугаартай дүгнэлтэнд: 1. Магадлуулагч Г.С биед зүүн 7-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хх-ийн 18 хуудас/,
Яллагдагчаар 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Б.Б.А өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 04-ны өдөр би өөрийн гэртээ байж байхад манайд С согтуу ганцаараа орж ирсэн. Би тэгэхээр нь нялх хүүхэдтэй учраас манай хүүхэд айчихлаа та манайхаас гар гэж хэлсэн. Тэгсэн чинь С гуай над руу уурлаж агсан тавьсан. Тэгэхээр нь миний уур хүрээд сандалаар нэг удаа цохисон. Тэгтэл С манайхаас гарч явсан. Би өөрөөө цохиж зодсон зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 29-30 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.А нь 2018 оны 06 дугаар сарын 04-ны орой 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн 14-01 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Г.С ийг эхнэртэй хэрүүл хийлээ гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.А холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.А нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б.А гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.С ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна
Шүүгдэгч Б.А ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. М овогт Б.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох торгуулийн ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН